Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.
-“Nodoublestandart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр, Б.Монголхүү нар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байна. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан хийх эрх зөрчигдсөн, эсэх талаар Хүний эрхийн эрхийн үндэсний комисс дүгнэлтээ гаргасан уу?
-Иргэн Э.Одбаяр ХЭҮК-т гомдол гаргасан. Иргэн Б.Монголхүү гомдол гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн
Есдүгээр сарын 18-наас эхлэсэн “Nodoublestandard” эсэргүүцлийн арга хэмжээ, 30-нд нь Сүхбаатарын талбайд гутал, бусад эд зүйлийг оруулахтай холбоотойгоор цагдаа, иргэдийн хооронд маргаан үүссэн үеэс ХЭҮК үйл явцад хяналт тавьж байгаа. Эхний ээлжинд нөхцөл байдалд хэвлэл мэдээлэл, нийтийн сүлжээнд тавигдсан баримт, эх сурвалж, цагдаагийн алба хаагчдын амаар өгсөн мэдээлэлд үндэслэн хянадаг.
Энэ хэрэг явдлын тухайд есдүгээр сарын 30-нд маргаан, тэмцэл гарах үед Сүхбаатарын талбайд явж байсан иргэд гэрчийн хувиар болсон явдлыг ХЭҮК-т мэдээлсэн. Үргэлжилсэн шинжтэй үйл явдлуудад шалгаж, тогтоох цөөнгүй асуудал бий. Эдгээр асуудлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн холбогдох албан тушаалтнууд, алба хаагчдаас тайлбар авах шаардлагатай байгаа. Эл үйл явдлын талаар дүгнэлт гаргах ажиллагаа ХЭҮК-т үргэлжилж байна. Мөн одоо үргэлжилж байгаа өлсгөлөн, үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа.
-Тэнд хүний эрх зөрчигдсөн юм уу, үгүй юү гэдэгт ХЭҮК дор дор нь дүгнэлт гаргаад явах ёстой гэсэн хүлээлт олон нийтэд өндөр байдаг л даа.
-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар ХЭҮК бол хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавьдаг байгууллага. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах бол төрийн үндсэн үүрэг. Энэ үүргээ хэрэгжүүлэх үүднээс төрийн байгууллагуудын тогтолцоо, ажиллагаа, шударга ёсыг сэргээн тогтоох шүүх эрх мэдэл, сонгууль, боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо, дэд бүтэц гээд энэ бүгдийг ажиллуулах үндсэн үүрэг хүлээсэн байгууллагууд бий. Жагсаал цуглааны тухайд бүртгэх үүргийг Засаг дарга, хэв журам сахиулах үүргийг цагдаагийн байгууллага хариуцна. Энэ тогтолцоо зохих ёсоор ажиллаж байвал тэнд ХЭҮК-ын хяналт, оролцоо шаардлагагүй гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр тийм биш, нөгөө талаас төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэл муу байгаагаас асуудалд хяналт тавих ХЭҮК-ын оролцоог их шаарддаг. Хүний эрхийн талаас нь мэргэжлийн, хараат бус хяналт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага болохынхоо хувьд үндсэн тогтолцоог ажиллуулах, үүний тулд шахалт үзүүлэх, зөвлөн туслах нь манай ХЭҮК-ын үүрэг юм. Жагсаал, цуглаан, төрийн үйл ажиллагааг эсэргүүцэж, шүүмжлэх үйл явц бол ардчилсан нийгэмд байдаг хэвийн үзэгдэл. 2021 онд 200 орчим жагсаал, цуглаан үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээ болсны ихэнх нь хэвийн, иргэд, цагдаагийн алба хаагчдын хооронд үл ойлголцол, маргаан гараагүй. Харин жагсаалын үеэр мөргөлдөөн, үл ойлголцол гарсан тохиолдолд ХЭҮК гарцаагүй хяналт тавьж, оролцох ёстой.
-Энэ хяналтаа яаж хэрэгжүүлдэг вэ?
-Цагдаа, үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн хооронд маргаан, үл ойлголцол гарсан, цагдаа албадлага хэрэглэсэн тохиолдолд ХЭҮК эхний ээлжинд хоёрдогч эх сурвалжийн баримтад үндэслэж хяналт тавьдаг гэж түрүүнд хэлсэн. Харин нөхцөл байдал хүндэрч, жишээлбэл, долдугаар сарын 1-нийх шиг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсвэл ХЭҮК газар дээр нь ажиллах шаардлагатай. Энэ онд 11 жагсаал, цуглаанд газар дээр нь ажилласан байна. 200 гаруй жагсаал цуглааны 50 гаруй жагсаал, цуглааны үйл явцад ажиглалт хийжээ.
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ЦАГ ҮЕЭСЭЭ ХОЦОРЧЭЭ
-Тэдгээрт ямар нийтлэг дүгнэлт гаргасан бэ. Өнгөрсөн оны хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл бүхэлдээ цар тахлын үеийг хамарсан. Ийм онцгой үед хүний эрх, тэр дундаа улс төрийн эрх чөлөө хэр хангагдсан гэж дүгнэсэн болон түүний мөрөөр юу хийсэн, нөхцөл байдал дээрдсэн, эсэх талаар та хариулт өгөхгүй юү?
-Хүний эрх зөрчигдсөн, зөрчигдөх эрсдэл үүссэн нөхцөл байдал тогтоогддог. Энэ талаар тухай бүр ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмж, дүгнэлт гаргадаг. Хүний эрх зөрчигдөх хоёр үндсэн шалтгаан байна гэж үздэг. Нэгдүгээрт, энэ үйл явцыг зохицуулдаг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталсан. Энэ хууль цаг үеэсээ хоцорчээ. Энэ хуулиар иргэд хуран цуглаж үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх боломж, нөхцөл, баталгаа, горимыг боломжит дээд төвшинд баталгаажуулахынхаа зэрэгцээ сэтгэл хөөрөл, сэтгэлийн хөдөлгөөнд ихэвчлэн суурилж явагддаг. Өрнөлийг нь зарим тохиолдолд тааварлах боломжгүй энэ үйл явцын үеэр нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн болон жагсагчдын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ хууль сахиулагч хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бас бүрдүүлэх ёстой. Гэтэл ийм зохистой тэнцвэрийг бий болгох процессын зохицуулалт байхгүй юм. Нөгөө талаас одоогийн хуулиар жагсаал, цуглаан хийх тухайгаа Засаг даргад бүртгүүлнэ гэж байгаа ч үнэн хэрэгтээ зөвшөөрлийн механизм ажиллаж байгаа. Нэгэнт хуульд жагсаал, цуглааныг бүртгүүлэх ёстой гэж заасан тул энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд цагдаа албадан тараахаас өөр аргагүй байдал үүсдэг. Энэ нь цагдаа ба иргэн зөрчилдөх шалтгаан болдог. Мөн өлсгөлөн зарлах эрх зүйн зохицуулалт байхгүй, үзэл бодлоо илэрхийлэх шинэлэг, бүтээлч хэлбэрийн арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулалт байхгүй зэрэг асуудал их бий. Та бүхэн санаж байвал 2020 оны тавдугаар сард Монголын үйлдвэрчний эвлэлээс “Багажнуудын жагсаал” гэж хийсэн дээ. Тэр бол тайван, цар тахлын халдвар тараах ямар ч эрсдэлгүй арга хэмжээ байхад дэлгэсэн багажийг хурааж авсан. Ингэх шаардлагагүй, хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл байсан. Дараагийн шалтгаан нь жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулж байгаа цагдаагийн алба хаагчийн ур чадвар, хандлагад бас асуудал бий.
-Тантай санал нэг байна. Хуулиас гадна цагдаагийн алба хаагчид, хууль сахиулагчдын хандлага, харилцаанаас болж асуудал төвөгтэй болоод байх шиг санагддаг.
-Үнэндээ нийгмийн хэв журмыг сахиулж байгаа цагдаагийн алба хаагчдад цэгцтэй сургалт явуулахгүй байна. Жагсаал, цуглааны үеэр хэрхэн сөргөлдөөн, эсэргүүцлийг намжаах ур чадвар суулгах хэрэгтэй. Иргэд үзэл бодлоо ийм замаар илэрхийлэх нь ардчилсан нийгмийн хэвийн үйл явц учраас гачигдуулж, хясахгүйгээр нийгмийн хэв журмыг сахиулах туршлага, ур чадвар, сэтгэлзүй, хандлага бэлтгэгдээгүй байна. Харин өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэв журам сахиулдаг цагдаагийн 200 гаруй алба хаагчид сургалт явуулах хүсэлтийг ХЭҮК-т гаргасныг бид талархан дэмжиж байна. Энэ хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх учиртай. Мөн хууль сахиулагчдыг бэлтгэдэг тогтолцоогоор нь хүний эрхийн мэдлэг олгох хөтөлбөр бий болгохоор ажиллана.
-Хууль нь муу, тэрийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь мэдрэмжгүй, чадваргүй байна. Ийм нөхцөлд жагсаал, цуглааны үеэр хууль сахиулагчид хүний эрхийн илт зөрчил гаргасан тохиолдол олон байна уу?
-Цагдаа нар жагсагчдын биед халдаж, эрүүл мэндийг нь ноцтой хохироосон зүйл одоогоор алга. Харин түлхэлцсэн, толхилцсон, эд зүйл булаацалдсан, хэл амаар доромжилсон, маргасан тохиолдол олон гардаг. Тухай бүрт нь цагдаагийн холбогдох албан тушаалтанд сануулаад явж байна. Ер нь хүний биед шууд ноцтойгоор халдахгүй ч гачигдуулах замаар үзэл бодлоо илэрхийлэх үйл явцыг хязгаарлах хандлага ажиглагдаж байгаа. Жишээлбэл, өлсгөлөнгийн үеэр чанга яригч тасралтгүй ажиллуулах гэх мэт. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд хамгаалалтын бүс тогтоох зохицуулалт бий. Хамгаалалтын бүсийг ямар хүрээнд, хэрхэн тогтоох вэ гэдэг зохицуулалт байхгүй учраас дур зоргийн шинжтэй тогтоох байдал ажиглагдсан. Жишээ нь Сүхбаатарын талбайд үйл явдал болж байхад Эрх чөлөөний талбайг хамруулж, хамгаалалтын бүс тогтоох шаардлагагүй юм.
-ХЭҮК, гишүүнийх нь дүгнэлт, зөвлөмж ер нь хэр хүчтэй юм бэ?
-Комиссын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хамгийн түгээмэл гаргадаг эрх зүйн акт бол шаардлага, зөвлөмж. Зөвлөмжийг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс, шаардлагыг зөрчлийг таслан зогсоох зорилгоор гаргадаг. Гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах энэ хоёр баримт бичгээс гадна ХЭҮК-ын зөвлөмж гэж бий. Энэ бол ХЭҮК-ын бүх гишүүний зүгээс, институцынхээ хувьд гаргаж байгаа бодлого, тогтолцооны шинжтэй, өөр баримт бичиг. Хуульд зааснаар ХЭҮК-ын гишүүний зөвлөмж, шаардлагыг авсан байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. ХЭҮК-ын гишүүний зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй нь тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлж, огцруулах үндэслэл болно гэсэн заалт мөн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд бий. Хамгийн сүүлд ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг биелүүлээгүй учраас хэд хэдэн аймгийн Засаг даргад хариуцлага тооцуулах саналыг Комиссоос Ерөнхий сайдад хүргүүлсэн.
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ БАРИМТ МАТЕРИАЛЫГ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ДЭЛГЭСЭН НЬ ХҮНИЙ ЭРХИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ
-Хуулийг нь харахаар хүчтэй ч бодит байдал нь өөр байдаг.
-Бидэнд зөвлөмж, шаардлагынхаа хэрэгжилтийг газар дээр нь эргэж шалгадаг, биелүүлээгүй албан тушаалтантай хариуцлага тооцох байдлаа сайжруулах бодит шаардлага бий. Барьж авсан ажлынхаа үр дүнг зохих ёсоор тооцоход тулгардаг хамгийн том бэрхшээл бол хүний нөөцийн асуудал. Шинээр батлагдсан хуулиудаар ХЭҮК-ын чиг үүрэг нэмэгдсэн, цаашид өсөх хандлагатай байна. Мөн цар тахалтай холбоотойгоор ХЭҮК-т хандах иргэдийн гомдол, мэдээлэл, хяналт тавих ёстой асуудал эрс нэмэгдсэн. 2021 оны аравдугаар сарын байдлаар иргэдээс 900 гаруй гомдол, мэдээлэл ирүүлээд байна.Тэдгээрийн 50 хувь нь бусад байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал байхад 50 хувьд нь манайхаас ажиллагаа хийгддэг. Өдөр тутмын хүний эрхийн асуудал, зөрчлийг шалгах, хяналт тавихын хажуугаар тогтолцооны шинжтэй, бодлогын шалгалтууд бас бий. Энэ асуудлыг ХЭҮК-ын Тамгын газарт одоогийн байдлаар 5 хүн хариуцан гүйцэтгэж байна гээд бод доо. ХЭҮК-ын төсөв, хүний нөөцийг нэмэгдүүлэхгүйгээр энэ байгууллага хэвийн ажиллах боломжгүй нөхцөлд хүрсэн. Ер нь хүний эрхийн зөрчил, асуудал нийгмийн бүхий л салбарт бий. Би хувьдаа ХЭҮК-оос бодлогынхоо тэргүүнд тавих ёстой асуудал бол төрийн бодлогоос орхигдсон хүн ам гэж үздэг. Мэдээж жагсаал, цуглааны хийх ардчилсан орон зайг хамгаалах нь чухал. Гэтэл нийгэмд дуу хоолойгоо хүргэх хүчгүй, “зэвсэг”-гүй, боломжгүйн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохироод явж байгаа өчнөөн зуун мянган хүн байна шүү дээ. Нэн ядуу амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй, ахмад настан, шилжин суурьшигч, хөдөөгийн хүн амьд тулгамдсан, оршихуй, шударга ёстой холбоотой асуудлуудыг баримттайгаар гаргаж ирэн, төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх нь ХЭҮК-ын үүрэг.
-Тантай уулзсаных асуух зүйл байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт материалыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн нь хүний эрхийн зөрчил, эсэх талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Хүний эрхийн болон эрүүгийн эрх зүйгээр хамгаалдаг гэм буруугүйд тооцогдох зарчим гэж бий. Энэ бол шударга ёсыг тогтооход баримталддаг тулгуур зарчмуудын нэг. Монгол Улс соёрхон баталсан, өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн дагуу манай хууль тогтоомжийн нэг хэсэг болсон Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт гэж олон улсын гэрээ байдаг. Энэ Пактын 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй” гэж заасан. Хүнийг гэм буруутай харагдуулах баримтыг шүүхээс өмнө олон нийтэд дэлгэж тавьдаг, нийгмийн дургүйцэл, үзэн ядалтыг өдөөх замаар наана нь яллах, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх ноцтой зөрчил түгээмэл гарч байгаа нь нууц биш. Зүй нь шүүх хуралдааны үеэр ч яллагдагчийг гэм буруутай харагдуулахуйц, сэтгэгдэл төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэх, тухайлбал, гав хэрэглэх, суудал сандал, байршлыг тогтоохдоо гэм буруугүй тооцогдох зарчмыг харгалзаж үздэг, хүндэтгэн сахидаг олон улсын стандарт бий. Ийм зөрчлийг таслан зогсоох ёстой.