Төсөв тойрсон хэлэлцүүлэг өрнөдөг цаг ирлээ. Заримдаа хэрүүл ч үүсдэг. Манай улсын нэгдсэн төсвийн зарлага 2022 онд 18.1 их наяд төгрөг байхаар тооцжээ. Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15.7 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр төсвийн орлого дээр алдагдлыг нь нэмээд зарлага нь гардаг. Ирэх жилийн төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий таван хувьтай тэнцэнэ. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталж, алдагдлыг нь ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх бодлого баримтлахаар тогтсон. Гэвч хуулийн дээрх заалтыг нэг ч удаа хэрэгжүүлээгүй юм.
Жил бүр өндөр алдагдалтай төсөв баталж буй нь Засгийн газрын өрийг нэмэх нөхцөл болдог. Сүүлийн жилүүдэд байнга хоёр их наяд орчим төгрөгийн алдагдалтай төсөв баталсаар ирлээ. Төсвийн хөрөнгө оруулалт, зардлын үр ашгийг дээшлүүлэх, эдийн засаг, нийгэмд өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлж, бусдыг нь тэвчих замаар төсвийн алдагдлыг бууруулах боломж бий. Гэвч үе үеийн Засгийн газар төсвийн зарлагыг тэлсээр ирсэн. Сангийн яам жил бүр өндөр алдагдалтай төсөв боловсруулж, түүнийг нь УИХ баталж, Засгийн газрын өрийг нэмсээр байгаа нь төсвийн гажуудал юм.
Ирэх оны төсвийн зарлага ДНБ-ий 38.8 хувьтай тэнцэж байна. Энэ бол төсвийн зарлагын эдийн засагт үзүүлэх нөлөө ихээхэн томорсныг илтгэх үзүүлэлт. Мөн эдийн засагт төрийн оролцоо нэмэгдэж буйг харуулна. Төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа ямар байвал зохистой талаар эдийн засагч бүр өөр өөрийн байр суурийг илэрхийлдэг. Зүүний үзэлтэй улстөрчид төсвийн зарлагыг нэмж, эдийн засаг дахь нөлөөллийг нь томруулах сонирхолтой байдаг. Харин баруун төвийн үзэлтэй улстөрчид эдийн засгийг сангийн биш, мөнгөний бодлогоор өсгөх нь зөв гэж үздэг. Ерөнхийд нь авч үзвэл эдийн засагчид төсвийн зарлагыг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй, түүнээс бага байвал зохистой гэж үздэг юм. Гэтэл манай улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүрэх нь. Эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа үед төсвийн зарлагыг огцом нэмэх нь гажуудал юм. Төсвийг тэлэх бодлогоор эдийн засгийн өсөлт бий болгож болно. Гэвч энэ нь эдийн засгийн бодит секторт өндөр нөлөөтэй байдаггүй. Тиймээс төсвийн зарлагыг хумьж, эдийн засаг дахь оролцоог нь зохистой түвшинд байлгах шаардлагатай. Их л байвал сайн гэж ойлговол эцэстээ хор болно.
Улс орон бүр төсвөөрөө дамжуулж халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Цар тахлаас үүдэж иргэдийн орлого буурсан учраас энэ онд Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг тараасан. Мөн вацкин хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг тараасан билээ. Үүнээс гадна хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. Иймээс энэ онд Засгийн газрын халамжийн зардал хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Ирэх оны төсөвт халамжийн зардал буурах нь тодорхой байна. Гэхдээ манай улс халамжийн бодлогыг хавтгайруулан хэрэгжүүлдэг. Ямар нэг халамжийн бодлого хэрэгжүүлэхдээ нийгмийн давхаргаар нь ялгахгүй, бүгдийг нь хамруулдаг. Нийгмийн чинээлэг давхаргынхан хүүхдийн мөнгө болон нэг удаагийн мөнгөн тусламж авах шаардлагагүй байж болно. Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзаж байж мөнгөн тэтгэмж олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгөн тэтгэмж авах шаардлагатай бол хүсэлт гаргах, шаардлагагүй нь гаргахгүй байх сонголт олгох хэрэгтэй гэсэн үг. Ингэвэл төсвийн халамжийн зардал багасна. Төсвийн алдагдал буурна. Халамжийг хавтгайруулан олгож буй нь төсвийн өөр нэг гажуудал юм.
Улс орон бүр төсвөөрөө дамжуулж халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Цар тахлаас үүдэж иргэдийн орлого буурсан учраас энэ онд Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг тараасан. Мөн вацкин хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг тараасан билээ. Үүнээс гадна хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. Иймээс энэ онд Засгийн газрын халамжийн зардал хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Ирэх оны төсөвт халамжийн зардал буурах нь тодорхой байна. Гэхдээ манай улс халамжийн бодлогыг хавтгайруулан хэрэгжүүлдэг. Ямар нэг халамжийн бодлого хэрэгжүүлэхдээ нийгмийн давхаргаар нь ялгахгүй, бүгдийг нь хамруулдаг. Нийгмийн чинээлэг давхаргынхан хүүхдийн мөнгө болон нэг удаагийн мөнгөн тусламж авах шаардлагагүй байж болно. Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзаж байж мөнгөн тэтгэмж олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгөн тэтгэмж авах шаардлагатай бол хүсэлт гаргах, шаардлагагүй нь гаргахгүй байх сонголт олгох хэрэгтэй гэсэн үг. Ингэвэл төсвийн халамжийн зардал багасна. Төсвийн алдагдал буурна. Халамжийг хавтгайруулан олгож буй нь төсвийн өөр нэг гажуудал юм.
Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ ирэх онд 2.4 их наяд төгрөг байх төсөөлөл хийжээ. Төсвийн алдагдалтай тэнцүү хөрөнгө оруулалт хийх нь. Өөрөөр хэлбэл, өр тавих мөнгөөрөө бүтээн байгуулалт хийнэ гэсэн үг. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг энэ оныхтой харьцуулбал нэг их наяд орчим төгрөгөөр нэмэгдсэн. Сангийн сайд барилга, хот байгуулалт, зам, тээвэр, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр төсвийн зардал өссөн гэж тайлбарлаж буй. Үүнийг улсын төсвийг хөгжлийн хөрөнгө оруулалт руу чиглүүлсэн гэж тодотгосон. Хөгжлийн дэд бүтэц рүү хөрөнгө оруулах нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засаг, нийгэмд өндөр үр ашиг өгөх бүтээн байгуулалтаа түрүүлж хэрэгжүүлэх учиртай. Тодруулбал, төслүүдийг үр ашгаар нь эрэмбэлж, санхүүжүүлэх шаардлагатай юм. Гэтэл Монголын улс төрийн тогтолцоо, улстөрчдийн бодол санаа ийм боломж олгохгүй нь.
УИХ-ын гишүүн бүрт тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх эрх олгожээ. УИХ-ын нэг гишүүн өөрийн үзэмжээр, ашиг сонирхолдоо нийцүүлэн дөрвөн тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ улсын төсөвт тусгана гэсэн үг. Тэгэхээр ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 304 тэрбум төгрөг нь УИХ-ын гишүүдийн “гараар” орох юм байна. Тэд үнэн хэрэгтээ улсын эдийн засагт тустай төслийг санхүүжүүлж чадах уу. Энэ бол маш эргэлзээтэй зүйл. УИХ-ын гишүүдэд төсвийн хөрөнгийг зарцуулах эрх өгч буй нь эрэмбэ дараагүй, зах замбараагүй байдал үүсгэнэ. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хийхээр саналаа оруулсан УИХ-ын гишүүн Засгийн газрын бодлогыг эсэргүүцэх үү, залруулах уу. Алдаа дутагдлыг нь олж харсан ч төсвөө хасуулна гэж болгоомжлоод дуугүй л өнгөрөх байх. УИХ-ын гишүүд орон нутгийн удирдлагуудын санал болгосон төслийг төлөвлөлт, судалгаа, тооцоогүй хэрэгжүүлэхийг дэмжих магадлалтай. Татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын гишүүдэд дэмий үрэх боломж олгосон нь төсвийн гажуудал юм.
Төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт чанар, стандартын шаардлага хангаж буй, эсэхэд мониторинг хийдэггүй. Чанаргүй бүтээн байгуулалт эдэлгээ даахгүй удалгүй эвдэрч, хэмхрэн, дахин төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тохиолдол бишгүй. Чанар, стандартын шаардлага хангаагүй барилга байгууламж барих нь төсвийн мөнгийг үргүй зарж буйтай адил. Тиймээс хөрөнгө оруулалтын үр дүн хэрхэн гарч байгааг тодорхойлох хэрэгтэй. Өр тавиад л өчнөөн бүтээн байгуулалт хийдэг. Гэтэл мөнөөх нь ямар ч чанаргүй, ашиглах боломжгүй байвал татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн болно. Монгол Улсын төсөвт ийм нэг гажуудал бий.
Дахин нэг гажуудал гаргасан нь ирэх оны төсвөөс тодорхой харагдах болов. Ирэх жилээс орон нутгийн засаг, захиргааны удирдлагууд өөрсдөө төсвөө зохиох эрхтэй болсон. Тэд хөрөнгө оруулалтын үр ашгийг улсын хэмжээнд биш, орон нутгийнхаа түвшинд харна. Тэгээд орон нутагтаа ногдох мөнгөөр үр ашигтай, эсэх нь тодорхойгүй хөрөнгө оруулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд олон сумын төвд хатуу хучилттай авто зам тавихаар тусгасан нь үүний тодорхой жишээ. Манай улс хилийн боомтуудаа хүртэл хатуу хучилттай авто замаар холбож чадаагүй. Улсын чанартай авто замын сүлжээгээ бүрэн тавьж чадаагүй байна. Дэд бүтцээ хөгжүүлж чадаагүй нь эдийн засгийн өсөлтийг боомилсоор ирэв. Монгол жижиг эдийн засагтай, хөгжил буурай улс. Тиймээс татварын мөнгөө салан задгай зарцуулах биш, эдийн засгийн хөгжилд тустай төслүүдээ нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай. Орон нутагт эрхийг нь өгч буй нэрийн дор хөрөнгөө дэмий үрэхийг төсвийн гажуудал гэхээс өөр яах билээ. Улсын төсвийн бодлогын гажгийг цөөрүүлэх биш, улам нэмсээр буй нь хачирхалтай.