Нийт шүүгчдийн анхдугаар чуулган өчигдөр Төрийн ордонд өчигдөр болсон. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Батаатай цөөн хором ярилцсан юм.
-Нийт шүүгчдийн анхдугаар чуулганд оролцож буй таны саналыг сонсъё.
-Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх, эрх мэдлийн байгууллага дотроо засаглах удирдлагын байгууллагатай боллоо. Хэн нэг даргын томилгоогоор бус, хэсэг бүлэг хүмүүсийн заавраар биш бүх шүүгч өөрсдөө оролцоод санаа, оноогоо хэлээд, зарим нь өөрийнхөө нэрийг дэвшүүлээд дотроо нээлттэй, ардчилсан зарчмаар асуудлаа шийдэх боломж нээгдсэн. Энэ бол маш том ололт, давуу тал. Ирээдүйд үр дүн нь бодитой харагдана гэдэг итгэж байна.
-Шүүхийн Сахилгын хороо байгуулахаар болсон. Өнөөдөр Сахилгын хорооны гишүүдийг сонгох гэж байна. Шүүгчид нууц санал хураалтад нэлээд идэвхтэй оролцоно гэсэн байр суурьтай байна.
-Шүүх эрх мэдэл бол засаглалын гурван салаа мөчрийн нэг. Шүүх эрх мэдэл хараат бус, цэвэр тунгалаг, шүүгч ёс зүйтэй байх нь ард түмний амьдрал ахуй, ажил төрөл, аливаа маргаанд эерэгээр нөлөөлнө. Тиймээс шударга ёсны баталгаа болсон шүүгчдээс шууд хамаарна. Шударга шийдвэр гаргахын гол үндэс нь ёс зүй, эрдэм мэдлэг юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгож оруулж ирсэн. Үндсэн хуульд бүх байгууллагыг дурдахгүйг бид мэднэ. Шүүхийн Сахилгын хороо байгуулснаар олон нийт хэргийн оролцогч шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн үйлдэлтэй холбоо асуудлаар гомдлоо өгдөг, хянуулдаг болно. Гэхдээ иргэд, олон нийт шүүхийн шүүн таслах ажиллагаанд оролцож огт болохгүй. Гаргасан шийдвэртэй нь холбогдуулан шүүгчийг Сахилгын хороонд өгөх юм бол шүүх бодитой ажиллах, шүүгч хуулиа хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлэх юм.
-Ямар тохиолдолд иргэд гомдол гаргах юм бэ?
-Процессын юм уу, тухайн шүүгчийн хувийн зан төлөв, биеэ авч яваа байдал, ур чадвар, харилцаа хандлагын талаар байж болох юм. Харин хэрэг маргааныг хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараагийн шатны шүүхийн хяналтад байх ёстой. Үүнд хөндлөнгөөс өөр хүн оролцвол шүүх эрх мэдэлд гажуудал авчирна. Үүнээс л болгоомжлох учиртай. Шүүхийн Сахилгын хороо үүнийг л зөв тодорхойлох хэрэгтэй. Бид шүүхийн шүүн таслах ажилд хөндлөнгөөс оролцох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй болов уу.
-Сүүлийн үед шүүгч нар шүүмжлэлд өртөх болсон. Ялангуяа, шүүгчийг аливаа хэрэг дээр урьдчилан томилдог гэж харддаг. Энэ журмыг өнөөдөр нэг мөр болгох гэж байна. Танд ямар санал байна вэ?
-Нэрсийн дарааллаар тойрохоор хэрэг хэн дээр хуваарилагдах нь мэдэгддэг. Тиймээс шүүхүүд тойргийн системд ороод удаж байна. Тухайлбал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар бүхэлдээ Эрүүгийн хэргийн нэгдсэн системээр санамсаргүй тохиолдлоор сонгогддог. Систем нь нэг боловч ачаалал тэнцүүлэх үүднээс зарим хэрэг дээр тухайн шүүх өөрийн зөвлөгөөнөөр шийдээд явдаг. 10 шүүгчтэй бол эхний тав А, дараагийн тав Б бүрэлдэхүүн гээд хуваадаг. Үүнийг улсын хэмжээнд нэг мөр болгох гэж буй. Түүнээс биш системээс хуваарилахгүй, эсвэл хэн нэг шүүгчийг нэр цохоод хэрэг хуваарилдаг шүүх хаана ч байхгүй.
-“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас шүүгч нар нь хараат, авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь сул байна гэж дүгнэсэн. Нээлттэй нийгэм форумоос судалгаа явуулахад мөн таагүй дүн гарсан байсан. Судалгааны дүнтэй санал нийлдэг үү?
-Судалгааны хүрээ, оролцогчид ямар хүмүүс байсан юм бол доо. Миний сонссон, ойлгосноор судалгаанд оролцогчдын дийлэнх нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй энгийн иргэн, гудамжинд явж байсан хэн нэгнээс авсан санал асуулга авсан юм билээ. Сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг таагүй зүйл гарахаар нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нийгэм таагүй хүлээж авдаг. Судалгаанд оролцсон иргэд иймэрхүү хандлагаар хандсан болов уу. Монголд 500 гаруй шүүгч бий. Бүгд ард түмэндээ тангараг өргөсөн. Монгол Улсад шүүгч, цэргийн алба хаагч хоёр ард түмэндээ тангараг өргөдөг. Бусад нь ард түмэнд тангараг өргөдөггүй.
-Шүүгч болох босго хэр өндөр байдаг вэ?
-Их сургууль төгсөөд шууд шүүгч болдог юм биш. Ажилласан жил, туршлага харна, маш олон шат дараалалтай шалгалт давж шүүгч болно. Ийм өндөр босго давж, ард түмэндээ тангараг өргөчихөөд буруу зөрүү байя гэж хэн ч бодохгүй. Олон хүн дотор ямар хүн байгааг би дүгнэхгүй. Гэхдээ л нийтээрээ зөв шударга ёсны төлөө явж байгааг баттай хэлнэ. Ер нь ямар ч маргаан шийдсэн хоёр талд таалагдана гэж бараг үгүй. Тиймээс олонх нь байнгын гомдолтой үлддэг.