Монголын эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой усан цахилгаан станцын талаар ярилцлаа.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих гэрээг байгуулсны дараа нутгийн иргэд нь эсэргүүцэж эхэллээ. Эл станцыг барьснаар баруун бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах талаар мэргэжлийн эрдэмтний үүднээс тайлбарлаж өгнө үү?
-Иргэд төрж өссөн унаган нутгаа хамгаалах, харамлах нь зүй ёсны хэрэг. Тэдний газар нутагтаа анхаарал тавьж байгаа явдалд талар халтай байна. Гэхдээ усан цахилгаан станц байгаль орчныг сүйтгэдэг зүйл биш. Тийм учраас Засгийн газар, Эрчим хүчний яам онцгой анхаарч амжилттай эхлүүлээд байгаа төслийн нэг юм. Бидний уламжлалт гэж нэрлэдэг, нүүрсээр галладаг цахилгаан станц байгаль орчныг асар их бохирдуулдаг. Нүүрсний цахилгаан станцууд хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулж, дэлхийн уур амьсгал өөрчлөгдлөө. Бүр тодруулбал, дэлхийн цаг агаар дулаарч, ган гачиг болж, хойд, өмнөд туйл, мөнх цас хайлж байна. Ийм учраас хүн төрөлхтөн байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч ашиглахыг зорих болсон. Манай хөдөөгийнхөн байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг хамгийн их хүртсэн хүмүүс гэж боддог. Тухайлбал, малчид нарны эрчим хүчийг ашиглаад цахилгаантай болсон. Малчин хүн Монгол Улсын хаана нутаглаж байгаагаас үл хамаарч, нарны эрчим хүчний тусламжтайгаар телевиз үзэж, гар утсаар ярьж, мах шөлөө хөлдөөгчид хадгалдаг болжээ. Монгол Улс өргөн уудам газар нутагтай учраас сум, суурин газрыг эрчим хүчээр хангахад хүндрэлтэй зүйл олон бий. Иймээс манай орны Баян-Өлгий, Увс, Ховд гэсэн гурван аймаг эрчим хүчний хязгаарлалттай шахам амьдарч байгаа. Баруун бүс нутагт Тайшир, Дөргөний усан цахилгаан станц гэсэн эрчим хүчний хоёр эх үүсвэр ажилладаг. Гэвч хүчин чадал багатай учраас ОХУ-аас цахилгаан авч, хэрэглээг нь хангаж байна. Өмнө нь Тайшир, Дөргөн, Тосонцэнгэлийн усан цахилгаан станцыг барьж байх үед нутгийн иргэдийн санаа зовж, эсэргүүцэж байлаа. Тэдгээр усан цахилгаан станцыг барьснаар тухайн бүс нутаг эрчим хүчээр хангагдахын зэрэгцээ байгаль орчинд хохиролгүй технологи гэдгийг иргэд нь мэдэрч, үр шимийг нь хүртээд явж байна. Жишээлбэл, Тайширын усан цахилгаан станцыг барьснаар 10 км өргөн, 20 км урт нуур говь газарт үүссэн. Нуурын хойд эрэгт Наро ванчин гэгээний хийд байдаг. Нутгийн иргэд үүгээр билэгдэн нуурыг Гэгээн гэж нэрлэсэн. Идэрийн гол дээр барьсан Тосонцэнгэлийн усан цахилгаан станцын нуурыг Тосон гэж нэрлэсэн. Эрдэнэбүрэнгийн Сэжигтийн хавцалд 20 км урт нуур үүснэ. Нарийн гүн хавцалд үүсэх учраас Хөвсгөл шиг үзэсгэлэнтэй нуур үүснэ гэж төсөөлж байна. Магадгүй нуурыг Бүрэн-Эрдэнэ гэж гэж нэрлэж ч болох юм. Энэ их усны хуримтлал, тухайн бүс нутгийн уур амьсгалыг зөөлрүүлнэ. Мөн өндөр даралттай, их хэмжээний усны нөөц бүрдэх учраас нутгийн иргэд усалгаатай газар тариалан хөгжүүлж боломжтой. Усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар жилд 360 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх тооцоотой. Үүнийг одоогийн үнээр тооцвол жилд 50-60 тэрбум төгрөгийн өртөгтэй цахилгаан үйлдвэрлэх нь. Тэгэхээр усан цахилгаан станц барьснаар Ховд гол Монгол Улсдаа 50-60 тэрбум төгрөгийн баялаг бүтээж өгөх юм. Өвөлжөө, хаваржаа, бэлчээр нутаг нь нуурын усанд автах малчдад нөхөн олговор өгч, шинэ нутаг бэлчээрт суурьшихад нь Эрчим хүчний яамнаас дэмжлэг үзүүлнэ гэж ойлгож байгаа. Нутгийн иргэдийн саналыг хүлээж авч, ойлголцолд хүрэх хэрэгтэй. Ингээд усан цахилгаан станцаа барьчихвал баруун бүс нутаг эрчим хүчний хязгаарлалтаас гарна.
-Усан цахилгаан станц барьснаар том хэмжээний нуур үүсэж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдгийг та ярьж байна. Тэгвэл Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ, хангамжид үзүүлэх нөлөөлөл ямар байна вэ?
-Манай оронд нийт 13 усан цахилгаан станц ажиллаж байна. Тайшир, Дөргөн хоёр арай том нь. Тайширын усан цахилгаан жилд 11 МВт, Дөргөн нь 12 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээр усан цахилгаан станцыг тодорхой бүс нутгийг эрчим хүчээр хангахаар барьсан. Харин бусад нь сумын төвийг эрчим хүчээр хангах зорилготой барьсан жижиг станц. Ховд аймагт Манханы, Мөнххайрханы усан цахилгаан станц ажиллаж байгаа. Тухайлбал, Тайширын усан цахилгаан станц 2010 оноос хойш жил бүр 20-30 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн. Сүүлийн арван жил ажиллахдаа хамгийн багадаа нийт 200 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэсэн гэж тооцъё. Мөн нэг кВт/цаг цахилгаан нь 150 төгрөгийн үнэтэй гэж үзье. Ингэхээр Тайширын усан цахилгаан станц хүчин чадал багатай ч сүүлийн арван жилд дор хаяж 30 тэрбум төгрөгийн баялаг бүтээжээ.
-Тайширын усан цахилгаан станцыг барьснаар үүссэн Гэгээн нуур Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар үүсэх нуурын хэмжээ ойролцоо гэж ойлголоо. Гэтэл хүчин чадал нь ес дахин өндөр байгаа нь ямар учиртай вэ?
-Ховд гол урсац сайтай. Мөн Эрдэнэбүрэнгийн Сэжигтийн хавцалд өндөр далан барих боломжтой. Энэ нь Тайширынхтай ойролцоо талбайтай нуур үүсгээд өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих нөхцөл болж байгаа юм. Эрчим хүчний томоохон эх үүсвэр ашиглалтад оруулснаар баруун бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл болно. Эрчим хүчний дутагдалтай үед үйлдвэрлэл, үйлчилгээний газар барих боломж муу шүү дээ. Нөгөөтээгүүр, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг бий болгоход чухал үүрэгтэй. Монгол Улсын эрчим хүчний талаар баримталдаг бодлогод нэгдсэн систем байгуулж, гадаад орноос хараат биш, цаашлаад эрчим хүч экспортлогч орон болох зорилго тавьсан. Алтай-Улиастайн эрчим хүчний систем, баруун бүсийн эрчим хүчний системийг нийлүүлээд төвийн бүсийн эрчим хүчний системтэй том шугамаар холбочихвол Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем бий болно. Ингэснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүч зүүн бүс нутагт хүрч болно. Улаанбаатарт үйлдвэрлэж буй цахилгаан Ховд, Увс, Баян-Өлгийд хүрнэ. Байгаль орчинд ээлтэй, хүн төрөлхтний зорилгоо болгон хөгжүүлэх буй эрчим хүчний эх үүсвэрээр цахилгааны хэрэглээгээ хангах нөхцөл баруун бүс нутгийнханд бүрдээд байна. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчнийг асар их хэмжээгээр хөгжүүлж байгаа. Тухайлбал, жилд 12 сая хүн сэргээгдэх эрчим хүчний салбарт шинээр ажилд ордог болжээ. Үүн дотор усан цахилгаан станцад 3.5 сая хүн шинээр ажлын байртай болж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар баруун бүс нутагт ажлын байр бий болно.
-Тэнд усан цахилгаан станц барьснаар нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө олон гарах нь дамжиггүй. Та түрүүн Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах бодлоготой гэж дурдсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар эрчим хүчний хараат байдлаас гарахад том алхам болох уу?
-Хараат байдлаас гарахад дэм болно. Танилцуулгад нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг хангана гэж дурдсан байна лээ. Тэгэхээр баруун бүсийн хэрэглээний 30 хувийг ОХУ-аас авна. Хэрэв баруун бүсийн эрчим хүчний системийг төвийн бүсийнхтэйгээ холбочихвол Улаанбаатар дахь станцуудаас хангах ч бололцоотой. Эрчим хүчийг хөрш улсад өгдөг, тэднээс хэрэгтэй үедээ авдаг байх хэрэгтэй. Одоогоор Монгол Улс хөршүүдээсээ эрчим хүч авч байна. Манай улсын эрчим хүчний чадал 20-30 хувийн дутагдалтай. Эрчим хүчний салбар ачаагаа даахгүй байна гэсэн үг. Эрдэнэбүрэнд 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьснаар чадлын дутагдлын 10 орчим хувийг нөхнө.
-Увс аймгийн Өмнөговь сумын нэг багийн иргэд бэлчээр нутаггүй болно гэж үзэн Сэжигтийн хавцалд усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж байгаа юм билээ. Нийтийн том эрх ашгийн төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг цөөн хүн хүндэтгэх үзэх ёстой гэж бодож байна. Та санал нийлнэ биз дээ.
-Нийлнэ. Сэжигтийн хавцалд усан цахилгаан станц барьж буй нь баруун бүс нутагт оруулж буй томоохон хөрөнгө. Усан цахилгаан станц хэдэн зуун жил ажилладаг. Тиймээс баруун бүс нутаг амьдрах хүмүүст хэдэн үеэр нь ашиг тусаа өгнө. Усан цахилгаан станц барихад усанд автах газар нутгаас нь иргэд, суурин газрыг нүүлгэн шилжүүлэх арга бол олон улсад хэвийн үзэгдэл болсон. БНХАУ Гурван хавцлын усан цахилгаан станц гэж аварга бүтээн байгуулалт хийсэн. Ингэхдээ олон тосгон нүүлгэн шилжүүлсэн. ОХУ-д ч ялгаагүй, усан цахилгаан станц барихдаа олон тосгон нүүлгэн шилжүүлж байна. Усан цахилгаан станц барихдаа усанд автах нутагт нь амьдарч байсан хүмүүсийг хохироохгүй байх, түүх, археологийн дурсгалыг нь нүүлгэн шилжүүлэх нь зүй ёсны асуудал. Харин нутгийн иргэд эсэргүүцлээ гээд барихгүй байх нь утгагүй. Энэ бол орон нутгийн засаг захиргаа нутгийн иргэдтэйгээ хамтраад хийх ажил. Төр дээрээс нь бодлого, хөрөнгө мөнгөөр дэмжих ёстой.
-Сэжигтийн хавцал усан цахилгаан станц барихад маш тохиромжтой байгалийн тогтоцтой газар байна лээ. Үүнээс өөр усан цахилгаан станц барих боломжтой, тогтоцтой газар Монголд хэр олон бэ?
-Усан цахилгаан станцыг дуртай газраа барих боломжгүй. Байгалийн боломжтой цэгүүдэд л барьдаг. Монгол Улсад цахилгаан станц барих маш тохиромжтой байгалийн тогтцын нэг нь Сэжигтийн хавцал мөн. Ерөнхийдөө голын хавцалд усанд цахилгаан станц барьдаг. Эгийн гол дээр усан цахилгаан станц барина гэж олон жил ярьж байна. Энэ станцыг Эгийн хавцалд барихаар төлөвлөсөн. Мөн усан цахилгаан станц барих боломжтой Орхоны хавцал гэж бий. Усан цахилгаан станц барих боломжтой газар нэлээд бий. Эрчим хүч, усны салбарынхан усан цахилгаан станц барих боломжтой газруудыг олон жилийн өмнөөс тодорхойлсон. Харин техник, технологи нь хөгжөөд, хөрөнгө оруулах нөхцөл нь бүрдээд, энэ ажил одоо л эхэлж байна. Хэрэв усан цахилгаан станц бариулахгүй байх нөхцөл үүсвэл тухайн бүс нутгийн иргэд хохирно.
-Эгийн гол дээр усан цахилгаан станц барих гэхээр ОХУ хориг саад хийгээд байгаа нь нууц биш болсон. Тэгвэл Орхон дээр барья гэвэл яах бол?
-Эгийн голтой адилхан Сэлэнгэ мөрөнд цутгаж байгаа гол шүү дээ. Тэгэхээр бас ижилхэн хувь заяа хүлээж байгаа байлгүй. Гэхдээ эдгээр гол дээр усан цахилгаан станц барихад экологийн хувьд хохиролтой, Байгал нуурыг бохирдуулна гэдэг. Үүнтэй би санал нийлдэггүй. Яагаад санал нийлдэггүйгээ энгийнээр тайлбарлая. Усыг бензин тос шиг шатааж алга болгодоггүй. Ус урсах зуураа потенциал энергиэ цахилгаан болгож өгөөд л урсаад явчихна. Ус бохирдох, урсцын хэмжээ нь багасах гэх мэт ойлголт байхгүй.
-Онон, Хэрлэн гээд зүүн нутгийн томоохонд гол дээр усан цахилгаан станц барих байгалийн тогтоц бий юү?
-Бий. Гэхдээ өндөр хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжгүй. Өндөр хүчин чадалтай цахилгаан станц барихын тулд өндөр даралттай устай нуур үүсэх шаардлагатай. Зүүн нутгийн том голууд хөндий талаар урсдаг учраас том нуур үүсгэх боломж хомс.
-Дэлхий дахин эрчим хүчний дутагдалд орох нь. БНХАУ гэхэд саяхан эрчим хүчний хямралд орлоо. Юунаас шалтгаалж байна вэ?
-Нүүрс, газрын тос, байгалийн хийн нөөц шавхагдаж байна. Олборлох зардал нь өслөө. Нөгөөтээгүүр, нүүрс, газрын тос шатааж, эрчим хүч үйлдвэрлэн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж, дэлхийн дулаарал бий болгож байна. Тиймээс эрчим хүчний уламжлалт эх үүсвэр ашиглахаас улс орнууд татгалзах боллоо. Гэтэл хэрэглээ нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Учир нь эрчим хүчээр ажилладаг техник, технологийн хэрэглээ өссөөр байгаа юм. Эрчим хүчгүй бол амьдрал байхгүй болсон. Аж үйлдвэрийн хувьсгал эрчим хүчинд тулгуурласан байдаг. 1800-гаад онд хийсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал нүүрсэнд тулгуурласан. Дараа нь цахилгаан дамжуулах шугамууд баригдаад, улс орнууд цахилгаанжаад ирсэн. Ингэснээр бүх юмыг цахилгаан хөдөлгүүрээр ажиллуулдаг болсон юм. Дараагийнх нь буюу аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгал компьютерын технологид суурилсан. Энэ хувьсгал бүр нарийсаад электронжуулалт, ухаалаг технологийг бий болгов. Одоо мэдээлэл, ухаалаг технологийн хувьсгал үргэлжилж байна. Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал ногоон эрчим хүчинд суурилсан, утаа тортгоос салсан мөн эрчим хүчинд суурилсан байх болов уу гэж харж байна. Нар, салхи, ус, газрын гүний дулаан, устөрөгч, цөмийн реактор гэх мэт байгаль орчинд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн эрчим хүчинд тулгуурласан хувьсгал байх нь гарцаагүй. Дэлхийд 1973 онд газрын тосны хямрал болсноос хойш хүн төрөлхтөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлж эхэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 50 жил хөгжүүлэхдээ олон шилдэг технологи эзэмшжээ. Тиймээс дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлагын нэг хэсэг нь боллоо. Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн салшгүй нэг хэсэг нь сэргээгдэх эрчим хүч болсон. Энэ талаар бид дэлхийгээс хоцроогүй. Малчдыг цахилгаанжуулсан нь дэлхийд гайхагдах амжилт шүү. Өнөөдөр малчин айл сум, аймгийн төвийнхнөөс ч илүү найдвартай цахилгаантай байгаа. Тиймээс хөгжилд нь чөдөр тушаа болох биш, харин ташуур өгөн урагшлуулах хэрэгтэй.