Монголын эдийн засгийг 2021 онд 5.2 хувиар өснө гэж Олон улсын валютын сан таамаглажээ. Тэгвэл ирэх жил 7.5, 2026 онд таван хувиар өснө хэмээн тооцоолсон байна. Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засгийг энэ онд 4.6, ирэх жил зургаан хувиар өснө гэж таамагласнаа Азийн хөгжлийн банк өнгөрсөн есдүгээр сард мэдээлсэн. Мөн Дэлхийн банк манай ДНБ-ийг 2021 онд 4.5, дараа жил нь 5.2 хувиар тэлнэ хэмээн төсөөлснөө мэдэгдсэн билээ.
Хэдийгээр улс орнуудын эдийн засаг сэргэж буй ч тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж байгааг ОУВС анхааруулжээ. Тус сангийнхан дэлхийн ДНБ-ийг энэ онд 5.9 хувиар тэлнэ хэмээн таамагласан нь өнгөрсөн долдугаар сард төсөөлснөөсөө 0.1 хувиар доошлуулсан гэсэн үг. Харин дэлхийн эдийн засаг дараа жил 4.9 хувиар өснө гэж тооцсоноо хэвээр үлдээснийг “Reuters” мэдээлэв. Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж улс орнуудын инфляц нэмэгдэх эрсдэлтэйг мөн сануулжээ.