Эрдэнэс Монгол” компанийн “Шивээ энержи” цогцолбор төслийн нэгж нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлж буй. Дээрх төслийн нэгжээс мэдээлснээр “Эрдэнэс Монгол” энэхүү төслийн санхүүжилтийг хийх загвар, хөрөнгө оруулалтын гэрээний ажилд бэлтгэх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уг төсөлд оролцох саналаа ирүүлэх компаниудад олон улсын жишигт нийцсэн хатуу түлшээр ажиллах, цахилгаан станцуудын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хөрш орнуудын эрчим хүчний төрийн бодлогын баримт бичгүүдэд заасан шаардлагуудыг тавиад байжээ. Ингэхэд олон улсад туршлагатай БНХАУ-ын хэд хэдэн компани хамтран ажиллах саналаа ирүүлээд байсан гэнэ. Гэвч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йоркт болох үеэр Хятадын дарга Си Зиньпин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэж мэдэгдсэн тул дээрх станцын төсөл хүлээлтэд ороод буй аж.
Бэлтгэсэн Б.Сонор