Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрбээр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж буй.
-Хуулийн төслийн үйл явц одоо ямар шатанд байна вэ?
-Олон нийтээс санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү хуулийн гол зорилго нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шударга ёсны үзэл санааг нийгэмд төлөвшүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах зэрэг зорилтыг хангахад чиглэж буй. Нөгөөтээгүүр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх Засгийн газрын үүргийг хэрэгжүүлэх зорилготой.
Монгол Улс авлигын эсрэг НҮБ-ын конвенцод 2005 онд нэгдсэн. Ингэснээр авлига, ашиг сонирхолтой холбоотой үйлдлийн тухай мэдээлсэн хүмүүсийг хамгаалах асуудлыг дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд илүү тодорхой, боловсронгуй болгох үүрэг хүлээсэн юм. Эдгээр нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй боловсруулах нөхцөл, шалтгаан болсон.
-Шүгэл үлээх хэмээх ойлголтыг хуулийн төсөлд “Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайл бар өгөх” гэж тодорхойлсонд олон нийт шүүмжлэлтэй хандах боллоо. Хууль бус үйлдлийг нийтэд мэдээлэх бус, зөвхөн эрх бүхий байгууллага, хэн нэгэн даргын чихэнд хүргэх зохицуулалт бий болголоо гэж үзэх хүн цөөнгүй байна. Энэ талаарх таны байр суурь юу вэ?
-”Транспэрэнси интернэшнл” төрийн бус байгууллага Ази, Номхон далайн бүсийн орнуудад “Авлига, ашиг сонирхолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэсэн санал асуулга бүхий судалгаа явуулахад иргэдийн олонх нь “Мэдээлэх” гэж хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа хууль бус үйлдэл, алдаа дутагдлыг хараад, сонсоод өнгөрөөх бус, зохих газарт нь мэдээлэх нь чухал. Харин эрх бүхий байгууллага мэдээллийн дагуу хянан шалгах үйл ажиллагаа явуулж, тухайн этгээд гэм буруутай байна уу, үнэхээр хууль зөрчсөн үү, ашиг сонирхлын зөрчилтэй юү гэдгийг тогтоох ёстой. Ингэж байж бид авлигын эсрэг тэмцлийг нэг шат ахиулж чадна.
Манай улс авлигын индексээр дэлхийд 111 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Энэ үзүүлэлтийг урагшлуулахын тулд Засгийн газар хоёр жилийн төлөвлөгөө боловсруулан, тодорхой бодлого чиглэл баримталж буй. Нэг үгээр хэлбэл, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, зөрчлийг бууруулах нь Засгийн газрын том амбиц, зорилго юм. Тэгэхээр шүгэл үлээгчийг хов зөөдөг, бусдыг матдаг хүн гэж харж болохгүй. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажиллагаанд иргэд гар бие оролцож байна гэсэн үг.
Иргэд нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлийн асуудлаар шүгэл үлээж болно хэмээн хуульд тусга сан. Аж ахуйн нэгжүүд зохиомлоор үнэ хөөргөдөх, үгсэн хуйвалдаж ханш өсгөх, хэрэглэгчийн эрүүл мэндэд харш бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх зэрэг асуудлаар иргэд дуугарч, эрх бүхий байгууллагад мэдээлэх боломжтой. Шүгэл үлээгчийг хов зөөгч, матагч гэдэг өнцгөөс бус, хууль бус үйлдэл, нийгмийн алдаа дутагдлыг мэдээлэгч гэж харах ёстой юм.
-Шүгэл үлээгчийн дүрээр нийгмийн анхааралд өртөх зорилготой, эсвэл хувийн ашиг сонирхлын үүднээс аливаа асуудлыг хөнддөг хүн цөөнгүй. Ямар тохиолдолд шүгэл үлээгчийн мэдээллийг хүчингүйд тооцох вэ?
-Мэдээж мэдээллийг сайтар нягталж, холбогдох эрх бүхий байгууллага үнэн, зөвийг нь шалгаж тогтооно. Өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдахыг шүгэл үлээлт гэж үзэхгүй. Илэрхий худал, цахим сүлжээгээр олон нийтэд ил болсон, эсвэл холбогдох байгууллага шалгаж, үр дүнг нь танилцуулсан асуудлыг дахин хөндвөл шүгэл үлээсэнд тооцохгүй. Мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй.
Нийтийн эрх ашгийн төлөө дуугарна гэдэг маш эмзэг харилцаа. Иргэд биечлэн шүгэл үлээж буй тохиолдолд нэр, хувийн мэдээллийг нь нууцлах, мөн хүсэлтийг нь харгалзан хамгааллын арга хэмжээ авах боломжтой. Эсвэл өөрийн хууль ёсны төлөөлөгч болон сэтгүүлчээр дамжуулан шүгэл үлээж болно гэсэн зохицуулалтыг тусгасан. Энэ бол хувь хүний сонголтын асуудал. Гагцхүү тухайн хүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, хамгаалах вэ гэдэг асуудал тулгарна.
-Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн тухайн хуульд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг тусгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Шүгэл үлээх үйл ажиллагаа нь нийтийн эрх ашигтай холбоотой учраас сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн байгууллага үүнд нэлээд чухал үүрэгтэй оролцох бололцоо энэ хуулиар бүрдэх болов уу гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж шүгэл үлээдэг туршлага олон улсад түгээмэл. Энэ тохиолдолд сэтгүүлч мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлах эрхтэй. Харин Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Ийм шүгэл үлээсэн мэдээллийг нийтэлж, дамжуулсныхаа төлөө сэтгүүлч эх сурвалжаа ил болгохгүй байх, нууцлах эрхтэй” гэдгийг тодотгож тусгасан.
-Шүгэл үлээгчийг урамшуулах шийдлийг хэрхэн тусгасан талаар мэдээлэл өгнө үү?
-Тухайн иргэнд шүгэл үлээснийх нь төлөө тодорхой баталгаануудыг өгөх юм. Ажил, албан тушаал, нийгмийн харилцаанд оролцох түвшинд гэх мэт. Нөгөөтээгүүр, шүгэл үлээсний үр дүнд улсад төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг урамшуулал хэлбэрээр олгож болох юм гэсэн асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, 50 сая төгрөгийн 15 хувийг, 50-200 сая бол 10 сая төгрөг дээр 50 саяас давсан 12 хувийг олгох гэх зэрэг шаталсан хэлбэрээр урамшуулна. Мөнгөн урамшууллын хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгт тооцож буй.
-Энэ төрлийн хууль хэрэгжүүлээд, тодорхой үр дүнд хүрсэн туршлага олон улсад цөөнгүй бий гэсэн. Тэгвэл хуулийн төсөл боловруулахад гадаадын жишиг, туршлагыг хэр ашигласан бол?
-Энэ хууль манай улсын хувьд анхдагч. Ийм төрлийн харилцааг Гэрч, хохирогчийг хамгаалах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зохицуулсаар ирсэн. Харин Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ бүхнийг илүү тодруулж, нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан. Үүнийг хийхийн тулд олон улсын арга барил, туршлагыг улсынхаа эрх зүйн орчин, соёл, нийгмийн онцлогтой харгалзуулж, харьцуулан нэлээд судаллаа.
АНУ-д гэхэд зөвхөн татварын асуудалд анхаардаг, мэргэшсэн шүгэл үлээгчид байна. Татварын хяналт шалгалтыг төрийн өмнөөс хийж, ажлын ачааллыг нь бууруулдаг, түүгээрээ орлого олдог жишиг тогтсон. БНСУ-д шүгэл үлээгчийн хууль нэлээд үр дүнтэй. Татвараас зайлсхийх болон бусад төрлийн эдийн засгийн гэмт хэрэг, зөрчлийг иргэдийн өгсөн мэдээллээр илрүүлдэг, таслан зогсоодог тохиолдол цөөнгүй. Шүгэл үлээх ажиллагаа зөвхөн авлигатай тэмцээд зогсохгүй аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлдэг, олон улсын практикт нэвтэрсэн үр дүнтэй арга гэдэг нь энэ бүхнээс тодорхой харагдаж буй юм. Тиймээс Засгийн газар эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлд бодлогоор анхаарч байна.
-”Шүгэл үлээгч байгууллага дотроо шүгэл үлээсэн тохиолдолд тухайн байгууллага түүнийг дэмжих, хамгаалах арга хэмжээг авна” гэж хуулийн төсөлд тусгасан. Гэвч бодит байдалд тухайн байгууллага ажилтныг шүгэл үлээгч бус, үйл ажиллагаанд тэрслэгч гэж харах магадлал өндөр юм шиг. Үүний хэрэгжилтийг ямар арга замаар хангуулах юм бол?
-Байгууллагууд ийм тохиолдолд авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг дотоод журамдаа тусгах үүргийг энэ хуулиар хүлээх юм. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг дордуулах гэхээсээ илүү сайжруулах боломж олгодог. Судалгаануудын үр дүн үүнийг баталдаг. Ажил олгогчид энэ хуулийн зохицуулалтад хүлээцтэй, уян хатан байдлаар хандах болов уу гэж найдаж байна. Тодруулж хэлэхэд, энэ хууль зөвхөн авлига, ашиг сонирхолтой тэмцэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэх учраас зохицуулалт нь тус хүрээний байгууллагуудад хамаарна.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр ямар ахиц дэвшил гарна гэж төсөөлж, тооцоолж байна вэ?
-Аливаа гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил ил, далд аргаар мэдээлэл цуглуулах дээр үндэслэдэг. Тухайн үйл, баримтыг мэдэж буй этгээдийн мэдээлэлд үндэслэж, зохих түвшний арга хэмжээг авдаг. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй арга байж чадна гэж хууль санаачлагчид үзэж байна. Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнг хүртэгч нь Монгол Улсын бүх иргэн байх юм. Авлига иргэд, олон нийтийн боломжийг хулгайлдаг. Үүнтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь эрх зүйн зохицуулалт, сайн хууль.