Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайд Л.Саянааг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Элчин сайдаас Монгол, Болгар, Румын улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхийг хүслээ. Тодруулбал, их дээд сургуулиуд хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс дипломат харилцаагаа 1950 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тогтоожээ. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженерийн чиглэлээр оюутнуудыг суралцуулж байгаа гэнэ.
Бүгд Найрамдах Болгар улсад суугаа Элчин сайдын яам Румын улсыг хавсардаг. Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад 9, Румын улсад жил бүр дөрвөн монгол иргэнийг Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тэтгэлгээр суралцуулдаг байна.