Монгол, ЗХУ-ын хүндэт төмөр замчин, сагсан бөмбөгийн ахмад тамирчин, ОУХМ Л.Дашзэвэг гуай “Замчин” клубээс спортын замналаа эхлүүлж, шигшээ багийнхантайгаа гадаадын 20, дотоодын 200 гаруй тэмцээнд оролцсон. УБТЗ-д илчит тэрэгний машинч байхдаа тоглохын зэрэгцээ тамирчдаа дасгалжуулж, ямар ч их ажилтай байсан хувийн бэлтгэлээ сайтар базаадаг байжээ. Зүтгүүрийн депогийн “Бөмбөгтэй машинч”-ийн ачаар “Замчин”-ы сагсан бөмбөгчид “Алдар”-ынхантай аваргын төлөө олон ч удаа ана мана өрсөлдсөн гэдэг. Улсын шигшээ багт гурван удаа сонгогдож тоглосон түүнийг 2010 онд Алтангадас одон, УБТЗ-ын “Зууны манлай тамирчин” цол, 2014 онд Монголын мастеруудын алтан медаль, 2017 онд спортын Од одон, 2018 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2021 онд ОУХМ цол, тэмдгээр шагнажээ. Эх орондоо энэ спортыг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулж явсан түүнтэй ярилцлаа.
-Сагсан бөмбөгийн тамирчин Д.Батцолмон гуайн “БНМАУ-ын сагсан бөмбөгийн түүх” цуврал нэвтрүүлгийн анхны дугаарт уригдсан зочдын ярианаас таныг анхны ахмад тамирчдын нэг гэдгийг мэдлээ. Монголд энэ спорт хөгжихөд та бүхний оролцоо их нөлөөлсөн гэдэг. Энэ талаар дурсаач?
-Монголд 1956-1957 онд сагсан бөмбөгийн спорт анх үүссэн. Манай тамирчид анх удаа хилийн дээс алхаж, 1956 онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулсан Хятад, Монгол төмөр замчдын урлаг, спортын бэсрэг наадамд сагсан бөмбөг, хөнгөн атлетикаар оролцохдоо гадаадын баг тамирчдад тун ч ялимгүй тоогоор хожигдсон байдаг юм. Тэр жил Киргизийн багийнхан манайд ирж, Спортын төв ордны “Б” танхимд нөхөрсөг тоглолт зохион байгуулахад Монголын баг хожсон нь үзэгчдэд гадаадын тамирчидтай тоглож, амжилт гаргаж болох урам зориг өгсөн гэдэг. Би 1959 оноос сагсан бөмбөгөөр хичээллэсэн. Сонгосон мэргэжил, сонирхсон спорт минь миний амьдралтай салшгүй холбоотой. “БНМАУ-ын сагсан бөмбөгийн түүх” цуврал нэвтрүүлгийн анхны дугаарт уригдаж, ахмад үеийнхнийхээ амжилт, нөхөрлөсөн он жилүүдийн тухай дурсаж, заримтай нь хөөрөлдөх сайхан байсан. Бид залуудаа ажил, амьдрал гэж явсаар нэгэнтэйгээ уулзах зав бараг гардаггүй байв. Завгүй нөхдийг уулзуулдаг ганц зүйл нь сагсан бөмбөгийн тэмцээн байлаа. Анхдагчдаас Д.Балдандорж, хоёр дахь үеийнхнээс А.Өлзийхутагтай 30 гаруй жилийн дараа уулзахдаа сэтгэл их хөдөлсөн.
-Таны спортын замнал “Замчин” нийгэмлэгээс эхлэлтэй юм билээ. Залуудаа амжилтаараа ид шуугиулж явсныг тань ахмадуудаас нэг бус удаа сонссон.
-Би 1947-1957 онд нийслэлийн тавдугаар сургуульд суралцаж, төгссөн. Илчит тэрэгний машинч мэргэжилтэй. УБТЗ-ын байгууллагад насаараа ажиллалаа. 1957 онд УБТЗ-ын барилга орон сууцын II ангид ачигчаар орж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Миний сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн, “Замчин” клуб анх байгуулагдсан хоёр яг чацуу. Манай нийгэмлэгийн сагсан бөмбөгийн багийнхан 1959 онд Барилгачдын анхдугаар спартакиад наадмын тэмцээнд түрүүлж, дараа нь Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. 1961 онд Улаанбаатар хотын аварга багаар шалгарч, түүнээс хойш улсын чанартай тэмцээнд 200 гаруй удаа тогложээ. Манай баг 1959-1983 он хүртэл эхний гурван байрт тогтмол шалгарсан. Би Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын хоёр дахь нь. Анхных нь С.Чойен. Миний дараа их эмч мэргэжилтэй Д.Балдандорж, “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Л.Аюурзана нар хүртсэн. Миний хувьд тоглохын хажуугаар тамирчдаа дасгалжуулж, УАШТ-ээс зургаан алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль багтаа авчирсан байдаг. Үүнээс гадна улсын шигшээ багт гурван удаа сонгогдож тоглолоо. “Замчин” нийгэмлэг сагсан бөмбөгөөс гадна чөлөөт бөхийн алдартай тамирчдыг төрүүлсэн газар шүү дээ. Миний үеийн үзэгчид намайг ажилчин ангиас ямар тамирчин төрж, хэрхэн амжилт гаргасныг гадарлана.
-УБТЗ-д машинчаар ажиллахын зэрэгцээ спортоор хичээллэж, тэмцээнд оролцох амаргүй байв уу?
-Төмөр замын машинч байхдаа цүнхэнд бөмбөг хийчихээд хажуудаа байнга авч явдаг сан. Өдөр, шөнөгүй ажилладаг байсан ч бэлтгэлээ тасалдуулахгүйн тулд Дархан, Чойр, Сайншанд гээд хаана л явна зав гарвал бөмбөгөө шиднэ. Ажлаа тараад, амарч байхдаа ч сагсан бөмбөгийн тухай л бодно. Хаана самбар, шийд харагдана тэнд л би зогсож байна. Байгууллагынхаа жижигхэн зааланд бэлтгэл хийхийг минь Зүтгүүрийн депогийнхон харчихаад “Бөмбөгтэй машинч” гэж цаашлуулдаг байлаа. Хотын болон УАШТ-д оролцох үед байгууллагаас чөлөө бараг олгохгүй. Даргын тушаал гарч байж ажлаас түр чөлөөлнө. Дарга ч дуртай зөвшөөрөхгүй “Хүн, хүч хүрэлцэхгүй байхад тэмцээнд оролцлоо” гээд дурамжхан.
-Сагсан бөмбөгийн анхны шигшээ багийнхантай хэрхэн танилцаж, тэмцээнд оролцох болов?
-Би завгүй ажилладаг тул Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг ажилд оролцдоггүй байлаа. С.Чойен Хотын болон нэрэмжит, УАШТ-ийг зохион байгуулдаг байв. 1960-1961 оны үед санагдана, өмнөд хөршийн сагсан бөмбөгийн мэргэжилтэн Ю Гань, теннисний багш хоёр Монголд гурван сарын хугацаатай ирэхэд бид хэрхэн тоглодгоо харууллаа. Түүний орчуулагчаар улсын шигшээ багийн дасгалжуулагч Т.Доржзав ажилласан. Миний хувьд сагсан бөмбөг дориун тоглочихдог тамирчдын нэг байв. Тиймдээ ч Монголын шилдэг таван мастерын нэг гэх өргөмжлөлтэй явлаа. Би багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэнэ. Бие бялдрын хөгжил сайтай байхад ажил маань их нөлөөлсөн. Залуугаасаа төмөр замын хүндхэн ажилд нухлагдсан болохоор багийнхнаасаа биерхүү, бяртай нь байлаа. Улаанбаатар зүтгүүрийн депогийн хамт олон намайг гавьяаныхаа амралтад гарсны дараа 1992 оноос сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нэрэмжит тэмцээнийг минь жил бүр зохион байгуулдаг болсон юм. Цар тахлын улмаас өнгөрсөн жил болсонгүй.
-“Алдар”-ынхан аваргын түрүүгээ алдахгүйн тулд танайхантай ана мана үзэлцдэг байсан гэл үү?
-Манай тамирчдыг С.Чойен “Замчин”-ы мөнгөлөг баг” гэдэг байлаа. Бид амжилтын төлөө ажил, спортын алиныг нь ч цалгардуулахгүй зүтгэсэн. Тэр үед манайхантай “Алдар”, “Хоршоолол”, “Хөдөлмөр”, “Барилгачин”, “Хүч” нийгэмлэг, дөрвөн дээд сургуулийн шигшээ багийнхан тоглодог байв. Манайхан “Алдар”- ынхныг хожихдоо хожиж, ялагдах үедээ ч ялагдаж явсан. Харин “Хоршоолол”, “Хөдөлмөр” нийгэмлэгийнхэнд бол түрүүгээ алдаж байгаагүй. Монголын тамирчид гадаадынхнаас ур чадвараар дутахгүй ч нэг л зүйлээр дутмаг байлаа. Тэр нь нуруу намхан. Гадаадын багт хоёр метрээс дээш өндөр тамирчид тоглодог. Биерхүү тул биднийг хүч, бяраар ч илүүрхэнэ. Өнөөгийн залуус тэднээс нуруугаар гологдохгүй хэрнээ биеийн хөгжил, хүч, бяраар дутуу харагддаг.
-Тантай нэг багт тоглодог залуусын олонх нь машинчаар ажилладаг байсан гэдэг. Ажлаа тараад хамт бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байж дээ.
-Тийм ээ, “Замчин” клубийн шигшээ багт Доржсүрэн, Дашцэрэн, Цэвэл, Алтансүх, Сүхрагчаа, Даваахүү, Бямбажав гээд төмөр замд ажилладаг залуус тоглодог байсан юм. Тэдний олонх нь надтай адил машинч. Манайханд Хотын АШТ-д оролцож, түрүүлсэн хөгжилтэй дурсамж байдаг. Би ажлаа тараад гэртээ дөнгөж ороод сууж байтал багийнхан маань ирлээ. Тэд “Дашзэвэг ээ, манайхан тоглох боллоо, алив явъя” гэж шавдуулав. Цай ч ууж амжилгүй гарч, автобусанд суулаа. УБДС-ийн урд талын буудалд буугаад “Та нар тэмцээн болох газар луу явж бай. Би аяга хоол идчихээд очъё” гээд явлаа. Спортын төв ордны хаалгаар ортол үзэгчид “Хөөх, танай багийг “нойлолчихлоо” шүү дээ” гэв. Тэмцээнд “Алдар”-ынхныг манайхантай тоглох болсныг өмнө нь сонссон юм. Хартал тэднийхэн бэлтгэл хийгээд сүрхий. Тус нийгэмлэгт Л.Цэрэнжанхар, Н.Цогтоо, Г.Дэмбэрэлсайхан нар тоглодог байсан юм. Тэд биднийг харчихаад тэмцээн зохион байгуулагчдаас “Замчин”-ы багийг манайхантай тоглуулчих” гэж байна шүү. Шүүгч бидэн рүү хараад “Танайхыг тэмцээнд “нойлолчихсон”. Дүрмээр бол юу гэж тоглуулах юм бэ” гэлээ. Манай нийгэмлэгийн орлогч дарга Бямбадорж “Та нар ажилчин ангиас төрсөн ганц багийг тоглуулчихаач. Тэд ажлаасаа дөнгөж буугаад тоглохоор ирж байна шүү дээ” гэж учирлаад гуйв. Бид хэрхэн шийдэхийг нь хүлээж суутал орлогч дарга гүйж ирээд “За, тоглуулах болсон шүү. Та нар хувцсаа өмс” гэлээ. Намайг цайны газраас гараад явж байтал нэг жаал “Ах аа, таны хувцсыг Спортын төв ордон руу аваад явж байх уу” гэхээр нь өгөөд явуулчихсан юм. Тэмцээн эхэллээ, нөгөө жаал харагддаггүй. Тэр хавийн хүнээс майк олж өмсөөд, оймстойгоо талбайд тоглохоор гарлаа. Тэгсэн халтираад болдоггүй. Багийнхандаа “Та нар тоогоо битгий их алдаарай. Хожигдохгүйн төлөө эцсээ хүртэл үзнэ шүү” гэж захиад суусан.
Үзэгчдээс нэг залуу “Та миний кетийг өмс” гээд өглөө, таардаггүй. Тэгсэн ч чихсээр байгаад өмслөө. Тулсан кеттэй тоглосоор нэгдүгээр хэсгийг арай гэж дуусгав. Манайхан тэднийхээс нэг бөмбөгөөр илүү тэмцээнийг завсарлуулсан юм. Тэгтэл цүнхтэй хувцсыг маань үүрсэн жаал “Ах аа, хувцсаа аваарай” гээд зогсож байдаг байгаа. Би ч бухимдсандаа “Чи яагаад хувцас аваад тэр чигээрээ алга болчихдог нөхөр вэ” гэхэд “Би зааланд л байсан шүү дээ” гэж байна. Цүнхээ шүүрч авч хувцсаа өмсөөд нөхөд дээрээ очлоо. Багийнхандаа “Хэдүүлээ одоо яаж тоглохыг үзүүлээд өгнө өө” гээд л гарсан. Би дундын зайны шидэлтийг тойроод хэд шидчихлээ. Бөмбөг орж байна гэж жигтэйхэн. “Алдар”-ын багийг хожиход үзэгчид алга ташаад л сүртэй. Тэд “Алдар хохь нь ээ. “Нойлолж” хожчихоод, тоглоод хожигдлоо” гэж хашхирч байлаа. Бэлтгэлээ цаг үргэлж базааж байсны ач тусыг олон тэмцээнд энэ мэтчилэн харуулсан.
-Тухайн үед спортын мастер цолыг хэр баргийн тамирчинд олгодоггүй байсан гэдэг. Үнэн үү?
-Спортын мастер цолыг Биеийн тамир, спорт улсын хорооны даргын гарын үсэгтэй тушаалаар тамирчдад Хотын болон УАШТ-д амжилт хэр гаргасныг нь харгалзаж байж олгодог байлаа. Өнөө үед цол, шагнал үнэ цэнгүй болжээ. Муу хэлж байгаа юм биш шүү. Хотын болон УАШТ-д харагдаагүй хүн Гавьяат цол хүртсэн байх юм. Миний анх хүртсэн спортын мастер цолны тэмдэгтэй хүн ховор. Би МҮОХ-ны ерөнхийлөгч асан Ш.Магван гуайн гарын үсэгтэй спортын мастер цолыг, үнэмлэхтэй нь авч байлаа. Тэрбээр тус байгууллагыг олон жил удирдсан спортын зүтгэлтэн. Надад ОУХМ цолыг энэ жил олгосон. Намайг тамирчин байхад спортын мастер цолтнууд цалин дээрээ 50 төгрөгийн нэмэгдэл сар бүр авдаг байсан юм.
-“Замчин”-д Л.Дашзэвэг байхад хожно гэсэн ойлголт хэзээ ч байхгүй гэж бусад нийгэмлэгийн шигшээ багийнхан ярьдаг байсан гэдэг шүү.
-Нийгэмлэгүүдийн тамирчид тэр үед тэгж ярьдаг байсан гэдэг. “Замчин” нийгэмлэгийг анх үүсэн байгуулахад бидний үеийнхэн шанг нь татаж, тэмцээнд нь оролцсоор ирсэн. Манай багт Х.Чулуунгомбо хэмээх сайн тамирчин байлаа. Түүн шиг бөмбөгийг уран залж, дамжуулдаг довтлогч талбайд одоо ч харагддаггүй. Сагсан бөмбөгийг гайхалтай тоглоно. Түүнийг хэрхэн тоглодог, ур чадвартай байсныг бидний дараагийн үеийнхэн ч мэднэ.
-Та 1983 онд болсон Бүх ард түмний спартакиадад түрүүлж, алтан медаль хүртээд зодог тайлсан юм билээ.
-Тийм ээ. Би багийнхаа тамирчдыг ахалж, 1959-1983 он хүртэл тоглосон. 1983 онд болсон Бүх ард түмний спартакиад наадмын тэмцээнд түрүүлчихээд зодог тайлсан юм. Дараа нь Ахмадын УАШТ-д тоглохдоо зургаан удаа аваргаар шалгарсан. Ахмадын шигшээ багт би С.Чойен, Д.Содномзундуй нартай хамт тоглодог байв. С.Чойен залуудаа МУИС-ийн шигшээ багт тоглодог байлаа. Миний хувьд анхны тамирчид болох Д.Балдандорж, Л.Моломжамц, З.Болд нартай тоглож байгаагүй. Бид нас ойролцоо, нэг үеийнхэн л дээ. Өдгөө анхны ахмад тамирчдаас цөөн хүн үлджээ. Миний хувьд бөмбөгтэй нөхөрлөснөөрөө буруудаагүй. Спортоор хичээллэсний ач тусыг өдөр бүр мэдэрдэг. Залуудаа тэмцээнд оролцох, бэлтгэл хийх гээд хөдөлгөөнтэй, завгүй амьдарсны давуу тал олон зүйл дээр харагддаг. Би өдгөө 82 настай. Одоо ач, зээ нараараа хүрээлүүлээд амьдарч байна. Надад хууч өвчин байхгүй, энд тэнд өвдөх зовуурь алга. Сүүлийн үед толгойд ганц нэг цагаан үс харагдах гээд байдаг болсон.
-УБТЗ-ын “Зууны манлай сагсан бөмбөгчин”-ий гэр бүлээс тамирчид төрөв үү?
-Манайх гурван охин, нэг хүүтэй. Тэднээс гурав нь төмөр замчин. Хоёр нь Төмөр замын дээд сургууль төгссөн. Хүү минь машинч болсон. Одоо зааварлагч машинчаар ажилладаг. Охидоос минь нэг нь волейбол тоглодог. Ач, зээ нараас хоёр нь тоглож байна. Нэг нь нэлээд олон медальтай.
-Спорттой нөхөрлөснийг батлах олон шагнал гэрт тань залаастай байдаг биз?
-Надад сагсан бөмбөгийн спорт, УБТЗ-аас хүртсэн одон, медаль цөөнгүй бий. Ажилласан байгууллагынхаа буянаар олон ч газар үзэж, нүд тайллаа. Спорттой нөхөрлөсний хүчинд тамирчдад гардуулдаг төрийн шагналуудаас хүртсэн байна. Залуудаа байгууллагынхаа Хөдөлмөрийн аваргаар нэг бус удаа шалгарч, Тэргүүний төмөр замчин тэмдгээр хоёр удаа шагнуулсан. Би эцэг, эхээс зургуулаа өссөн. Бүгдээрээ ажил үйлсдээ амжилт гаргаж, төрийн одонгоор энгэрээ мялаажээ. Миний хувьд 1959- 2005 он хүртэл туслах машинч, машинч, ахлах машинч, зааварлагч машинчаар 43 жил ажилахдаа галт тэрэгний аюулгүй байдлыг бүрэн хангаж, зөрчилгүй ажилласан тэргүүний ажилтнуудын эгнээнд жагсдаг байлаа. Бид орос мэргэжилтнүүдийн хатуу зарчим, өндөр шаардлага дор ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн.