МҮХАҮТ, Германы худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй “ProValue” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумд жимсний чанамлын цех ашиглалтад оруулжээ. Чацарганын кластер багийн 16 гишүүний нэг болох “Ус эрдэнэ жимс” компанийн дэргэд тус цех үйл ажиллагаа явуулах юм. Уг цехэд хамгийн ихдээ өдөрт 10 мянган ширхэг жижиг савлагаа бүхий чанамал үйлдвэрлэх боломжтой аж. Чацаргана тариалагч кластер багийн гишүүд дундын хоршоо байгуулсан бөгөөд тус цехийг түүхий эдээр хангаж, орлогоо хуваах гэнэ. Дээрх кластер багийн гишүүд “ProValue” төслийн дэмжлэгтэйгээр 16 га талбайд шинээр чацаргана тариалахад бэлэн болжээ. Тодруулбал, ирэх хавар чацаргана тариалах талбайг хаших бол усжуулалт, эрчим хүчний асуудлыг нь саяхан шийдсэн байна. Ташрамд дурдахад, Увс аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 750 тонн жимс хураан авчээ.
Бэлтгэсэн Ц.Ундрал