Санхүүгийн зохицуулах хороо Санхүү эдийн засгийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, СЭЗИС-ын ректор Б.Мөнхбаяр нар үзэглэв.
Энэ хүрээнд хоёр тал зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг тодойрхойлох, бодлого зохицуулалтын оновчтой зөв шийдвэр гаргахад түлхэц болсон хамтарсан судалгаа, шинжилгээ хийх цаашилбал гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон салбарын хөрөнгө оруулалтад шаардлагатай зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр “Санхүүгийн зах зээлд технологийн дэвшил гүнзгий нэвтэрч байна. Үүнтэй холбоотойгоор зах зээлийн эрсдэлийн түвшин, хүчин зүйл, эрсдэл даах чадвар, мэдрэмтгий байдлыг тооцоолох шинжилгээг хамтран хийж, үнэлгээний оновчтой аргачлалыг боловсруулахад туршлага солилцох, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро түвшний хүчин зүйлс болон бусад судалгаа, шинжилгээг хийх, зах зээлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар таамаглал дэвшүүлэх загварчлалыг хамтран гаргахаар зорьж байна. Бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болтугай” гэсэн юм.
Харин СЭЗИС-ын ректор Б.Мөнхбаяр “СЭЗИС-ын зүгээс Хороотой хамтран ажиллах болсондоо талархаж байна. Бидний хувьд Хорооны зохицуулалтын салбар болон шинэ технологи, финтек, комплайнс, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мөн бусад судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, судалгаандаа ахисан түвшний оюутнуудыг оролцуулах болно” гэдгийг онцолсон юм.
Бэлтгэсэн Б.Содгэрэл