Санхүүгийн зах зээл, мэдээллийн технологи сонирхдог залуусын анхаарлыг энэ цаг үед койн хамгийн ихээр татаж байна. Монголын уран бүтээлчдийн бүтээлүүдийг блокчэйн технологид бүртгэн, зохиогчийн эрхийг нь авах, зөвшөөрөлтэй худалдах зорилготой Mongol NFT платформыг үндэслэгч залуус өнгөрсөн долоо хоногт MNFT койны анхдагч зах зээлийн арилжааг хийлээ. Уг койныг нэгжийг нь 30 мөнгөөр арилжиж, 30 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон юм. Нэг хүнд дээд тал нь 15 сая төгрөгөөр койн худалдаж авах эрх олгосон. Ингэхэд 60 мянган хүн MNFT койн худалдаж авахаар 255 тэрбум төгрөг байршуулсан гэнэ. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт OBOT, SPC койн гаргаж, хоёрдогч зах зээлийн арилжаагаа хийлээ. Түүнээс өмнө ARD, IHC, Zes койныг дотоодын зах зээлд гаргасан билээ.
Тэгвэл ирэх долоо хоногт COREX биржийн төрөлх койны анхны арилжаа болох нь. Мөн URGOo, Devita global койныг арилжина гэсэн мэдээлэл байна. COREX бирж 15 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бол URGOo 10, Devita global 21.5 тэрбумыг “босгох” аж. Тэгэхээр ирэх долоо хоногт нийт 46.5 тэрбум төгрөгийн койн зах зээлд гарах нь. Эдгээрээс гадна “Алтан дорнод Монгол” компани нэг төгрөгийн үнэтэй ADM койн гаргаж, 99 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаагаа зарласан. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө алт олборлох төсөл хэрэгжүүлэх мэдээлэл бий.
Монгол Улсын виртиуал хөрөнгийн зах зээлд одоогоор Trade.mn, DAХ.mn, Coinhub.mn, Complex.mn, COREX.mn гэсэн крипто бирж ажиллаж байгаа. Үүн дээр Coinsea, Ebit, Mycoin гэсэн шинэ бирж нээхээр ажиллаж буйг “Бат солюшн партнерс” компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг дуулгалаа. Дахиад ч хэд хэдэн крипто бирж нээгдэх сурагтай. Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсаар буй IHC койныг анх арилжихад хүмүүс 200 тэрбум төгрөгийн захиалга өгч байсан. Дээр дурдсанчлан MNFT койныг 255 тэрбум төгрөгөөр худалдаж авах захиалга өгчээ. Эдийн засгийн онолын дагуу бол виртуал хөрөнгө худалдаж авах эрэлт их байна гэсэн үг. Тиймээс олон койн гаргаж, крипто бирж нээж байгаа биз ээ.
Гэвч энэ зах зээлд зохицуулалт алга. Тиймээс эрсдэл өндөртэй. Хувьцаа, бонд гэх мэт хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг тодорхой хууль, журмын дагуу зах зээлд арилждаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой. Тэгвэл виртуал хөрөнгө эзэмшигчийн эрхийг хамгаалах зохицуулалт байхгүй. УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэлэлцэхээр зэхэж буй. Уг хуулиар Санхүүгийн зохицуулах хорооны эрх олгосны дагуу крипто бирж нээх, койн гаргах зохицуулалт хийх юм. Мэдээжийн хэрэг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахын тулд зохих шалгуур тавьж таарна. Шалгуур, шаардлага тавихаас нь өмнө койноо гаргахаар уралдацгааж байна гэж хардах үндэстэй.
…Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Виртуал хөрөнгө эзэмших сонирхолтой залуус олон байна. Тэгэхээр энэ зах зээл Монголд хөгжих нь дамжиггүй боллоо. Тиймээс төр хуулиа яаралтай баталж, зохицуулалттай болгон, энэ зах зээлийн эрсдэлийг бууруулах шаардлагатай. Хааж хориглохын оронд “тоглоомын дүрэм”-ийг нь батлаад, иргэддээ виртуал хөрөнгийн талаар мэдлэг, мэдээлэл олговол зөв алхам болно…
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгөтэй холбоотой хамтарсан мэдэгдэл гаргасан. Үүнд “Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн, Компанийн, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэн бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүйг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. Виртуал хөрөнгө худалдаж аваад, “хулхидуулан” мөнгөө алдвал төр хариуцахгүйгээ ийнхүү удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Хувь хүн, албан байгууллага оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай бичигдээгүй хууль зах зээлд үйлчилдэг. Энэ нь хөрөнгө мөнгөө алдаж, үрэн таран хийвэл та л өөрөө хохирно гэсэн утгатай. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг “Виртуал хөрөнгө худалдаж аваад мөнгөө алдвал зөвхөн иргэдэд хохирлыг үүрүүлэх ёсгүй. Зар сурталчилгаа хийж, койн арилжсан хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Тэдэнд хариуцлага тооцохгүй гэвэл иргэдийн мөнгийг хэрэгжүүлэх төслөөсөө өөр зүйлд зарцуулах, үрэх явдал гарна” гэв. Тэгэхээр төр хариуцахгүй гэж зугтахын оронд хариуцлага хүлээлгэнэ гэж лүндэгнэх хэрэгтэй юм байна.
Өндөр ашиг өгөх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах танилцуулга хийж, койн гаргаж, мөнгө халааслаад зугтсан тохиолдол дэлхийд бишгүй гарсан. Тиймээс өндөр эрсдэлтэй гэж үзээд байгаа хэрэг. Тэгэхээр виртуал хөрөнгө эзэмшигч койн гаргаж “босгосон” мөнгөө хэрхэн зарцуулах нь вэ, ямар хөрөнгө оруулалт хийж өсгөх нь вэ, итгэж болохоор этгээд мөн үү гэдгийг нь сайтар нягталж байж худалдаж авах хэрэгтэй. Үнэхээр татан төвлөрүүлсэн мөнгөөрөө сайн төсөл хэрэгжүүлэх, эсвэл хөрөнгө оруулалт хийвэл койны чинь ханш өсөх болно. Үүгээрээ хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх худалдаж авсантай адилхан юм. Хэрэв койн гаргасан этгээд мөнгийг тань хувьдаа зарцуулчихвал ханш нь унаад юу ч биш болно. Тэгэхээр ханшийн зөрүүний ашиг харахаас илүү цаад талыг нь сайтар “ухаж” мэдээлэлтэй болох шаардлагатай юм. Койнууд “White paper” гаргаж олон нийтэд танилцуулгаа хийж байна. Түүнийг нь сайтар унш, судал.
Энэ талаар “Бат солюшн партнерс” компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг “Ирээдүйн өгөөж нь тун тааруу, эрсдэл маш өндөртэй бизнесийн төсөл, койны санаатай хүн уран үгээр 100 саяын хадгаламжтай нөхрийн толгойг эргүүлнэ. Үүний үр дүнд тухайн хадгаламж эзэмшигч сайн буюу өгөөжтэй, тааруу буюу хулхи төслүүдийг ижил хэмжээнд үнэлж эхэлдэг. Харамсалтай нь эндээс хохирч буй тал нь маш сайн төсөлтэй нөхөд юм. Өөрөөр хэлбэл, тэд тааруу нөхдийн хөлд чирэгдэн өндөр өртгөөр санхүүжилт татах, эсвэл төслөө хэрэгжүүлэхгүй орхих сонголттой тулгардаг. Ихэнх тохиолдолд сайн төсөлтэй хүмүүс тухайн зах зээлийг орхиж гардаг байна. Харин тааруу төсөл барьсан нөхөд тухайн хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч нарыг хоргоосоор үлддэг. Ганц нэг нь дүүрсэн хэрэг гээд уг төсөлд нь, эсвэл койнд нь хөрөнгө оруулалт хийж, хэмх “шатах” агаад цаашдаа төсөл барьсан, шинэ санаа ярьсан хүмүүст итгэхээ болин, тэр хэмжээгээр зах зээлд тогтворгүй байдал үүсдэг нигууртай” гэж байр сууриа илэрхийлжээ.
Виртуал хөрөнгө эзэмшихээр сонирхож буй монголчуудын дунд койны цаана сайн, эсвэл муу төсөл байгааг ялгах сөхөө байхгүй гэж анзаарагдаж байна. Энэ нь мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай нь холбоотой болов уу. Монголчууд ханшийн зөрүүнээс хэд дахин өссөн ашиг олох зорилгоор л койн худалдан авч байгаа. Сайн төсөлтэй койн худалдан аваад урт хугацаанд өндөр өгөөж хүртэх сонирхол тэдэнд алга. IHC койныг 30 мөнгөөр худалдаж аваад 20 дахин өндөр ашиг олсон хүн олон бий. Тэд шинээр гарч буй 20, 30 мөнгө, нэг төгрөгийн үнэтэй койн худалдан авч дахин өндөр ашиг олохоор IHC-оо зарж байна. Тэгэхийн хэрээр ханш нь “уруудах” шахав. Харин IHC койныг үндэслэгч, арилжаачин, хувийн хөрөнгө оруулагч О.Мөнхжин өөрийн 10 сая ам.доллароор худалдан авч койныхоо ханшийг тогтворжуулж байгаагаа мэдэгдлээ. Нэг талаар энэ нь зах зээлийн ханшийг зохиомлоор тогтоож буй явдал юм. Нөгөөтээгүүр, өөрийн мөнгөөр санхүүжүүлж буй нь койныхоо ирээдүйд итгэж буй хэрэг. Төсөл нь амжилттай хэрэгжсэний дараа тэр 10 сая ам.доллароо хэдэн дахин өсгөөд “гарна” гэж тооцоолж буй бололтой.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталтал шинээр койн гаргахыг хориглох санал гаргасан. Тэгвэл мөнөөх О.Мөнхжин ч нийгмийн сүлжээгээр дамжуулан ийм санал илэрхийлэв. Тэд хууль батлахаас өмнө муу төсөлтэй койн гарч, нийт зах зээлээ баллуурдах вий гэж болгоомжилж буй. Сайн төсөлтэй койн гаргаж буй мэргэжилтнүүдийн гол айдас энэ билээ. Эл өнцгөөс нь харвал хориглох нь зөв юм шиг. Гэвч яаж хориглох вэ. УИХ тогтоол батлах шаардлагатай юу. Гэтэл ялгаварлан гадуурхсан хэрэгт унавал яах вэ. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Виртуал хөрөнгө эзэмших сонирхолтой залуус олон байна. Тэгэхээр энэ зах зээл Монголд хөгжих нь дамжиггүй боллоо. Тиймээс төр хуулиа яаралтай баталж, зохицуулалттай болгон, энэ зах зээлийн эрсдэлийг бууруулах шаардлагатай. Хааж хориглохын оронд “тоглоомын дүрэм”-ийг нь батлаад, иргэддээ виртуал хөрөнгийн талаар мэдлэг, мэдээлэл олговол зөв алхам болно.