Монголын хөлбөмбөгийн шилдэг тамирчин Г.Ганбаяр Унгарын “Пушкаш” академид суралцсан анхдагчдын нэг. Тэрбээр өмнө нь академийнхаа багийнхантай “Сузуки кап” тэмцээнд эхний тоглолтоо алдарт “Байерн Мюнхен”-тэй хийхдээ 1:0-ээр илүүрхэж, “Панатинайкос”-т 1:0-ээр хожигдсон. Хүрэл медалийн төлөө “Хонвед” багийг торгуулийн цохилтоор ялж, олон улсад эх орныхоо нэрийг гаргасан. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насныхны багууд оролцдогийг хөлбөмбөг сонирхогчид мэдэх биз ээ.Тэгвэл өнгөрсөн хавар мөн л багийнхаа хамт Унгарын Дээд лигийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Багтаа хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг тэрбээр Унгарын II лигт 26 тоглолтод оролцохдоо гурван гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчээ. Европын лигт мэргэжлийн тоглогчийн анхны гэрээг үзэглэсэн монгол хүү одоо Словакийн II лигийн “КФС Комарно” багт зээлээр тоглодог. Тив, дэлхийд улсынхаа нэрийг гаргаж, үеийнхээ залууст амжилтаараа үлгэрлэж яваа түүнтэй ярилцлаа.
-Монголд Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны J хэсгийн тоглолт өнгөрсөн сарын сүүлчээр болоход та Словакаас ирж оролцлоо. Эх орондоо хөл тавиад хамгийн түрүүнд юуг мэдрэв?
-Намайг онгоцноос буухад ээж минь угтсан. Эх орондоо нэг хэсэгтээ ирээгүй надад гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, монгол хоолоо амтархан идэх хамгийн сайхан байлаа.
Монголынхоо хөлбөмбөгийн шигшээ багийнхантай тус тоглолтод оролцлоо. Словакийг удахгүй зорино. Тэнд энэ сарын 10-нд болох цомын АШТ, 13-нд лигийн сүүлчийн тоглолтод оролцох юм. Энэ удаа цар тахлын улмаас найз нөхөд, хөгжөөн дэмжигчтэйгээ уулзаж амжсангүй. Таагүй бүхэн холдож, энх цаг ирэхээр хөлбөмбөгийн ногоон талбайд фэнүүдтэйгээ дурсгалын зураг татуулж, хүсэлтийг нь биелүүлэх сайхан мөч ирэх байх аа.
-Хөлбөмбөгт дурласан он жилүүдийн тань дурсамжаар аялъя. Хүсэл мөрөөдөл тань жигүүр болж, зорилго, тэмүүлэл тань Европыг зориход хөтөлсөн болов уу?
-Би долоон настай байхдаа хөлбөмбөг сонирхож, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд Т.Ганхуяг багшийн удирдлагад анх хичээллэсэн. Аймгийнхаа багт үеийнхнээсээ ах хүүхдүүдтэй тоглодог байсан минь өөрийгөө хөгжүүлэхэд давуу тал болсон. Бага байхын их шартай, ах нарын хэмжээнд хүрэхийн тулд их хичээсэн. Манай ах тэр үед өсвөрийн шигшээ багт хөлбөмбөг тоглодог байсан тул би бэлтгэл хийхээр дагаж явна. 2007 онд жаахан хүү аймгийнхаа багийн тамирчидтай УАШТ-д оролцож, мөнгөн медаль хүртсэнээ ер мартдаггүй юм. Тэр үед өөрийгөө мэргэжлийн тамирчин болж, Европын лигт тоглоно гэж огт төсөөлөөгүй. Үеийнхээ найзуудтай нэг баг болж, тоглолтоосоо хөлбөмбөгийн гайхамшгийг мэдэрч, таашаал авах л аз жаргалтай санагддаг байв. 2011 онд “Хоромхон” клубт хөл тавьж, С.Пүрэвсүх багшийн удирдлагад тоглож эхэлсэн.
-“Пушкаш” академид сурахаар 2016 онд Монголоос дөрвөн хүүхэд Унгарыг зорьсны нэг та байх аа?
-Тийм ээ, Би Б.Энхжин ахын саналаар Английн “Барнет ФС” клубт шалгуулахаар дасгалжуулагч З.Баттулга, “Эрчим” клубийн С.Гал-Эрдэнэ ах нарын хамт Англи руу явсан юм. Тэнд очоод дөрвөн тоглолтод гурван гоол оруулан, хоёр гоолын дамжуулалт өгсөн. “Стабек”, “Саутенд”, “Фулхэм”, “Норвич” багтай тоглосон. “Фулхэм” клубийн эсрэг хоёр гоол хийж, нэг гоолын дамжуулалт өгсөн. “Барнет ФС” клубт тэнцсэн ч насанд хүрээгүй, Англид аав, ээжийгээ авчрах ёстой гэсэн ФИФА-гийн дүрмээс болж Монгол руугаа буцаж байлаа. Тэр жилийн зургадугаар сард “Пушкаш” клубийн сонгон шалгаруулалт болсон юм. Олон хүүхэдтэй зэрэгцээд л шалгаруулалтад орлоо. Монголын хөлбөмбөгийн холбооноос “Ганбаяр аа, чи тэнцлээ, баяр хүргэе” гэсэн баярт мэдээ дуулгаснаар Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн нарын хамт Унгарыг зорьсон доо.
-Тэнд очоод анх сурсан зүйлээ сонирхуулж яриач?
-Унгарт хөл тавьсан анхны өдрөөс олон зүйлтэй танилцсан. Тэндхийн цаг агаар Монголынхтой төстэй тул орчин, нөхцөлд нь амархан дассан. Энэ улс эртний түүх, дурсгалын эд зүйлсээ хамгаалж үлдсэн нь их таалагдаж билээ. Зав гарсан үедээ хотынх нь хөгжилтэй танилцан, дурсгалт газруудыг нь сонирхож үздэг байв. “Пушкаш” академид олон орны хүүхдүүд сурдаг. Академийн дотуур байранд байрласан шинэ тоглогчидтой удалгүй танилцаж, ойр дотно нөхөрлөсөн. Бид унгар хэлээр “Сайн байна уу” гэдэг үгийг эхлээд сурч байлаа. Тэнд сурахын зэрэгцээ хөлбөмбөг тоглож, хэдэн жилийг өнгөрүүлсэн болохоор одоо хэл, соёл, ахуй, амьдралыг нь мэддэг болсон. Тэндхийн хот бүр хөлбөмбөгийн академитай. Гэрээсээ хол байх эхэндээ амаргүй санагддаг байв. Чөлөөт цагаараа шатар тоглож, сэтгэлээр унасан үедээ монгол дуугаа сонсож тайвширна. Унгар тоглогчид биднийг эх орноо үгүйлж байгааг ойлгодог байсан. Гэр бүл, найз нөхдөө үгүйлдэг байсан ч тамирчны тэсвэр хатуужлаар хэцүү бүхнийг даван туулсан. Манайхан намайг хаана ч явсан үргэлж дэмждэг. Тэд минь байнга холбогдож, бэртэж, гэмтэхээс хол байхыг захидаг.
-Европчууд монголчуудыг XIII зууны үеийн түүх, нүүдлийн ахуй, соёлоор нь түрүүлж төсөөлдөг. Тэнд байхад ийм хандлага ажиглагддаг байв уу?
-Европчууд Азийнхныг хятад хүнээр хамгийн түрүүнд төсөөлдөг. Миний очоод мэдэрсэн зүйл энэ байлаа. Унгарчууд одоо Азийнхныг хараад монгол хүн байна гэж хүлээж авдаг болсон. Тэдний ингэж хэлэхийг сонсох надад ч таатай санагддаг. Хүний нутагт эх орныхоо нэрийг гаргах сайхан. Би Ази тивээс монгол хүн гэж ямар байдгийг бэлтгэл хийхдээ, тоглолтод оролцохдоо ч сайнаар харуулахыг хичээдэг. Тоглолтын талбайд тэмцээнийг үзэгчдэд шууд хүргэдэг тайлбарлагч монгол хөлбөмбөгчин гэж хэлснээс хойш Азиас Монголын тамирчин тоглож байгааг мэддэг болсон. Словакийн багийнхан ч гэсэн монголчуудын түүх, нүүдлийн ахуй соёл, амьдралын хэв маяг, онцлогийг сонирхдог. Тэд манай түүхийг багагүй судалдаг юм билээ. Монголчуудын морь унах, гэрт амьдарч, улирал бүр хэрхэн нүүдэллэж, хаана амьдардгийг асуудаг.
-Унгарт ямар тэмцээнд анх оролцож, тоглолтынхоо гарааг эхлүүлсэн бэ?
-Тус академид очсоноос хойш хоёр сарын дараа, өвлийн амралт эхлэхийн өмнөхөн “Ганбаяр аа, чамтай гэрээ хиймээр байна” гэж хэлэхэд нь тэнцсэн гэдгээ мэдсэн. ”Байерн Мюнхен”, “Реал Мадрид”, “Панатинайкос”, “Спортинг”, “Хонвед” зэрэг дэлхийн шилдэг клубийн 17 хүртэлх насныхны баг оролцдог ”Сузуки кап” тэмцээнд “Пушкаш”-ийн бүрэлдэхүүнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Тэр тоглолтод оролцсон минь монголчуудын хувьд шинэ хуудас нээсэн түүхэн мөч байв. Хувь заяа хэрхэн, хаашаа эргэхийг хэн ч тааварлашгүй шүү дээ. Намайг дуртай спорт минь амжилт руу залсан гэж боддог.
-Унгарт хоёр жил бэлтгэл хийхдээ тэмцээнд оролцох сон гэж яардаг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Тэнд 18 нас хүрээгүй тоглогчийг эцэг, эх нь дэргэд нь байхгүй бол гэрээ хийдэггүй. Тиймээс би хоёр жил бэлтгэл хийхдээ нөхөрсөг тоглолтод оролцсон. Мэргэжлийн тоглогчийн анхны гэрээг 2018 оны наймдугаар сарын 6-нд үзэглэсэн юм. Тэр мөчийг их хүлээсэн. Эхний тоглолтод оролцохдоо гоол хийж, түүнээс таван тоглолтын дараа “Пушкаш” академийн II лигийн “Активал чаквар” багт нэгдэж, мөн л анхны тоглолтдоо гоол оруулсан юм. Тэнд II лигийн тоглолтуудад багтайгаа амжилттай оролцохыг минь I лигийн дасгалжуулагч олж хараад “Пушкаш” багт тоглуулахаар дуудсан. Хөлбөмбөгийн багт тоглодог улс бүрийн тамирчдыг нэг хүн шиг зорилготой болгоход дасгалжуулагчийн ухаан, удирдах арга барил, ур чадвар, туршлага их нөлөөлдөг. I лигийн “Пушкаш” багийнхантай гараанд гарч тоглоод, хожил авсан тэр тэмцээн сэтгэл их догдлуулсан. Би өөртөө ч итгээгүй. Унгарт 2016 онд очоод тоглолт үзэхдээ “Би хэзээ ингээд тоглох бол оо” гэж бодож суусан. Хэдэн жилийн дараа тэр талбайд нь өөрөө тоглоод гүйх мөчийг мэдэрч байснаа үгээр илэрхийлэхэд ч багадмаар. Дээд лигт тоглодог мэргэжлийн тамирчдын чансаа өндөр болохоор үзэгчдийн хүлээж авах хандлага, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татах нь энгийн багийнхнаас өөр байдаг.
-Та Унгарын I лигийн “Пушкаш” багаас Словакийн II лигийн “КФС Комарно” багт зээлээр тоглож байгаа Монголын анхны хөлбөмбөгч биз?
-Би энэ улиралд Словакийн II лигийн “КФС Комарно” багт дуудагдаж, зээлээр тоглож эхэлсэн. Энэ багийнхан “Пушкаш” багтай, ах дүүсийн нөхөрсөг харилцаатай. Энэ баг олон жилийн түүхтэй. Амжилтын хувьд доод лигээс тоглож, II лигт дэвшсэн. Тус багийнхан жил бүр гадаадын легионертой гэрээ хийж, тоглуулдаг. Миний хувьд Монголоос анхны тоглогч нь болж байна. Манай багийнхан намайг “Гаанбаа” гэж дууддаг. Миний хувьд багтаа баруун жигүүрийн хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Дасгалжуулагч маань намайг гол тоглолтдоо оролцуулдаг юм. Нэг багаас нөгөөд дуудагдаж тоглох нь мэргэжлийн хөлбөмбөгчдийн амьдрал болохоор тамирчид нэгнээ сайн ойлгодог. Тус улсын лигийн багтай нөхөрсөг тоглолтод оролцохдоо гоол хийж, ур чадвараа тодорхой хэмжээгээр харуулсан гэж боддог. Өмнө нь Унгарын II лигийн “Активал чаквар” багт 26 тоглолтод оролцохдоо гурван гоол оруулж, нэг дамжуулалт өгсөн. Европын лигийн багийн дасгалжуулагчийн нүдэнд өртөнө гэдэг ховор боломж. Тухайн тоглогчийг нэг бус, нэлээд тоглолтоос харж, судалж байж санал тавьдаг юм. Хөлбөмбөгчдийг багийнх нь менежер тоглох багийнх нь дасгалжуулагчтай холбож, тоглогчийнхоо талаар дэлгэрэнгүй танилцуулдаг. Хойшид тухайн багт үргэлжлүүлэн тоглох, эсэхийг багийнхаа менежертэйгээ ярилцаж шийддэг.
-Тамирчин хүний амжилтын ард олон хүний дэм, тус байдаг. Таныг гэрийнхнээс тань гадна фэнүүд тань хүрээлдэг гэж сонссон.
-Би ганцаараа хичээж амжилтад хүрээгүй. Үүний ард олон хүний дэмжлэг их бий. Гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхоо хүмүүсээс урам авдаг. Хэрвээ тэд минь дэмжээгүй бол өдий зэрэгт хүрэх, эсэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс сэтгэл гаргаж тусалдаг хүмүүстээ баярладаг. Ачийг нь мартахгүйг хичээдэг. Манайхан хүүхэд байхаас минь дэмжсэн болохоор хөлбөмбөгийн мэдлэгтэй болсон. Гэртээ энэ спортын тухай яриа өрнүүлэх дуртай. Миний тоглохыг үзээд “Одоо ингээрэй, тэгээрэй” гэж зөвлөдөг. Найзууд минь миний нөлөөгөөр хөлбөмбөгт эргэж буцахааргүй татагдсан. Тэд одоо үнэнч фэн боллоо. Хөлбөмбөгөөр хичээллэдэг хүүхдүүд “Тан шиг тоглогч болохыг хүсдэг” гээд сэтгэгдлээ хуваалцдаг. Олноор хүрээлүүлэх сайхан ч итгэл, найдварыг нь дааж явах том үүрэг, хариуцлага байдаг юм билээ. Би саяхан ОУХМ цол хүртлээ. Хойшдоо энэ цолныхоо үнэ цэн, нэр хүндийг өндөрт өргөхийг хичээнэ.
-Европын лигт тоглохын хажуугаар Монголынхоо “Royal аcademy” олон улсын их сургуульд сурдаг гэл үү?
-Монголын “Royal аcademy” олон улсын их сургуулийн англи хэлний ангид цахимаар сурдаг. Одоо II курсийн оюутан. Эх орондоо ирээд сургуулийнхаа удирдлага, ангийнхаа хамт олонтой уулзлаа. Намайг анд нөхрийн халуун сэтгэлээр угтсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би өвлийн амралт эхлэхээр Монголд сарын хугацаатай ирнэ. Миний хувьд анх удаа гэртээ ингэж тухтай амрах гэж байна.Тэр үед хичээлдээ сууж, ангийнхантайгаа сайн танилцана.
-Та “КФС Комарно” багийнхантайгаа ямар хэлээр ярилцаж, ойлголцдог вэ?
-Тус багийнхантай тоглоод удаагүй болохоор төрөлх хэлийг нь хараахан сураагүй байна. Миний хувьд тамирчидтай нь орос, унгар хэлээр ярьдаг. Хөлбөмбөгийн спорт өөрийн гэсэн онцлогтой. Үг, хэлээс гадна биеийн хөдөлгөөн, хэлэмжээр ойлголцож чаддаг. Дасгалжуулагч болгоны арга барил өөр. Манай багийн дасгалжуулагч тоглогчдынхоо довтолгоо, тактик руу анхаарал хандуулдаг. Миний зорьдог зүйл бол лигийн шилдэг таван багийн (Испани, Англи, Итали, Герман, Франц) аль нэгт нь тоглохыг хүсдэг. Одоо ингээд өгүүлж байгаа ч хэдэн жилийн дараа тоглохыг таашгүй. Би “Чиний эрин үе ирнэ гэдэгт итгэ” гэдэг үгийг хэлэх дуртай. Энэ талаар ч их боддог. Тиймээс миний эрин үе ирнэ гэдэгт эргэлзээгүй итгэдэг. Мөрөөдлийнхөө үзүүрээс атгалаа, одоо зорилгынхоо оргил руу зүтгэнэ.
-Дэлхийн алдартай хөлбөмбөгчдөөс хэнийх нь тоглолтыг харж бахархдаг вэ?
-Би хөлбөмбөгтэй нөхөрлөсөн цагаасаа Криштиану Роналдугийн тоглолтыг бахархаж үзсэн. Түүнийг хичээл, зүтгэлийн хаан гэж боддог. Амжилтынх нь нууц энгийн. Тэр нь зөв хооллолт. Тэрбээр Унгартай хийсэн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээрх хийжүүлсэн ундааны лонхыг холдуулж “Ус уу” гэсэн. Түүний энэ үйлдлээс үйлдвэрлэгч компанийн зах зээлийн үнэлгээ дөрвөн тэрбум ам.доллароор буурсан гэдэг. Өдгөө 36 настай К.Роналду хийжүүлсэн ундаанаас татгалзахыг зөвлөдөг. Үүнийхээ ачаар мэргэжлийн түвшинд хамгийн удаан тоглож байгаа тамирчин. Дэлхийн алдартай тамирчин хаана ч очсон зөв дадлаараа үнэлэгддэгийг тэр үед ойлгосон. Тэрбээр хөлбөмбөгт тухайн тоглогч амжилт гаргах ур чадвартай бол үргэлжлүүлэх боломжтойг өөрийн биеэр үлгэрлэж харуулдаг.
-Монголчууд хөлбөмбөгийн академитай болбол гадаадын тоглогчдоос дутахгүй амжилт гаргах боломжтой гэж боддог юм. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Манайхан хамгийн түрүүнд дотоодын лигийн тэмцээнээ чанартай явуулж, тамирчдаа тал бүрээс нь хөгжүүлэх хэрэгтэй. Хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудад академийн сургалтаар хичээлийг нь тусгай программын дагуу системтэй заадаг. Хүүхдүүдийг долоон наснаас нь мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийлгэж, суурийг нь зөв тавьж хөгжүүлдэг. Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд хүүхдийн академитай болох хэрэгтэй. Академийн сургалтаар мэдлэг эзэмшүүлбэл тамирчид амжилт гаргах хэмжээнд сурна. Европын хөлбөмбөгийн лигийн баг олон дасгалжуулагчтай. Тэд өөрийн хариуцсан зүйлтэй. Ахлах, туслах дасгалжуулагчаас гадна багийнхаа тоглогчдыг амжилтад хүргэхийн тулд өрсөлдөгч багуудыг нь судлан, тоглолтынх нь бичлэгийг үзэж дүгнэлт хийдэг, мөн ур чадварыг нь ахиулах, техник, тактикийг нь сайжруулах төлөвлөгөө боловсруулалт хийдэг дасгалжуулагч бий. Монголын хөлбөмбөгийн спортод ийм дэвшилттэй зүйл хэзээ нэгэн өдөр бий болно гэдэгт итгэдэг.
-Хүн бүрт боломж байдаг. Харин хэрхэн хөгжүүлж, амжилтад хүрч болох талаар үеийнхээ тоглогчдод зөвлөж, урам хайрлаач.
-“Зорилгынхоо төлөө зориг гаргаж зүтгээд үз. Хүнд залуу нас ганц л олддог. Хайртай спортдоо өөрийгөө зориулж, бүх нөөц, боломжоо гарга. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд өдөр бүр суралцвал чиний эрин үе ирнэ. Зорьж буй цагт мөрөөдлийнхөө бэлгийг хөдөлмөрлөсний хэрээр авдаг. Хэзээ ч хийж чадахгүй гэж боддог зүйлээ даваад гарахад амархан байсан санагддаг. Надад ийм зүйл тохиож байлаа. Би бэлтгэл хийхдээ хэзээ ч чадахгүй байх гэж боддог байв. Хичээснийхээ хүчинд нэг л өдөр хэцүү санагдсан бүхнээ хийж сурсан байлаа. Хүнийг оролдлого нь урагшлуулдаг. Амаргүй санагдсан зүйлээсээ шантарч болно, харин ухарч болохгүй. Амжилт амархан ирэхгүй. Алдаа, оноотой урагшилж байж зорьсондоо хүрнэ. Аливаа зүйлийг эхлэх эхэндээ хэцүү л байдаг. Туулаад гарахад дараагийн алхам хүлээж байдаг юм шүү” гэж хэлье.