“Алдар” спорт хороо, Малайзын “Тerengganu” багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц сонирхогчдын ангиллаас мэргэжлийн багт хөл тавьж, гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Түүнд гадаадын тэмцээнүүдээс хүртсэн медаль, цом олон бий. Тухайлбал, БНСУ-д 2016 онд болсон Азийн оюутны АШТ-ээс мөнгө, хүрэл медаль зүүсэн бол дараа жил нь БНХАУ-д “Tour of Poyang lake” 13 өдрийн олон улсын уулын дугуйн уралдаанд амжилттай хурд сорьж, 10 өдөр цоохор цамцны эзнээр тодорч байв. Тэгвэл 2018 онд Мьянмарт зохион байгуулсан Азийн АШТ-ий “Under 23” ангиллын бөөн гараатай уралдаанд хүрэл медаль хүртсэн юм. 2019 онд “Tour of Fuzhou” уралдаанд тэргүүлж, “Tour of Xingtai”-д удаалан “Tour of China I, II” олон өдрийн тэмцээнд цоохор (уулын) болон ногоон цамцны (талын бариачны) эзэн болсон юм. Мөн тэр жилээ Тайландын “Tour of Phuket” тэмцээний ганцаарчилан төрөлд хүрэл, багийнхад мөнгөн медаль өвөртөлж, өнгөрсөн жилийн олон улсын тэмцээнд нь түрүүлсэн түүнтэй ярилцлаа.
-Бельги улсад өнгөрсөн сард болсон дугуйн бөөн гараатай ДАШТ-д оролцлоо. Одоо гадаадын ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Монголын дугуйн холбооны нэрэмжит улирлын хаалтын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Тамирчид өндөр зэрэглэлийн уралдаанд оролцохын өмнө бэлтгэл сайн базаах шаардлагатай байдаг. Манай холбоо цар тахлын энэ хүнд үед тэмцээнээ хойшлуулж, өнжилгүй амжилттай зохион байгуулж байгаа. ДАШТ-ий дараа Азийн АШТ-үүд эхэлдэг. Тайландад арванхоёрдугаар сард болох дугуйн олон улсын тэмцээнд Малайзын “Тerengganu” багийнхантай уралдахаар бэлтгэл хийж байна. Бид байнга холбоотой байж, хаана ямар уралдаанд оролцох талаар ярилцдаг. Бельгид болсон бөөн гараатай ДАШТ-д миний хувьд багаар уралдсан тамирчидтай аваргын төлөө өрсөлдөх амаргүй тул өөрийгөө таниулах, мөн улсынхаа дугуйн спортыг сурталчилж оролцсон. Тэмцээнд 268 км зам туулахаас 150-д нь бусдаасаа тасарч уралдахад уралдааны тайлбарлагч миний талаар нэлээд зүйл өгүүлсэн гэдэг. Уралдаанд 200 тамирчин хурд сорьсноос 68 нь замаа дуусгасан нь тэмцээн хэр амаргүй болсныг харуулсан байх.
-ДАШТ-д оролцохын тулд тамирчид өндөр оноо цуглуулдаг. Та Туркад долдугаар сард болсон тэмцээнд Малайзын “Тerengganu” багийнхантай амжилттай хурд сорьж, оролцох эрх авсан байх аа?
-Тэнд болсон уралдаанд багийнхантайгаа оролцож, нэг өдрийн гараатай зургаан тэмцээнээс тавд нь амжилт үзүүлж, нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн дугуйн холбоо тухайн улсын дугуйн холбоог оноогоор нь жагсааж, эхний 50 байрт жагссаныг нь ДАШТ-д оролцуулдаг. Хэрвээ 30-50 дугаар байрт бичигдвэл нэг, 25-30-д гурав, 10-20-д тав, 1-10-т жагсвал долоон тамирчинд эрх олгодог. Монголын дугуйн холбоо 42 дугаар байрт бичигдсэнээр энэ удаагийнхад өрсөлдсөн. Би ДАШТ-д эх орноо төлөөлж оролцсон хоёр дахь тамирчин нь. Өмнө нь 2016 онд ОУХМ Б.Мягмарсүрэн оролцож байлаа. Азийн орнуудаас Казахстан нэг, Монгол хоёр, Малайз гуравт бичигддэг. Миний хувьд амжилтынхаа чансаагаар тивдээ хоёрт жагсаж байгаа. Бельги дугуйн спортын өлгий орон. Үндэснийх нь спортын нэг тул хөгжөөн дэмжигч ихтэй. Тэдний үзэж буй соёл, хүлээж авч байгаа хандлага нь тэмцээний уур амьсгалыг сонирхолтой болгодог.Тэнд дугуйн уралдаан томоохон баяр, ёслол шиг болдог.
-Энэ спортод сэтгэл татагдаж, хөл тавихад юу их нөлөөлөв?
-Хүүхэд байхаасаа спортод дуртай өссөн. Гурван настай байхдаа аав ээжийнхээ авч өгсөн дугуйг унаж сурсан. Би өвөл, тэшүүрээр гулгаж, зун хөлбөмбөг тоглодог байлаа. Спортын дунд сургуулийн VIII ангийн сурагч байхдаа дасгалжуулагч Б.Болдбаатар багшийн шавь болж, дугуйгаар хичээллэсэн. Дугуйтай бэлтгэл хийхэд ачаалал даах, бас хурдтай, хүчтэй байхад тэшүүр, хөлбөмбөгтэй нөхөрлөсөн минь их хэрэг болсон. 2011 онд 16 настайдаа улирлын нээлттэй цуваа гараатай тэмцээнд анх удаа оролцохдоо багшаасаа хэрхэн уралддаг талаар асууж байгаад уралдсан юм. Тэр тэмцээнээс мөнгөн медаль хүртчихээд урам авч билээ. Түүнээс хойш дугуйн тэмцээний өсвөр, залуучууын ангилалд эхний гурван байрт байнга шалгардаг болсон. Манай үеийнхнээс зургаа нь мэргэжлийн тамирчин болж, гадаадын тэмцээнд амжилттай оролцон Азид төдийгүй дэлхийд Монголын дугуйн спортын шинэ үе хэрхэн бэлтгэгдэж байгааг харуулж байна.
-“Алдар”-ын босгоор алхсан цагаас дасгалжуулагч Т.Төгөлдөрийн удирдлагад өнөөг хүртэл хичээллэж байна уу?
-Тийм ээ, 2014 оны гуравдугаар сард тус спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Т.Төгөлдөрт харьяаллынх нь тамирчин болохоор би өөрөө санал тавьж байлаа. Миний хувьд дугуйн тэмцээнээс хоёр төрөлд (кросс, марафон) мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Өмнө нь залуучуудын УАШТ, БНСУ-д болсон томоохон тэмцээнд түрүүлж, өмнөд хөршийн олон улсын тэмцээнд шагналт байрт шалгарчихсан байв.
-Тайванийн “RTS racing” багийнхантай 2016-2018 онд гадаадын тэмцээнүүдэд оролцсон байх аа?
-Т.Төгөлдөр дасгалжуулагч өмнө нь 2016 онд "RTS racing" багийн тамирчин байхдаа тэдэнтэй хамтран ажилладаг байв. Тэрбээр надад тус багийнхантай гадаадын тэмцээнд оролцох санал тавьсан юм. Энэ багт надаас гадна Казахстан, ОХУ, Колумби, Герман,Тайванийн тамирчид уралддаг байсан. 2016 онд гадаадын тэмцээнүүдэд хамт оролцон, дараа нь мэргэжлийн багт хөл тавьж цааш үргэлжлүүлсэн. 2016 онд БНСУ-д болсон оюутны АШТ-ний бөөн гараат уралдаанд мөнгөн медаль зүүсний дараа U23 насны ангиллын бөөт гараатай уралдаанд өрсөлдсөн юм. 2017 онд Хонконгод болсон мэргэжлийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол 2018 онд Мьянмарт зохион байгуулсан Азийн АШТ-ээс мөн хүрэл медаль зүүсэн минь “Алдар” спорт хороонд харьяалагдсанаас хойш тус ангилалд өрсөлдсөн тивийн хоёр дахь шагнал байлаа. Түүнээс хойш насанд хүрч, элит ангиллын уралдаанд оролцдог болсон юм. Тэр жилийн намар БНСУ-д Азийн оюутны АШТ-ий бөөн гараатай 80 км замын уралдаанаас мөнгөн медаль хүртэв. Би тэр үед МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд багш, дасгалжуулагчийн мэргэжлээр сурдаг байсан ч тэмцээнүүдэд оролцож, завгүй явсаар энэ жил төгслөө.
-Тамирчин хүн амжилт гаргах өөрийн гэсэн арга барилтай. Та бөөн гараатай уралдаанаас голдуу медаль, цом хүртсэн байх юм.
-21 насандаа дугуйн спортод өөрийн байр суурийг эзэлж, уралдах арга барилаа олсон. Бөөн гараа миний уралдааны үндсэн гол төрөл. Энэ төрөлд хурд сорьдог 250 тамирчнаас ур чадвараараа цойлж, эхний гурван байрт шалгарах хэцүү. Би бэлтгэл шаргуу хийсний ачаар 2016 онд ӨМӨЗО-ын Шилийн гол аймагт жил бүр зохион байгуулдаг Чингис хааны нэрэмжит “Genghis khan MTB adventure race” 10 дахь удаагийн тэмцээнд түрүүлж, аваргын шар цамц өмссөн юм. Тэр жил болсон уралдаануудад оролцохдоо 50 гаруй медаль хүртсэн байдаг юм. Үүнээс аравт нь аваргын шар, ногоон, цоохор цамцны эзэн болж байлаа.
-Таны хувьд 2016 он амжилт дагуулсан жил байсан. Тэр жил ОХУ-ын Эрхүүд зохион байгуулсан засмал замын олон улсын тэмцээнээс хүрэл, мөн Ангарск муж дахь уралдааны ганцаарчилсан төрөлд аваргаар шалгарсан шүү дээ.
-2016 оноос ОХУ-д зохион байгуулсан дугуйн уралдаанд гурван жил дараалж оролцсон. Тэнд жил бүр Сибирь мужийн нэг болон олон өдрийн, багийн аварга шалгаруулах, ялалтын баярын тэмцээн болдог. Тэр жил Б.Болдбаатар багш шавь нараа оролцуулахад нь би хамт явсан юм. Тэндхийн ихэнх тэмцээнд нь тэргүүлж, медаль, цомтой ирсэн. 2018 онд оролцохдоо мөн л түрүүлж, ОХУ-ын спортын мастер цолны болзол хангалаа гэж яригдсан ч одоогоор албан ёсны хариу ирээгүй. Тэр үед энэ талаарх мэдээллийг цааш нь явуулна гэж байв. Гэхдээ тэд ийм мэдээлэл цацах дуртай биш санагдсан. Учир нь Монголын тамирчин зохион байгуулсан тэмцээнүүдэд нь оролцож, зүүн мужийн аваргаар шалгарсан гэх мэдээлэл Москва руу явуулах таатай биш байх.
-Европын орнуудад зохион байгуулдаг уралдаан Азийнхаас өөр байдаг биз?
Ази, Европын орнуудад бэлтгэл хийх ялгаатай. Манайханд далайн түвшнээс 1800 км өндөрлөг газар бэлтгэл хийх тохиромжтой. Тэр дундаас Тайланд улсын орчин нөхцөл, цаг агаар, зам нь илүү тохирдог. Европын орнуудаас өртгийн хувьд хямд. Зүүн өмнөд Азийн нутагт уралдахад чийглэг уур амьсгалтай. БНХАУ-д хурдны замд дугуйн тэмцээнийг хааяа зохион байгуулдаг. Ийм тэмцээнд техникээс илүү хүчний ажиллагаа их шаарддаг. Баруун Европт болдог уралдаанууд нарийн замд олон эргэлттэй, тэр хэрээр өрсөлдөөнтэй болно. Тэдний тэмцээнд оролцох хандлага, уралдах сэтгэхүй Азийнхнаас өөр. Дугуйн спортын өндөр зэрэглэлийн тэмцээнүүд Европт болдог. Азиас мэргэжлийн “Tour de france” уралдаанд оролцдог тамирчин цөөн. Мэргэжлийн багт уралддаг 200 тамирчнаас 10 нь Азийн дугуйчин байх жишээтэй. Дугуйн мэргэжлийн багийнхан Дэлхийн дугуйн холбооны хуваарьт орсон тэмцээнд өрсөлддөг юм.
-Дугуйн уралдаанд түрүүлсэн тамирчид дөрвөн төрлийн цамцаар шагнуулдаг. Танд шар, ногоон, цоохор гээд олон бий дээ.
-Миний хувьд мэргэжлийн багийнхны уралдсан олон улсын тэмцээнээс зургаан удаа шар цамцны эзнээр тодорсон. Олон өдрийн тэмцээнд эхний өдөр түрүүлж шар цамц өмссөн бол дараагийнхад нь амжилтаа хадгалбал хоёр дахь удаагаа өмснө. Хэрвээ долоон өдрийн турш ур чадвараа харуулж, аваргаар тодорвол тухайн тамирчны нэр хүнд өсдөг. Би уулын дугуйн “Tour of China” олон өдрийн тэмцээнийг эхлэхээс дуустал нь долоон өдөр толботой (цоохор) цамцны эзэн болж байв. БНХАУ-д 2017 онд болсон “Tour of poyang lake” 13 өдрийн олон улсын тэмцээнд тун сонирхолтой болсон. Тэр уралдаан сэтгэлд тод үлджээ. Уулын дугуйн тэмцээнд 10 өдөр тэргүүлэн цоохор цамц өмссөж, амжилтаа хадгалахад багийнхан минь сайн тусалсан. Тус тэмцээнд “Panda” багийн Монгол, Орос, Франц тамирчидтай амжилттай оролцсон. ОУХМ Б.Мягмарсүрэн тэргүүтэй “Атилла” клубийн тамирчид Томми гэх дугуйн мэргэжилтэнтэй нэгдэж, Хятадын талаас санал авч байгуулсан юм. Бид багаараа дөрөв, хувийн нийлбэр дүнгээр хоёр болон зургадугаар байрт шалгарсан. Манай багийн франц тамирчин тухайн үед 40 нас дөхчихсөн хэрнээ II байр эзэлж байв. Дугуйн спортод нас хязгаарладаггүй. Тухайн тамирчин амжилт гаргасаар байвал үргэлжлүүлэн уралдах боломжтой. Сүүлдээ шагнуулсан цамцнуудаас өөртөө нэгийг авч үлдээд бусдыг нь багийнхандаа, спорт сонирхогчдод бэлэглэдэг болсон.
-Таныг Азийн АШТ-д оролцох үед Монголд сар шинийн баяр болж таардаг. Гэрийнхнээсэ хол байх хааяа хэцүү санагддаг уу?
-Бага байхад эхэндээ эх орон, аав, ээж, найз нөхдөө үгүйлдэг байсан бол сүүлдээ ч олон тэмцээнд оролцох тусам туршлагажиж, санах нь багассан. Намайг 17 настай байхад Спортын дунд сургууль “Атилла” клубийнхэнтэй хамтарч ажилладаг байв. Тус клубийн ах нартай хамт БНХАУ-д гурван сар бэлтгэл хийсэн юм. Надад баяр ёслолоос илүү тэдэнтэйгээ уралдаанд оролцох хамгийн аз жаргалтай санагддаг байлаа. Ах нар тэмцээний өмнө хэрхэн хооллож, бие, сэтгэл зүйгээ бэлдэх талаар зөвлөдөг байсан бол хойшдоо бүх зүйлийг өөрөө бие дааж сурсан.
2019 онд Украины “Ferei procycling”, дараа нь Беларусийн “Ferei CCN” мэргэжлийн дугуйн багт уралдсан бил үү?
-Тийм ээ. Дэлхийн дугуйн холбоо жил бүр дугуйн мэргэжлийн багийг улс тус бүрээр нь бүртгэдэг. Миний уралддаг баг бол нэг л дээ. Өмнө нь Тайванийн багт уралдаж байгаад 2019 онд Украины бүртгэлтэй “Ferei” мэргэжлийн багт элссэн, 2020 онд багийнхаа бүртгэлийг Беларусь руу шилжүүлж уралдсан юм.Уралдаанаас уралдаанд оролцох тусам тамирчид нэгнээ мэддэг болж, танилын хүрээ тэлдэг. Би Малайзын “Тerengganu” багийнхантай ойр дотно нөхөрлөж найзууд болсон. 2018 онд тус улсын Теренгану хотод багийнхантайгаа очиж, хагас сар хамт бэлтгэл хийхдээ багийнх нь менежертэй танилцсан юм. Украин, Беларусийн багийнхантай уралдах миний гэрээ 2020 онд дууссанаар Малайзын багтай энэ оноос уралдах болсон.
-Танд Азийн орнуудаас Тайланд ээлтэй байдаг бололтой. Тэнд болсон уралдаанаасаа ганзага хоосон ирж байгаагүй санагдана.
-Би Тайландад очих дуртай. Тэндхийн “Roojai” багийнхантай нэгдэж, жил бүр зохион байгуулдаг гурван тэмцээнд оролцохдоо медаль, цомтой ирдэг. Өнгөрсөн жилийн тэмцээнд нь би түрүүлж, Э.Билгүүнжаргал III байрт шалгарсан юм. Тэмцээний дараа би Беларусийг зорьсон. Тамирчид амжилтын төлөө амьдралынхаа олон зүйлийг хойш тавьдаг. Би ч бас тэдний нэг. 2016 оноос Тайванийн багт уралдах үеэсээ амжилтын төлөө зүтгэж, олон оронд очиж бэлтгэл хийсэн. Хааяа гэртээ ирж, хэд хоноод буцдаг. Одоогоор арванхоёрдугаар сард болох Тайландын олон өдрийн тэмцээнд оролцохоор бэлдэж байна.
-Багийн спортод хамтын ажиллагаа чухал байдаг. Малайзын Тerengganu” багийнхан уралдааны тактикаа хэрхэн боловсруулдаг вэ. Алдар, амжилт өөд тэмүүлж яваа танд төлөвлөсөн зүйл олон байгаа байх?
-Тус багийнхан 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ багт олон улсын тамирчин бий. Тухайлбал, ОХУ-ын таван удаагийн аварга дугуйчин гурав дахь жилдээ уралдаж байна. Тухайн орны дугуйн мэргэжлийн багт 16 тамирчин уралдах ёстой. Тэднээс тав нь өөрийнх нь улсынх бусад нь тив тус бүрээс ирсэн легионер байдаг. Миний хувьд амжилтын оргил үе гэхээсээ илүү өмнөхөөсөө илүү түвшинд гарч ирж байна. Тиймдээ ч туршлага чамлахааргүй хуримтлууллаа. Дугуйн спортод тамирчид 30 наснаас хойш өндөр амжилт гаргадаг. Олон жил уралдсаны хэрээр туршлагажиж, гаргах амжилт нь тогтвортой болдог. Сүүлийн жилүүдэд залуу тамирчид ч өндөр амжилт үзүүлж байна.
-Ази, Европын орнуудын олон улсын дугуйн уралдаанд түрүүлсэн тамирчны шагнал өөр байдаг гэж сонссон?
-Мэргэжлийн багт уралддаг тамирчдад бичигдээгүй хууль үйлчилдэг юм. Ямар нэгэн тэмцээнээс шагнал авбал баг нь 20 хувийн татвар авна. Түүнээс гадна багийнхаа тамирчдад болон хамтарч ажилладаг хүмүүст тэнцүү хуваадаг. Үлдсэнийг нь бэлтгэл сургуулилалтдаа зарцуулна. Европын орнуудад дугуйн спортын хэрэглэл, материал үйлдвэрлэдэг фирм бий. Мэргэжлийн багийг дагаад бизнес ч өндөр хөгждөг. Тухайн улс мэргэжлийн багтаа гадаадын алдартай легинор тамирчин урихдаа нэлээд өндөр үнэтэй гэрээ хийж уралдуулах, мөн дугуйн худалдаа, хэрэглэлийг сурталчлах жишээтэй. Энэ спортын ард нийтийн биеийн тамир, дугуйн бизнес эрхлэгч байгуулллагууд гээд маш том зах зээл байдаг.