Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам”-д 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газраар дамжуулан олгосон. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нь хүү, алданги тооцоход 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрчээ.
“Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг, 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажиллажээ. Энэхүү санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол Улс болон ОХУ-ын зүгээс тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Энэхүү тогтоолын төслийг баталснаар нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс хоорондын ачаа тээвэрлэлт хязгаарлагдмал болсон үед “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүгийн чадамжийг дээшлүүлнэ. Ингэснээр төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. Тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Улсын Их Хуралд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр ийнхүү өргөн барьж байна.