“Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргалыг хүүхэд байхад нагац ах нь чөлөөт бөхөөр хичээллэхийг зөвлөснөөр энэ спортод хөл тавьжээ. Түүний эх орноо төлөөлж хилийн дээс алхсан хоёр дахь орон нь Норвег. Тэрбээр Осло хотод өнгөрсөн сарын 2-10-нд зохион байгуулсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий хөнгөн жинд хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа дэлхийн дэвжээг чимж, олны анхаарлыг татсан бахдам амжилт түүнийх. Жингийнхээ бөхчүүдэд шинэ ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж, шагналын тавцанд зогссон баярт мөч уйгагүй хичээсэн зүтгэлийнх нь үр дүн байлаа. Хэзээ нэгэн өдөр хөнгөн жинд хэн медальтай ирэх бол гэж битүүхэн хардаг байсан бөхийн хорхойтнуудын хүлээлтийг тэр биелүүлж чадсан юм. Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багшийн ДАШТ-ээс медаль өвөртөлсөн 11 дэх шавь тэрбээр хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн, зорилго, тэмүүллийнхээ оосроос атгаж, элэг нэгтнүүдээ огшоосон билээ. “Загреб-2018” өсвөрийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл, УАШТ-ий иж бүрэн медальт түүнтэй ярилцлаа.
-Норвегийн Осло хот хэр таалагдав, тэнд төрсөн анхны сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье. Тамирчдын хөл тавьсан өдрөөс тэмцээний уур амьсгал эхэлдэг гэдэг дээ.
-Би энэ хотод баяр хөөр, адал явдлаар дүүрэн хөл тавьсан. Норвегийг зорих замд миний төрсөн өдөр тохиосон юм. Хамт явсан тамирчид минь урам хайрлаж, баярын мэнд хүргэсэн тэр мөч надад хамгийн сайхан санагдаж байлаа. Биднийг онгоцноос буухад Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газрын ажилтнууд, мөн Ослод амьдардаг нутаг нэгтнүүд минь угтаж авахад сэтгэл их догдолсон.
-Таны шийдэмгий, хурдтай барилдаанууд үзэгчдийн сонирхлыг их татсан. Хөнгөн жинд олон тамирчин өрсөлдлөө. Тэднээс цахиур хагалах амар байгаагүй нь мэдээж.
-Миний хувьд анхны том тэмцээн байсан ч эмээж, бэргээгүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Румыний Алина Вучтэй учраа таарсан. Дэвжээнд гарахын өмнө бие халаалт хийж байхад Т.Сүхбаатар багш “Өрсөлдөгчийнхөө том барьцанд орж болохгүй. Аль болох зайнаас барилд. Чи өмнөх барилдаанд яарч байгаа харагдсан. Тиймээс урьтаж хөдлөхгүйгээр алдаан дээр нь ажиллах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм. Өрсөлдөгч маань намайг бодвол биерхүү ч хөл авахдаа тааруу санагдав. Түүний барилдааны бичлэгүүдийг судалж амжаагүй тул өөрийнхөөрөө барилдахаар шийдсэн. Тэрбээр хөнгөн жингийн бөхчүүдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Мушгих гэж үзэхэд нь дундуур нь цохисон маягтай барилдаж, ард нь гарч хоёр оноо авсан. Оноо 6:2 болсон ч барилдааны цаг дуусаагүй тул хамгаалж барилдсаар яллаа. Түүний хувьд би өмнө нь хараагүй шинэ бөх тул ялна гэсэн итгэлтэй байсан болов уу.
-Эхний хоёр тойргийн барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялахад тань медалийн тө лөө барилдах нь гарцаагүй гэж бодож суусан шүү.
-Эхний тойрогт 2017 оны 23 хүртэлх насныхны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирхантай барилдсан юм. Надаас зургаан насаар эгч түүнийг хөл авах мэхээр буулгаж авсан. Дараа нь Бразилын Ка мила Барбоза да Сильваг 10:2-оор илүүрхсэн. Өрсөлдөгчдөө ялж, санасандаа хүртэл барилдсандаа сэтгэл өндөр байгаа. Ослогийн дэвжээнд зодоглохдоо ДАШТ ямар их өрсөлдөөнтэй, сонирхолтой болдгийг, мөн бэлтгэл сайн базаахад медаль хүртэх ойрхон байдгийг ч мэдэрсэн. Өмнө нь алдартай бөхчүүдийн барилдахыг зурагтаар хардаг байв. Харин энэ удаа өөрөө барилдаж үзлээ. Миний хувьд ДАШТ-д амжилттай оролцохын тулд өөрийгөө маш их дайчилсан.
-Шигшээ наймд өсвөр үеийн дэлхийн аварга, Японы Ремиха Ёшимототой таарсан. Түүний ямар мэхэнд ялагдаж, дагаж барилдахаар болов?
-Хоёр ялчихсан надад түүнийг ч хожно гэсэн бодол төрөөд байлаа. Эн тэнцүү хүч үзсэн ч би тактикийн алдаа гаргаж ялагдсан. Сайтар бэлдэж гарсан болоод ч тэр үү, хожигдсондоо шар хөдлөөд уйлахад багш “Зүгээр дээ, тамирчин хүнд ийм сэтгэл зүй байх ёстой. Чи дараагийнхаа барилдааныг бод” гэж хэллээ. Тэр үед ялагдсанаа аль болох бодохгүйг хичээж, дагах барилдаанд анхаарал хандуулсан. Өмнөх орой нь тактик боловсруулж, сэтгэл зүйгээ ч бэлдсэн дээ.
-Цар тахлын хөл хорионы үед тамирчдын бэлтгэл нэг хэсэгтээ л тасалдсан. Хэрвээ тууштай бэлтгэл хийсэн бол үүнээс ч илүү амжилт гаргах байсан ч юм бил үү?
-Бэлтгэл хийх хамгийн хэрэгтэй цаг хугацаа өвөл, хаврын хөл хорионы үед өнгөрсөн. Би үндэсний шигшээ багийн тамирчин биш тул бэлтгэлээ голдуу гэртээ хийсэн. Өглөө гүйх гэхээр хяналт, эргүүлийн ажилтнууд “Гэртээ хурдан ор” гээд хашаанаас гаргахгүй. Тийм хүндхэн өдрүүдэд эрэгтэй дүүтэйгээ л барилдаж өнжинө. Дүү минь өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Даанч нуруугаа бэртээгээд барилдахаа больсон юм. Хоёр дахь хөл хорионы үед Улиастайд амьдардаг эгчийндээ очиж бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Тэнд агаар, салхинд гүйхэд гэртээ байснаас хамаагүй дээр байв. Би зүгээр сууж чаддаггүй. Бэлтгэл хийхгүй хоёр хоновол бие хөшөөд нойр хүрдэггүй юм.
-Үеэл ах тань танд чөлөөт бөхөөр барилд гэж зөвлөсөн гэл үү?
-Тийм ээ, миний үеэл ах 2011 онд “Чиний зан чанар, бие бөхийн спортоор хичээллэхэд тохирно. Тэгээд ч үеийнхээ охидоос хүч, бяртай харагддаг” гэв. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад 2013 онд чөлөөт бөхөөр хичээллэхээр Спортын төв ордныг зорилоо. Ээж минь ОУХМ Э.Даваачимэг эгчийн зөвлөснөөр намайг дагуулж очоод Т.Сүхбаатар багштай уулзсан юм. Багш тэр үед үндэсний шигшээ багийг дасгал жуулж байсан тул шинээр ирсэн хүүхдүүдийг бэлтгэл хийлгэх зав гараагүй. Тиймээс биднийг “Женко” клубийн дасгалжуулагч, ОУХМ Б.Оюунсүрэн багшийн удирдлагад шилжүүлсэн. Тэнд гурван жил хичээллэж байтал Т.Сүхбаатар багш үндсэн багшаар ирж, шавь нь болсон юм.
-Амархан бууж өгөхийг хүсдэггүй байдал барилдаанаас тань харагддаг. Ийм зан тань амжилтаас атгахад урагшлуулсан биз?
-Би их шартай. Ялагдсан ч амархан бууж өгөхийг хүсдэггүй. Ахтайгаа үеийн юм шиг ана мана ноцолдож, заримдаа бүр дийлж байж санаа амардаг байлаа. Ийм зан чанар минь намайг тэвчээр хатуужил, зорилго тэмүүлэлтэй болгосон. Гэр хороололд амьдарч, түлээ, нүүрс зөөх надад нэг талаар бэлтгэл болдог байв. Манайх есүүлээ амьдардаг. Би долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Манайх өдөр бүр 100 литр ус хэрэглэдэг. Хүүхэд байхдаа усанд байсхийгээд л явна. Гэрийн ажилд багаасаа нухлагдсан бо-лохоор бэлтгэлийн ачаалал дааж сурсан. Аав, ээж минь Налайхад барилгын ажил хийдэг тул бид том ахындаа голдуу өнждөг байлаа.
-Ослогийн дэвжээнээс медаль хүртээд ирэхэд гэрийнхэн тань баярын нулимстай угтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тэндээс Монголдоо ирэхэд гэрийнхэн минь баяр хөөртэй угтсан. Би хүрэл медаль хүртчихээд хамгийн түрүүнд аав, ээжтэйгээ холбогдсон. Норвег Монголоос зур гаан цагийн зөрүүтэй. Манайхан миний барилдааныг шөнийн 03.00 цагт үзсэн юм билээ. Намайг барилдахаар дэвжээнд гарахад бүгдээрээ цамцны минь захыг мушгиж суусан гэдэг. Өрсөлдөгчөө ялахад аав баярлаж “Чадлаа, чадлаа” гээд гэрээ тойрч гүйсэн гэнэ лээ. Онгоцноос буухад танихгүй хүмүүс хүртэл “Баяр хүргэе, чи мундаг барилдсан шүү. Дараагийн тэмцээнд түрүүлж, аварга болоорой” гэж ерөөж байв. Гэртээ ирээд ДАШТ-ээс хүртсэн медалиа шагналынхаа хамгийн дээр залсан. Ослогоос ирсний дараахан манайхан “Чөлөөт бөхөөр хичээллэе. Нэг нь барилдаад амжилтад хүрсэн юм чинь бусад нь ч гэсэн хичээвэл үр дүн гаргана” гээд ярилцаж байгаа. Намайг энэ удаагийн ДАШТ-д оролцоход “Женко” клубээс тэмцээний зардлыг даасан.
-Хорватын Загреб хотод 2018 онд болсон өсвөрийн ДАШТ-ээс та мөнгөн медальтай ирж байсан санагдах юм.
-2018 он надад аз, амжилт дагуулсан жил байлаа. Монголд болсон УАШТ-д түрүүлж, өс вөрийн ДАШТ-д оролцох эрх авсан юм. Аваргын төлөө Японы бөхтэй барилдаж, мөнгөн медаль хүртсэн бол дараахан нь Азийн АШТ-д Энэтхэгийн тамирчныг хожиж, хүрэл медаль зүүсэн. Тивийн тэмцээн дэлхийн аваргаас дутахааргүй өрсөлдөөнтэй болдог. Тамирчид хүрэл медалийг ялж хүртдэг шагнал гээд их бэлгэшээдэг шүү дээ. Гадаадынхаас гадна дотоодын тэмцээнээс хүртсэн хүрэл медаль нэлээд бий. Энэ удаагийн ДАШТ-д ч гэсэн япончууд хамгийн хүчтэй өрсөлдөгч байж, багаараа алтан цом гардлаа. Дэлхийн аваргаас хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, түрүүлэхийн төлөө хичээнэ.
-Шинэ оны дараахан насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулдаг. Аваргаар шалгарсан бөхчүүд гадаадын тэмцээнд оролцох эрхтэй болдог шүү дээ.
-Миний зорьж байгаа зүйл бол чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэх, мөн “Идэр” дээд сургуульд амжилттай сурах. Баянгол дүүргийн Сэтгэмж” цогцолбор сургууль төгсөөд дээрх сургуульд оюутан болсон. Одоо II курс, аялал жуулчлал, менежментийн чиглэлээр сурч байна. Би өглөө хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл рүүгээ явдаг. Үнэнийг хэлэхэд надад найз, нөхөдтэйгөө тухтай уулзах зав бараг гардаггүй. Монголд миний жинд барилддаг хүчтэй өрсөлдөгч олон. Тэднээс Ц.Намуунцэцэг эгч хамгийн хүчтэй нь. Тэрбээр чөлөөт бөхөөр олон жил хичээллэсэн, туршлагатай. Өнгөрсөн есдүгээр сард Төв аймгийн Батсүмбэр сумд УАШТ-ий сорилго барилдаан болоход түүнийг 4:2-оор хожиж, ДАШТ-д оролцох эрх авсан юм. Бид дотоодын тэмцээнд цөөнгүй таарсан болохоор нэгнийхээ барилдааны арга барилыг гадарлана. Түүнтэй дөрвөн удаа таарахдаа гурав хожигдож, нэг ялсан. Би чөлөөт бөхийн эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр ах, эмэгтэйчүүдээс дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгчийг хараад тэдэн шиг барилддаг бөх болох сон гэж боддог байлаа. О.Насанбурмаа эгчийн уйгагүй хөдөлмөрч зангаар бахархдаг. Түүний өөртөө итгэлтэй, дайчин барилдаануудыг харах дуртай. Мөн Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа, ОУХМ Э.Даваачимэг эгч нартай ойр дотно нөхөрлөдөг. Тэд хэрэг болох зөвлөгөө байнга хэлдэг юм. Надад эгч нараасаа сурах зүйл их бий.-Больё гэж эргэж буцсан өдөр бишгүй л байсан
биз. Тийм үед хэн дэргэд тань байж сэтгэлийн дэм өгдөг вэ?
-Хэцүү санагдаж, халширсан өдөр олон байсан. “Женко” клубийн тамирчид “Буянт-Ухаа” спорт цогцолборт бэлтгэл хийдэг юм. Манай гэр хол болохоор автобусанд түгжирч явсаар бэлтгэлийн цагаас хааяа хоцорно. Багш нар минь холоос ирдгийг мэддэг болохоор учиргүй зэмлээд байдаггүй. Гэхдээ би аль болох хоцрохгүйг хичээдэг. Өвлийн хүйтэнд унаа ирэхгүй бол даараад л алхана. Заримдаа хэцүү санагдахаар нь хичээллэхээ больдог ч юм уу гэж бодно. Би өвдгөө бэртээчихсэн байх үедээ маш их шантарсан. Алхахаар шархирч өвдөөд, бэлтгэл хийхээр дуугараад их хэцүү байлаа. Дуртай спортдоо үлдэхийн тулд би ч гэсэн уйлахдаа уйлж, инээхдээ инээж, тамирчдын туулсан амаргүй замаар замнаж л яваа. Эмээ минь сэтгэл санаа хүндхэн байгааг хараад “Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэх хэцүү. Миний охин боливол яасан юм бэ” гэхэд барилддаг байсан дүү минь “Эгч та долоон жил хичээллэчихээд одоо больж болохгүй. Эцсийн үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй” гээд уйлж байлаа. Өөрөө тамирчин байсан болохоор намайг сайн ойлгодог юм. Дүүгийн минь хэлсэн үг намайг хурцалж, спортод минь буцааж авчирсан. Дүүгээ бэртээд, барилдахаа болиход нь харамсаж байлаа. Тамирчин хүн олон саадтай тулдаг. Тэр дундаас бэртэж, гэмтэх л хамгийн хэцүү. Өвдөг бэртсэн ч УАШТ-д оролцохын тулд эрүүл мэнддээ анхаарч, өөртэйгөө их ажилласан. Хичээснийхээ хүчинд хүрэл медаль зүүсэн. Тэр медаль минь ДАШТ-д амжилт гаргах итгэл, найдвар хайрласан гэж боддог. Тиймдээ ч намайг ямар ур чадвартай тамирчин гэдгийг олон талаар сорьж, үнэ цэнтэй ирсэн шагнал. Ослогоос ирэх замдаа олон зүйл бодсон. Барилдааныхаа техникийг сайжруулахаас гадна гар, хөлийнхөө ажиллагаанд анхаарч, хүчний бэлтгэл түлхүү хийх, мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэйг ч ойлгосон.
-Чөлөөт бөхөөр хичээллэдэг үеийнхээ залууст өөдрөг үгээр урам хайрлаач.
-Спортод хөл тавиад амжилт, зорилгынхоо төлөө зүтгэж байгаа залуус олон бий. Тэдэнд “Аливаа зүйлийг эхэлсэн бол эцсийн үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй. Шантарсан ч даваад гарах сэтгэлийн хаттай байгаарай. Хичээсэн бүхэн тань хэзээ нэгэн цагт амжилт болж ирдэг юм шүү. Хүн зорилготой байхад хүсэл, мөрөөдөлдөө хүрч чаддаг юм билээ” гэж хэлье. Энэ ташрамд, шавь нарынхаа төлөө бүх зүйлээ дайчлан ажилладаг Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, ОУХМ Б.Оюунсүрэн багш нартаа, “Женко” клубийг үүсгэн байгуулагч, захирал Х.Баттуул, мөн хамт олон, гэр бүл, ах дүүстээ, ДАШТ-д оролцоход дэмжиж, тусалсан “M-Ойл групп” болон бусад байгууллага, Норвег улсад оршин суугаа монголчууддаа, Унгарт биднийг тав тухтай байрлуулсан Оюунаа эгчийн гэр бүлд, тамирчдынхаа барилдааныг догдолж үзсэн спорт сонирхогчдод баярлаж талархсанаа илэрхийлье. Миний энэ удаагийн амжилт зорилгын минь эхлэл нь. Тиймээс хойшид олон амжилтаар бөх сонирхогчдоо баярлуулж тив, дэлхийн тавцанд Төрийнхөө далбааг мандуулахыг хичээх болно.