Дотоодын барилгын материалын нөөцийн хэвийн байдлыг хангах, хомсдол үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс барилгын материал импортлогчид, барилгын салбарын мэргэжлийн холбоод болон ЗТХЯ, БХБЯ-ны төлөөлөл ГХЯ-нд БНХАУ-ын боомтуудаас яаралтай татан авах асуудлаар зөвлөлдөх уулзалт хийв.
Уулзалтаар барилгын материал импортлогчдод Эрээн хотын ковид 19-ийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, саатсан бараа бүтээгдэхүүнийг өөр боомтуудаар татан авах боломжийг танилцуулснаас гадна Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газар, Хөх хотод суугаа ерөнхий консулын газар зэрэг БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд бараа бүтээгдэхүүн импортлож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай байнгын хэлхээ холбоотой ажиллаж, татан авалт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.
Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг энэ үеэр "Гашуунсухайт боомтын захиргаатай холбогдсон. Өдөртөө 8-10 импортын машин Монгол Улсаас орж ирээд ачаа ачаад гардаг юм байна. Ингэхдээ бүх төрлийн бараа материал гаргаж болно гэсэн хариултыг авсан. Ханги-Мандал боомтын хувьд халдвар хамгааллын дэглэм нэлээд хатуу байгаа. Долдугаар сараас хойш нүүрсний экспортын машинууд буцахдаа барилгын материал ачиж байсныг түр зогсоогоод байна. Энэ нь ачаа бараа ачих үед халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлээс сэргийлсэн үйлдэл бөгөөд ирэх долоо хоногоос халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаад импортын ачаа ачих нөхцөл бүрдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Өчигдөр Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотойгоор БНХАУ-ын талаас шийдвэр гаргаагүй байгааг бидэнд хэлсэн. Өнөөдөр хоёр улсын ГЕГ-ууд хоорондын хуралтай. Энэ хурлын үеэр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хөх хотоос 140 км-т Улаанцавын Жининь гэдэг өртөө хот бий. Тус хотод Европ-Хятадын хурдан галт тэрэгний ложистик төв байдаг бөгөөд энэ төвөөс Монгол Улс руу ачаа барааг галт тэргээр явуулах ажлыг эхлүүлээд 14 хонож байна. Тухайлбал, утаагүй түлшний барьцалдуулагч, барилгын материал, тоног төхөөрөмжийг ачуулсан. Тус өртөөний зүгээс бүх төрлийн ачааг ачуулах боломжтой гэдгээ бидэнд мэдэгдээд байгаа.
Манай консул Б.Гантулга 100 8748180935 гэсэн дугаартай байгаа. Та бүхэн холбогдоод энэ өртөөнөөс ачаа ачуулах бол туслалцаа дэмжлэг авч болно. Өнөөдөр Тавантолгой түлш компаниас таван вагон шуудай мөн өөр нэг ААН-ээс малын тэжээл ачуулахаар галт тэрэг захиалсан. Бид Хөх хотын төмөр замд нот бичиг өгөөд галт тэрэг захиалж өгөх боломжтой" хэмээн хэллээ.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал "Тяньжин боомтод бөөгнөрөөд байгаа 4,800 орчим чингэлгүүдийг арваннэгдүгээр сарын 30-н гэхэд хөдөлгөсөн байх шийдвэр гарсан. Арваннэгдүгээр сарын 1-нд Тяньжинаас гурван галт тэргээр 176 чингэлэг ачигдсан байна. Өчигдрийн мэдээ хараахан ирээгүй бөгөөд өдөр бүр гурван галт тэргээр чингэлэг зөөж эхэлсэн" гэдгийг хэллээ.