Нийслэлийн дийлэнх зах, худалдааны төвд энэ сарын нэгдүгээр долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг кг нь дунджаар 10 870, үхрийнх нь 13 300 төгрөгийн үнэтэй байжээ. Харин хонины цул мах кг нь дунджаар 11 000, үхрийнх нь 14 000 төгрөгийн ханштай байсан аж. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо хонины ястай махны үнэ 100 төгрөгөөр хямдарч, бусдынх нь үнэ тогтвортой байсан дүн болсныг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Түүнчлэн аль дэлгүүр, худалдааны төвд борлуулснаас шалтгаалж махны үнэ кг тутамдаа 5000 хүртэлх төгрөгийн зөрүүтэй байсан аж. Энэ сарын эхний долоо хоногт монгол төмсийг кг-ыг нь 950, байцайг 2000, хүрэн манжинг 3300, сонгиныг 2670 орчим төгрөгөөр худалдсаныг дурджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо тус бүр 0.4-5.2 хувиар нэмэгдсэн дүн болсон аж.
Бэлтгэсэн С.Цэрэн