“Cэнтрал экспресс си ви эс” компанийн нийт гаргасан хувьцааны 15 хувь буюу 119966060 ширхгийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрчээ. Тус компани олон нийтэд арилжих хувьцааны 50 хувь буюу 59983030 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг нь тогтоосон үнийн аргаар буюу нэгжийнх нь үнийг 208 төгрөгөөр санал болгон худалдах аж. Улмаар нийт 24952940480 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр дүнтэй IPO болох юм. Уг хөрөнгийг шинэ дэлгүүрийн хөрөнгө оруулалт, түгээлтийн төв болон хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулахад зарцуулах юм байна. Өдгөө дээрх компани 127 салбар дэлгүүртэй болоод буй юм.
Хэрэв анхдагч зах зээлийн арилжааны эрэлт нь нийлүүлэлтээс давбал 17994909 ширхэг буюу 3742941072 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг нэмж санал болгон худалдах боломжтой аж. Хувьцааны захиалгыг энэ сарын 29-нөөс ирэх арваннэгдүгээр сарын 4 хүртэл авах нь.
Бэлтгэсэн Ц.Ундрал