Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийг энэ долоо хоногт зарлахаар болжээ. 450 МВт-ын хүчин чадалтай энэхүү станц ашиглалтад орсноор, говийн бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэх юм. Тус бүтээн байгуулалтыг 2025 онд багтаж дуусгахаар төлөвлөж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ талаар "Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана. Засгийн газраас "Оюу толгой" компанитай байгуулсан гэрээний дагуу тус ордын эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах ёстой. Тус компани одоогоор БНХАУ-аас 110-120 сая ам.доллароор эрчим хүч авч байгаа. "Тавантолгой" ДЦС ашиглалтад орсноор Оюутолгойгоос энэ хэмжээний ашиг олох боломжтой. Уг ДЦС-ыг барихад 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол гарсан" гэлээ.
Уг нь байгуулсан гэрээ, төлөвлөсөн ёсоор бол Тавантолгой дулааны цахилгаан станцын барилгын ажлыг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлэх байжээ.
Бэлтгэсэн Б.Содгэрэл