Монголын модон бөмбөгийн “Залуу од” клубийн тамирчин Э.Юура энэ спортоор хичээллээд удаагүй ч чамлахааргүй амжилт гаргаж яваа. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 1-2-нд зохион байгуулсан УАШТ-д амжилттай оролцон спортын дэд мастер цол хүртэж, багийн төрөлд хүрэл медаль зүүсэн юм.
-Цар тахлын улмаас тэмцээн зохион байгуулалгүй удлаа. Модон бөмбөгийн УАШТ-д тамирчидтайгаа оролцохдоо сэтгэл тань хэр догдлов?
-Тэмцээн болохыг удаан хүлээсэн болоод ч тэр үү маш их догдоллоо. Цар тахлын улмаас гадаад, дотоодын тэмцээнүүд хойшилж, тамирчид нэг хэсэгтээ л оролцох боломжгүй байв. УАШТ-ийг зохион байгуулах шийдвэр гаргасныг сонсоод бүгд баярласан. ХААИС-ийг төлөөлж, “Залуу од” клубийн хоёр баг өрсөлдсөн. Миний хувьд тус тэмцээнээс спортын дэд мастер цолоо авлаа. Мөн багийн төрөл III байрт шалгарч, байгууллагаараа цомын эзэн болсон.
-УАШТ-д ур чадвараа хэдэн удаа сорьж байна вэ. Өмнөх тэмцээнүүдэд амжилт гаргаж медаль хүртсэн үү?
-Миний хувьд ур чадвараа дөрөв дэх удаагаа сорилоо. Амжилтын гараагаа оюутны УАШТ-ээр эхэлж, хосын төрөлд хүрэл медаль хүртэж байв. Тэр тэмцээн урам өгснөөр энэ спортод хүчтэй татагдах болсон. Авьяас, мэдрэмж шаардсан өрсөлдөөнтэй тэмцээн болсон болохоор одоо ч санаанаас гардаггүй юм.
-Тайваниас гаралтай энэ спортод өөрийг тань татагдахад гэрийнхэн нь хэр хүлээж авав?
-Би өмнө нь воллейболоор хичээллэж байгаад энэ спортоор шаргуу хичээллэсэн. Гэрийнхэн эхэндээ нэг их ойлгодоггүй байсан тул анхаарал хандуулдаггүй байв. Тэмцээнээс тэмцээнд оролцож, амжилт гаргах тусам дэмждэг болсон.
-Тамирчин болох гараагаа волейболоор эхэлсэн юм уу?
-7-11 дүгээр анги хүртлээ хичээллэсэн. Тоглохын хажуугаар ширээний теннис, даам, үндэсний сур харваа гээд спортын олон төрөл сонирхсон хүүхэд байлаа. Бага ангийн сурагч байхад надад нэг хөгжилтэй зүйл тохиосон юм. Манай сургуулийн биеийн тамирын багш жүдогоор хичээллэх санал хичээлд оруулаагүй хэрнээ намайг “Чи чадна” гээд дэвжээнд барилдуулахаар шууд л гаргачихсан. Гэртээ ирээд аав, ээждээ хэлэхэд “Эмэгтэй хүүхэд бөх барилдах хэрэггүй. Хөл нь майга болно” гээд хичээллэхийг зөвшөөрөөгүй.
-Бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн он жилүүдэд хөгжилтэй дурсамж үлдсэн биз?
-Намайг “Одоо бүр модыг нь тоглодог болох нь уу” гээд манайхан шоолдог байлаа. Аав хүртэл гайхаж, “Үүнийг яг ямар спорт гэдэг юм бэ, заагаад өг, сурмаар байна” гээд байнга яриулна. Манайх сумын төвд амьдардаг. Гэрийнхэн минь дараагийн тэмцээн хаана, хэзээ болох вэ гэж асуудаг болсон. Тэмцээнтэй үед хэрхэн тоглож байгааг сонирхож холбогддог. Хэрвээ ялагдвал маргаашаас нь бэлтгэл хиймээр санагддаг. Бөмбөг, цохиур одоо амьдралын минь салшгүй нэг хэсэг болжээ.
-Оюутан байхдаа Хонконгод болсон олон улсын тэмцээнд өрсөлдсөн. Тэндээс ямар бодол тээж ирсэн бэ?
-2018 онд олон улсын нээлттэй тэмцээнд оролцох болсноо сонсоод хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Хоёр сарын турш бэлтгэл хийж, Хонконгийг зорьсон. Тэр үед мөрөөдлийн минь нэг хэсэг биелж байгааг мэдэрсэн юм. Манай тамирчид бүх л ур чадвараа гаргаж тоглоод багаараа мөнгөн медаль хүртэж байлаа. Тэр тэмцээнд шилдэг тамирчид өрсөлдсөн тул миний хувьд туршлага их хуримтлуулсан. Түүнээс хойш бэлтгэл хийхдээ сэтгэл зүй, техниктээ анхаарлаа хандуулдаг болсон доо.
-Ямар тэмцээнд амжилттай оролцож, спортын цолны болзол биелүүлэв?
-Олон улсын тэмцээнээс ирснийхээ маргааш оюутны УАШТ-д оролцож, нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн. Мөн клубийн болон Цомын АШТ, УАШТ-д нэг бус удаа амжилт гаргалаа.
Бэлтгэсэн Г.Цэцэг