Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат И.Ууганбаярыг “Залуус” буландаа урилаа. Түүний аав, ээж нь өдгөө Бүрдэд амьдарч буй бол тэрбээр гурван эрэгтэй дүүгийн хамт Улаанбаатарт суурьшаад дөрвөн жил орчим болжээ.
Оютнууд, цэргийн алба хаагчдыг ургац хураалтад дайчлаад багагүй хугацаа өнгөрсөн. Танай сургуулийнхан төмс, хүнсний ногоо хураахад гурван намар оролцжээ. Та нарыг орчин цагийн илгээлтийн эзэд, атар газар эзэмшигч гэж бодох хүн цөөнгүй, ногооны талбайд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Манайх, Цагдаагийн академийнхан, Хөдөө аж ахуйн болон Монгол Улсын боловсролын их сургуулийнхан, хугацаат цэргийн албан хаагчид Төв, Сэлэнгэ аймаг руу ургац хураалтад явдаг. Би гэхэд гурван намар Төв аймгийн Жаргалант сумд очиж, төмс, лууван хураасан. Анх 2019 онд есдүгээр сарын эхнээс 12 хоног сангийн аж ахуйд ажиллаж үзлээ. 30 гаруй залуу шалмаг ажилласаар 56 орчим га талбайн төмсийг 12 хоногт хураан, хугацаанаас нь өмнө ажлаа дуусгасан. Голдуу нэгдүгээр дамжааны оюутнууд л үзэж тарсан.
Би хөдөө морь унаж, мал хариулж хар бор ажил хийж өссөн ч төмс хураасан эхний 3-4 хоногт бараг босож чадахаа больтол бие буларч, хөндүүрлэж байлаа. Өдрийн 8-10 цаг төмс хураан, байнга тонголзоход нуруу их чилж, тасрах нь уу гэлтэй өвддөг юм билээ. Улаанбаатарын зарим хүүхэд босож чадахгүй, эмчид хандаад ажилдаа ч гаралгүй ганц, хоёр хонож байв. Тэгээд дөрөв, тав дахь хоногоос өвдөж, булрах нь гайгүй болж ажилдаа жигдрээд ирдэг. Тухайн үед хөдөө гэрээсээ ирээд удаагүй байснаас хоол нь мах багатай, ногоо ихтэй, амт муутай санагдаад болдоггүй. Бас очсон эхний өдөр л үдийн хоол идэх гэтэл нэгдүгээр хоолны хөнгөн цагаан аяга нь нэлээд бохир харагдсан юм. Хоол ч таалагдаагүйг хэлэх үү, сэжиг хүрээд гурван өдөр дараалан өдөр, оройн хоол идээгүй. Тэгсэн дөрөв дэх өдрөөсөө ядраад талбайд ажиллаж чадахгүйд хүрсэн. Ус, цай уугаад яваад байхаар бие сульддаг юм билээ. Дөрөв дэх өдрөөсөө хоол ч амттай санагдаад, аяга, таваг нь ч цэвэрхэн харагдаж эхэлсэн дээ. Төд удалгүй л орчин нөхцөлдөө дасаад, хоолоо үлдээхгүй идчихээд ажилдаа гүйдэг болсон.
-Хоол идэхгүй байсныг чинь ажиллуулж байсан компанийнхан нь анзаараагүй хэрэг үү?
-Олон оюутан нэг дор хооллоход хэн хоолоо идсэн, идээгүйг төдийлөн анзаараагүй байх. Тэгээд ч дарга нартаа бол хэлэхгүй. “Юу яриад байгаа нөхөр вэ” гээд загнуулахын нэмэр. Өөрөө л тэрүүхэн тэндээ хоолоо идэлгүй үлдээж, шингэн юм уучихаад яваад байсан хэрэг.
-Дараагийн удаа явахад ямар байв. Найз нөхөдтэй болов уу. Ажлаа дуусгачихаад юу хийдэг вэ?
-Бид өдөрт 8-10 цаг ажилладаг. Өглөө 06.00 цагт ажлаа эхлүүлээд 18.00-20.00 цагт бууна. Өглөөний цай уун, өдөр, орой нэг, хоёрдугаар хоол иддэг. Талбайд анх очиход л төдөн га газрын ургацыг тэдэн хүн хураана гэж зааж өгдөг юм. Эрчтэйхэн ажиллавал хугацаанаасаа өмнө ажлаа дуусна. Цаг агаар таатай, дулаан өдөр ажлаа амжуулахгүй бол бороо орж, хүйтрэх үед байрнаасаа гарахгүй өнждөг. Тэгээд ч богино хугацаанд ургац хураалгахаар биднийг дайчилдаг учраас алгуурлах арга байхгүй.
Ноднин манай ангийнхан болон хугацаат цэргийн албан хаагч нийт 60 орчим залуу Жаргалантад очсон даруй таван хоног бороо орж, талбайд ер гараагүй. Тэр үед бид гитар тоглон, барилдах зэргээр өөрсдийгөө хөгжөөж байсан. 60-аад хүн дөрвөн гитартай. Ээлжилж тоглон, хит болж буй дуунууд дуулаад өнжчихнө. Хоол, цайны цагаараа л гарч хооллох жишээтэй. Ингэснээр ажил сунжирч бид 25 хоносон. Бараг дөрвөн долоо хоног нэг байранд байрлан, хамт хонож, өнжиж байгаа улс найз нөхөд бололгүй яах вэ. “Онжав”-ууд шүү дээ.
Жаргалант руу бид ирж, очихдоо “бүхээгтэй ногоон” буюу “Зил-130” автомашинаар явдаг. Нэг автомашинд 25-уулаа сууна. Бараг 130 гаруй км шороон замаар сэгсчүүлнэ. Дуулаад л яваад байхад ер ядарсан мэдрэмж төрөхгүй. Өглөө үүрээр Улаанбаатараас гарч, 07.00-08.00 цагт хүрдэг. Яг очих үед гал дээр чанасан хар цай, жимсний чанамал, “Атар”-ыг дөрөв хуваасан дайны хэмжээтэй гараар барьсан талх бэлтгэчихсэн байдаг нь тун амттай. Нэг хүн нимгэн хоёр гудас, нэг хөнжил бас хэдэн хувцас хийсэн пүүгээтэй. Машин дээрээс пүүгээгээ шидээд л араас нь үсрээд, үсрээд бууж байгаа найзуудыгаа харахад бахтай ч юм шиг санагддаг.
-Ер нь ургац хураалтад явахад ямар зарчим баримталж, багш нар чинь юу захидаг вэ?
-Бид цэргийн сургуулийнхан учраас тун дэгтэй. Тодорхой цагт унтана, хооллоно, амарна. Гар утас хэрэглэхгүй, зурагт байхгүй. Цагийн хуваарийн дагуу ажиллаад байхад дарга нар тэг, ингэ гэхгүй. Хугацаат цэргүүд бол нормын хувцастайгаа ажилладаг. Бид нормын хувцсаа хайрлаад өмсдөггүй. Гэрээсээ муу хувцас авч явдаг. Сонсогчдод жилд хоёр удаа албаны хувцас олгодог юм. Өмд, китель, гадуур хүрэм, дотуур цамц нэг жилд ердөө хоёр, хоёрыг авна гэсэн үг. Тэгэхээр хувцсаа хайрлахгүй бол болохгүй. Дээр дурдсанаар ажлаа эртхэн дуусвал гитар тоглож, хэсэг барилдана. Би барилдах дуртай. Есдүгээр ангиасаа хойш сумынхаа наадамд барилдсан цолгүй бөх. Жаргалантад очсон 30-60 залуугийн олонхыг нь хаяж байсан.
-Гурван жил дараалан ургац хураалтад ажиллаад хэдэн төгрөгийн цалин авав?
-Цалин авч үзээгүй. Харин энэ намар 14 хоног төмс хураагаад, Улаанбаатарт ирэхийн өмнө дансны дугаар авсан. Мөнгө өгч магадгүй юм шиг байна лээ. Гэхдээ өмнөх хоёр жилд нь цалин аваагүй учраас найдахгүй байна. Бид чинь цэргийн хүмүүс, улс оронд хэрэгтэй хүнсний ногоо хураах ажилд оролцдог гэдэг утгаараа цалин хөлс өгдөггүй байх.
-Талбайд ажиллаж байхад өлсөж, цангах уу. Хоол, хүнсний хангамж нь хэр байдаг юм бэ?
-Хугацаат цэргүүд болон сонсогчид бидэнтэй тогооч нар хамт явдаг. Тухайн аж ахуйн нэгжийн ажилчдынхаас өөр хоол иддэг гэсэн үг. Өлсөж, цангаж үзээгүй ээ. Бид чинь цэргийн хүмүүс учраас цагаар хооллоод сурсан. Хоол нь ерөнхийдөө ногоо ихтэй ч амт, чанар сайн.
-Өвөрхангай аймгийн Бүрд сумынх ч нийслэлд суурьшин, дүү нартайгаа хамт амьдардаг гэсэн. Хотод хэр идээшиж байна?
-Манайх дөрвөн хошуу, цөөнгүй тооны малтай айл. Аав минь аймгийн сайн малчин. Дүү нар бүгд ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Манайх сумын төвөөсөө 20 орчим км-ийн зайд нутагладаг. Хичээл эхлэхэд гурван дүүтэйгээ сумын төвийн гэртээ амьдарч, баасан гарагт, хичээлээ тараад хөдөө гэр лүүгээ явж хэвшсэн. Би оюутан болоход манайх гурван газарт хуваагдаж амьдарснаас хотод суурьших нь зүйтэй гэлцэн энд ирсэн юм. Аав, ээж хоёр хот, хөдөөгийн хооронд ирж очин, би дүү нартайгаа одоохондоо Баянхошуунд авга эгчийнхээ хашаанд, гэрт амьдарч байгаа.
-Коронавирусийн улмаас их, дээд сургуулиуд цахимаар хичээллээд бараг хоёр жил боллоо. Ажил хийх зав зай гарч байна уу?
-Барилгын туслах ажилчнаар өдрийн 40 000-50 000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Зуны амралтаараа 2020, 2021 онд сонгуулийн ажилд оролцон 400 000 орчим төгрөгийн цалин авч байлаа. Ер нь зав зай гарвал ажил хийж, хэдэн төгрөг олохыг боддог.
-Оюутнууд сургуулиа төгсөөд гадаад явах нь цөөнгүй. Ирэх намар дөрөвдүгээр курсэд орж, удахгүй сургуулиа төгсөх нь. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Гадаад руу явна гэж боддоггүй. Цэргийн хүний хүрч болох өндөрлөгт хүрч, хамгийн дээд цолыг авч, сайхан амьдрах бодол бий.
-Генерал болох нь ээ. Танай сургуулийн төгсөгчдийг энд, тэнд хуваарилан ажиллуулдаг. Хаана ч очсон бэлэн байна уу?
-Тийм ээ. Хаана ч хуваарилагдсан явна. Миний найз охин манай сумынх, бид нэг ангийн хоёр. Хоёулаа сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хаана ч очин ажиллаж, амьдарч чадна гэж ярьсан зүйл бий.