Манай улсын нийгэм, эдийн засгийн энэ оны ес болон 1-9 дүгээр сарын мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард 9.6 хувьд хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7.9, 2020 оны эцсээс 9.2, өмнөх сарынхаасаа 0.3 хувиар дээшилсэн дүн аж. Инфляц өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4, ялангуяа мах, махан бүтээгдэхүүнийх 19.1 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. Мөн орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 7.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Улаанбаатарт есдүгээр сард инфляц өмнөх сарынхаасаа 0.4, 2020 оны эцсээс 10.4, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар нэмэгдсэн байна. Тээврийн бүлгийн үнэ 18.9, нийтийн хоол, дотуур байр, зочид буудлын үйлчилгээнийх 15.6, хийн болон бусад түлшний бүлгийнх 8.5 хувиар дээшилсэн нь үүнд түлхүү нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 22 хувиар нэмэгдсэн дүн болов. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.7 их наяд, боловсруулах аж үйлдвэрлэл 655.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1-9 дүгээр сард 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 52.2, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 9.7 их наядад хүрч, жилийн хугацаанд 44.2 хувиар ахижээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наядын алдагдалтай гарсан байна. Харин татварын нийт орлого 1-9 дүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь нэг жилийн хугацаанд 2.4 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд орлогын албан татвар 1.2 их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын орлого болон бусад татвар, хураамжийн хэмжээ бараг нэг их наядаар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ.
Бэлтгэсэн С.Цэрэн