Монголын хүндийг өргөлтийн спортынхон тив, ДАШТ-ий медаль хүртэхэд ойрхон байгааг залуу тамирчид ур чадвар, авьяасаараа нэг бус удаа харуулсан. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Эрдэнэзул. Турьхан охиныг хараад тийм их эрч хүч, зориг хаанаас нь гардаг бол гэж эхэндээ гайхдаг байлаа. Тэрбээр тэмцээнд түрүүлэх бүртээ багш нартаа илүү баярладаг гэсэн. Өсвөрийн УАШТ-д нэг, залуучуудынхад гурван удаа аваргаар шалгарч, Азийн АШТ болон ДАШТ-д огцом өргөлтөөр V байрт жагссан түүнтэй ярилцлаа.
-Саудын Арабын Жедда хотод энэ сарын 5-15-нд зохион байгуулсан, хүндийг өргөлтийн өсвөр, залуучуудын ДАШТ-д Монголоос хоёр тамирчин өрсөлдсөний нэг нь та. Өмнө нь ямар амжилт гаргаж, ДАШТ-д оролцох болов?
-Би дөрвөн жилийн өмнөөс ДАШТ-д өрсөлдөхөөр төлөвлөсөн. Миний өрсөлддөг жинд ОХУ, Турк, Колумбын тамирчин эхний гурван байрт шалгарлаа. Тэр дундаа Оросын туйванчид хамгийн хүчтэй, бяртай нь байв. Тэд дэлхийн дэвжээнд давуу гэдгээ авьяас, ур чадвар, туршлагаараа харуулсан. Энэ удаа огцом өргөлтийн төрөлд (нийлбэр дүнгээр) V байр эзэлж, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн, зургаан кг-аар ахиулсандаа сэтгэл өндөр байгаа. Надаас гадна тус тэмцээнд өрсөлдсөн, Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ ба гийн тамирчин, “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, спортын мастер О.Төгс-Эрдэнэ мөн V байр эзэлсэн. Миний хувьд өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын тэмцээнд амжилттай оролцож, цөөнгүй медаль хүртсэн. Тухайлбал, өсвөрийн УАШТ-д нэг, залуучуудынхад гурван удаа түрүүлж, аварга боллоо. 2020 онд болсон насанд хүрэгчдийн УАШТ-ий огцом өргөлтийн төрөлд түрүүлнэ гэж бодсон ч удаах байрт тунасан. Энэ төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчдаас ОУХМ Ч.Нямзул түрүүлсэн. Түлхэлттэй өргөлтийн төрөлд би нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн юм.
-Хөнгөн жинд хүч сорьсон өрсөлдөгчдийнхөө давуу талыг харж, өөрийгөө хэрхэн хөгжүүлмээр санагдсан бэ?
-Жеддад хөл тавьж, үеийнхээ тамирчдыг хараад өөрийн техникийг засах хэрэгтэйг хамгийн түрүүнд ойлгосон. Тэр үед “Үүнийг л өргөсөн бол шагналын тавцанд зогсох байлаа” гэсэн бодол төрсөн. Цаашид үүнээс ч илүү амжилт гаргах зорилго тээж эх орондоо ирсэн.
-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад тэмцээний тов гарсан. Өглөө нь хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл хийх гээд цаг хугацаа хурдан өнгөрөв үү?
-Би Баянзүрх дүүргийн 44 сургуулийн 12г ангид сурдаг. Манай сургуулийн удирдлага намайг гадаад, дотоодын тэмцээнд оролцоход ойлгодог. Сургуулийн багш, сурагчид ДАШТ-д оролцох зардлыг минь бүрдүүлэх хандивын аян өрнүүлсэн. Цар тахлын улмаас намар хичээлдээ бараг суугаагүй, бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Ангийн нөхөд минь ч гэсэн тэмцээнтэй үед сайн дэмждэг. “Алдар” спорт хороонд өнгөрсөн жил УАШТ зохион байгуулахад бүгдээрээ ирж үзсэн. Тус сургуулиас төрсөн шилдэг тамирчин цөөнгүй. Тухайлбал, Г.Анужин эгч хүндийг өргөлт, Б.Чинзориг ах боксоор хичээллэж амжилт гаргаж яваа. Тэд одоо үндэсний шигшээ багт харьяалагддаг шилдэг тамирчид болсон. Сүүлийн үед Ц.Энх-Оргил гэдэг охин жүдогоор хичээллэж, тэмцээнд оролцож байна.
-Та өнгөрсөн жил “Алдар” спорт хорооны шилдэг тамирчин болсон байх аа?
-Тийм ээ. Би өсвөрийнх, Б.Чинзориг ах насанд хүрэгчдийн ангилалд шилдэг тамирчнаар шалгарсан. Миний хувьд өөрийгөө шилдэг тамирчин болно гэж төсөөлөөгүй. Нэг өдөр багшаас “Чи шилдэг тамирчин боллоо” гэсэн мессэж ирэхэд их гайхсан. Дараа нь нэг сургуулиас төрсөн тамирчид шилдгээр шалгардаг нь тун сонин тохиолдол байна гэж бодсон.
-Одоо гадаадын ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Ирэх жил болох хүндийг өргөлтийн залуучуудын ДАШТ-д оролцох бодолтой байгаа. Гэхдээ тэмцээн хаана ямар улсад, хэзээ болох нь одоогоор тодорхойгүй.
-Охидыг хүчний спортоор хичээллэхэд гэрийнхэн нь дуртай хүлээж авдаггүй. Өөрийг тань энэ спортод хөл тавихад хэр ойлгож, дэмжив?
-Би сургуулиас зохион байгуулсан сагсан бөмбөг, волейболын тэмцээнд идэвхтэй оролц дог байлаа. Харин хүндийг өргөлтөөр хичээллэснээс хойш тоглохоо больсон. Энэ спорттой их сонин тохиолдлоор холбогдсон. Ээж намайг жүдогоор барилд гэж зөвлөдөг байсан. Нэг өдөр цахим хуудсанд оруулсан зар хараад хүндийг өргөлтөөр хичээллэхээр “Алдар” спорт хороог зорьсон юм. Дасгалжуулагч Ч.Март, А.Отгонжаргал багш нарын шавь болж, удирдлагад 2017 оноос өнөөг хүртэл бэлтгэл хийж байна. Тэр үед нэг сар хичээллээд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, 40 кг-ын жинд мөнгөн медаль хүртэн шагналынхаа салхийг хагалж байлаа. Би одоогоор үндсэн бус, өсвөрийн тамирчин тул тэмцээнд тус спорт хорооны нэр дээр оролцдог. Миний оролцсон анхны тэмцээнийг манайхан үзэж амжаагүй. Дараа жилээс нь ээж үзэж, тууштай дэмжих болсон. Анхны медалиасаа урам авч, цааш үргэлжлүүлснээс хойш шагналын буухиа тасраагүй.
-Азийн болон ДАШТ-д оролцох ялгаатай байдаг уу?
-Хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнд хоёр удаа оролцлоо. ДАШТ тивийнхээс нэг их ялгаатай болдоггүй юм билээ. Тамирчид бэлтгэл сайтай оролцоход аль алинаас нь медаль хүртэх боломжтой.
-2019 онд Азийн АШТ-ий дэвжээнд эмэгтэйчүүдийн 45 кг-д өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Монгол Улсын дээд амжилтыг огцом өргөлтөөр тав, түлхэлттэйд найм, нийлбэр дүнгээр 16 кг-аар шинэчилсэн санагдах юм.
-Тэр жил БНАСАУ-ын Пхёньян хотод аравдугаар сард зохион байгуулсан Азийн АШТ өрсөлдөөнтэй болсон. Тус улсын туйванчид хөнгөн жинд хамгийн олон медаль өвөртөлсөн юм. Нутгийнх нь дэвжээнд болсон учраас тамирчид нь хичээл зүтгэл гаргаж, бүх зүйлээ дайчилсан нь анзаарагдаж байв. Харин хүнд жинд БНСУ, Тайванийн тамирчид амжилт гаргаж, медалийн тавцанд зогссон. Тус тэмцээнд “Алдар” спорт хорооны дөрвөн тамирчин дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад хүч сорьсон. Манайхаас 59 кг-д ОУХМ Б.Хонгорзул эгч түлхэлттэй өргөлтийн төрөлд 97 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртсэн бол би V байрт жагссан. Тэрбээр тэр жилийн гуравдугаар сард АНУ-ын Лас-Вегас хотод болсон өсвөр үеийнхний ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн. Пхёньянд хэд хонохдоо хүмүүс нь хөдөлмөрч, цэвэрч, нямбай, тамирчид нь юунд ч бууж өгөхөөргүй тэсвэр хатуужилтай, бас тэмцэгч болохыг нь мэдсэн.
-Та тэр жил Монголын хүүхдийн спортын VI наадмын хүндийн өргөлтийн АШТ-нд амжилттай өрсөлдөж, ОУХМ цолны болзол хангасан шүү дээ.
-2019 он миний хувьд аз, амжилт дагуулсан жил байлаа. Тус наадмын тэмцээнд Улаанбаатар хотын дүүрэг, орон нутгаас 200 гаруй туйванч оролцсон. Миний хувьд түрүүлсэн амжилтаараа ОУХМ, “Аврагч” спорт хороо, Хөвсгөл аймгийн тамирчин спортын дэд мастер цолны болзол хангасан. Тэд хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэр тэмцээнд А.Отгонжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн багийнхан тэргүүлж, Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийнхан II, Д.Чинзориг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн тамирчид III байрт шалгарсан юм. Сүүлийн үед УАШТ-д орон нутгаас Өвөрхангай аймгийн тамирчид цахиур хагалж байгаа. Тэд жил бүр медальтай нутаг буцдаг болсон шүү дээ.
-Дасгалжуулагч багш тань шавь нараа тэмцээнд оролцохын өмнө юу гэж зөвлөдөг бол?
-Дасгалжуулагч Ч.Март, У.Отгонжаргал нар нэг гэр бүл. Тэд өмнө нь хүндийг өргөлтийн тамирчид. Одоо “Алдар” спорт хорооны тамирчдыг дасгалжуулдаг. Багш нар бидэнд “Дэвжээнд гарахын өмнө тэмцээний тухай бодох хэрэггүй, сэтгэл хямарч, шатах гээд байдаг юм” гэж зөвлөдөг. Тиймээс олон зүйл бодохгүйгээр шууд л гардаг. Саяхан болсон ДАШТ-д багш бүх боломж, нөөцөө дайчилсан. Цар тахлын хүнд үед олон саад, бэрхшээл туулж, Саудын Арабт багштайгаа очих амар байсангүй. Шавийнхаа төлөө олон зүйлээ хойш тавьж, сэтгэл, зүтгэл гаргасан багшаараа их бахархдаг. Биднийг хилийн дээс алхахад тусалж дэмжсэн олон хүн бий. Тэдний нэг нь Токиогийн олимпын хүндийг өргөлтийн тэмцээнийг дэнсэлсэн олон улсын шүүгч Л.Одгэрэл эгч. Тэрбээр тамирчин байхдаа эмэгтэйчүүдээс олон улсын анхны медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Энэ ташрамд биднийг ДАШТ-д оролцоход дэмжиж тусалсан хүмүүст болон “Алдар” спорт хороо, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн удирдлага, багш, сурагчид, мөн “Мон торгон дэл” компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
-Тамирчид олон цаг бэлтгэл хийхээр ядардаг. Тийм үед хэрхэн алжаалаа тайлдаг вэ?
-Бид бэлтгэл хийснийхээ дараа нэгэндээ иллэг хийж өгдөг. Гэрт ээж хоол, цай зэхчихсэн угтана. Ээжийнхээ хоолыг нь идэхэд тэр өдрийн бэлтгэлийн ачааллыг мартаж, алжаал тайлагдах шиг болдог. Тамирчдад амралтын өдөр ховор гардаг. Тиймээс гэртээ аль болох тухтай, тайван амрахыг боддог.
-Тамирчид зорилгодоо хүрэхийн тулд олон сорилт давдаг. Шантарсан үед тань хэн хурцалж, урам өгдөг вэ?
-Би өнгөрсөн зун өвдсөн болохоор намар бэлтгэл хийхдээ ядарч, жаахан шантарсан. Тэр үед хотоос зайдуу газарт бэлтгэл хийхээр гарсан тул Токиогийн олимпод оролцсон тамирчдын тэмцээнийг дуустал нь үзэж амжаагүй. Хүндийг өргөлтийн тэмцээнд Монголоос М.Анхцэцэг эгчийг IV байрт шалгарахыг хараад урам авсан. Энэ спорт охид болгоны сонирхож хичээллэдэг төрөл биш. Тухайн тамирчнаас тууштай зан чанар, бие, сэтгэлийн хатуужил, тэвчээр их шаарддаг. Намайг анх хөл тавихад хоёр найз минь сонирхож нэг хэсэг хичээллэсэн. Тэдэнд хэцүү санагдсан уу, удалгүй орхиж байлаа. Спортоор хичээллэх нь хүнийг нэг талаар идэвхтэй, бүтээлч болгодог. Намайг хүндийг өргөлтийн спорт олон зүйлээр өөрчилж, хөгжүүлсэн.
-Азийн орнуудаас Хятад, Тайвань, Тайландын туйванчид хүчтэй. Ямар тамирчны ур чадвараар бахархаж, амжилтыг нь сонирхож судалдаг вэ?
-Би 59 кг-ын жинд өрсөлддөг Тайванийн тамирчин, олимп, дэлхийн аварга Куо Хинчуны ур чадвараар бахархаж, бичлэгүүдийг нь сонирхож үздэг. Надаас 11 насаар эгч түүний техник минийхтэй төстэй тул амжилт хэрхэн гаргасныг нь судалж байгаа. Багш минь энэ тухай өмнө нь бас хэлж байлаа.
-Таныг Улаанбаатар хотын унаган иргэн гэж боддог байлаа. Тэгтэл Увс аймгийн Баруунтуруун сумаар овоглодог юм байна.
-Би Улаанбаатар хотын унаган иргэн ч гэлээ аав, ээжийнхээ нутгаар овоглох дуртай. Зуны амралтаар Увс аймагт очиж амардаг. Өндөр уул, Хяргас нуур, байгалийн сайхнаар аялдаг юм. Сүүлийн үед бэлтгэл шаргуу хийгээд нутгаа зорих минь багассан.