Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Ганзориг байт харваатай нөхөрлөсөн цагаасаа олон улсад өрсөлдөх чадвартай шилдэг тамирчдыг бэлтгэж, тив, ДАШТ, олимпын наадамд нэг бус удаа “сойсон”. 2011, 2018 онд улсын шилдэг дасгалжуулагчаар шалгарсан түүний шавь нар өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д жил бүр амжилттай цэц сорьж түрүүлдэг болжээ. Түүнийг “Таван цагаригийн зочин”-оор урьж ярилцлаа.
-Спортынхноос өөрийг тань асуухаар “Алдар”-ын дасгалжуулагч гээд андахгүй мэдэх юм. Энэ “айлаас” ажил, амьдралынхаа гарааг эхлэв үү?
-Монголын байт харвааны спортод Ганзориг нэртэн цөөнгүй бий. Тэдний нэг нь би. “Алдар” спорт хорооноос ажлынхаа гарааг эхлүүлсэндээ их баярладаг. 1998 онд тамирчнаар анх ирж, 2009 оноос өнөөг хүртэл дасгалжуулагчаар ажиллаж байна. Миний хүүхэд нас Дорнод аймагт өнгөрсөн. Тавдугаар ангийн сурагч байхдаа аймгийнхаа Ш.Дашдэлэг багшийн удирдлагад байт харваагаар хичээллэж байна. О.Балжинням аварга “Алдар” спорт хорооны дарга байхдаа зах зээлийн нийгэмд спорт хөгжих, эсэх нь эргэлзээтэй болсон тэр үед тарсан шигшээ багийг дахин байгуулах хүсэлт тавьсан Н.Дариймаа багшийн саналыг хүлээн авч, будаг нь ханхалсан шинэ байранд шавь сургалттай байт харвааны анги нээсэн юм билээ. Би ҮБТДС-ийн оюутан болж, Н.Дариймаа багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн тэр өдрөөс “Алдар”-аас холдолгүй, овоглож явна. Надтай хамт хичээллэсэн тамирчид одоо дасгалжуулагч болж, гарынхаа шавь нарыг бэлтгэж байна. Тухайлбал, “Зэвт Хасар” клубт П.Жамъянгомбо, “Эрч”-д С.Долгор, “Галт сум”-д Ө.Цэрэнмядаг, “Нийслэл өргөө”-д Ж.Отгон багшаар ажилладаг.
-Гавьяат дасгалжуулагч Н.Дариймаа “1997 онд спортын төрлүүдийг клубийн системд шилжүүлэхэд хэдэн тамирчдаа дагуулаад энд тэнд очиж, завсар зайд нь хэдэн сум харваж явсан” гэж өгүүлэхийг нь сонсож байлаа.
-1990-ээд оны үед спортын салбар уналтад ороход байт харваанд бууриа сахиж үлдсэн хэдэн дасгалжуулагчийн нэг нь Н.Дариймаа багш байсан гэдэг. Тамирчин байхад Улаанбаатарт талбай олдохгүй. Уудам талд өссөн би шавь нараа дагуулаад энд тэнд бэлтгэл хийлгэхээр газар хайж яваа багшийгаа хараад эхэндээ гайхдаг байлаа. Тэр үед тамирчдаа нутагтаа дагуулж очоод бэлтгэл хиймээр санагдана. Багшдаа нэг өдөр энэ талаар хэлэхэд “Та нар миний удирдлагад хичээллэж байгаа бол хотод бэлтгэл хийнэ шүү дээ” гэж билээ.
-Дорнод аймаг алдартай харваачидтай. Энэ нутгаас төрсөн мэргэчүүд харвааны олон төрлөөр хичээллэдэг юм билээ.
-Манай аймгаас төрсөн алдартай мэргэн харваач олон бий. Нутгийн залуусын олонх нь үндэсний сур харваагаар хичээллэдэг. Би үндэсний сураар анх хичээллэж байгаад байт харвааг сонирхох болсон. Ангийн багш Ч.Пүрэвсүрэн “Чи хоёр харваанаас нэгийг нь сонгож хичээллэ. Байт харваатай нөхөрлөвөл амжилт гаргана” гэсэн юм. Би багшийнхаа зөвлөснөөр явсан, буруудаагүй. Харин ч зөв зам сонгосон гэж боддог. Намайг спортод дуртай болгож, өөрийгөө ялан дийлэхэд энэ спорт нөлөөлсөн. Ш.Дашдэлэг багшийг байхад Дорнодоос байт харвааны эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг хотод ирж, УАШТ-д оролцдог байв. Монголын байт харвааны холбоо баруун таван аймагт тамирчид бэлтгэх зорилгоор сургалт зохион байгуулж, дасгалжуулагч нарыг бэлдэж эхэлсэн. Одоо зүүн таван аймагт энэ спортыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Дасгалжуулагч болсон эхний өдрөөс л багшийнхаа ажлын амаргүйг ойлгосон уу?
-Би тамирчин байхдаа жаргалтай байжээ. Тэр үед зөвхөн өөрийнхөө хийх бэлтгэл, оролцох тэмцээнд анхаарал хандуулдаг байлаа. Дасгалжуулагч болсноор үүрэг, хариуцлага нэмэгдэж, шавь нараа амжилтаас атгуулах сан гэж хичээдэг юм байна. Тамирчид олон шалтгааны улмаас сонирхдог спортоосоо холддог тул тууштай хичээллүүлэх амаргүй. Заримынх нь ур чадвар сайжирсан ч амьдралын боломжгүйгээс орхиход хүрдэг. Сайн тамирчнаа авч үлдэхийн тулд аав, ээжтэй нь зөвлөлдөж, хандлага, үзэл бодлыг нь өөрчлөх гэж үзнэ. Багшийн хувьд ар гэрийг нь судалж, хамтран ажиллах шаардлага ч гардаг. Үүнээс гадна сургуулийнх нь удирдлага, ангийн багштай нь ярилцаж, хичээл, шалгалтаас нь чөлөөлүүлээд тэмцээнд оролцуулна. Энэ мэтчилэн дасгалжуулагчид шавь нарынхаа төлөө санаа тавих асуудал мундахгүй.
-Та хэвлэлд ярилцлага тэр бүр өгдөггүй. Шавь нараа амжилтад хүргэхийн төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөж, алгуур урагшлуулдаг хүн бололтой.
-Шавь нар минь дотоод, гадаадын тэмцээнд амжилттай оролцдог боллоо. Тэднээс ОУХМ Б.Отгонболд 2019 онд Тайландын Бангкок хотод зохион байгуулсан Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний гурван байрт шалгарч, Токиогийн олимпын наадамд эрх авч оролцлоо. Тэрбээр намайг дасгалжуулагч болдог жил байт харваагаар хичээллэхээр ирсэн шавь нарын минь нэг. Дасгалжуулагч багшийн ажил тамирчдаа хичээллэдэг спортоор нь хүмүүжүүлж, эх орондоо зөв төлөвшилтэй иргэн бэлтгэхэд чиглэдэг юм. Одоо миний зорьж байгаа гол зүйл бол Францын Парист 2024 онд болох олимпод багийн төрөлд тамирчдаа эрх авч оролцуулах.
-Шавь нартайгаа ойрд ямар сэдвээр ярилцаж, зөвлөлдсөн бэ?
-Сүүлийн үед шавь нартайгаа бэлтгэл хэрхэн үр дүнтэй хийх талаар ярилцаж байгаа. Шигшээ багт хамрагдаагүй тамирчид гадаадын тэмцээнд оролцохдоо зардлаа өөрөө гаргадаг. Тиймээс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой байна. Багшийн хувьд өсвөрийн тамирчдаа ДАШТ-д оролцуулах зардал олохоор найз, нөхөд рүүгээ утасдсан удаа олон. Спорт хорооныхоо дарга нараар бичиг хийлгэж аваад таньдаг, мэддэг байгууллагын хаалгыг татдаг ч бүтэх нь цөөн. Намайг тамирчин байхад эцэг, эхчүүдийн спортыг ойлгож, хүлээж авах сэтгэлгээ одоогийнхоос өөр байжээ. Эмээ, өвөө минь “Чи зурагтаар гардаг спортоор хичээллээрэй” гэж хэлдэг сэн. Өнөөгийн эцэг, эх хүүхдийнхээ сонирхдог спортыг дэмжиж, давуу талыг нь судлан, амжилтад хүргэх талаар багштай нь зөвлөлддөг болж. Зарим нь ах, дүүстэйгээ хамтраад харвааны хэрэгслийг нь зэхээд өгч байна. Мөн сургуулийнх нь багш нартай нь уулзаад хичээлд суух, бэлтгэл хийх цагийг нь хүртэл зохицуулдаг. Ингэж холбоотой ажилласан гэр бүлийн хүүхэд амжилт гаргадаг. Тухайлбал, Б.Отгонболдыг гэр бүлийнхэн нь сайн дэмжинэ. Аав нь хүүгийнхээ тэмцээнийг дэмжиж үзсээр байгаад байт харвааны шүүгч болсон. Тэрбээр ажлаа зохицуулаад тэмцээн шүүдэг юм. Дасгалжуулагч дэлхийн спорттой хөл нийлүүлэхийн тулд өндөр мэдрэмжтэй байж, үргэлж суралцах ёстой. Тэмцээний заавар өөрчлөгдөхөд бүх зүйлийг хамгийн түрүүнд судалж, шавь нартаа заахад бэлэн байх шаардлагатай. Тамирчнаа ганц медаль авхуулаад сэтгэл нь ханадаг багш байдаггүй. Тамирчин, багш хоёрын шунал бол энэ. Бидний амжилтын ард эх орныхоо нэр хүндийг өргөж явах, иргэдээ спортоор хөгжүүлэх үүрэг, хариуцлага давхар явдаг.
-Азиас БНСУ-д байт харваа өндөр хөгжсөн. Тамирчид нь бүх улиралд бэлтгэл хийдэг давуу талаа Токиогийн олимпод харууллаа. Манайхны ур чадвар тэдний хэмжээнд хэзээ хүрэх бол?
-Тамирчид ДАШТ, олимпын наадмын тэмцээнд 70 метрээс харвадаг. Гэтэл манайхан өвөл зааланд 18 метрт харвана. Дэлхийн цомын цуврал тэмцээн дөрөвдүгээр сараас эхэлдэг. Тамирчид гадаах талбайд бэлтгэл хийгээгүй байхад таарна. Байт харвааны томоохон тэмцээнүүдийг зун зохион байгуулдаг юм. Талбайд хэдхэн сар бэлтгэл хийж оролцохоор амжилт хэр гаргах нь ойлгомжтой шүү дээ. Үүнийг л холбооны удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд засахаар хичээж байгаа. Тамирчдаа гадаадын тэмцээнд хойшид амжилттай оролцуулахын тулд 90 метрээс харвах, олон улсын стандартад нийцсэн төвтэй болох хэрэгтэй. Монголын байт харвааны холбоо тамирчдаа ийм төвтэй болгохоор зорьж, барилгын зураг төслийг нь боловсруулан бэйсболын талбайн ард газар сонгосон. Манайханд багийн төрөлд амжилт гаргах боломж бий. АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотод өнгөрсөн сард болсон ДАШТ-д манай тамирчид эрх авахад тун ойрхон байлаа. Холимог багийн төрөлд Д.Дашнамжил, А.Отгонжаргал нар шилдэг наймд шалгарсан. Цаашдаа хичээвэл 2024 оны олимпод багаараа оролцох эрх авах болов уу гэж найдаж байна.
-Та Азийн орнуудын дасгалжуулагчидтай хэр холбоотой ажиллаж, туршлага солилцдог вэ?
-БНСУ-ын дасгалжуулагчид тамирчдаа олимпын наадмын байт харвааны тэмцээнд амжилт тай оролцуулахын тулд маш сайн бэлтгэж байгааг өмнө нь сонссон юм. Тус улсын тамирчид энэ жил Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцоогүй. Тэд харваачдынхаа сэтгэл зүйг сайтар бэлтгэж чадсан нь Токиогийн олимпоос ч харагдлаа. Хойд хөршийнхөн хэдэн жилийн өмнө олон улсын стандартад нийцсэн, 90 метрээс харвах талбайтай болсноор тамирчдынх нь ур чадвар өмнөхөөсөө ахисан. Энэ удаа олимпын цагаан тугийн дор оролцсон ч гэлээ ур чадвараа харуулж, медальтай нутаг буцлаа. Сүүлийн үед Малайз, Тайландын харваачид БНСУ-ын дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл хийж, хүчтэй өрсөлдөх болсон. Дэлхийн цом, ДАШТ-ээс медаль заавал хүртэж байна. Ямар ч спорт дасгалжуулагч, тамирчин хоёрыг техник, ур чадвараа байнга хөгжүүлэхийг шаарддаг. Манай холбоо 2018 онд БНСУ-ын дасгалжуулагч Ким Хун Такийг урьж, өндөр зэрэглэлтэй тамирчдыг хэрхэн бэлтгэх талаар сургалт зохион байгуулахад Улаанбаатар хотын клубүүдээс гадна Архангай, Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий аймгийн 30 дасгалжуулагч хамрагдсан. Сургалтаар байт харвааны суурь мэдлэг, заах аргачлал, нум сумны тохиргоо, биеийн хүчний бэлтгэлийн талаар хичээл заасан нь үр дүнгээ өгсөн. Тэрбээр өмнө нь Олон улсын болон Азийн байт харвааны томилолтоор хоёр удаа ирэхдээ Монголын дасгалжуулагч, тамирчдад орчин үеийн байт харвааны дасгалжуулалтын талаар анхан шатны сургалт зохион байгуусан юм. Тэгвэл Дэлхийн байт харвааны холбоо энэ жил тамирчдын бэлтгэл ямар байх талаар олон улсын дасгалжуулагч нарт цахим сургалт явууллаа.
-Багшийн хувьд шавь нараа ямар арга барилаар удирдаж, бэлтгэл хийлгэдэг вэ?
-Дасгалжуулагч нь хүн болгоны хийдэг ажил биш. Тамирчдыг нэг хүн шиг зорилготой болгож, удирдан залах амаргүй. Миний хувьд шавь нарынхаа санаа бодлыг аль болох сонсож, ойр байхыг хичээдэг. Тэднийхээ зан чанарын онцлогт тохируулж, буруу, зөвийн ялгааг ойлгуулах, зөвлөж ухааруулах, урам өгөх, шүүмжилж хурцлах зэргээр урагшлуулна. Заримд нь ярьснаас илүү мэдрүүлж хийлгэх нь үр дүнтэй байх нь бий. Манай тамирчид цугларалтад гарсан үедээ ээлжээр хоол хийдэг юм. Эхэндээ багадуулдаг бол дараа жилээс нь яг тааруулдаг болно. Хоолных нь амт, чанар, орц нь хүртэл сайжирна. Спортоор хичээллэхийн хажуугаар амьдралын ухаанд суралцах хэрэгтэй. Би “Та нар хоол, хүнс цуглуулахдаа зарцуулах мөнгөнийхөө тооцоог сайн гаргана шүү” гэхэд бүгдийг нь нэгбүрчлэн бичнэ. Ингэж бэлтгэл хийсний давуу тал их. Нэгнийхээ зан чанарыг танихаас гадна аливаа зүйлд би бус, бид гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Нөхдийнхөө хэлсэн үг, шүүмжлэлд хүлээцтэй хандаж, сурах нь зөв төлөвшиж байгаагийн илрэл. Шавь нар минь бэлтгэлийн дараа заалаа цэвэрлэдэг. Ингэх нь ажлын зах зухаас сурч, бусдын хөдөлмөрийг ч хүндэлдэг болно.
-Монголын байт харвааны холбоо тамирчдаа сэтгэлзүйчтэй ойр ажиллуулдаг уу?
-Манай шигшээ багийн тамирчид Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийнхэнтэй бэлтгэл хийж байхдаа хоёр сэтгэлзүйчтэй хамтарч ажилласан. Тэр үед ингэж ажиллах нь үр дүнтэй болохыг мэдэрсэн юм. Гадаадын тамирчид дасгалжуулагчаасаа гадна сэтгэлзүйч, бариач, эмч, тогооч гээд арын албыг нь бүрэн хариуцсан багтай тэмцээнд оролцдог. Манайхан тэмцээний зардлаас болж цөөн хүнтэй очдог. Тэмцээнд алдаа гаргадаггүй тамирчин ховор. Багш нь ямар алдаа гаргаж байгааг тамирчиндаа хэлж, зөвлөхөд онооны алдагдал бага гарна. Онооны алдагдал бага байх тусам багаараа медаль хүртэхэд алхам ойртоно гэсэн үг. Тухайн тамирчдыг тэмцээнд ямар багтай оролцож байгаагаас улсынх нь хөгжлийг тодорхойлж болдог. Сүүлийн үед манай бөхийн төрлийн спортынхон багтай оролцдог болсон шүү дээ.
-Байт харваагаар хүүхдийг хэдэн наснаас нь хичээллүүлэх тохиромжтой вэ. Өнөөгийн эцэг, эх хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг хүндэлдэг болжээ.
-Хүүхдийг найман наснаас нь хичээллүүлэх хамгийн тохиромжтой. Тамирчид багаасаа тууштай хичээллэж, амжилт гаргадаг тул 16 нас хүрээд тив, ДАШТ, олимпын тэмцээнд оролцдог. Эцэг, эх хүүхдээ энэ спортоор заавал хичээллэ гэж хүчээр ятгаж болохгүй. Хүүхэд дургүй зүйлдээ өөрийгөө дайчилж, хөгжүүлэхгүй. Байт харваа нас хязгаарладаггүй спорт тул тухайн тамирчинд ур чадвар, туршлага байвал цаашид ч цэц сорих боломжтой. Спортын төрөл болгон өөрийн гэсэн онцлогтой. Байт харвааны тамирчид бэлтгэл хийхдээ олон цаг зогсож харвадаг. Тиймээс бэлтгэлийн ачаалал даах хатуужилтай байх ёстой. Хүүхдээ бэлтгэлээс ирэхэд нь гэрийнхэн нь хоол, цайтай угтах нь дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм. Залуу тамирчид харвах техник дөнгөж сураад л бай руу харвах гэж яардаг. Дасгалжуулагч тамирчдаа бэлтгэл хийлгэхдээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хариуцаж, хамгаалах ёстой байдаг. Спортын техникийг эхнээс нь зөв сурахгүй бол өөрийгөө гэмтээх эрсдэлтэй. Бие халаалт сайн хийлгэж, нумаар харвуулна. Дутуу хийж харваснаас мөр, гарын булчин, шөрмөс, хуруу, үе гэмтэх тохиолдол бий.
-Спортын ертөнц хатуу, босго нь өндөр, талбарт нь ширүүн тэмцэл өрнөдөг. Тамирчид зорилгодоо хүрэхийн тулд олон саадыг даван туулж, амжилтаас атгаж байгаа харагддаг.
-Амархан ирдэг амжилт, алдар нэр гэж хэзээ ч байхгүй. Дуртай спортдоо үлдэх, эсэхээ шийдэх олон сорилтой нүүр тулдаг. Халширч уйлах, сэтгэлээр унах гээд саад бэрхшээл олон. Тийм үед л багшийн зөвлөгөө тамирчдад хамгийн их хэрэг болдог. Би шавь нартаа “Чи ийм зүйлтэй алхам тутамдаа тулгарна. Үүнийг л бие, сэтгэлийн хатаар даван туулж, ард нь гар. Саадтай тулгардаггүй тамирчин гэж байхгүй. Хичээж зоригловол амжилтад хүрдэг юм. Чамтай эх орны тань нэр хүнд хамт явдаг тул хаана ч очсон биеэ зөв авч яв. Шагналын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлэхийг үргэлж зорьдог байгаарай” гэж захидаг. Алдартнуудыг төрүүлсэн олон сайн дасгалжуулагч “Алдар” спорт хороонд бий. Тэднийхээ заавар, зөвлөгөөг сонсох дуртай. Манай дасгалжуулагч нар тэмцээн дууссаны дараа тайлангаа бариад удирдлагатайгаа уулздаг. Тэгж уулзахдаа тамирчдаа хэрхэн бэлтгэл хийлгэж, амжилт гаргуулах талаар санаа бодлоо хуваалцдаг юм. “Алдар” спорт хороо спортын талбарт олон тамирчин төрүүлж, дэлхийд таниуллаа. Энэ ташрамд, спорт хорооныхоо үе үеийн удирдлага, хамт олон, багш дасгалжуулагч, тамирчдадаа талархсанаа илэрхийлье.