Бидний нэрлэж заншсанаар “Гурвалжингийн гүүр” орчимд хар фанер, гипсэн болон осп, дсп хавтан, замаск, хар цаас зэргийг импортлон, борлуулдаг “Найтуурын зоо” компанийн чингэлэг бий. Өнгөрсөн баасан гарагт тэнд очиход цөөн шуудай замаск, хар цаас үлдсэн байсан бөгөөд зарах зүйлс нь дууссанаас чингэлгээ маргаашнаас (өнгөрсөн бямба гарагт) хаана гэж худалдагч нь хэлэв. Тэрбээр “Манайх бүтээгдэхүүнээ сард хоёр удаа Эрээнээс ихэвчлэн автомашинаар татдаг. Ер нь сүүлийн хагас жилийн хугацаанд Замын-Үүд-Улаанбаатарын ачаа тээвэр удааширч, зардал нь өссөнөөс өдгөө 10 кг-ын савлагаатай, өнгөлгөөний цагаан замаскыг 7500-8500 төгрөгөөр борлуулж байгаа нь жилийн дотор 30 гаруй хувиар өссөн дүн боллоо. Мөн хуйлмал хар цаасны үнэ 90 000-100 000 төгрөгт хүрсэн нь нэг жил хагасын өмнөх үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. БНХАУ-ын нийлүүлэгчид бүтээгдэхүүний үнээ төдийлөн өсгөөгүй, зөвхөн тээврийн зардал нэмэгдэн, татан авах хугацаа холдсоноос материалын үнэ нэмэгдэх шалтгаан болсон. Одоо хил хаагдсан учраас хэсэгтээ сул зогсоно. Бараагаа татан, борлуулж эхлэхэд үнэ нь нэмэгдэх магадлалтай” гэж ярив.
Тэгвэл гэр бүлийн гишүүдийн хамт зуслангийн болон бусад байшин барих бизнес эрхэлдэг Сонгинохайрхан дүүргийн иргэн, барилгын материалын инженер О.Шаравжамц ийн өгүүлэв.
-Ямар материалаар, хэдий хэмжээтэй байшин барьдаг вэ. Ийм ажил эрхлээд хэдэн жил болов?
-Голдуу дүнз, палкаар 100 хүртэлх ам метр талбайтай байшин барьдаг бизнес эрхлээд 10 гаруй жил болжээ. Таван жилийн өмнө байшингийн нэг ам метрийг нь 500 000-600 000 төгрөгт тооцож, барьдаг байв. Өнгөрсөн оны есдүгээр сард 75 ам метр талбайтай байшинг нэг ам метрийг нь 1.4 саяд барьж, энэ жилийн долдугаар сар гэхэд ашиглалтад оруулах захиалга авсан юм. Гэтэл хатуу хөл хорио тогтоосон, хилээр бараа таваар тээвэрлэх явц удааширч, барилгын материалын үнэ өссөн зэргээс шалтгаалж ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадсангүй. Энэ зун үргэлжлүүлэн барих гэтэл ам метрийг нь 1.6 сая төгрөгөөс доошгүй үнээр тооцохгүй бол ашиггүй болжээ. Захиалагч тал “Нэгэнт тохирсон гэрээг өөрчлөхгүй” гээд хөдөлдөггүй, бид ажлаа үргэлжлүүлэхэд хэцүү, таагүй нөхцөл үүслээ. Манай эхнэр, охин, хүргэн гээд гэр бүлийн зургаан хүн хамт ажилладаг. Бидний цалин, барилга барих явцтай холбоотой бүх зардал, материалын үнийн өсөлт зэргийг харгалзвал ашиг бараг гарахгүй нь.
…Барилгын материалын үнэ бууруулах ажлын хэсэг бүтээгдэхүүний үнийг хямдруулж, бууруулна гэхээс илүүтэй нийлүүлэлтийг хэвийн байлгахад анхаарч буй. Бид зарим түүхий эдийг нь импортолдог ч дотооддоо тоосго, блок, цемент, дулаалгын материал, зарим нийлэг хоолой, резинэн холбогчууд үйлдвэрлэж зүгширсэн. Цаашид илүү олон нэрийн барилгын материал үйлдвэрлэж, импортын хамаарлыг багасгахад анхаарна…
-Сүүлийн 1-2 жилд аль материалын үнэ хамгийн их өссөн бэ?
-Цементийнх л төдийлөн өөрчлөгдөөгүй, нэг үе өсөөд өдгөө буусан байна. Бусад нь бүгд нэмэгдсэн. Тухайлбал, барилгын дулаалгын хөвөн тусгаарлагч болон хөөсөн шахмал хавтан, фанер зэргийн үнэ боодол, ам метр тутамдаа нэг жилд бараг хоёр дахин нэмэгдсэн. “Тавын банз” 30 ширхгийг 2020 оны хавар 450 000 орчим төгрөгт авч байсан бол энэ сарын эхээр 700 000 давчихлаа. Нэг “Портер” элс “Гурвалжингийн гүүр”-ээс Сэлх зуслан руу хүргүүлэхэд 100 000 төгрөг гэнэ. Түрүү жил 60 000-70 000 байсан юм. Иймээс жижиг, том барилга, байшин барьж бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж тухайн барилга барих зардал, ашгийг харгалзан үнээ нэмэхээс өөр арга байхгүй. Тооцож үзвэл манай барих зуслангийн сууцын нэг ам метрийн үнэ жилд 200 000 орчим төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн гэсэн үг. Барилгын материалын үнийг бууруулна гэж БХБЯ, ШӨХТГ-ынхан ярихыг олонтоо сонссон. Импортын барааны үнийг яаж зохицуулж, барих юм бол бүү мэд. Ингэснээс барилга угсралтад өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүн, материалын үйлдвэр баривал илүү хялбар байх. Манайхан тоосго, цемент, блок хийдэг болсон. Үүн дээр нэмээд бетон болон ханын материал, ханын цаасны цавуу, барьцалдуулагч дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Манайх мал ихтэй, малын арьс хөрснөөс цавуу гаргадаг технологи олон улсад байдаг. Мөн төмрийн нөөцтэй, төмөрлөгийн үйлдвэртэй учраас бүх төрлийн арматур, төмөр эдлэл ч хийх боломжтой гэж хардаг гэв.
Сүхбаатар дүүргийн X хороо буюу “100 айл”-д өнгөрсөн бямба гарагт очиход хөл хөдөлгөөн ихтэй байв. Цаг агаар дулаан, таатай байгаа учраас барилга, угсралтын ажил үргэлжилсэн хэвээр, худалдан авагч олон байлаа. “100 айл”-д элс, хайрга, цемент зарахаас илүүтэй барилгын дотоод засал, чимэглэлийн материал, сан техникийн болон цахилгааны хэрэгсэл борлуулдаг. Тэгвэл сан техникийн хэрэгслийн үнэ жил орчмын хугацаанд 50 хүртэлх хувиар нэмэгдсэнийг хэлэх хүн цөөнгүй байна. Баянгол дүүргийн иргэн Ч.Батхишиг “Гал тогооны болон угаалгын өрөөний угаалтуурын хэрэгслийн үнэ тун ч өсжээ. Өмнө нь зарим лангууны худалдагч “ОХУ-д үйлдвэрлэсэн хамгийн чанартай нь” гэцгээн өндөр үнэ хэлдэг байсан бол өдгөө “Бүгдийг нь урд хөршөөс авдаг. Нийлүүлэлт багасаж, тээврийн зардал өссөн учраас үнэ нь нэмэгдсэн” гэж байна. Энд гал тогооны угаалтуурын уян холбоо бүхий цорго зэс голтой, эсэхээсээ шалтгаалан 50 000-80 000 төгрөг болчихож. Энэ бол миний мэдэхээр жилийн хугацаанд 50 хувиар өссөн дүн. Учир нь би дууд лагаар явж, угаалтуур болон ванны цорго, уян холбоос сольж, засдаг юм. Ийм үнэтэйг худалдаж аваад, ажлын хөлсөө нэмээд сольж өгнө гэвэл үйлчлүүлэгчид дургүйцэн, хийлгэхгүй байх” гэлээ.
“100 айл”-д паркетан шал, лампиран тааз зэргийг борлуулдаг нэгэн бүсгүй “Одоогоор нэг ам метр паркетан шалны үнэ аль үйлдвэрийнх, чанар нь хэр зэргээс шалтгаалж 20 000-100 000 төгрөг байна. Энэ бол дунджаар ам метр нь сүүлийн нэг жилд 20-40 хувиар нэмэгдсэн дүн. Зуслан болон гэр хороололд барьдаг дийлэнх барилгын ажлыг хавар эхлүүлж, намар ашиглалтад оруулдаг. Тиймээс өдийд худалдан авагчийн тоо буураагүй байдаг үе. Харин хил хаасан учраас нөөцийн хэмжээ буурч, сонголт багаслаа. Энэ хэвээр удвал эрэлт ихсэн, үнэ нь илүү өсөх магадлалтай” хэмээн ярив.
Барилгын материалын үнэ улам бүр өсөн, энэ нь орон сууц, бусад барилга байгууламжийн үнийг нэмэх шалтгаан болж буй талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярих болсон. Үнийн өсөлтийг зохицуулах, хэрэглэгчдийг хэт хөөрөгдөөгүй ханштай бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Барилгын материалын үнэ бууруулах ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яам байгуулсан. Тэгвэл эл ажлын хэсэг юу хийсэн талаар ямар ч мэдээлэл алга. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ талаар “Давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал дэгдсэн, хил хаасан болон дэлхийн зах зээлд төмөр, бусад түүхий эдийн үнэ өссөнөөс шалтгаалж дотоодод барилгын материалын ханш нэмэгдсээр байгаа. Материалын үнийн өсөлтийн индексийг гаргахад сүүлийн хагас жилд дунджаар 36 хувиар өссөн тооцоо бий. Барилгын материалын ханшийг бууруулах ажлын хэсэг бүтээгдэхүүний үнийг хямдруулна гэхээс илүүтэй нийлүүлэлтийг хэвийн байлгахад анхаарч буй. Бид зарим түүхий эдийг нь импортолдог ч дотооддоо тоосго, блок, цемент, дулаалгын материал, зарим нийлэг хоолой, резинэн холбогчууд үйлдвэрлэж зүгширсэн. Цаашид илүү олон нэрийн барилгын материал үйлдвэрлэж, импортын хамаарлыг багасгахад анхаарна. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд, хүний нөөц бий талаар судалгаа хийж байгаа” гэсэн юм. Ялангуяа импортоор авч буй барилгын материалын үнийг хямдруулах төрийн зохицуулалт байх боломжгүй гэдгийг салбарын сайдын үгнээс ойлгов. Улмаар Барилгын материалын үнэ бууруулах ажлын хэсэг нь бүтээгдэхүүний нийлүүлэлтийг таслахгүй, хэвийн үргэлжлүүлэх бодлого баримтлах болжээ.
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хамгийн өндөр дүнгээр өссөн барилгын материалыг дурдвал нэг тонн нь 1.5 сая төгрөгийн үнэтэй байсан арматур 3.2 сая болжээ. Мөн дулаалгын EPS төрлийн хөөсөнцөр хавтан нэг ам метрт ногдох жингийн хэмжээнээсээ хамаарч 95 000 төгрөгөөс 150 000-д хүрчээ. Энэ нь уг хавтангийн түүхий эдийн импортод урд хөрш хязгаар тогтоосноос болсон аж. Үүнээс гадна бүх төрлийн гэрлийн чийдэн, паркетан шал болон лампиран тааз, ханын материал, “Бүргэд” хаалга, ханын цаасны үнэ ам метр, ширхэг тутамдаа жилд 30-40 хувиар нэмэгджээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд 821 иргэн, 4190 аж ахуйн нэгж барилгын материал импортолсон бол энэ оны аравдугаар сарын байдлаар 671 иргэн, 3915 аж ахуйн нэгж ийм материал оруулж ирсэн байна. Сүүлийн хоёр жилд манай улс барилга, угсралтын ажилд голчлон ашигладаг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн эдлэл, хаймар, хуванцар болон түүгээр хийсэн эдлэл худалдан авахад нийт 840 орчим сая ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.