Коронавирусээр халдварлаад эдгэрсэн иргэдэд мартамхай болох, амархан ядрах, сэтгэл санаа тогтворгүй байх, зарим тохиолдолд цээж, зүрх өвдөх зэрэг олон шинж тэмдэг, сөрөг үр дагавар илрэх болсон. Олон улсад бол эдгэрсэн иргэд заавал сэргээн засах эмчилгээнд хамрагдсанаар хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой гэж үзэж байгаа. Харамсалтай нь манай улсад халдварын тархалт их байгаагаас эрүүл мэндийн салбарынхан өвчилсөн хүмүүсийг анагаахад илүүтэй анхаарч, эдгэрсэн иргэдийн сэргээн засах эмчилгээ орхигдоод буй билээ. Үүнтэй холбоотойгоор “Ковид-19”-өөр өвчилсөн иргэд цахим сүлжээгээр нэг нэгэндээ зөвлөгөө өгөх, тухайн хүнд тохирох, эсэх нь мэдэгдэхгүй эм, тариа хэрэглэхийг зөвлөх тохиолдол газар аваад байна. Олон нийтэд баталгаатай мэдээлэл өгөх үүднээс нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, анагаах ухааны доктор Д.Цэнджавтай ярилцлаа.
-“Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийг сэргээн засах эмчилгээнд хамруулах нь чухал гэдгийг олон улсад аль хэдийн зөвлөөд эхэлсэн. Харин манайд үүнийг одоо л хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн юм билээ. Ийм хожуу эхлүүлж буй шалтгаан нь юу вэ. Эрүүл мэндийн салбарынханд судалгаа, мэдээлэл харьцангуй бага байв уу?
-Шинэ төрлийн коронавирус 2020 оны арваннэгдүгээр сард дотоодод анх тархсан шүү дээ. Түүнээс хойш өнгөрсөн гуравдугаар сар хүртэл халдварын голомтыг хумих арга хэмжээг түлхүү хэрэгжүүлсэн. Тэр үед хоногт 10-20 хүн өвчилж байв. Харин 4-5 дугаар сараас өвчилсөн хүний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гэртээ эмчлүүлсэн болон эмнэлэгт хэвтсэн иргэний тоо ч ихэссэн. Улмаар “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ иргэдэд үзүүлэх шаардлага өнгөрсөн тавдугаар сараас хойш л тулгамдсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн наймдугаар сард “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай цахимаар уулзсан юм. Улаанбаатар хоттой ойрхон, агаарын чанар сайтай бүсэд байрладаг сувилал, сэргээн засах төвүүд, бусад эмнэлгийнхэн үүнд оролцож, “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээний заавар гаргах шаардлагатай гэдэг шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын онцлогт тохируулан эмчилгээний заавар боловсруулж, эдгэрсэн иргэдэд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болсон л доо.
-Заавраа боловсруулж дууссан уу. Зааваргүй болохоор сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байгаа гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болохгүй. Манай эрүүл мэндийн салбарынхан тасралтгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Эмнэлгүүд нөөц боломжийнхоо хүрээнд сэргээн засах эмчилгээ хийж буй. Харин заавар баталснаар уг тусламж, үйлчилгээг үзүүлэхэд илүү хялбар болох юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “Ковид-19”-ийн дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн түр зааврын төслийг боловсруулж, ЭМЯ-нд өгөөд байна. Тус яаманд сэргээн засах, дотрын, мэдрэлийн, сэтгэцийн гэх зэргээр төрөлжсөн, эрдэмтэн, судлаачдыг багтаасан, мэргэжлийн салбар зөвлөлүүд ажилладаг. Тэдгээр зөвлөлийн гишүүд заавартай нарийн танилцаж, судалсны дараа ашиглах зөвшөөрөл олгох ёстой. Мэргэжлийн зөвлөлүүд үүнд нэлээд нухацтай хандаж, судалж байгаа. Нөгөө талаас энэ бол түр заавар байна. Тодруулбал, тогтмол шинэчилж, сайжруулах юм.
-Халдвар аваад эдгэрсэн иргэд сэргээн засах эмчилгээнд хамрагдах талаар түр зааварт хэрхэн тусгасан бол?
-Үүнийг боловсруулахдаа олон улсад ашиглаж буй түр зааврыг суурь мэдээлэл болгосон. Ингэхдээ Монголын эрүүл мэндийн тогтолцооны одоогийн байдал, хүний нөөц, чадамждаа тулгуурлан боловсруулж, ямар хам шинж илэрсэн хүнийг хаана эмчлэхийг тодорхойлсон. Жишээ нь, “Ковид-19”-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн хүнийг орон нутагт байрладаг сувилалд хэвтүүлтэл биеийн байдал нь гэнэт хүндэрвэл яах вэ гэдэг асуудал ч тулгарч байна. Тиймээс өвчилсөн хүмүүсийг эрэмбэлж, аль шатлалын эмнэлэгт эмчлэхийг нарийвчлан тодорхойлох нь чухал. Эмчилж, хянасан эмч нь тухайн иргэний биеийн байдлыг үзэж, хүнд, хүндэвтэр, нэн хүнд, эсвэл хөнгөн өвчилсөн, эсэхийг тодорхойлно. Үүний дараа өрхийн эмнэлэгт нь сэргээн засах эмчилгээнд хамруулах уу, эсвэл төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах уу гэдгийг шийднэ. Жишээ нь, хүндээр өвчилсөн бол төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт хэвтэх шаардлагатай. Эмнэлгээс гарсны дараа шууд ажилдаа орж болохгүй. Эмчийн зааврын дагуу өрхийн эмнэлэгтээ үргэлжлүүлэн эмчлүүлэх, эсвэл сувилалд хэвтэх хэрэгтэй. Тэгэхээр хүнд өвчилсөн хүмүүст нэлээд урт хугацааны эмчилгээ шаардлагатай гэсэн үг.
-Өвчилж, эдгэрсэн иргэд олон нийтийн сүлжээгээр нэг нэгэндээ “Рингер гэдэг дусал заавал хийлгээрэй. Ингэснээр өвчилсөн үедээ уусан эмүүдээс үүссэн хордлогыг тайлна. Лянхуа эм ууж, уушгиа заавал цэвэрлэх ёстой юм билээ” гэх мэтээр зөвлөгөө өгөх болсон. Дээр нэр дурдсан дусал, эмийг заавал хэрэглэх ёстой юу?
-Заавал хэрэглэх шаардлагагүй. Мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авч, өөртөө дур мэдэн эмчилгээ хийх нь эрүүл мэнддээ хохирол учруулах эрсдэлтэй. Эм, тариа гэдэг чинь хэрэглэх тодорхой хугацаа, шалтгаан, тун хэмжээтэй. Тиймээс хэзээ, хэр хэмжээтэйг хэрэглэхийг мэргэжлийн эмч л зөвлөх ёстой.
-Хүнд гэлтгүй хөнгөн өвчилсөн хүмүүст ч мартамхай болох, зүрх өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, удаан хугацаанд үргэлжлэх тохиолдол цөөнгүй байна.
-Шинэ төрлийн коронавирус анх дэгдэхтэй зэрэгцээд л олон улсын эрдэмтэд судалж эхэлсэн шүү дээ. Судалгаануудын ихэнхийнх нь эцсийн үр дүн гараагүй, үргэлжилж буй. “Ковид-19”-ийн дараах хам шинжийн судалгаа ч ийм маягаар үргэлжилж, явцын зарим үр дүнг олон нийтэд танилцуулсан. Ийм учраас “Ковид-19”-ийн үеийн болон эдгэрсний дараах эмчилгээ нь бүгд түр заавартай. Судалгааны үндсэн дээр зааврыг тогтмол сайжруулж байгаа. Олон улсын хэд хэдэн судалгааны үр дүнг харахад “Ковид-19” амьсгалын замыг гэмтээж, уушгийг нэлээд өвөрмөц хатгалгаагаар үрэвсүүлдэг. Тиймээс өвчилсөн үед олон эрхтэнд хүчилтөрөгч дутагдаж, бодисын солилцооны алдагдал үүсэн, улмаар зүрх өвдөх, ядрах шинж тэмдэг илэрч байна. Мөн тархинд хүчилтөрөгч, цусан хангамж дутагдсанаас мартамхай болдог. Эдгээр шинж тэмдэг хэзээ арилж, тухайн хүн хэвийн амьдралдаа орох нь бие махбод, дархлааны систем нь хэр сайн ажиллаж байгаагаас шалтгаална. “Ковид-19”-ийн дараах хам шинжүүд арилахгүй удвал цаг алдалгүй эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ажил, амралтын цагаа тохируулах, сайн унтах зэрэг нь биеэ тэнхрүүлэхэд тустай. Ажлын ачааллаа хэтрүүлж болохгүй. Спортоор хичээллэж болно. Гэхдээ гэнэт хэт их дасгал, хөдөлгөөн хийх нь сөрөг үр дагавартай. Иймээс дасгал, хөдөлгөөнийг бага багаар хийх нь зүйтэй. Мөн хамгийн чухал, энгийн арга хэмжээ бол агаарт гарах, алхах, өрөө тасалгааныхаа агаарыг сайн солилцуулах. Эдгээр нь энгийн мэт боловч биеэ тэнхрүүлж, дархлаагаа сэргээхэд чухал нөлөөтэй.
-“Ковид-19”-ийн дараах хам шинж илэрсэн хүмүүс эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээ заавал хийлгэх шаардлагатай юу?
-Нарийвчилсан шинжилгээ хийлгэх, эсэхийг эмч л шийднэ. Хөнгөн өвчлөөд, өрхийн эмчийн хяналтад гэртээ эмчлүүлсэн хүмүүст сэргээн засах эмчилгээ хийх олон улсын жишиг бий. Тодруулбал, мэргэжлийн эмч нарын баг телемедициний буюу зайнаас оношлох аргаар сэргээн засах эмчилгээ хийж буй. Тухайн багийнхан иргэдээр асуумж, үнэлгээний хуудас бөглүүлсний үндсэн дээр ямар эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Иргэн уг эмчилгээг хийлгэж дууссаны дараа үнэлгээний хуудас дахин бөглөнө. Эдгэрээгүй бол дахин эмчилгээ хийлгэхийг зөвлөнө. Манайд ийм үйлчилгээ байхгүйгээс иргэд нэгэндээ баталгаагүй зөвлөгөө өгөх тохиолдол элбэг болсон. Одоогоор хувийн хэвшлийн зарим байгууллага, сайн дурын эмч нарын баг, төрийн бус зарим байгууллага үүнийг хэрэгжүүлээд эхэлсэн. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт телемедициний үйлчилгээ нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа.
Халдварын тархалт их байгаа учраас манай улсын эрүүл мэндийн салбарынхан биеийн байдал нь хүндэрсэн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх, сургууль, цэцэрлэг, оюутны дотуур байранд халдвар өргөн хүрээнд тархахаас сэргийлэх зэрэгт төвлөрөн ажиллаж байгаа. Халдварын тархалт буурсны дараа сэргээн засах эмчилгээнд түлхүү анхаарах төлөвлөгөөтэй. Манай улсад халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувь нь хөнгөн, хүндэвтэр өвчилсөн. 20 хувь нь нэн хүндээр өвдсөн. Тэгэхээр өвчилсөн хүмүүсийн олонх буюу 60 гаруй хувийг орчин үеийн техник, технологи ашиглан сэргээн засах эмчилгээнд хамруулах боломжтой гэж харж байгаа.
-Өдгөө сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллага хэр олон байна вэ?
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу бүх шатлалын байгууллага сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Анхан шатны буюу өрх, тосгон, сумын, мөн лавлагаа шатлалын буюу нэгдсэн, төв, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд ч энэ төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой. Эмнэлгүүдэд сэргээн засах эмчилгээний тасаг, кабинет ажиллаж байгаа. Түүнчлэн хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сэргээн засах төвүүд ч энэ чиглэлээр ажиллах боломжтой. Тухайлбал, нийслэлийн ойр орчимд болон хот дотор нийт 68 сувилал бий. Үүнээс дөрвөн улирлын чанартай, өдгөө ажиллаж буй нь 30 гаруй байна.
-Гэхдээ халдвар аваад илаарьшсан иргэд “Ямар эмчилгээ хийлгэх талаар зөвлөх хүн ч алга” гэж гомдоллох нь цөөнгүй байна.
-Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд одоогоор сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа. Яагаад гэвэл хүний нөөц хомсдож, дийлэнх эмч, ажилтныг “Ковид-19”-тэй тэмцэх “улаан” бүсэд ажиллуулж буй. Хүний нөөцийн хувьд ингэхээс өөр аргагүй болсон. Олон хүн өвчилж, эмнэлгүүдийн ачаалал эрс ихэссэн шүү дээ. Халдварын тархалт буурахаар эмнэлгүүдэд сэргээн засах эмчилгээ хийх боломжтой.
-Сувилалд эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдлэх үү?
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу сэргээн засах тусламж, үйлчилгээний суурь тарифыг 250 000 төгрөгөөр тогтоосон байдаг. Энэхүү суурь тарифаар “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй, хүрэлцэхгүй. Тиймээс “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээний зааврыг гаргаж, түүндээ үндэслэн тарифыг шинэчлэн тогтоох нь зүйтэй. Сэргээн засах тусламж, үйлчилгээг дангаар нь, эсвэл бусад төрлийн эмчилгээтэй хослуулан хийх нь бий. Дангаараа бол 250 000 төгрөгт багтааж болно. Гэтэл “Ковид-19”-өөр өвчилсний дараа олон эрхтнийг хамарсан хам шинж үүсэх нь түгээмэл байна. Олон төрлийн эмчилгээг нэг доор хийх шаардлагатай учраас 250 000 төгрөг хүрэлцэхгүй болж байгаа юм.
-Тарифыг хэдэн төгрөгт хүргэх шаардлагатай бол?
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусгай мэргэжлийн баг тарифыг тооцож гаргана. Ингэхдээ нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээнд үндэслэдэг. Нэн хүнд өвчилсөн, амьсгалын аппаратад орсон хүний хувьд удаан хугацааны, үр дүн сайтай, өндөр өртөгтэй эмчилгээ шаардлагатай. Хүндэвтэр, хөнгөн өвчилж, гэртээ эмчлүүлсэн хүмүүсийн эмчилгээний зардал харьцангуй бага байна. Аль ч эмнэлэгт “Ковид-19”-ийн дараах тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дотор, зүрх, судас, мэдрэл, сэргээн засахын эмч нар баг болж, хамтран эмчилгээ хийх боломж бүрдүүлэх нь зүйтэй. Сэргээн засах эмчилгээний багт хөдөлгөөн, хөдөлмөр засалч нараас гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар ч багтах ёстой.