Манай улс жилд 1.5 сая тонн тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулахаар ажиллаж буй. Үүний хүрээнд түүхий тос дамжуулах хоолой барих юм. Уг ажлыг гүйцэтгэх тендерийг олон улсад EPC+F нөхцөлөөр зарласан. Тодруулбал, тендерт оролцогч нь техник, технологийн оновчтой шийдэл гаргаж, инженерчлэл, зураг төсөл боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, бага хүүтэй, урт хугацааны зээлээр санхүүжүүлэх учиртай. Тус тендерт дөрвөн компани саналаа ирүүлсэн бөгөөд өдгөө үнэлгээний ажлыг хийж байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээллээ.
Эргэн сануулахад, 2020 оны эхээр Засгийн газраас түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэж байв. Түүхий тос дамжуулах хоолой барих нь тээврийн зардал хамгийн бага, бүрэн болон хэсэгчилсэн автомат системээр удирдахаас гадна агаарын бохирдол, дуу чимээ зэрэг сөрөг нөлөөгүйгээрээ давуу талтай аж. Мөн бүтээгдэхүүнийг жилийн турш тасралтгүй тээвэрлэх ач холбогдолтой гэнэ.
Бэлтгэсэн Ц.Болор