Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe gold” компани Алтан цагаан овоогийн ордын хоёрдугаар шатны ТЭЗҮ-ээ шинэчлэн танилцуулжээ. Тухайлбал, исэлдсэн хүдрийн үйлдвэрлэлийн хугацаатай нийлээд уурхайд үйл ажиллагаа явуулах хугацаа 10.5 жил байсныг 12.5 болгон нэмэгдүүлсэн аж. Тус компани одоогоор дээрх төслийн хоёрдугаар шатны төлөвлөгөөнд тусгасан бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэж эхэлсэн агаад холбогдох зөвшөөрлүүдээ авч, шаардлагатай дэд бүтцийн ажлуудаа хийж буй гэнэ.
Шинэчилсэн ТЭЗҮ-д дурдсанаар анхны хөрөнгө оруулалтын зардлаа гурван жилийн дотор нөхөх боломжтой, нийт цэвэр орлого нь 1.72 тэрбум, хүү, ногдол ашиг, татвар, хорогдлын өмнөх орлого нь 12.5 жилийн хугацаанд 584 сая ам.доллар байх аж. Дээрх төслийн хоёрдугаар шатанд 1-5 дахь жилд жил бүр 106 000 унци бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн тооцоолжээ. Алт-холимог металлын Алтан цагаан овоогийн орд нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумд байрладаг билээ.
Бэлтгэсэн Б.Сонор