УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн билээ. Нэр бүхий гишүүдийн өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн уг төслөөр эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс прокурорт буцаадаг, эсвэл дахин хэлэлцүүлэхээр болдог зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаад буй юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Алтангэрэлээс дээрх хуульд оруулахаар хэлэлцэж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
-Б.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүхээс хэрэг буцаадгийг болиулна хэмээж буй. Ийм боломж бий юү?
-Б.Энхбаяр гишүүний санаачилсан хуулийн төслийг шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаадаг явдлыг таслан зогсоох зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж байгаад шүүгчээс прокурорт үүрэг өгч 30 хоногийн хугацаанд шүүгдэгчид оногдуулсан зүйл хэсгийг хүндрүүлэх, тэдний гаргаж өгсөн баримт, хүсэлтийг шийдвэрлэх гэсэн зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байна гэж ойлгосон.
Шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаадаг явдлыг зогсоох нь зөв гэж би хувьдаа боддог. Гэхдээ хэргийг буцаахгүй гээд хуулийнхаа үзэл баримтлалыг зөрчиж болохгүй гэж бодож байна. Учир нь гэмт хэрэг гарсан, эсэх, гэмт хэргийг үйлдсэн этгээдийг тогтоохын тулд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нотлох баримтыг бүрдүүлдэг. Харин шүүх зөвхөн цугларсан баримтад үнэлэлт, дүгнэлт хийж шийдвэрээ гаргадаг болохоос биш, хэрэг шүүхэд шилжсэн байхад шүүх хуралдааныг хойшлуулж байгаад оролцогчдын нэг тал болох улсын яллагчид үүрэг чиглэл өгч, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж болохгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд шүүгч идэвхгүй байр суурьтай оролцож, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоодог гол үзэл баримтлалыг зөрчсөн үйлдэл болно гэж бодож байна.
-Уг нь 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг батлахдаа ийм санаа оруулж байсан нь яагаад үгүй болсон юм бэ?
-2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн гэм буруугийн хуралдаанаас хэргийг буцаадаг байсныг болиулсан. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гэм буруугийн хуралдаанаас болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаадаг өөрчлөлтийг 2019 онд хуульд оруулсан байдаг. Уг нь анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг давж заалдах болон хяналтын шатны шүүх хүндрүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт Цэц гаргасан байсан.
-Хэрэв шүүхээс хэрэг буцаахгүй бол-бол бүх хэргийг шүүхээр хэлэлцэж байж хэрэгсэхгүй болгох боломж бүрдэх үү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор цугларсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргахдаа хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Хэдийгээр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй боловч энэ шийдвэр эцсийн бөгөөд өөрчлөх боломжгүй гэж ойлгож болохгүй. Хуульд заасан үндэслэлүүд болох оролцогчийн гомдол, мөрдөгчийн санал зэрэгт үндэслэн дээд шатны прокурор тухайн шийдвэр гаргасан прокурорын шийдвэрийн үндэслэлтэй, эсэхийг холбогдох хэргийг хянах замаар давхар нягталдаг. Мөн тухайн шийдвэр гаргасан прокурорын дээд шатны прокурор болох нэгжийн ерөнхий прокурорын шийдвэрийг дээд шатны прокурорын газраас мөн хуульд заасан үндэслэлээр бас хянадаг хуулийн зохицуулалттай. Тэгэхээр шийдвэр нь буруу тохиолдолд засагдах бүрэн боломжтой гэж ойлгох хэрэгтэй.
-Эрүүгийн хэргийн, ялангуяа авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, гэм буруутайг нь шүүх тогтоосон ч эрүүгийн хариуцлагаас мултарсаар байна. Үүнийг дахин өөрчлөх боломж байна уу?
-Энэ гажуудлыг 2020 оны Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар засчихсан юм л даа. Гэхдээ зөвхөн Эрүүгийн хуульд л байдаг гол зарчим болох яллагдагчид ашигтай хуулийг буцаан хэрэглэх заалтыг үндэслэн энэ хууль хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн бүх хэргийг өмнөх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэхээс өөр аргагүй болж, олны анхаарал татсан хэргүүд хэрэгсэхгүй болоод байна. Түүнээс биш хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг гарснаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэл тоолдог байсныг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар зогсоодог болсон тул 2020 оны нэгдүгээр сараас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал бараг гарахгүй байх.
-Яагаад бараг гэж?
-Түрүүн хэлсэн шинээр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн байцаалт явуулах ерөнхий хугацааг тухайн хэрэгт тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэн хугацаанаас хэтрүүлж болохгүйгээр заасан. Гэхдээ хэргийг прокурорт шилжүүлэхээр мөрдөн байцаалтын хугацааг зогсоогоод дахин шалгаж эхэлснээр үргэлжлүүлэн тоолно. Өмнөх хуулийн үед хэргийг шүүхэд шилжүүлж, хэлэлцээд давж заалдах, хяналтын шатны хурлаар ороод буцаад ирэхэд хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд байх үеийг оруулж тооцдог байлаа. Одоо энэ хугацааг оруулж тооцдоггүй болсноор гажуудлыг зассан гэж үзэж байгаа юм. Тухайлбал, авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хуулийн зүйл хэсгээсээ шалтгаалаад таван жил, түүнээс дээш байдаг. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаан дотроо эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татвал энэ хугацаа хамгийн багадаа 10 жил, түүнээс дээш хугацаагаар шалгах боломжтой болсон.
-“Шүүх эрх мэдэл, хууль сахиулагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр тавьсан илтгэлдээ ЦЕГ-ын дарга “Улс орны өнөөгийн нөхцөл байдал, хуульч эрдэмтдийн судалгаа, хууль сахиулах салбарын алба хаагчдын практик туршлагаас урган гарч байгаа асуудлуудыг судлан үзэхэд 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай улсын хөрсөнд тохирсон гэдэгт санал нэгдэж байна. Бид ч энэ асуудалд анхаарал хандуулж, Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Гэхдээ мөрдөгчийн гаргасан шийдвэр, тодорхой ажиллагааг хяналт тавьж буй прокурор өөрчлөх, хүчингүйд тооцох, даалгавар өгөх эрх хэвээр хадгалах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа тодотгон дурдъя” гэж байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би энд зөвхөн хувийн бодлоо хэлье. Үнэндээ 1964 оны процессын хуулийг ийм байсан, тийм байсан гэж шууд хэлж чадахгүй нь. Хуулиа үзэж байж л ярих нь зүйтэй болов уу. Харин 1987 оны Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас хойших хуулиудыг хэрэглэж байсан болохоор мэднэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн процессын хуулиар л зохицуулдаг. Хүний эрх рүү хуулийн дагуу халддаг ажиллагаа гэдгээрээ эрүүгийн процессын хуулийн хөгжил нь тухайн улсын нийгмийн хөгжлийг тодорхойлдог гэдэг яриа ч бий.
Манай улс нийгмийн тогтолцооны хувьд хүнлэг, ардчилсан улс. Энэ нь процессын хуульд мөн тусгалаа олсон байх ёстой болов уу гэж боддог. Дэлхийд тэргүүлэгч ардчилсан улсуудын эрүүгийн процесс нь шүүх, прокурорын хяналтад, эсхүл зөвхөн шүүхийн шийдвэрээр л хүний эрх рүү халдах зохицуулалтай байдаг. Манай улсын хувьд ч мөн адил энэ зохицуулалт руу л явж байгаа нь процессын хуульд ч тусгалаа олсон гэж бодож байна.
-Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэрэг танай дүүргийн Прокурорын газрын хяналтад байгаа. Олны анхаарал татсан энэ хэргийг дахиад л нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хорьж шалгахгүй байна, хууль тэгш үйлчилсэнгүй гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд гарах болсон. Үүнд хариулт өгөөч.
-Н.Түвшинбаярт холбогдох хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөх байгууллагаас хэргийг шалгаж дуусгаад прокурорт шилжүүлсэн боловч хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нь “Нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна” гээд мөрдөн байцаалтад буцаасан. Мөн хохирогчийн өмгөөлөгч нь дахин шалгуулах хүсэлт гаргасан. Яг ямар асуудлыг шалгуулахаар буцаасныг хэлж болохгүй гэдгийг та мэдэж байгаа биз ээ.