Атомын цахилгаан станцын гол түүхий эд болох ураны нөөцөөр Австрали, Канад, АНУ, Нигери зэрэг орон эхний байруудад жагсдаг аж. Манай улсын хувьд ураны 70 000 орчим тонн нөөцтэйд тооцогдож буй нь Азид нэгт, дэлхийд эхний 10-т орох үзүүлэлт юм. Тиймээс уг ашигт малтмалыг эдийг засгийн эргэлтэд оруулах, олборлон, нийлүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж эхлүүлсэн. Үүний хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах сумд 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй “Бадрах энержи” компани өдөрт 25 кг шар нунтаг туршилтаар үйлдвэрлэж буйгаа мэдээллээ.
Тус компани үйлдвэрлэлийн бүтээмжээ сайжруулан, бүрэн хүчин чадлаараа ажиллах бэлтгэлээ базааж буй бөгөөд ирэх оноос өдөрт 8000 кг-ыг олборлох боломж бүрдэх гэнэ. Ийн ажиллаж эхэлбэл техник, эдийн засгийн үндэслэлдээ нэмэлт тодотгол оруулж, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм байна. Үүнээс гадна уран олборлосноор тухайн орон нутгийн мал, амьтан зүй бусаар хорогддог тухай мэдээлэл ташаа болохыг “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд зориулсан “Баялгийн боломж, эрсдэл” уулзалт, хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. Тэрбээр “Бадрах энержи” компанийн үйл ажиллагаа байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй, эсэхэд хяналт, шинжилгээ тасралтгүй хийгдэж буй. Уг хяналт шалгалтад МХЕГ, ТЕГ, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг байгууллага оролцдог. Уран хайн, олборлосноор хүн, малын эрүүл мэндийг хордуулсан, ус, хөрс бохирдуулсан тухай албан ёсны баримт, нотолгоо байхгүй” гэсэн юм.
Бэлтгэсэн С.Дулам