Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу академич хэргэм хүртээд удаагүй зооинженер, ХААИС-ийн багш, доктор, профессор Н.Тогтохбаяртай ярилцсан юм. Тэрбээр 1990-1995 онд ХААИС-ийн аспирантурт суралцан “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс-үетэнт бэлчээрийн ургамлын тэжээллэг чанар” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны дэд докторын, 2005 онд “Монгол орны нөхцөлд тэжээлийн шимт чанарыг солилцлын энергиэр үнэлэх асуудал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
-Таны мэргэжил сонирхолтой санагдаж байна. Хэзээ, хаана, ямар сургууль төгсөж зооинженер болов?
-Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумын мал эмнэлгийн ангид суралцаж, малын бага эмч болсон юм. Онцгойлох дипломтой төгссөн.
-Энэ нь техникумын улаан диплом гэсэн үг үү?
-Тийм ээ. Тус сургуульд онц суралцсан тул ОХУ-д зооинженер мэргэжлээр суралцах урилга авсан. Үүний дагуу 1979-1980 онд Эрхүүгийн Улсын их сургуулийн орос хэлний бэлтгэл ангид, 1980-1985 онд тус хотын Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж, зооинженер мэргэжлээр төгссөн.
-Энэ нь чухам ямар мэргэжил вэ. Мал, амьтан зохион бүтээх гэсэн утгатай ч юм шиг.
-ОХУ-д бидний үед үйлдвэржсэн мал аж ахуйд ажиллах зооинженерүүдийг бэлтгэж байлаа. Өөрөөр хэлбэл, саалийн механикжсан ферм, бордоо, гахай, шувууны аж ахуй, мал үржүүлгийн төвүүдэд ажиллах мэргэжилтнүүд гэсэн үг. Энэ нь зоотехникчтэй адил шилэн болон тохируулан сонголт, үржүүлгийн тодорхой аргуудыг хэрэглэн, арвин ашиг шимтэй мал өсгөн, бэлчээр, тэжээлийг зохистой ашиглан малыг үр ашигтай тэжээх, төрөл бүрийн ашиг шим авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажил. Өөрөөр хэлбэл, мал арчлах, маллах дэвшилт технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хүн амыг эрүүл хүнсээр, хөнгөн үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг мэргэжилтэн юм. Эрхүүгийн ХААИС-ийн нэгдүгээр курст элссэн жил, анхны хичээлийг зооинженерийн факультетын декан доктор, профессор Л.М.Герасимов заасан. Багш “Мал, амьтан гэдэг бол машин л гэсэн үг. Энэ машиныг яаж зохион бүтээж, өөрчлөх вэ, хэдий хэмжээний бүтээгдэхүүн авах вэ, ашиглалт, үйлчилгээг яаж хийх вэ. Энэ бүхнийг зооинженер хийнэ, зохион бүтээнэ” гэж хэлж байсан нь ер мартагддаггүй.
Бид зооинженер болохын тулд мал зүй, мал эмнэлэг, ургамал, газар тариалангийн салбар шинжлэх ухаануудаас гадна инженерийн шугам зураг, мал аж ахуйн фермийн механикжуулалт, мал аж ахуйн барилга, байгууламж зэрэг хичээл нэмж судлан, томоохон үйлдвэр, цогцолборуудад ажиллан, сургалтын болон үйлдвэрлэлийн дадлага хийж, дипломын төсөл бичиж хамгаалан, төгсдөг байв. Тухайлбал, би шувууны аж ахуйн чиглэлээр мэргэшсэн. Эрхүү хотын ойролцоох Мельниковын шувуун фабрикт инкубаторын, эх сүргийн, өндөг үйлдвэрлэх, тэжээлийн гэсэн цехэд хоёр жил дараалан зуны амралтаараа ажилласан. Биднийг суралцаж байхад Эрхүү дэх Монголын Консулын газраас эх орондоо, үйлдвэрлэлд хэрэгтэй, тэргүүн туршлага олох, сурталчлах, нэвтрүүлэх уралдаан зарладаг байсан юм. Тэр уралдаанд өндөг дарж амилуулах инкубаторын ард чийгшүүлгийг тохируулдаг төхөөрөмж нэмэлтээр хэрэглэн үр дүнг сайжруулж байсан тэргүүн туршлагыг судлан Улаанбаатарын шувуун фабрикт нэвтрүүлсэн ажлаараа шагнал хүртэж байлаа.
-Сонирхолтой юм. Эрэл, хайгуул хийжээ.
-Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд “Мал зүйчид гэдэг бол зохион бүтээгч инженер, малын эмч нар бол засварын инженер юм шүү” гэж ярьсан байдаг. Үнэхээр манай мал зүйчид олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд 52 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсгүүдийг бий болгоод байна. Мөн төрөл бүрийн тэжээлийн нөөц илрүүлэх, тэдгээрийн шимт чанарыг тодорхойлох, тэжээлүүдийн зохистой хослол, жор бий болгох, төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохирох ноос, ноолуур, мах, сүү зэрэг түүхий эдийг үйлдвэрлэхэд анхаарал хандуулан ажилладаг.
-Та ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ. Ямар ямар ажил эрхэлж, албан тушаал хашиж байв. Судалгаа, шинжилгээ байнга хийж байсан болов уу. Судалгааны тань үр дүнг үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлсэн бэ?
-1985 онд Эрхүүд дээд сургууль төгссөнөөс хойш ХААДС-ийн зоотехникийн факультетад дагалдан багш, багш, Биологийн нөөцийн менежментийн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. 2012 оноос 2013 оны хоёрдугаар сар хүртэл Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, 2013 оноос ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байв. Одоо сургуульдаа профессорын багийн ахлагчаар ажиллаж байна. Малзүйч, технологичийн ангид малын тэжээллэг, тэжээл үнэлгээ, зөгийн аж ахуйн хичээл заадаг.
Судалгааны ажлын гол чиглэл маань малын тэжээллэг болон зөгийн аж ахуй юм. Нарийвчилбал, малын тэжээлийн химийн найрлага, шимт чанар, үнэлгээ, тэжээл үйлдвэрлэлийн технологи, бэлчээр, хадлан, тэжээлийн нөөц, зөгийн аж ахуйн менежмент, зөгийн бүтээгдэхүүний технологи, үнэлгээ юм. Энэ чиглэлээр шинжлэх ухаан, технологийн, онолын суурь судалгааны болон инновацын 12 төсөлд гүйцэтгэгчээр, гадаад орон, олон улсын байгууллагатай хамтарсан 16 төсөлд судлаачаар ажилласан. Судалгааны минь ажлын гол үр дүн Монгол орны нөхцөлд бэлтгэж байгаа төрөл бүрийн тэжээлийн шимт бодисын задралын эрчим, эслэгийн бүтэц, in vitro хийн бүтээмшил, солилцлын энергийг иж бүрнээр анх удаа судлан тогтоосонд оршино.
-Мэргэжлийн бус хүн ойлгоход амаргүй үг, хэллэгүүд хөвөрч байна даа.
-Бидний хийдэг ажил энэ юм даа (инээв). ОХУ-д 1922 оноос мөрдөж эхэлсэн хошуу будааны нэгжийг манай улс тэжээлийн шимт чанарыг үнэлэхэд ашигласаар ирсэн. Энэ нь зөвхөн бордож буй нас гүйцсэн шард зориулагдсан тул бусад нас, хүйс, ашиг шимийн чиглэлийн малд тохирдоггүй. Мөн шингэц тодорхойлох сонгомол арга нь нарийн багаж төхөөрөмж, цаг, хүн хүч ихээхэн шаарддаг. Үүнээс гадна шингэцийн явцыг анхаарч үздэггүй сул талтай. Солилцлын энерги гэдэг нь шингэсэн бодисын энерги бөгөөд тэжээл боловсруулах, амьсгал, зүрх, цусны эргэлт, мэдрэлийн систем, хөдөлгөөний зэрэг дотоод болон гадаад эрхтэн, системийг ажиллуулах, биеийн тогтмол дулааныг бий болгох болон сүү, мах, ноос зэрэг ашиг шим болон хувиргахад оролцдог энерги юм. Солилцлын энергийн үнэлгээ нь хошуу будааны нэгжтэй харьцуулбал тэжээлийн төрөл, боловсруулалтын түвшнийг харгалзсан төдийгүй малын төрөл, ашиг шимийн чиглэл, нас, хүйсийн хэрэгцээг хангахад тохирсон, тэжээлийг зөв үнэлэх, хэмнэлттэй зарцуулах бололцоог олгосон үнэлгээ юм. Үүнийг Монгол орны бэлчээрийн ургамал, тэжээлийн шимт чанарыг үнэлэхэд нэвтрүүлсэн.
-Нарийн юм аа. Зарим хүн энэ тухай төдийлөн мэдэхгүй, төсөөлөх ч үгүй байх.
-Мэргэжил бүхэн онцлогтой шүү дээ. Манай оронд өвс, тэжээлийн нийт эслэгийг л тодорхойлдог байсан бол түүнийг нарийвчлан саармаг болон хүчиллэг орчинд уусдаггүй эслэг, целлюлоз, гемицеллюлоз, лигнин гэсэн таван хэсэг болгон задалж, үнэлэх аргыг судалгаа, сургалтад нэвтрүүлсэн. Эслэгийн задрагийг гаргаснаар тэжээл ямар төрлийн малд тохиромжтойг тодорхойлох, боловсруулах технологийг шийдвэрлэх боломжийг олгосон. Монгол орны бэлчээрийн ногоо, хадлангийн өвс, хүчит, шүүст, холимог, багсармал 162 төрлийн тэжээлийн химийн найрлага, эслэгийн задраг, органик бодисын шингэц, солилцлын энергийн хэмжээг судалж тогтоосон. Тэжээлийн шимт чанарыг хошуу будааны нэгжээр үнэлж байсан хуучны үнэлгээг олон улсын СИ системд солилцлын энергид шилжүүлсэн. Өөрсдийн судалгааны материалдаа тулгуурлан нийт 580 гаруй төрлийн тэжээлийг багтаасан “Тэжээлийн шимт чанарын хүрд”-ийг багш нартайгаа хамтран зохиож, үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Малын гүзээнд тэжээлийн нүүрс ус нь богино гинжит өөхний дэгдэмхий хүчлүүд, нүүрсхүчлийн болон метан хий, бичил биетийн масс болон задардаг болохыг тогтоосон судалгааны үр дүнг үндэслэн метан хийн ялгаралтыг багасгах аргачлал, малыг тэжээх технологи боловсруулан ажиллаж байна. Целлюлаза, ксилаза ферментийн идэвхийг тодорхойлох арга зүй, бүдүүн тэжээлийг хиймэл шээг болон энзимээр боловсруулах аргуудыг эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
-“Анхны алхам” кинонд “Шинжлэх ухаан гэдэг чинь өвгөн Балдан, өвс шарилжнаас хамаагүй хол юм” гэж ярьдаг санаанд орж байна.
-Бид хамтарч юу, юу хийснээ тайлбарлах гэж оролдоод байна л даа. Орон нутгийн түүхий эд ашиглан мах, сүүний үхэр, зөгий, өндөглөгч тахиа, мах, өөхний чиглэлийн гахайд зориулсан импорт орлох багсармал тэжээлийн болон уураг эрдсийн премиксийн есөн төрлийн жор боловсруулж баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Дээрх төрлийн тэжээлүүдийн нэмэлт бүтээгдэхүүнийг манай улс импортоор авдаг. Зөвхөн шувууны тэжээлд гэхэд жилд, тухайлбал, 2017 онд 17 тэрбум төгрөг зарцуулсан байна лээ.
-Тэгвэл таны боловсруулсан жороор тэжээл үйлдвэрлээд байж болох нь ээ.
-Олон улсын Атомын энергийн агентлаг, Канадын Олон улсын судалгааны төв, Японы Хөдөө аж ахуйн олон улсын судалгааны төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд ХААИС-д тэжээл үнэлгээний болон биотехнологийн гурван лаборатори, тэжээлийн цех, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд тэжээлийн задлан шинжилгээний лаборатори, биотехнологийн лабораторийг шинэчлэн тохижуулахад нэг тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм, урвалжийн хөрөнгө оруулж, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлсэн. Судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн 2015 онд гарааны “Мэргэн Хариг” компани байгуулан, “Тансаг” брэндийн зөгийн бал болон зөгийн уурагт тэжээл, цэцгийн тоос, анхилуун үнэрт лаван лаа, ариутгалын саван зэрэг инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран Монгол орны таван төрлийн малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөөг боловсруулж батлуулсан. Энэхүү төлөвлөгөөнд 2030 он хүртэл ямар үүлдэр, омгийн хэдэн малыг хаана, хаана үржүүлэх, хэчнээнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн даацыг яаж зохицуулах, тэжээлийн нөөцийг хэрхэн хангах зэрэг цогц асуудлуудыг тусгасан.
Мөн зөгийн аж ахуйд зохистой дадал нэвтрүүлэх зорилгоор зөгийчдийн хөдөлмөр, эрүүл ахуйн дүрэм боловсруулан батлуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Зөгийн гэрний стандартыг шинээр боловсруулан эх тусгаарлагч, зөгий шилжүүлэгч, тохируулгатай нисгэвчийг тусган хэрэглээнд нэвтрүүлсэн нь зөгийчдийн аюулгүй байдлыг хангасан, хөдөлмөрийг хөнгөвчилсөн чухал ажил болсон.
-Та ажил ихтэй юм. Яаж зохицуулж, амжуулдаг вэ?
Хань, үр хүүхэд, багш, шавь нарын оролцоо, тусламж их байдаг даа. Сайхан сэтгэлтэй, хүнийг ойлгодог хүмүүс, хамт олноор хүрээлүүлсэн тул бүтээмж их байна гэж баярлаж явдаг.
-Та яагаад ийм мэргэжил сонгосон бэ. Өөрийн тань хүсэл байсан уу, эсвэл эцэг, эхийн сонголт уу. Хэр дуртай суралцаж мэргэжилтэн болсон бэ?
-1976 онд наймдугаар ангиа төгсөөд малын эмч болно гэж шийдсэн байсан юм. Миний нагац ах Сандагдорж Завхан аймгийн хэд хэдэн сумд малын эмчээр олон жил ажилласан юм. Тэр ах шигээ мэргэжилтэй болохыг мөрөөдсөн хэрэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумд малын бага эмч мэргэжлээр сурч төгсөх үед Эрхүүгийн ХААИС-ийн зооинженерийн ангийн хуваарь ирснээр цаашид суралцах боломж олдсон юм. Энэ мэргэжилдээ дуртай, эсэх маань сургуульд суралцсан дүн, ажлын бүтээл, үр дүнгээр хэмжигдэх байх даа.
-Манай улсад зооинженерийн хэрэгцээ шаардлага хэр вэ. Ийм мэргэжил сонгосон залуус тууштай суралцаж, төгсөж чаддаг уу, ажилладаг уу. Ажлын байр хэр элбэг вэ?
-Одоо бол малзүйч, зооинженер, тэжээл, бэлчээрийн менежерүүдийг ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль бэлтгэж байна. Энэ мэргэжлийн хэрэгцээ маш их. Оюутнууд сонгосон мэргэжилдээ сонирхолтойгоор сайн суралцдаг. Энэ ташрамд хэлэхэд, манай эрэгтэй төгсөгчид цэргийн алба хаагаагүй гэдэг шалтгаанаар төрийн албанд шууд ажиллаж чаддаггүй. Тиймээс өөр ажил хийх, мал маллах нь элбэг. Мөн сумд ажилладаг малзүйч мэргэжилтнүүдийн цалин, урамшуулал маш бага. Зарим аймаг, сумын Хөдөө аж ахуйн газар, тасагт мал аж ахуйн мэргэжилтэн олдохгүй, өөр мэргэжлийн хүмүүс ажиллаж байх нь олонтоо юм. Мэргэжлийн бус хүн чинь мэдээ тайлангаа л дутуу хагас гаргахаас биш, тухайн мэргэжлийн ажлыг үр дүнтэй хийж чадахгүй шүү дээ.