Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Cэнтрал экспресс си ви эс” компани нийт хувьцааныхаа 15 хувь буюу 119 966 060 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчид, олон нийтэд санал болгон анхдагч зах зээлийн арилжааны захиалга авч дууслаа. 9643 иргэн, аж ахуйн нэгжээс 40.1 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 60.7 хувиар давсан үзүүлэлт болсон талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгосон хувьцааны 50 хувь буюу нийт 77 977 939 ширхгийг, олон нийтээс ирүүлсэн 1000 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнг 48.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилах аж.
Дээрх үнэт цаасны захиалга санал болгосон дүнгээс ийнхүү давсан тул Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хувьцааг нэмэлтээр гаргаж буй гэнэ. Энэхүү нэмэлт хувьцааны 89 хувь буюу 16 061 618 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 1 993 291 ширхгийг нь “Cэнтрал экспресс си ви эс” болон “Премиум групп”- ийн ажилтнуудад хуваарилахаар болжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос “Cэнтрал экспресс си ви эс” компанийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон үед хоёрдогч зах зээлийн арилжааг нь эхлүүлэх юм.
Бэлтгэсэн Ц.Ундрал