Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн захирал, доктор, профессор Мэнэрэлийн Чимэдцэеэтэй манай улс өмнөд хөрш хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон сүүлийн үеийн бүтээл туурвилынх нь талаар ярилцлаа.
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуултаар ярилцлагаа эхлүүлье. Коронавирус хүн төрөлхтнийг олон талаар сорьж, дэлхийн улс орнуудыг тэвдүүллээ. Өмнөд хөрш энэ аюулт вирусийн тархалтыг богино хугацаанд хязгаарлаж, хяналтдаа авсан туршлагаараа дэлхийд сайн жишиг тогтоосон. Мэдээж шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн оронд давуу тал асар их. Нөгөөтээгүүр, төрийн чанд, дэгтэй, оновчтой бодлого нөлөөлсөн болов уу. Судлаачийн хувиар та юу гэж үзэж байна вэ?
-Хүн төрөлхтөн түүхэндээ аймшигт дайн дажин, аюулт цар тахал зэрэг янз бүрийн эрсдэл, сорилттой нүүр тулсаар ирсэн. Энэ цаг үед тул гарсан нэг том сорилт бол яах аргагүй коронавирус. Аюулт тахалтай хамгийн анх нүүр тулсан нь, бас хамгийн үр нөлөөтэй арга хэмжээ авч, тархалтыг хазаарлаж чадсан нь Хятад орон бол лоо. Олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Дэлхийн томоохон хэвлэлүүд өнөөдөр тус улсын туршлагыг онцлох болов. Юуны өмнө ард түмний амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих төр, засгийн эрс шийдэмгий, оновчтой, нэгдмэл бодлого, бүх нийгмийг дайчлан хөдөл гөх, хөрөнгө мөнгийг төвлөрүүлж, оновчтой зөв хуваарилах чадвар хүчтэй нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Дараа нь эдийн засгийн өндөр чадавх зүй ёсоор орно. Хятад улс өнөөдөр эдийн засгийн нийт хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгааг бид бүгд мэднэ. Мэдээжийн хэрэг инновац, шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжил ч бас чухал нөлөөтэй. Инновац бол аливаа улс үндэстний хөгжил дэвшлийн амин сүнс гэж тэд үзэн, дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн болохыг зорьж байна.
Өмнөд хөрш энэ бүх давуу тал, болом жоо ашиглан коронавирусийн тархалтыг дөрөвхөн сарын дотор амжилттай хязгаарлаж чадсан. Коронавирус бол аливаа нэг улс, үндэстний бус, хүн төрөлхтний нийтлэг дайсан. Тиймээс БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс өнгөрсөн оны зургадугаар сард “Шинэ коронавирусийг эсэргүүцэх Хятад улсын үйл ажиллагаа” нэртэй ном гаргаж, “Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэмцлийн туршлагаа бусад улс оронтой хуваалцсан байдаг.
-Цар тахлын хүндхэн цаг үед ч дээд хэмжээний уулзалт, яриа хөөрөө үргэлжилж, манай хоёр улсын харилцаа урагшилсаар байна гэж бодох юм. Саяхан Ерөнхий сайд нар цахим уулзалт хийсэн нь үүний нотолгоо гэвэл Та санал нийлэх үү?
-Санал нэг байна. Монгол, Хятад хоёр улс мөнхийн хөрш. Хөршөө сонгодоггүй гэж бид ярьдаг шүү дээ. Айл гэр бол ачаалаад нүүгээд явчихаж болно. Хөрш бол дээд тэнгэрээс, бурхнаас оноосон хувь тавилан гэлтэй. Манай хоёр улсын харилцаа энхэл донхол, ээдрээ бартаатай замыг туулсаар өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Өдгөө хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн гэж томьёолж байна. Хятад улс өөрийн онцлог бүхий их гүрний га даад харилцааны чиг шугамыг тов тодорхой томьёолж заасан байдаг. Тухайлбал, ОХУ-тай иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн, АНУ-тай их гүрний шинэ хэв маягийн харилцаатай гэх мэт. Тэгвэл хил залгаа орнуудтай харилцах гадаад бодлогын үндсэн чиг шугамыг хэрхэн томьёолдог вэ. Энэ далимд хэлэхэд, Хятад улс хил залгаа, хөрш зэргэлдээ, эргэн тойр ны орнууд гэсэн маягаар илэрхийлдэг юм. Харилцааны үзэл баримтлалыг ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай гэж бидний орчуулж байгаачлан хятад хэлний “чин, чэн, хуй, рун” гэсэн дөрвөн үгээр буюу үсгээр илэрхийлдэг. Бид мөнхийн хөрш их гүрнийхээ хил залгаа орнуудтай харилцах тэрхүү үндсэн чиг шугамыг гүн гүнзгий шинжиж, утга учир, соёлын гүн агуулга, суурь дэвсгэрийг нь сайтар тайлж, танин мэдэх хэрэгтэй. Үүнийгээ Монгол Улсын хөрш оронтой харилцах га даад бодлоготой уялдуулж чадваас хоёр улсын харилцаа улам сайн хөгжинө.
-Та Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгт цөөнгүй жил ажиллаж, хоёр талын най рамдал, хамтын ажиллагааны “тогоо”-нд олон жил “чанагдсан” хүний хувьд ардын дипломат харил цаа ямар түвшинд байна гэж дүгнэх вэ?
-Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгтэй бараг 30 жил нэр холбогдож, хүчин зүтгэж явна. Ямар ч улс орны ард түмний найрамдлын үйл хэрэг гэгээн мөртэй, ариун сайхан байдаг. Төр, засгийн түвшинд хийж хэрэгжүүлэх нөхцөл боломж нь хараахан бүрдээгүй юм уу, эсвэл төдийлөн тохиромжтой бус олон ажлыг ардын дипломатын хүрээнд хэрэгжүүлэн, хоёр орны найрсаг харилцаанд тус дөхөм болж, эрч хүч нэмдэг жишиг олон улсын харилцаанд түгээмэл бий. Тухайлбал, 1971 онд Америкийн тамирчид Хятадад очсон нь 1949 онд шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш тус орны нутаг дэвсгэрт америкхүн хөл тавьсан анхны тохиолдол болсон юм. Дараа жил нь буюу 1972 онд Хятадын одон бөмбөгийн тамирчдын баг АНУ-д хариу айлчилс наар 20 гаруй жил “тэс хөлдүү” байсан Хятад, Америкийн хүмүүнлэгийн харилцаа сэргэсэн түүхтэй. Хоёр орны тамирчдын энэхүү нөхөрсөг харилцан айлчлалыг түүхнээ “Одон бөмбөгийн дипломат” (Ping pong diplomacy) хэмээн тэмдэглэсэн. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон 1972 онд Хятадад айлчилж, 1979 оны эхний өдөр тус хоёр улс дип ломат харилцаа тогтоосон түүхтэй шүү дээ.
Монгол, Хятад хоёр орны улс төр, эдийн засаг, бусад салбарын харилцаа бараг “тэг зог солт” хийгээд байсан тэр он жилүүдэд ч найрамдлын нийгэмлэгийн үйл ажиллагаа тасалдаж зогсоогүй юм. 1990 онд Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийг шинэчлэн зохион байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Олон шинэлэг ажил сэдэж, хэрэгжүүлж ирснийг нэгбүрчлэн тоочих боломжгүй. Бид өмнөд хөрштэй хамтран Хятадын шилдэг бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг эх орондоо анх удаа зохион байгуулсан. 1978-1999 онд БНХАУ-аас Монгол Улсад Элчин сайдаар сууж асан таван эрхмийг гэргийнх нь хамт эх орондоо урьж, айлчлуулж байв. Тэд чухамдаа манай хоёр орны харилцааны өнгөрсөн он жилүүдийн хахир хүйтэн, халуун дулаан бүхнийг биеэр туулсан амьд гэрч, түүх юм.
-Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон талт үйл ажиллагаа зохион байгуулсаар иржээ.
-Эл нийгэмлэг ард түмний найрамдлыг бэхжүүлэх, хоёр орны харилцаанд тус дөхөм үзүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага. Бид олон удаагийн харилцан айлчлал, урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, спортын тэмцээн, хурал, уулзалт зохион байгуулж, ардын дипломатын шугамаар хоёр орны харилцаанд олон салбарын хамтын ажиллагааны анхны шанг татаж, үүдийг нь нээсэн юм.
Өдгөө найрамдлын нийгэмлэгийн даргаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, олон улсын харилцааны доктор Г.Батсүх ажиллаж байна. Тэрбээр дипломат ажлын арвин мэдлэг, туршлагатай, гадаад, дотоодод өндөр нэр хүндтэй хүн. Олон улсын харилцаа хийгээд Хятад улсын сэдвээр туурвисан, дэлхийн хэмжээнд нэр нь алдаршсан олон шилдэг ном бүтээлийг монгол хэлээр орчуулж, хэвлүүлсэн нэртэй судлаач, гүүш. Ийм хүн удирдаж буй учраас нийгэмлэгийн ажил үйлс урагштай сайн явж байна. Тоймтой зарим ажлаас дурдахад, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой (2019 онд)-гоор найрамдлын нийгэмлэг олон ажил санаачилж, зохион байгууллаа. “Си Зиньпин төр улсыг засах тухай” хэмээх томоохон бүтээлийн тэргүүн ботийг монгол хэлнээ хөрвүүлж хэвлүүлэх, номын нээлтийн ёслолыг зохион байгуулах ажилд бид гар бие оролцон, БНХАУ-аас өндөр дээд хэмжээний төлөөлөгчид урьж оролцуулсан нь чухал үйл явдал байв. Мөн хоёр улсын орчин цагийн харил цааны түүхийг хураангуйлан өгүүлсэн “Монгол, Хятадын харилцаа: 70 онцлох түүх” бүтээлийг манай нийгэмлэгээс эрхлэн бүтээж, хэвлүүлсэн юм. Түүх бол хамгийн сайн багш гэдэг. Энэ мэт ажлууд Монгол, Хятад орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлж буй гэдэгт эргэлзэхгүй байна.
-Хоёр орны ард түмэн, олон нийтийн харилцан ойлголцол, итгэлцлийн тухайд Та ямар бодолтой явдаг бол. Хүмүүнлэгийн харилцаа ямар түвшинд хөгжсөн, түүний ойрын болоод хэтийн төлөвийн талаар байр сууриа хуваалцана уу?
-Харилцан ойлголцол, итгэлцэл бол ард түмний найрамдлын шимт хөрс юм. Ойлголцол, итгэлцэлгүйгээр найрамдал бэхжих нь үгүй болов уу. Гэтэл дотоод, гадаадын судлаачид Монгол, Хятад улсын харилцаанд итгэлцэл “хомсдож” байгаа тухай дурдсан нь цөөнгүй. Төр, засгийн өндөр дээд хэмжээний уулзалт хэлэлцээ, баримт бичигт харилцан ойлголцол, итгэлцэл улам гүнзгийрч буй тухай байнга цохон тэмдэглэдэг ч бодит байдал дээр энэ нь хэр нийцтэй бол гэ сэн асуулт урган гардаг. “Ихэд ихийн зовлон буй, багад багын зовлон бий” гэж Хятадын ном зохиолд бичсэн байдаг. Итгэлцэл, ойлголцолд нөлөөлдөг түүхийн улбаатай учир шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Мөн тэд “Та байваас би, би байваас та байна” гэсэн улс түмний нийтлэг хувь заяаны цогц нэгдэл бүрдэж байна” гэж бичиж буй. Их далайд сэлж байж сэлж сурдаг гэсэн үг бий. Бид ээрэм талд эхний цасан шуургатай тааралдангуутаа эргэж хургаад байвал түүнийг хэзээ ч туулж чадахгүй. Дээд түвшинд олон жил цэц булаацалдаж, мэтгэлцсээр өдий хүрч байгаа төмөр замын өргөн, нарийн цариг, цэрэг танкийн тухай маргаан чухамдаа ойлголцол, итгэлцлийн “хомсдолын” нэг бодит жишээ гэлтэй. Олон жил маргалдаж, үзэл онол ярьсаар өнөөдөр төмөр зам ч үгүй, авто зам ч үгүй боллоо. Газар нутгаа талхалж, тартагтаа тулан, таг суухад хүрч байгаа нь энэ “хомсдолын” гор юм шиг ээ. Шата хуун тасрахад хөршийн буруу гэнэ. Шахмал түлш ховордоход хорлон сүйтгэх ажиллагаа гэнэ. Ерөөс нийгмийн сүлжээнд “хомсдол”-ын орон зайд “амьдарч”, “гол зогоодог” үзэгдэл түгээмэл байна. Эртний Хятадын их сэтгэгч Күнз “Хүмүүн болохуйд итгэл үгүй аваас их тэрэг буулга үгүй, бага тэрэг хударга үгүй болбоос хөдөлж үл чадах лугаа адил бус уу” гэж сургасан байдаг юм.
-БНХАУ богино хугацаанд асар хурдтай хөгжиж, дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлсэн туршлагаараа өнөө цагт гайхагдаж буй. Судлаачид үүнийг үсрэнгүй хөгжил хэмээн тодотгож байна. Сансар судлал, түүнтэй холбогдох техник, технологийн хувьд АНУ, ОХУ-тай зэрэгцэх, өрсөлдөх хэмжээнд ирлээ гэх. Энэ талаарх Таны бодлыг сонирхъё.
-Хятад улс 1978 оноос хойш буюу 30 гаруйхан жилийн дотор дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий орон төдийгүй шинжлэх ухаан, технологийн гүрэн болсон. Тэд шинжлэх ухаан, технологи бол хурц зэвсэг хэмээж, инновацыг хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратегийг хэрэгжүүлж буй. Тус улс өмнө нь үйлдвэрлэлийн болон хөрөнгө оруулалтын хүчин зүйлд тулгуурладаг байсан бол одоо инновацад суурилж, Хята дын онцлогтой, бие даасан инновацын замаар хэлбэрэлтгүй урагшлах сонголт хийж байна. Хятад улсын удирдагч нэгэнтээ “Бусдын өчигдрөөр өөрсдийн маргаашийг хувирган гоёж болохгүй”, “Бие даан бүтээсэн инновац бол дэлхийн өндөр хөгжсөн технологийн оргилд мацах зам мөн”, “Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлага бол инновац, инновац, бас дахин инновац” гэж онцолсон.
-БНХАУ-ын өнөөгийн хөгжил, байр суурийг ярихаар “Нэг бүс, нэг зам” санаачилгыг онцлохоос аргагүй. Үүнийг хэрэгжүүлж эхэлснээр өмнөд хөрш дэлхийд жанжлах суурь тавигдлаа хэмээн судлаачид үзэж байна.
-Эртний Хятадын түүх шастирт орчлон хорвоогоор хэрэн хэсэж, Өрнө, Дорныг хэлхэж холбо сон домог түүхтэй хоёр их аяллын тухай өгүүлсэн байдаг. Түүний нэг нь Хань улсын үеийн их аялагч, элч Жан Чян нарын Төв Ази буюу баруун бүс нутгаар хийсэн хоёр удаагийн их аялал юм. Нөгөө нь Мин улсын үеийн далайчин Жэн Хөгийн баруун далайгаар хийсэн аялал. Эдүгээ БНХАУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Нэг бүс, нэг зам” хэмээх нүсэр санаачилга, бүтээн байгуулалт бол тэрхүү эртний торгоны их замын хийгээд далайн торгоны их замын энэ цаг үеийн бодит биелэл хэмээн зүйрлэж байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны ес, аравдугаар сард тус тус дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” болон XXI зууны “Далайн торгоны зам” хэмээх хоёр том үзэл баримтлалыг нэгтгэн өнөөдөр “Нэг бүс, нэг зам” хэмээн томьёолоод буй юм. Уг бүтээн байгуулалт нь дэлхий дээрх эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн өргөн уудам зурвас-орон зайг үүсгэх зорилготой. Энэ нь Хятад улсаас эх авч, Төв Азиас Баруун Азийг дайран өнгөрч, Европ хүрэх бөгөөд тогтоосон чиглэл дагуух 65 улсын 4.4 тэрбум хүнийг шууд хамрах юм. Төсөл цар хүрээгээрээ дэлхийн нийт хүн амын 63 хувийг эзэлнэ гэсэн тооцоо судалгаа байдаг. БНХАУ-ын дарга Си Зиньпин нэгэнтээ “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт хамтдаа хэлэлцэх, бүтээх, хүртэх зарчмыг баримтална. Хаалттай бус нээлттэй, уужуу багтаамжтай байна. Дан ганц Хятад улсын гоцлол биш, харин зам дагуух улс орнуудын их найрал байна” гэж хэлсэн нь буй.
-Эл санаачилгад манай улс хэр идэвх, оролцоотой буй бол?
-БНХАУ-тай 4700 гаруй км газар нутгаар хиллэдэг, БНХАУ, ОХУ-ын чухал хөрш орны хувьд Монгол Улс “Нэг бүс, нэг зам” төсөл, түүний дотор “Торгоны замын эдийн засгийн бүс”-д хэрхэн оролцох вэ гэсэн асуудал зүй ёсоор урган гарч, “Талын зам” хэмээх санаачилгын тухай янз бүрийн түвшинд ярьж эхэлсэн байдаг. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад айлчлахдаа УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр “Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Монголын талын дэвшүүлсэн “Талын зам” санаачилгад идэвхтэй, нээлттэй хандана” гэж хэлсэн байдаг. Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүний гарын үсэг зур сан “Хамтарсан тунхаглал”-д “Монголын тал “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачилгын хүрээнд хамтран ажиллах, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны бүтээн байгуулалтад үүсгэн байгуулагч улсын хувиар оролцоход бэлэн” хэ мээн дурдсан. Засгийн газар тухайн үед “Талын зам” төслийг хэрэгжүүлснээр хурдны зам, эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил урагшилж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд хүрнэ. Эцсийн дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоогийн хэмжээ эрс нэмэгдэнэ” хэмээн сурталчилж байв. Гэтэл өнөөдөр “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалт эрч хүчээ аван урагшилсаар атал эрх мэдэлтнүүд өөр хоорондоо толхилцон, өвөр зуураа тэмцэлдэж, өчүүхэн эрх ашгийн төлөө тэрсэлдсээр байна. Хийж бү тээсэн зүйлээр дульхан, хичээл чармайлт нь чамлалтайхан өдөр хоногийг өнгөрөөсөөр, хүлээсээр, он жилүүд улиран одсоор. “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн “Хөгжлийн зам” (“Талын зам” хожмоо ийн нэрлэгдэх болсон)-аар хоёр их хөрштэйгөө мөр зэрэгцэн, “ая хоршиж” чадах алс хэтийн бодитой, үр ашигтай төсөл, төлөвлөгөө бараг үгүй, ойрын зовлон ярьсаар, судалсаар, хүлээсээр, үүдэн хоймроо эргэцсээр суутал он цаг цахилан одож байна. Алдарт, түүхэн “Торгоны зам” биднийг тойрон даялж одох вий дээ гэж бодогдох боллоо.
-Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойгоор таныг “Найрамдал” медалиар шагнасан. Энэ нь нэгдүгээрт, хоёр орны ардын дипломат харилцааг бэхжүүлэхэд оруулсан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн хувь нэмрийг үнэлсэн явдал болов уу. Хоёр-дугаарт, хятадын соёл, утга зохиолын охь бурам болсон бүтээлийг монголчуудад шимтэн унших боломж олгосныг тань хүндэтгэн сайшаасан хэрэг гэж дүгнэж байна.
-70 жилийн түүхэн ойг 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэсэн. БНХАУ-ын Дэд дарга Ван Чи шань тэргүүтэй өндөр хэмжээний төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, ёслолын арга хэмжээнд оролцохдоо дөрвөн хүнд “Хятад, Монголын найрамдлын төлөө шагнал” хүртээсэн юм. Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, доктор Г.Батсүх болон миний бие энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн. Хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, Монгол дахь хятад судлалыг хөгжүүлэх, Хятадын ном бичгийг орчуулах хэрэгт оруулсан хувь нэм рийг үнэлж, уг шагналыг хүртээлээ гэж онцолсон байдаг. Түүнээс гадна БНХАУ-ын Засгийн газраас гадаадын орчуулагч, хэвлэн нийтлэгч, зохиолч нарт олгодог “Хятадын ном зохиолын онцгой хувь нэмрийн төлөө шагнал”-ыг миний бие 2015 онд хүртэж байлаа. Монгол Улс, шинэ Хятад улс хоорондын харилцааны түүхэнд Хятадын Засгийн газрын өндөр нэр хүндтэй уг шагналыг хүртсэн анхны хүн нь миний бие юм.
-Та нэгэн ярилцлагадаа “Аливаа улс, үндэстнийг таньж мэдье гэвэл утга зохиол, урлаг, соёлтой нь илүү ойр танилцах хэрэгтэй” гэж онцолжээ. Хятадын утга зохиол, соёлын бүтээл хэчнээнийг эх хэлнээ хөрвүүлэв?
-Би Монгол Улсдаа бэлтгэгдсэн хятад судлаач нарын нэг. Миний нэг насны амьдрал, үйл хэрэг Хятад оронтой салшгүй холбоотой явж ирлээ. Энэ хугацаанд Хятадын эрт, эдүгээгийн 20 гаруй ном орчуулсан. Гадаад, дотоодод олон арван хурал чуулганд оролцохдоо цөөнгүй илтгэл, өгүүлэл бичиж, хэлэлцүүлж, хэвлүүлж, судалгааны ном бүтээл туурвилаа. Орчин үеийн Хятадын нэртэй зохиолчдын шилдэг өгүүллэгүүдээс орчуулж, “Халуун тогоо” нэртэй ном хэвлүүлсэн. Нобелийн шагналт зохиолч Мо Яний “Эцгийн хөрөг” зохиолыг хөрвүүлсэн. Хятадын эртний гүн ухааны сонгодог судар бичиг, нийгэм, улс төрийн сэдэвт бүтээл, эрдэм судалгааны өгүүлэл, орчин үеийн болон хүүхдийн уран зохиол, толь бичиг зэрэг бараг бүх төрөл зүйлээр орчуулга хийжээ.
Дэлхийд нэр нь түгж алдаршсан, эртний Хятадын гүн ухааны сонгодог бүтээлүүд болох “Дөрвөн бичиг”-ийг эх хэлнээ хөрвүүлж, ун шигч олны хүртээл болгосон. Энэ бол “Шүүмжлэл өгүү лэл”, “Их суртахуй”, “Хэв дундын ёсон”, “Мэнз бичиг” зэрэг сонгодог судар бичиг юм. 1830-1840-өөд оны үеэс англи, франц, герман, итали зэрэг дэлхийн олон хэлээр хөрвүүлсэн эл сонгодог бүтээлийг уншигч олонд толилуулах сан гэж бөх, бүдүүн зүрх гарган, олон жил нухаж байж бүрэн орчуулж, хэвлүүллээ.
-Эндээс улбаалаад асуухад манай улсад орчуулга, дуун хөрвүүлгийн чанар ямар түвшинд байна вэ?
-Орчуулгын ур чадвар, чанар чансааны тухай яривал тусгай нэг сэдэв болно. Монгол орчуулгын тулгын гурван чулуу гэж хэлж болох үндсэн жаяг зарчмыг 1740-өөд оны эхээр туурвисан “Мэргэд гарахын орон” бүтээлд тодорхой заасан байдаг. Энэ бол яруу найртай, утга төгс, мэдэхүйеэ хялбар хэмээх зарчим юм. Эдгээр зарчим өдгөө ч дуун хөрвүүлэх хэрэгт баримтлах жишиг журам, орчуулгыг үнэлж цэгнэх хэмжүүр болсоор байна. Аливаа орчуулгад энэ гурван зарчим илэрч, тодорч байх ёстой. Өнөөдөр надад тод ажиглагдаж, мэдрэгдэж буй зүйл гэвэл хятад, монгол хэлний нийгэм, улс төрийн чиглэлийн орчуулгын чанарт асуудал байна. Энэ чиглэлээр мэргэшсэн сайн орчуулагч дутагдалтай. Нийгэм, улс төрийн орчуулга бол уран зохиолынхоос эрс ялгаатай. Дээр өгүүлсэн утга төгс зарчим буюу эх бичвэрийг хатуу мөрдөх ёстой юм. Тухайн улс орны тухай мэдлэг маш их шаарддаг. Манайд нийгэм, улс төрийн салбарт буруу зөрүү орчуулдаг, мэдэхгүй, ээдрээтэй зүйл тааралдвал товчлох нэрийдлээр хасаж, танадаг зэрэг олон асуудал байсаар байна. Өндөр дээд түвшинд хэлмэрчилж буй хүний яриаг хөндлөнгөөс сонсо ход тухайн хүний хэлж байгаа зүйлийн дөнгөж 60-70 хувийг орчуулаад, үлдсэнийг нь ор тас хаяж гээх юм уу, буруу зөрүү илэрхийлдэг гэм түгээмэл ажиглагддаг. Тийм учраас манайд нийгэм, улс төрийн сэдвээр орчуулах, хэлмэрчлэх хэрэгт зохих газрууд нь онцгой анхаарал тавьж, тухайлсан сургалт, судалгаа сайтар хийх, чадвар тай хүнийг тусгайлан бэлтгэх зайлшгүй шаардлагатай мэт бодогддог юм.
-Сүүлийн үед та ямар бүтээлд төвлөрч байна вэ?
-Цар тахалд “хашигдаж” суух зууртаа ном бичгийн ажлаа хийж л байна. Саяхан “Би уулын хүн” дуртгал, бодролын ном бичиж, хэвлүүллээ. “Си Зиньпин төр улсыг засах тухай” гэдэг томоохон бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн тухай өмнө нь дурдсаныг та санаж буй байх. Энэ том бүтээлийн хоёрдугаар ботийг манай орчуулагчдын баг хөрвүүлж дуусаад, хэвлүүлэхэд бэлэн болсон. Гуравдугаар ботийг нь орчуулах талаар Хята дын талын хэвлэлийн газартай ярилцаж байна. Удахгүй орчуулгын ажил эхлэх болов уу. Миний хувьд сүүлийн хугацаанд “Күнз хийгээд түүний шавь нар”, “Күнзийг зургаар өгүүлэхүй”, “Лаоз хийгээд даогийн сургаалтан” зэрэг ном орчуулж, хэвлүүлсэн. Одоо бидний хийж байгаа томоохон ажил гэвэл Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Бээжингийн Хэлний их сургууль, Хятадын “Phoenix” боловсролын хэвлэлийн газар хамтран “Хятадын соёлын мэдлэгийн тайлбар толь”-ийг монгол хэлээр орчуулан хэвлүүлэх төсөл юм. Хэмжээ далайц, сэдвийн хүрээгээрээ Монголд хийж байгаагүй томоохон ажил. Ма най найрамдлын нийгэмлэгийн нэг гол ажил гэж хэлж болно. 2022 онд хэвлүүлж, олонд толилуулахаар шамдаж байна. Дээр өгүүлсэнчлэн ойлголцол, итгэлцлийн “хомсдол” олон учир шалтгаантай боловч түүний нэг нь сэтгэлгээ, соёлыг нь таньж мэдээгүй, дулимаг мэдлэг, ойлголтоос үүдэлтэй гэж хэлж болох байх. Най рамдлын нийгэмлэгийн оролцоотой бүтээж байгаа “Соёлын мэдлэгийн тайлбар толь” тэрхүү “хомсдол”-ын орон зайг нөхөхөд тодорхой хувь нэмэр оруулна гэж итгэж байна.
-Та нэгэнтээ “Бид хятад хүн судлалыг түлхүү урагшлуулбаас зохилтой” гэж хэлсэн. Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад хүний хооронд хэр хол зай бий бол. Өөрөөр хэлбэл, бид хөрш үндэстнээ хэр судалж, таньсан ард түмэн бэ?
-Өнөөдөр Хятад орон хөгжлийн хурд, эдийн засгийн хүчин чадал, шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжлөөрөө дэлхийн цээжнээ цолгорон гарч, манлайлах боллоо. Хятад улсын мандан бадрал, хөгжил цэцэглэлтийн гол цөм нь яах аргагүй хятад хүн юм. Харин бид тэрхүү хятад хүнийг, түүний сэтгэлгээ, соёлыг таньж мэдсэн нь нэн хомс, дутуу дулимаг гэж хэлбэл нэг их хилсдэхгүй байх. Хятад хүний сэтгэлгээ, соёлын олон онцлог, тухайлбал, хэтэрч үл халих, дутаж үл дундрах “хэв дундын ёсон”, дотогшоо чиг шулуун, гадагшаа тойруу дугариг “дотроо хатуу чанга, гаднаа сул зөөлөн” оршин амьдрахуйн ухаан, үзэл бодлоо ил тод, шууд шулуун илэрхийлдэггүй “далд битүүлэг” шинж, дотогшоо хандсан соёл, соёлын гүн ча надад агуулагддаг “төвд тэмүүлэх хүч” зэргийг судалж мэдвээс зохилтой юм.
Хөрш үндэстнээ зөв таньж, сэтгэлгээ, соёлынх нь уг сурвалжийг сайтар ухаж мэдвээс бид Хятад улстай тэгш зөв, зүй зохистой харилцаж чадна. Тэгж харилцаж чадваас олон зүйлийн оньс түлхүүрийг олж, улс хийгээд хүмүүн хоорондын харилцаанд элдэв омтгой хэрэг, осол цалгар явдал гарах нь цөөрч, харилцаа тэгш сайхан хөгжиж үндэс болно.