Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ургац хураалтын ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн байдлаар төмс, хүнсний ногоо хураах ажил дуусан, улаан буудайнх 94 хувьд хүрсэн. Тос болон тэжээлийн ургамлын 70 гаруй хувийг хураалаа. Энэ намрын хувьд сүүлийн 30 жилд аваагүй арвин ургац буюу 550 000 орчим тонн улаан буудай, төмс, хүнсний ногоо нийт 380 000 гаруй тонныг хураан авах төлөвлөгөө биелэхээр байна. Удахгүй ургацын нэгдсэн дүнг танилцуулахад тодорхой болно.
-Ургацын хэмжээ өмнөх жилүүдийнхээс өссөн нь олзуурхууштай ч хадгалах элеватор, зоорийн багтаамж бага байгаа юм уу. Тариалан эрхлэгч зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл улаан буудайгаа үйлдвэрүүдэд тушааж чадахгүй, хадгалах агуулахгүйгээс “шатах” нь гэж ярих боллоо.
-Зах зээлд улаан буудай их хэмжээгээр нийлүүлэгдэж буй нь үнэн. Тиймээс гурил, тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хуваарилсан 500 тэрбум төгрөгөөс 150 тэрбумыг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр гурван хувийн хүүтэй зээлүүлэх юм. Ингэснээр гурилын үйлдвэрүүд худалдан авах түүхий эдийн хэмжээ нэмэгдэхээр тооцсон. Одоогоор 270 000 тонн улаан буудайг үйлдвэрүүдэд, үрийн нөөцөд худалдан авчээ. Цаана нь 200 000 гаруй тонн улаан буудай үлдэж байгаа юм. Үүнийгээ тариалан эрхлэгчид цэвэрлээд, хатаагаад борлуулна гэсэн үг. Цавуулаг, чийглэгийн хэмжээ нь хангалттай буюу үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн улаан буудайг аж ахуйн нэгжүүд худалдан авсаар байна. Манай улсад гурилын үйлдвэрүүд, Хөдөө аж ахуйг дэмжих санд нийт 550 000 гаруй тонн улаан буудай хадгалах, боловсруулах нөөц бий. Тиймээс бүтээгдэхүүнээ борлуулж, нөөцлөх бүрэн боломжтой. Энэ жил 340 000 тонн улаан буудайгаар гурил үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Мөн ирэх оны төсөвт улсын зүүн, баруун бүсэд тус бүр 10 000 тоннын багтаамжтай элеватор барих хөрөнгө суулгасан.
-Манай улсын нэг жилийн гурил, улаан буудайн хэрэглээ ямар байдаг юм бол?
-Улсын хэмжээнд жилд 308 000 тонн улаан буудай боловсруулж, 210 000 орчим тонн гурил хэрэглэдэг. Энэ жилийн хувьд хэрэглээнээсээ давсан улаан буудай хурааж, жилийн дунджаас одоогоор 30 000 тонноор илүүг тээрэмдэх төлөвлөгөөтэй. Цаашид эл хэмжээ нэмэгдэх боломжтой. Ер нь манай улс өөрсдийн хэрэгцээнд зориулсан буюу жилд 210 000 тонн гурил бэлтгэдэг. Энэ нь гурилын үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын 60 орчим хувь юм.
-Өнгөрсөн хавар ОХУ-аас 200 000 тонн улаан буудай авсан нь энэ жилийнхтэй нийлүүлээд 700 000 тонноос давах нь. Тиймээс гурилын үйлдвэрүүд улаан буудай худалдан авахдаа “хойрго” байна гэж буй нь хэр бодитой вэ?
-ОХУ-аас үрийн улаан буудай болон зайлшгүй нөөц бүрдүүлэх зорилгоор 200 000 тонн хүрэхгүй улаан буудай өнгөрсөн хавар импортолсон. Үүний үлдэгдлийг энэ жилийн ургацтай хольж, тээрэмдэн гурил хийж буй юм билээ. Учир нь энэ намрын будаа чийг ихтэй, зарим нь цавуулаг багатай учраас сайн хатсан, чанартай улаан буудайтай холих шаардлага үүсжээ. Энэ жилийн хувьд хур бороо элбэг, халуун өдөр цөөн байснаас зарим бүс нүтагт тарьж, хураасан тариа чийгтэй, цавуулаг ч багатай байна. Тиймээс тариаланчдад улаан буудайгаа хатаах, ангилах, цэвэрлэх ажил үлдээд байгаа юм.
-Нэг тонн улаан буудайг хэдэн төгрөгөөр худалдан авч байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хэр ялгаатай дүн бол?
-Хөдөө аж ахуйг дэмжих сан нэг тонн улаан буудайг 800 000 төгрөгөөр худалдан авч буй. Гурил үйлдвэрлэгчид Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үнийг жишиг болгодог байсан ч энэ жил 650 000 орчим төгрөгөөр тонныг нь худалдан авч байгаа. Өнгөрсөн жил ОХУ-аас нэг тонн улаан буудайг 750 000 орчим, дотоодын үйлдвэрүүд 600 000-700 000 төгрөгөөр авсан.
-Гурилын үйлдвэрүүд улаан буудайг өнгөрсөн жилийнхээс нэмээгүй үнээр худалдан авч буй юм байна. Түүхий эдийнх нь үнэ дээшлээгүй учраас гурилын ханш өсөхгүй гэсэн үг үү?
-Хүнсний үйлдвэрлэлийн өртөг, зардал, үнэ ханшийн талаар мэдэхгүй. Улаан буудай худалдан авах үнэ 2020 оныхоос өсөөгүй учраас гурилын үнийг нэмэх шалтгаан, нөхцөл үүсээгүй л гэж хэлнэ.
-Хэрэгцээнээсээ илүү гарсан улаан буудайг экспортлох боломж бий юү. Манайх гурил, улаан буудай, төмс гадаад зах зээлд нийлүүлэх боломжтой талаар албаныхан дурддаг. Түүнчлэн Дорнод, Увс зэрэг урд, хойд хөрштэй хиллэдэг аймагт газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улаанбаатар руу 1000 гаруй км улаан буудай тээвэрлэн, борлуулснаас 35-70 км зайтай БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд заръя гэхэд албан ёсны шийдвэр, зөвшөөрөл байхгүй гэдэг.
-Зүй нь бид нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн буюу гурил экспортолбол илүү ашигтай. Улаан буудай бол түүхий эд учраас экспортлох, эсэхийг илүү нухацтай авч үзэх шаардлагатай. Гэхдээ огт гаргахгүй гэсэн үг биш. Энэ жил л бид өмнөх онуудынхаас арвин ургац хураах гэж байна. Үүнээс өмнө дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байсан ч шаардлагатай үед үр нөөцлөх, селекц хийх зорилгоор ОХУ-аас улаан буудай авч байв. Цаашид улаан буудай экспортлох боломж бүрдэхийг үгүйсгэхгүй. Гол нь худалдан авагч, нийлүүлэгч талуудын тохиролцоо, импортын шаардлагад нийцэх бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал байгаа юм. Хятадууд хүнс импортлохдоо өндөр шаардлага тавьдаг. Улаан буудайн сав баглаа боодлоос эхлүүлэн нарийн стандарттай юм билээ. Харин бид улаан буудайн болон хөх тарианы гурил экспортлохоор ярилцаж буй. БНХАУ-ын талаас анхан шатны шалгалт, хяналт хийсэн. Үндсэн тохироогоо хийж, анхны алхмаа тавьсан гэсэн үг. Өдгөө цар тахлын улмаас олон улсын худалдаа хоригдон, гэрээ хэлцэл хийх нөхцөл хумигдсан учраас илүү тодруулж, хэлэлцэх асуудлууд бий.
-Нөөц хангалттай бүрдүүлж буй болохоор ирэх хавар импортоор улаан буудай худалдан авахгүй гэсэн үг үү?
-Улаан буудай импортлохгүй байх боломжийн хэмжээний ургац авч байна. Гэхдээ үрийн селекц хийх зорилгоор илүү чанартай будаа худалдан авахыг үгүйсгэхгүй.
-Төмс, хүнсний ногооны агуулах, зоорь хангалттай бий юү. Хураасан бүтээгдэхүүнээ ирэх намрын ургац хүртэл нөөцөлж, хэрэглэх боломж хэр байгаа бол?
-Улаанбаатарт төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, агуулах хангалттай бий. Нийслэлд нийт механикжсан 14 агуулах байдаг нь хураасан ургацаа нөөцлөхөд хүрэлцэх хэмжээ юм. Гэхдээ улсад төмс, хүнсний ногооны агуулах сав байхгүй, хувийн хэвшлийнхнийх гэсэн үг. Тиймээс ногоо хадгалах үнэ өртгийн асуудлаас болж аж ахуйн нэгж, иргэд зөрчилдөн улмаар үнэ нь өсөх магадлал үүсдэг.
-Беларусь улсаас хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж худалдан авахаар болжээ. Энэ талаараа тодруулна уу?
-Тус улсаас хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн нэгдүгээр үе шатны ажлын хүрээнд өнгөрсөн найм, есдүгээр сард 17 нэр, төрлийн 534 техник, тоног төхөөрөмжийг малчид, тариаланчдад олгосон. Төслийн хоёрдугаар шатанд ирэх оны нэгдүгээр улиралд есөн төрлийн 445 техник, тоног төхөөрөмж хүлээн авна. Ийнхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр хөдөө аж ахуйн салбарын бүтээмж дээшлэн, Атрын дөрөвдүгээр аяныг хэрэгжүүлэхэд ихээхэн нэмэр болох юм.
-Энэ жил тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шатахуун болон бусад урамшуулал, хөнгөлөлтөд төрөөс хэдэн төгрөгийн тусламж, дэмжлэг олгов. Олгосон хөрөнгө нь 2020 оныхоос хэдэн хувиар өссөн бол?
-Өнгөрсөн хавар ОХУ-аас 12 000 орчим тонн улаан буудайн элит үр оруулж ирэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ нь ургацын хэмжээг өсөхөд нөлөөлсөн болов уу. Мөн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг чөлөөлсөн. Үүнд аж ахуйн нэгжүүд 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Ер нь сүүлийн 3-4 жилд жил бүр 20 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмж худалдан авах дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд үзүүлжээ. Үндэсний үйлдвэрлэгчдэд чанарын шаардлага хангасан улаан буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд тонн тутамд нь 100 000 төгрөг олгосон хэвээр байгаа. Энэ онд 22 тэрбум төгрөг өгнө.