Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тус салбарын сайд Л.Халтар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүд энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайдад дараах асуултуудыг тавьсан юм.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Замын-Үүд боомтын импортын ачаа эргэлтэд онцгой анхаарал хандуулмаар байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Эрээнд Монголын 32 жолооч тусгаарлагдаж, Монгол Улс руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийлээ. Эдгээр жолооч нар одоо эх орон руугаа буцах асуудлыг тавьж байна. Цаашид эдгээр жолооч үргэлжлүүлэн ажиллах уу, эсвэл өөр хүмүүсээр солих уу. Энэ жолооч нарыг урамшуулж, дэмжлэг үзүүлэхгүй бол 32 жолооч Монгол руу орж ирвэл импортын ачаа эргэлт тасрах нь.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-Засгийн газрын хуралдаанаар Эрээнд ажиллаж буй 32 жолооч тус бүрд гурван сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Хятадын талаас манайхаас нэг хэсэгтээ жолооч авахгүй гэсэн. Харин дундын бүсэд толгой сольдог, чингэлгүүдээ хоёр тийш нь шилжүүлж ачдаг горимд орохоор болсон.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Нүүрс тээвэрлэлт бол хамгийн чухал. Харамсалтай нь, бид үүнд хамгийн хойрго, идэвхи санаачлагагүй, зохион байгуулалтгүй хандаж буй. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр тоо. Гэтэл Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс гаргажээ. Нүүрс экспортын 90 хувийг гаргах хоёр боомт өнөөдөр ийм нүүр царайтай ажиллаж байна. Он дуусахад гуравхан сар үлдлээ. Он дуусах хүртэл 10, 11 сая тонн нүүрс гарах юм уу. Ирэх жил түүнээсээ гурав дахин их төлөвлөгөө тавьчихаад сууж байдаг. Боомтод нэгдсэн зохион байгуулалт, удирдлага алга. Баахан босоо удирдлага. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр хүн чинь ажлаа хийж байгаа юм уу. Боомтод PCR-ийн шинжилгээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт байхгүй.
Зам, тээврийн хөгжлийн сайд Халтар
-Нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргааг шинээр байгуулсан. Гашуунсухайт боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Яамны ажлын хэсэг 21 хоног ажиллаад ирлээ. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй нь. Цар тахлын хууль арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болчихно. Цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр шийдлээ гаргая гээд яриад явж байна. Чингэлэг тээврийн терминал амжилттай байгуулсан. Яриа хэлэлцээ явагдаад, ойрын үед эерэг үр дүн гарах байх гэж найдаж байна.
Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон:
-С зөвшөөрөл хил нэвтрэх зөвшөөрөл. Зөвшөөрлийн бичгээр төрийн хяналтыг хийж байгаа. Гашуунсухайт боомтын хувьд өнөөдрийн байдлаар 19 мянган машин бүртгэлтэй. Боомтын өргөтгөл хийхээс нааш хэрүүл маргаан үргэлжилсээр байх болно. Уурхайнуудад зөвшөөрлийг нь өгчихөж болохгүй юм уу гэж байгаа. Янз бүрийн байдлаар бид хөөцөлдөж байна. Уурхайнуудад асуудлыг тавьдаг. Эрэлт нь 11 мянга ирдэг. "Эрдэнэс Тавантолгой" ямар ч дата бүртгэл байхгүй учраас хүндрэлтэй, ирэх оноос хуваарилаад явах боломжтой гэсэн хариулт өгч байна. Энэ асуудал маргаан дагуулдаг нь үнэн. Судалгаа шинжилгээний ажлууд хийгээд, сайтууд дээрээ байршуулаад ажиллаж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:
-Одооноос энэ асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигийн төмөр зам барина гээд өндөр дээд түвшинд тохиролцсон. Манайх сүүлд нь өргөн царигийн төмөр зам тавьчихсан. Царигийн зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. 13 км зам тавих юм билээ. Огтлолцох цэгийн асуудал Ганцмод дээр үү, Гашуунсухайт дээр хийх үү гээд асуудал үүссэн. Хоёрдугаарт, Гашуунсухайтын асуудлыг Сангийн сайдад засгийн газраас хариуцуулсан. Цаашид Сангийн сайд хариуцаад авч явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтохгүй бол болохооргүй байсан. Терминал гээд юм байгуулчихсан байна. Ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн өндрөөр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлуудыг нэг мөр шийдэхгүй бол болохгүй юм билээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-"Эрдэнэс Тавантолгой"-гоос тээвэрлэлт манай ажил биш гэсэн хариулт өгдөг. 2022 онд орохын өмнө ярья гэсэн. Уурхайнууддаа квоттой нь уялдуулаад өгчихье гэж ярьж буй. Тавантолгой Зүүнбаян чиглэлийн зам сайн явж байгаа. Утсан харилцааны холбоо харилцааг нээх асуудал яригдаж байна. Хил холболтын цэг, хаана шилжүүлэх вэ гэдгээ Хятадын талтай тохиролцвол Хятадын талд бүтээн байгуулалтын ажил хийнэ. Цаг хугацаа авчих вий, хил холболтын цэг дээр асуулдал үүсэх вий гэж болгоомжилж байна. Холболтын өмнө тээвэрлэлт явагдана.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Нүүрс тээвэрлэлт хугацаа алдагдаж, төлөвлөгөө тасалдалтай явна. Сүүлийн гурван сард 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу. Ямар арга хэмжээ авч байна вэ. Жолооч нарын халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой асуудал хэл ам татлаад байна. Хоёрдугаарт, жолооч нарын шинжилгээний асуудал үүсэж байна. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Баахан мухар төмөр замтай боллоо. Баригдаж байгаа төмөр замууд хэзээ ашиглалтад орох вэ? ЭМЯ, УОК, Хятадын талтай яриад асуудлыг шийдэх боломж байгаа юу?
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Гашуунсухайт, Цагаан хадан дээр халдвар хамгаалал нэлээн алдагдсан. Хятадын тал жолооч нарын шинжилгээн дээр нэлээн анхаарал хандуулж байна. Хилийн зурвас дээр контейнер байгуулсан, туршилт амжилттай болсон. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна. "China Energy" компанитай өнөөдөр гурав дахь удаагаа уулзсан. Мэдээллийн дараа "Энержи Ресурс" мэдээлэл бидэнд хийх байх.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Л.Халтар сайдаас асуух асуулт байна. Нүүрсний үнэ түүхэндээ байгаагүй өндөр байхад бид хоногт 100-хан машин гаргаж байна. Үүний хариуцлагын хүлээн байдаггүй. Коронавирусийн халдвартай жолооч хятадын тал руу ороод байгаа учраас бид нүүрсээ зарж чадахгүй байна. 500 жолоочийг 14 хоног нэг газар тусгаарлаж байгаа урагшаа явуулахаар дунд нь ганц нэг халдвартай жолооч байж таараад байна. Үүнээс болоод бизнес нь ч байдаггүй, нүүрс тээвэр нь ч байдаггүй. Энэ бол цэвэр зохион байгууллалтын асуудал шүү дээ. Тэгэхээр одоо яаж ажиллах вэ.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-Бид хоёр гол арга хэмжээ авахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, жолооч нарыг бөөнөөр нь байлгах эрсдэлтэй юм байна. Тэгэхээр бөмбөлөгөөр буюу жишээ нь нэг компанийн жолооч нарыг 2-3 хувааж, төвлөрлийг нь сааруулна. Хоёрдугаарт, Засгийн газрын шийдвэрийн дагуу Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай буюу Дотоодын цэргээр хамгаалуулсан бүс болгоё гэж байгаа юм. Үүнд шаардлагатай зардал, орон тоог шийдсэн. Тун удахгүй газар дээр нь очоод хамгаалалт татаад, орж, гарах хөдөлгөөнийг цэгцэлнэ.