Гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин энэ онд Монгол Улсад анх удаа бүртгэгдлээ. Уг өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын шинэ болон дахин сэргэж буй өвчин хариуцсан мэргэжилтэн А.Түвшинбаяртай ярилцлаа.
-Үхрийн арьс товруутах өвчин манай улсад анх хаана бүртгэгдсэн бэ. Ямар замаар тархсаныг судалж, тогтоосон уу?
-Энэ нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг, заавал мэдээлэх ангилалд багтдаг гоц халдварт өвчин. Африк тив, Ойрхи Дорнодод орогномол (эндемик) хэлбэрээр тархдаг. 2015 оноос хойш Балканы хойгийн орнууд, Кавказ, ОХУ-ын өмнөд нутаг, БНХАУ-д тархсан. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын болон бусад улсын судалгааны материал, мэдээллээс үзвэл эл өвчин БНХАУ-ын урд хэсэг, Казахстан улсын Алматы хотын хил залгаа муж, ОХУ-ын Кулуштай тосгонд өнгөрсөн наймдугаар сарын 18-наас илэрч эхэлсэн байна. Монгол Улсад наймдугаар сарын 26-нд Дорнод аймгийн Чулуунхороот сумд анх удаа бүртгэгдлээ. Энэ нь ялаа, шумуулаар дамжихаас гадна шууд хавьтлаар халдварлаж, богино хугацаанд олон үхэр өвчлүүлэн, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг өвчнүүдийн нэг. ОХУ-ын Кулуштай тосгон нь Чулуунхороот сумтай хиллэдэг. Мөн БНХАУ-д, тэр дундаа манай улстай хиллэдэг бүс нутагт нь өнгөрсөн наймдугаар сард уг өвчин бүртгэгдсэн байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд халдварлах магадлалтай зам нь ялаа, шумуул. Хоёрдугаарт, өвчтэй үхрийн шилжилт хөдөлгөөн, тээвэрлэлтээр тархдаг. Гэхдээ тухайн үед хил хаалттай байсан учраас малын шилжилт хөдөлгөөнөөр зөөвөрлөгдөн орж ирэх магадлал бага.
-Өдгөө хэдэн аймаг, сумд тархаад байна вэ. Хэчнээн үхэр өвчлөв?
-Анх бүртгэгдсэнээс хойш гурван аймгийн 20 сумд тархлаа. Тэдгээр сумын 544 өрхийн 2881 үхэр өвчилсөн.
-Өвчилсөн үхрүүдийг устгаж байгаа гэж орон нутгаас мэдээлсэн. Халдвар авсан бүх үхрийг устгасан уу?
-Энэ өвчнөөр зөвхөн үхрийн овгийнхон л халдварладаг. Хонь, ямаа, адуу, тэмээнд халд варлахгүй. Монголчилбол, үхрийн цэцэг өвчин гэсэн үг. Олон улсын холбогдох байгууллагуудын зөвлөснөөр бол уг өвчинтэй тэмцэх гурван гол арга хэмжээ бий. Нэгдүгээрт, өвчилсөн үхрийг устгадаг. Хоёрт, нэн даруй вакцин хийх шаардлагатай. Гуравдугаарт, хорио цээрийн хатуу дэглэм тогтоох ёстой. Үүний дагуу манай улс хариу арга хэмжээ авч байна. Өдгөө өвчлөл харьцангуй намжсан. Хүйтэрсэнтэй холбоотойгоор халдвар дамжих нэг томоохон эрсдэлт хүчин зүйл буюу ялаа, шумуул байхгүй болсон нь үүнд нөлөөллөө. Мөн өвчтэй үхэр тээвэрлэх, амьд мал худалдан борлуулахгүй байх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж буй. Өвчлөл бүртгэгдсэн бүх сумд хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнд Дорнод аймгийн 13, Сүхбаатарын тав, Хэнтий аймгийн хоёр сум хамрагдаж байгаа. Сүхбаатар, Хэнтий аймагт өвчилсөн бүх үхрийг устгаж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж буй. Дорнод аймагт тархалт арай илүү, 13 сумд өвчлөл бүртгэгдсэн. Гэхдээ өвчний тархалт өнгөрсөн 8-9 дүгээр сарынх шигээ өндөр биш, ерөнхийдөө намжмал байдалд орлоо. Хэдийгээр халдварын тархалт багассан ч тайвширч болохгүй. Хорио цээрийн дэглэм сайн хэрэгжүүлж, өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн үхрүүдийг нэн даруй устгах арга хэмжээ авч байна. Хорио цээрийн дэглэмийн хугацаа 28 хоног. Үүнээс хойш 14 хоног хязгаарлалтын дэглэм үйлчилдэг. Уг 14 хоногт өвчин дахин илрэхгүй бол хорио цээрийн дэглэмийг цуцлах заавартай. Одоогоор гурван аймагт 259 өрхийн 1078 үхэр устгасан. Сүхбаатар, Хэнтийд өвчилсөн үхрүүдийг бүрэн устгалд хамруулсан. Дорнод аймагт устгах арга хэмжээ үргэлжилж байгаа.
-Дорнод аймгийн хамгийн олон сумд халдвар тархжээ. Өдгөө нөхцөл байдал ямар байна вэ. Голомтуудыг хяналтдаа авч чадсан уу?
-13 сумаас долоод нь бүх голомтыг хяналтад авч, устгалын арга хэмжээ дуусаж байна. Таван сумд өвчний тархалт нэлээд өндөр байсан. Тэдгээрт өвчилсөн үхрүүдийг тусгаарлан, устгаж байгаа. Өвчлөл шинээр бүртгэгдэх нь зогссон.
-Өвчилсөн үхрийг яагаад устгах шаардлагатай вэ. Эдгээх боломжгүй юу гэх асуудлыг орон нутгийн зарим малчин ярьж байгаа.
-Энэ бол вирусийн гаралтай, олон улсын хорио цээрт, гоц халдварт өвчин. Үхрийн арьсанд үүссэн товруунд вирус маш ихээр үрждэг. Жишээ нь, 100 үхэртэй айлаас тав нь өвчиллөө гэж бодъё. Хэрэв өвчилсөн үхрүүдийг тусгаарлахгүй бол мал хоорондоо шүргэлцэх, мөргөлдөх замаар бусад нь богино хугацаанд халдвар авах эрсдэлтэй. Тиймээс өвчилсөн үхрийг тусгаарлаад, нэн даруй устгах нь хамгийн оновчтой арга хэмжээ. Гоц халдварт өвчтэй үхрийг зориуд устгасан тохиолдолд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу тухайн орон нутгийнх нь жишиг үнийн 90 хувийг малчдад нөхөн төлбөр болгон олгох заалттай. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд буюу хоёр цагийн дотор орон нутгийн мал эмнэлэгт мэдэгдээд, лабораторийн шинжилгээ хийлгэх ёстой. Зарим малчин үүнийг ойлгоод малаа устгуулж байна. Харин мэдээлэл, ойлголт жаахан дутмаг хүмүүс манай үхрийн шинж тэмдэг арилчихлаа, эдгэчихлээ гэх мэт асуудал гаргасан. Энэ бол богино хугацаанд эдгэрдэг өвчин биш. Хэрэв эдгээнэ гэвэл нэлээд урт хугацаа шаардана. Тэр хугацаанд бүх үхэр өвчлөх эрсдэлтэй гэсэн үг. Бас уг өвчний нууц үе буюу шинж тэмдэг илрэх хугацаа нь 21-28 хоног. Энэ хугацаанд шинж тэмдэггүйгээр бусад үхэрт халдвар тараах өндөр эрсдэлтэй. Тэмцэх арга хэмжээг нэн даруй эхлүүлж байж л эрүүл сүргээ аварч үлдэх боломжтойг аль аль талдаа ойлгох ёстой.
-Малаа устгуулахгүй гэсэн иргэд өвчилснийг нь нуух, эсвэл нядлаад, махыг нь борлуулах зэрэг асуудал өмнө нь гарч байсан. Үүнээс сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Мал эмнэлгийн нэгдсэн систем гэж бий. Амьд мал болон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг уг системд цахимаар бичдэг. Өвчин дэгдсэн бүс нутгаас амьд мал худалдахыг уг системээр бүрэн хориглосон. Мөн аймаг, сум дахь мал эмнэлгийн байгууллагын улсын байцаагч, эмч гарал үүслийн гэрчилгээ бичихдээ үзлэг хийдэг. Өвчтэй үхэр нядалсан уу, ачиж явна уу, хорио цээрийн бүсээс гаргасан уу зэргийг харгалзсаны үндсэн дээр гарал үүслийн гэрчилгээ бичдэг. Үхрийн арьс товруутах өвчний уршгаар арьсных нь бүрэн бүтэн байдал алдагдаж, ашиглах боломжгүй болдог. Сүү нь татардаг. Махан дээр нь улаан толбо, идээлсний улмаас том нүх үүсдэг. Мөн өвчилсөн үхрийн арьсыг тээвэрлэж, зөөвөрлөсөн тохиолдолд түүгээр дамжин халдвар тархах эрсдэлтэй. Тиймээс өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийнхаа мал эмнэлэгт мэдээлж, шуурхай арга хэмжээ авхуулах нь зүйтэй. Одоогоор Дорнод аймгаас амьд үхрийг зах зээлд нийлүүлэхийг хориглосон. Мөн өвчин илрээгүй сум, багаас зах зээлд мах нийлүүлэхдээ зориулалтын үйлдвэрт нядалсан, үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж буй.
-Халдвар өргөн хүрээнд тархахаас сэргийлэх нэг арга зам нь малаа вакцинд хамруулах гэж та өмнө дурдсан. Эл өвчнөөс сэргийлэхийн тулд ямар вакцин хэрэглэх вэ. Монголд анх удаа бүртгэгдсэн өвчин болохоор вакцин хараахан авч амжаагүй байх?
-Энэ бол үхрийн цэцэг өвчин гэж өмнө хэлсэн шүү дээ. Манай улс хонины цэцэг өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг. Хонины цэцэг болон үхрийн арьс товруутах өвчин нь нэг овгийн вирусээр үүсгэгддэг. Гэхдээ хонины цэцэг үхэрт халдахгүй, үхрийнх нь хонинд халдахгүй. Зөвхөн тухайн төрөлдөө л халдварладаг. Бид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, олон улсын судалгааны үр дүн, эл өвчин тархсан бусад улсын туршлагад тулгуурлан хонины цэцэг өвчний эсрэг вакциныг үхэрт хийхээр болсон. Хонь, ямааны цэцгийн вакциныг 7-10 дахин өсгөсөн тунгаар үхэрт тарьж болно гэж олон улсад зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, 7-10 хонь, ямаанд тарих вакциныг нэг үхэрт хийнэ гэсэн үг. Манай улс дотооддоо хонины цэцгийн вакцин үйлдвэрлэдэг. Тиймээс хонинд хийхээр төлөвлөж, захиалсан вакциныхаа тодорхой хувийг үхэрт тарьж эхэлсэн.
-Одоогоор аль бүсийн хэдэн үхрийг вакцинд хамруулсан бэ. Вакцин хүрэлцээтэй юү. Үхрийн арьс товруутах өвчний эсрэг вакцин гэж байдаг уу?
-Халдвар тархсан гурван аймагт 1 879 100 тун вакцин хуваарилсан. Үүнийг үхэрт 10, тугалд тав өсгөсөн тунгаар тарьж байгаа. Олон улсын туршлага, судалгааны үр дүн, дотоодын эрдэмтдийн саналд тулгуурлан хонины цэцгийн вакциныг үхэрт ямар тунгаар хийхийг тогтоосон. Одоогоор халдвар тархсан газруудад 90 000 орчим үхрийг вакцинд хамрууллаа. Олон улсад үхрийн арьс товруутах өвчний вакцин гэж бий. Гэвч тун цөөхөн улсад уг вакциныг үйлдвэрлэдэг. Ирэх оны 4-5 дугаар сараас ялаа, шумуул гарч эхэлснээр эл өвчний эрсдэл дахиад ихэснэ. Тэр үеэс өмнө вакцин авах, санхүүжилтийг шийдэх зэргийг бид өдгөө судалж байна. Шууд худалдан авах гэхээр вакцины өртөг нэлээд өндөр. Гэтэл манай улсын эдийн засгийн байдал өдгөө сайнгүй байна. Юутай ч вакцины санхүүжилтийг шийдэх чиглэлээр холбогдох газруудад саналаа өгсөн. Одоогоор шийдэгдээгүй. Тиймээс дотоодын нөөц боломжоо ашиглаад хонины цэцгийн вакциныг үхэрт тарихаар болсон юм.
-90 000 орчим үхэрт вакцин хийсэн нь гурван аймгийн эрсдэлтэй бүс нутгийг бүрэн хамарч чадсан уу?
-Вакцины нөөц гурван аймгийн бүх үхрийг дархлаажуулахад яагаад ч хүрэлцэхгүй. Хамгийн гол нь өвчнийг тухайн аймаг, сумаас алдахгүй, эрүүл бүсэд тараахгүй байхад анхаарч байгаа.
-Хонинд хийх ёстой вакциныг үхэрт тарьчихлаа. Гэтэл хонины цэцэг өвчин өргөн хүрээнд тархвал яах вэ?
-Үхрийн арьс товруутах өвчин гарсантай холбоотойгоор хонины цэцгийн вакцин тарих бүс нутгийн хүрээг бүр ч хумилаа. Өөрөөр хэлбэл, хонины цэцэг тархах хамгийн эрсдэлтэй бүс нутгийн хонинд л вакцин хийж, бусдыг нь үхэрт тарих шийдэл гаргасан. Өнөөгийн байдлаар манай улсад хонины цэцэг өвчин дэгдээгүй.
-Уг өвчний эсрэг вакциныг үхэрт тарьснаар хэр удаан хугацаанд үйлчлэх вэ?
-Хонинд хийхэд 14 хоногийн дараа дархлаа бүрэн тогтдогийг тогтоочихсон. Харин бид үхэрт анх удаа тарьж буй болохоор хониныхтой адил уу, үгүй юү гэдгийг тогтоохоор судалгааны ажлаа давхар хийж байна. Уг вакцин нь хонинд нэг жил үйлчилж, өвчнөөс хамгаалдаг. Харин үхрийг хэр удаан хугацаанд хамгаалахыг мөн л одоохондоо хэлж мэдэхгүй. Судалгаа, шинжилгээ хийж байна. Одоогоор вакцин тарьсан үхрүүдээс өвчилсөн тохиолдол байхгүй. Олон улсын туршлагаас харахад БНХАУ-д ямааны цэцгийн вакциныг үхэрт тарьж байна. ОХУ-д хонины цэцгийн вакцин хийж буй юм билээ.
Бэлтгэсэн М.Оч