НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 1992 оны арванхоёрдугаар сарын 22-ны тогтоолоор энэ өдрийг Ядууралтай тэмцэх олон улсын өдөр гэдгийг албан ёсоор зарлан, 1993 оноос зохион байгуулан тэмдэглэж иржээ. Манай улсын хувьд хоёр жил тутам хийдэг судалгаагаар ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж буурчээ. Хөдөө, орон нутагт ядуурал нийслэл хотынхоос илүүтэй буурсан байна.
Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурь эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно. Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно. Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ. Дэлхийн банкнаас туйлын ядуурлыг өдөрт 1 ам.доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.
Ташрамд дурдахад, Францын нийслэл Парис хотын Хүний эрхийг тунхаглаж байсан Трокадеро талбайд 1987 оны аравдугаар сарын 17-нд 100 мянга гаруй хүн цугларч хүчирхийлэл, хэт ядуурал, өлсгөлөнгөөс амь үрэгдэгсдийг дурсан, хүндэтгэл үзүүлснээр ядуурлын эсрэг хөдөлгөөнийг санаачилжээ. Тэр цагаас хойш нас, хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, нийгмийн давхаргаас үл хамааран олон улс орны иргэд ядуурлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж ирсэн юм.