“Дорнын кроп” компанийн захирал Б.Галхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр агрономич мэргэжилтэй бөгөөд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх компанийг байгуулаад 10 орчим жил болжээ.
-Улсын хэмжээнд энэ жил арвин ургац авахаар төлөвлөн, ажиллаж буй. Их ургац хураах нь олзуурхууштай ч хэрхэн боловсруулж, хадгалах нь асуудал дагуулж мэднэ гэж зарим хүн хэлж буй. Ялангуяа улаан буудай нөөцлөх элеватор цөөн, хэмжээ нь бага тул тариаланчид бүтээгдэхүүнээ хаана, хэнд борлуулах талаар “толгойгоо гашилгаж” буй гэсэн. Энэ талаар юу гэх вэ?
-Улсын хэмжээнд энэ онд 650 мянган гаруй га талбайд тариалалт хийсний 390 мянга орчим га-д нь улаан буудай тарьсан. Үүнээс барагцаалбал 500 000 тонноос давсан ургац хураах болов уу. Гэтэл манай улсын нэг жилийн хэрэглээ ихдээ 310 000 тонн байдаг. Ингэхээр 200 000 тонн улаан буудай илүү гарах нь. Үүнийг хэрхэх вэ. Мөн өнгөрсөн хавар үрээр ашиглах болон гурилын үйлдвэрүүдийн нөөцийг нэмэх зорилгоор ОХУ-аас 200 000 орчим тонн улаан буудай импортолсон. Одоо бол гурилын үйлдвэрүүдийн агуулах сав дүүрэн, улаан буудай ихээр худалдан авах сонирхол, боломж бага байгаа.
-Хөдөө аж ахуйг дэмжих сан 180, гурилын үйлдвэрүүд 340 мянган тонн улаан буудай нөөцлөх, боловсруулах хүчин чадалтай гэсэн. Стандартын шаардлагад нийцсэн л бол улаан буудай худалдан авахад асуудалгүй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Тарианы чанар хэр байгаа бол?
-Улсын хэмжээнд улаан буудайн чанар ямар байгааг сайн мэдэхгүй. Манай компанийн хувьд нэгдүгээр зэргийн бүтээгдэхүүнийг “Дорнод гурил” болон Улаанбаатар дахь аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж буй. Тариаланчид цавуулаг багатай, чанарын шаардлага хангахгүй тариа тарьж, ургац авдаг гэж би лав хэлэхгүй. Чанаргүй тариа хураавал аж ахуйн нэгжүүдэд өөрт нь хохиролтой учраас аль болох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэн, хичээн ажилладаг. Асуудал улаан буудайн чанарт биш, манай улсын гурил үйлдвэрлэгчдийн хүчин чадал, агуулах савны багтаамжид байгаа юм. Таны хэлсэнчлэн 500 000 орчим тонныг нөөцлөх хүчин чадал байхгүй. Бидний мэдэж буйгаар аж ахуйн нэгжүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахын багтаамж нийлээд 350 000 тонноос хэтрэхгүй. Мөн хавар импортолсон 200 000 тонн улаан буудайнаас үлдсэн, бэлэн гурил ч бий. Тиймээс бараг 200 000 тонн улаан буудай илүү гарна гэсэн үг.
-Тэгвэл илүү гарсан бүтээгдэхүүнээ яавал зохих бол?
-Экспортлох боломж бүрдүүлж өгөөсэй. Энэ намрын улаан буудайг үйлдвэрүүдэд, улсын нөөцөд бүрэн худалдан авна гэж буй ч ямар нэгэн байдлаар чанар нь гологдлоо гээд авахгүй байх талтай. Цаг агаар хэзээ мөдгүй хүйтрэх учраас тариа будаа хаягдах, үнэгүйдэх магадлалтай.
-Улаан буудай стратегийн хүнс учраас экспортлох, эсэх асуудлыг нухацтай шийднэ гэдэг. Уг нь 2011 онд БНХАУ руу улаан буудай нийлүүлэхээр хоёр тал тохиролцож байсан юм билээ.
-Урд хөрш рүү рапс, гурилаас өөр таримал гаралтай бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Манай компанийнхан энэ жил ес дэх намраа ургац хурааж буй. Цаг агаар таатай, хур бороо элбэг байсантай холбоотойгоор нэг га талбайгаас дунджаар 13 центнер ургац авч байна. Ийм боломж есөн жилд хоёр дахь удаагаа л тохиолоо. Тиймээс улаан буудайгаа боломжийн үнээр зарж, хөрөнгө санхүүгээ “тордох” санаатай. Ер нь газар тариалангийн аж ахуйн нэгжүүд өр тавьж ажлаа эхлүүлээд, бүтээгдэхүүнээ зарж өрөө дарах маягаар ажилладаг. Ялангуяа улаан буудайнаас учиргүй их ашиг олдоггүй.
2000 оноос Дорнод аймагт газар тариалангийн салбарт ажилласан аж ахуйн нэгжүүд тухайн үеийн Засгийн газрын бодлогын дагуу экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ БНХАУ руу нийлүүлэх нь гэсэн зорилго, өөдрөг төсөөлөлтэй ажлаа эхлүүлж байсан. Дорнодоос Улаанбаатар луу 1000 гаруй км тээвэрлэн бүтээгдэхүүнээ борлуулах, Хятад руу 35-70 км явж зарах нь тэнгэр, газар шиг ялгаатай. Хятадын томоохон зах зээлд ийм богино зайд явж хүрэх байтал дотоодод нийлүүлэлт нь хангалттай байдаг цөөн гурилын үйлдвэр лүү багадаа 15 дахин урт зам туулж хүргэх нь утгагүй. Ядаж Улаанбаатараас алслагдсан бүс нутгийнхан буюу Увс, Ховд, Дорнодынхон БНХАУ руу таримал бүтээгдэхүүн гаргах боломж бүрдүүлж өгөөсэй.
-Хятадууд улаан буудай худалдан авахдаа хэр сонирхолтой бол?
-Эхлээд экспортлох шийдвэрээ л гаргачих хэрэгтэй. Шийдвэр гаргах, импортлогч орнуудтай ярилцаж тохиролцох нь Гадаад харилцааны болон ХХААХҮЯ-ны хийх ажил. Үүний дараа бид худалдан авагчаа олоход асуудал байхгүй. БНХАУ-ын тавих шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг бид нийлүүлж болно. Энэ жил биш ч ирэх онуудад шаардлага, стандартад нь нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэвшинэ гэсэн үг. Ер нь урд хөршийн ганц хоёр түнштэйгээ ярилцахад манайхаас таримал бүтээгдэхүүн авах сонирхолтойгоо илэрхийлдэг. Монголд эрүүл, экологийн цэвэр тариа, ногоо тарьж ургуулдаг гэдгийг тэд мэддэг.
-Танай компани энэ онд хэдэн га талбайд тариалалт хийв. Ургац хураалтын ажлын явц хэдэн хувьд хүрээд байна вэ?
-Манайх энэ жил 2000 гаруй га талбайд тариалалт хийсэн. Ургац хураалтын ажлын явц өнгөрсөн долоо хоногт 70 гаруй хувьд хүрсэн.
-Энэ жил нэг тонн улаан буудайг хэдэн төгрөгөөр гурилын үйлдвэрүүд үнэлэн авч эхлэв. Өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үү?
-“Алтан тариа” компани нэгдүгээр зэргийн улаан буудайг нэг тонныг нь 690 000 төгрөгөөр авна гэсэн. Энэ долоо хоногт бусад үйлдвэр дунджаар хэдэн төгрөгөөр худалдан авах нь шийдэгдэх байх. Өнгөрсөн жил нэг тонныг 680 000 төгрөгөөр худалдан авч байсан учраас үнэ нь төдийлөн өсөөгүй гэсэн үг. Өнгөрсөн хаврын тариалалт эхлэхэд өмнөх жилийнхээсээ ч өндөр зардал гарсан. Ажилчдаа хоногийн 100 000 төгрөгөөр зочид буудалд тусгаарлаж байлаа. Коронавирусийн шинжилгээ байнга өгч, чирэгдэл их гарсан. Мөн шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн зэргийг бодвол улаан буудай борлуулах ханш төдийлөн дээшилсэнгүй.
-Улаан буудайг урд хөрш рүү экспортлоод эхэлчихвэл тариаланчид ашгаа бодон гурил үйлдвэрлэгчдэд өгөхөөс илүүтэй хятадуудад нийлүүлэхийг эрмэлзэх магадлалтай юм.
-Хэрэгцээнээсээ илүү гарсныг экспортолж байж хэн хэнд нь ашиг гарна. Манайх гурилын цөөн үйлдвэртэй, хүн ам олон биш, хэрэглээ багатай гэдэг нь бодит үнэн. Нөгөөтээгүүр, олон жил газар тариалан эрхэлж, хөл дээрээ тогтож ядан буй аж ахуйн нэгж цөөнгүй. Тэдэнд урт хугацаанд үйл ажиллагаа явуулж, газар тариалангаас хүртэх өгөөжөө нэмэхэд ашиг хэрэгтэй. Ашгийн хэмжээг өсгөхөд гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх нь чухал.
Хураасан ургацын хэмжээ төдөн тонноос дээш гарвал, тэр боомтоор, төдий хэмжээнийхийг экспортолно гээд журамлаж яагаад болохгүй гэж. Тэгвэл аж ахуйн нэгжүүд ашиг орлогоо бодон га-гаас авах ургацын хэмжээгээ ч нэмж, чанараа ч сайжруулна. Замын-Үүдийн боомтоор рапс гаргадаг. Тийм ч учраас нэг тонн рапсын үнэ тогтмол өссөөр, өнгөрсөн онд нэг сая гаруй төгрөг байсан бол энэ жил хоёр сая орчимд хүрсэн байна. Рапс тарьсан хүмүүс сэтгэл хангалуун байгаа. Гэтэл бусад таримал бүтээгдэхүүн их, бага хэмжээгээр экспортлох боломжгүй хэвээр байгаа нь учир дутагдалтай.
-Цөөнгүй аж ахуйн нэгж, тариалан эрхлэгч тантай ижил санал бодолтой буй юм байна. Та бүхэн салбарын яам, холбогдох байгууллагуудад хандав уу?
-Манай компани Монголын тариаланчдын үндэсний холбоонд харьяалагддаг. Уг холбооныхон төдийгүй олон аж ахуйн нэгж таримал бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдүүлэх, экспортод чиглэсэн газар тариалан хөгжүүлэх талаарх саналаа ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.
-Газар тариалан эрхлэхэд зонхилон ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Бэрхшээлгүй бизнес, ажил гэж юу байх вэ. Малчин, тариачин хоёр газраа “булаацалддаг” нэг асуудал үүсээд удлаа. Малын тоо хэт ихэссэнээс тариалангийн талбайд бэлчин, бид хашаа хороо барих зардал гарган, ахин дахин барьдаг ажилтай болсон. Өвөл нь тэр том талбай тойруулж хашсан урт гэгчийн хашааг эвдээд сүйтгэчих юм. Малын бэлчээр нутаг, газар тариалангийн бүс хоёрыг зааглан тогтоож, малчид, мал бүхий иргэдийг тариан талбайгаас хол байлгах сан. Мөн малын тоо толгойг бууруулж, чанартай цөөн сүрэг өсгөн үржүүлэхэд анхаарахгүй бол малчин, тариачин хоёрын “дайн” үргэлжилсэн хэвээр, илүү сөрөг үр дагавар ч учруулах магадлалтай