Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдааныг өнгөрсөн баасан гарагт цахим хэлбэрээр зохион байгуулав. Уг хуралдаанд Монголын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хятадын төлөөлөгчдийг Хөгжил, шинэчлэлийн хорооных нь дэд дарга Нин Жижэ даргалан оролцжээ. Энэ үеэр талууд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран хэрэгжүүлэх сонирхолтой шинэ төслүүдийн талаар танилцуулж, өнгөрсөн хугацаанд ярилцаж ирсэн зарим томоохон төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар хэлэлцсэн аж. Тухайлбал, манай улсын өмнөд бүс нутгийн нар, салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох цогцолбор байгуулах, Улаанбаатарт хурдны авто зам барих болон Багануурын ДЦС-ын хүчин чадлыг бүрэн ашиглахад шаардлагатай агаарын шугам, дэд станц барих төслийг урд хөрштэй хамтран хэрэгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн аж. Мөн Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хилийн огтлолцлын цэгийг хоёр орны холбогдох аж ахуйн нэгж тохиролцсоныг ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг талууд тэмдэглэжээ.