“Алдар” спорт хороо, “Жунсон констракшн” компанийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Т.Болортуул БНСУ-ын Чэжү хотод 2014 онд болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д оролцсон Монголын тамирчдаас ялалтын салхийг хагалсан бол 2015 онд ОХУ-д зохион байгуулсан Дэлхийн оюутны АШТ-ээс хүрэл медальтай эх орондоо ирж байв. Дараа жил нь насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, “Шилдэг эмэгтэй боксчин”-оор шалгарч, Гавьяат дасгалжуулагч А.Гантулга багш нь “Шилдэг дасгалжуулагч” шагнал хүртсэн. Тэгвэл 2018 онд Киргиз улсын Ош хотод болсон боксын олон улсын тэмцээнд амжилттай тулалдаж, хүрэл медаль хүртсэн бол нөхөр Х.Энх-Амар нь түрүүлж, тус тэмцээний “Шилдэг тамирчин”-аар шалгарсан юм. Мөн нөхрийнх нь дүү Х.Энхмандах мөнгөн медаль зүүсэн бахархам түүхтэй. Боксчин гэр бүл энэ удаа хойд хөршийн Москвад болсон Армийн ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэж, спортын хорхойтнуудыг баярлуулсан юм.
-ОХУ-ын Москва хотод зохион байгуулсан Армийн боксын ДАШТ-ээс нэг гэр бүлийн гурван тамирчин медальтан болсон нь тун содон тохиол байлаа.
-Баярлалаа. Энэ удаагийн ДАШТ өмнөхөөсөө илүү өрсөлдөөнтэй боллоо. Манай гэр бүл боксоор олон жил хичээллэж байна. Дүү Х.Энхмандах хүрэл медаль хүртэж, нөхөр бид хоёр аваргын төлөө тоглосон. Миний хувьд эхний тойрогт хийлж, дараагийнхад нь Кени, Беларусийн боксчныг ялж, хагас шигшээд ОХУ-ын тамирчин, Европын хоёр удаагийн аварга, ДАШТ-ийн мөнгөн медальт Дарья Абрамоватай тулалдсан. Надтай таарсан тамирчдаас тэрбээр хамгийн хүчтэй нь байлаа. Түүнд тоглолтын хоёр үед хожигдож, сүүлийнхэд нь ялснаар мөнгөн медаль хүртсэн.
-Дарья Абрамова аваргын төлөөх тулааны өмнө “Би Монголын боксчны бичлэгүүдийг үзсэн. Ялна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан. Та ч гэсэн тоглолтыг нь багагүй судалсан байх.
-ДАШТ-д шилдгүүд л ирдэг. Аваргын төлөө тоглохын тулд Беларусийн Галина Бруевичийг заавал хожих ёстой байлаа. Ойрын зайнаас “ажилладаг”, тун махруу, шахаж тоглодог түүнээс сурах зүйл их байв. Тулалдах арга барил нь минийхтэй ой ролцоо тул эн тэнцүү үзэлцэж, 3:2-оор хожсон. Аваргын төлөө тулалдахаар гарахын өмнө Гавьяат дасгалжуулагч А.Гантулга багш “Миний охин өрсөлдөгчийнхөө гэдсэнд нь цохиж, урд гараар (зүүн) тоглолтоо дуусга” гэж зөвлөсөн. Би ч багшийнхаа хэлснээр довтолж тулалдахад Дарья Абрамова нэлээд цуцсан байлаа. Хойд хөршийн алдартай боксчинтой нударга зөрүүлж, туршлага хуримтлуулсандаа баяртай байгаа. Түүнтэй дараа таарвал даагаа нэхэж хожно.
-Монголд гэр бүлээрээ тулааны спортоор хичээллэдэг тамирчин ховор. Та гурав тэмцээ ний үед нэгэндээ зөвлөж, түшиг болдог биз?
-Нөхөр минь айлын ууган хүү. Х.Энхмандахаас гадна хоёр ч дүү нь бокс тоглодог. БНХАУ-ын Ухань хотод 2019 онд зохион байгуулсан Дэлхийн цэргийн спортын VII их наадамд дүүтэйгээ оролцож мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Тэд энэ удаа Москвагаас мөн мөнгө, хүрэл медальтай ирсэн. Армийн ДАШТ-ий дараахан Х.Энхмандах ОУХМ цол хүртлээ. Нөхөр өмнө нь Уханьд аваргын төлөөх тоглолтод ОХУ-ын Овик Оганнисянтай таарсан бол энэ удаа ч бас тулалдлаа. Бид гурав хаана ч явсан амь нэгтэй. Тэмцээнтэй үед нэгэндээ түшиг болж, медалийн төлөө тоглохоор шалгарвал баярлаж догдолдог. Би нөхрийнхөө дэргэд байж зөвлөн, ялалт, ялагдлыг нь хамтдаа мэдэрдэг. Рингэнд гарахад нь өөрөө тулалдах гэж буй мэт өмнөөс нь сандарна. Ялчихаад буугаад ирэхэд нь сэтгэл тайвширна. Тулааны үед гардаг бэрхшээлийг мэддэг болохоор бид нэгнээ ойлгоход амар байдаг юм.
-Жүдогоор барилддаг охиныг хэн бокс руу урвуулчихсан юм бол. Бөхөөр хичээллэсэн ч хожим юм дуулгах л байсан санагддаг.
-Би хөдөө малтай ойр, эршүүд өссөн. Айлын том охин, дөрвөн эмэгтэй дүүтэй. Гавьяат дасгалжуулагч Б.Буядаа багшийн удирдлагад жүдогоор барилдаж, 2006 онд боксоор хичээллэсэн. Хагас жил барилдсаны хүчинд хүчтэй, бяртай ч боллоо. Боксын тамирчин, Азийн тивийн хүрэл медальт, ОУХМ Ц.Цэрэнчимэг найз минь намайг бокс руу урвуулсан. Гэрийнхэндээ ширэн бээлийтэй нөхөрлөснөө хэлэлгүй нууж, нэг хэсэг явав. Тэгсэн аавын найз Хотын аварга шалгаруулах боксын тэмцээнд намайг оролцохыг харчихаж. Тэрбээр манайханд “Танай охин Спортын төв ордноор л эргэлдээд байх юм. Бөхөөр бус, боксоор хичээллэж байгаа бололтой” гэж хэлсэн гэдэг. Аав ч тэр үед дурамжхан “Чи Хотын АШТ-д оролцож түрүүлээрэй, хэрвээ чадахгүй бол боксоор хичээллэх хэрэггүй” гэв. Уг тэмцээнд түрүүлж, шагналынхаа салхийг алтан медалиар хагаллаа. Гэрийнхэн минь баярласан ч намайг цаашид бөхөөр барилдуулах сонирхолтой байв. Ээж “Эмэгтэй хүүхэд бокс тоглох хэцүү. Бэртэж, гэмтэх эрсдэлтэй” гэнэ. Манайхан аажимдаа ойлгодог болсон. Ээж минь энгийн хүмүүс шиг чөлөөтэй хөдөлж чаддаггүй. Хүзүү нь өвддөг болохоор эмчилгээ байнга хийлгэдэг юм. Нэг өдөр “Дуртай спортоороо хичээллэхийг чинь хорихгүй. Харин чи гэрийнхээ ажлыг амжуулаад бэлтгэлдээ явж байгаарай” гэж хэлэхэд нь их баярласан. Айлын том байх амаргүй. Дүү нараа харж хандахаас гадна аав, ээждээ дэм болж, хамаг ажлыг амжуулдаг сан. Миний хувьд ээж, амьдралынхаа төлөө өөрийгөө бүх талаар дайчлан зүтгэж байна.
-Дасгалжуулагч Л.Энхбаатар багш боксын спортын цагаан толгойг анх заав уу?
-Тийм ээ, багш минь “Хар чоно” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Багштайгаа байнга холбогдож, клубт нь очиж бэлтгэл хийдэг. Армийн ДАШТ-ээс ирэхэд мөнгөн медалийг маань клубтээ нэг хонуулъя гээд авч үлдсэн. Багшийн удирдлагад хичээллэж, амжилт гаргасан эмэгтэй тамирчин цөөнгүй. Тухайлбал, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Нандинцэцэг, Ази тивийн аварга Э.Уянга, түүний эгч ОУХМ Э.Ундрам гээд нэрлэвэл бий. Би 2014 оноос А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багшийн удирдлагад өнөөг хүртэл хичээллэж байна. Өмнө нь өөрийн гэсэн цалингүй, бор зүрхээрээ зүтгэдэг байхад А.Гантулга дасгалжуулагч “Багш нь чамайг цалинжуулъя, хүрээд ир” гэж санал тавьснаар “Алдар” спорт хорооны тамирчин болж байлаа. Багштайгаа тэмцээнд хамт явахаар медаль заавал хүртдэг. Товчхон хэлбэл, бидний амжилтын ганзага нийлдэг гэсэн үг. 2006 онд хилийн дээс анх алхаж, Вьетнамд болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Надад Оросын дэвжээ ээлтэй. Тэнд 2015 онд болсон Дэлхийн оюутны АШТ-ээс хүрэл медальтай ирсэн бол энэ удаа медалийнхаа өнгийг хувиргалаа. Багш тамирчдынхаа зан чанарыг мэднэ. Харц, хөдөлгөөнийг нь хараад бие, сэтгэл зүйн байдал нь ямар байгааг төвөггүй ойлгочихно. Тэмцээний өмнө “Чи сандарч болохгүй шүү. Тайван байвал амжилт гаргана” гэж захидаг. Амжилтаас атгуулсан багш нартаа баярлаж, ачийг нь үргэлж санаж явдаг. Би боксын спортод дуртай, зодог тайлах гэж яарахгүй. Амжилтын төлөө зүтгэж, эцсийн үр дүнг нь заавал үзнэ.
-Өөрийг тань ээж болсон ч спортдоо эргэн ирж, рингэнд гарсан гэдэг юм билээ?
-Хүү минь надад эрч хүч хайрлаж, амжилт дагуулсан. Ээж болсноос хойш миний амжилт ахисан. Төрөөд хоёр сарын дараа бэлтгэлдээ орж, Энэтхэг, Тайландад зохион байгуулсан тэмцээнд оролцохдоо хадам аав, ээждээ хүүгээ үлдээгээд явсан юм. Тэнд очоод хүү, гэр, монгол хоолоо их санасан. Хөхөө чинэхээр сүүг нь саагаад рингэнд тулалдахаар гарч байлаа. Түүнээс хойш Монголд болсон УАШТ-д гурван жил дараалан түрүүлжээ.
-Шигшээ багт хөл тавиад л нөхөртэйгөө танилцав уу?
-Биднийг боксын спорт учруулсан. Намайг шигшээ багт орсны дараахан нөхөр минь дуудагдаж ирсэн юм. Бэлтгэл хийж явсаар нэгэндээ дасаж, нөхөрлөсөн. Тэр цагаас амьдрал, амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна. Би нөхрийнхөө хүнд тусархуу, зөөлөн зан чанарт нь их татагдсан. Бид “Алдар” спорт хороогоор овоглож, олон тэмцээнд оролцлоо. Тамирчны амьдрал жирийн гэр бүлээс олон зүйлээр ялгардаг. Спортын зовлон, жаргалыг хатуужил, тэвчээрээр туулах үе бишгүй. Тулгарсан саад бэрхшээлүүдийг залуу насныхаа зорилго, тэмүүллээр даван туулж ирлээ. Тамирчин гэр бүл амжилтын төлөө амьдралынхаа олон зүйлийг хойш тавьдаг. Хичээсний хэрээр амжилт ирдэг болохоор бидэнд хөлс дуслуулсан өдөр бүхэн минь үнэ цэнтэй. Би амьдралынхаа бодит үнэнийг нуухгүй ээ. Одоогоор байргүй тул гэр хороололд амьдарч, хоёр талын аав, ээжийндээ хоног төөрүүлэх үе цөөнгүй. Тэмцээнтэй үед гэрээ орхиод олон хоног явна. Ирэхэд гал хөсгүй, хүйтэн угтдаг ч энэ бүхэн халшрах шалтаг биш гэж хичээдэг. Спортын амаргүй амьдралаар замнаж яваа ч боловсролдоо анхаарч хоёр дээд сургуульд сурлаа. Их засаг их сургуулийг бие хамгаалах эрхзүйч, ҮБТДС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Нөхөр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн III курсийн оюутан. Хичээлээсээ чөлөө авч, тэмцээнд оролцдог. Сербийн Белград хотод энэ сарын 26-нд болох ДАШТ-д оролцохоор Орхон аймагт тамирчидтайгаа цугларалтад гарч, бэлтгэл хийж байгаа.
-Таныг Монголд 2012 онд болсон Ази тивийн АШТ-д түрүүлж, аваргаар шалгарсныг санаж байна.
-Тэр жилийн тэмцээнд амжилттай оролцож, түрүүлсэн юм. Өнгөрсөн хавар АНЭУ-ын Дубайд болсон Азийн АШТ-ээс нөхөр минь алтан медаль хүртэж, аварга боллоо. Бид сэтгэл гаргаж тусалсан олон хүний тус дэмээр жилээс жилд амжилтаа ахиулж байгаа. Би “Жунсон констракшн” компанийн тамирчин. Тус байгууллагын ерөнхий захирал М.Бат-Очир намайг дэмждэг. Амжилт гаргахад дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Биднийг Армийн ДАШТ-д оролцоход урам өгч, тусалсан Батлан хамгаалах яам болон “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, орлогч, хурандаа В.Гомбожав, эмч М.Саранцацрал нарт талархсанаа илэрхийлье.
-Бокс таныг амьдралын ухаанд хэр сургаж, зөв хүн болгон төлөвшүүлэв?
-Би тамирчин болсноороо бахархдаг. Спорт хүнийг тэмцэгч чанарт сургадаг. Өрсөлдөөн ихтэй талбарт сэтгэлийн хаттай байхад суралцлаа, аливаа асуудлыг олон талаас нь дүгнэж, шийдвэр гаргадаг ч боллоо. Намайг дайчин зан минь урагшлуулдаг. Турк улсад ирэх арванхоёрдугаар сард болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ шаргуу хийж эхэлсэн. Багш нарынхаа зөвлөснийг хэрэгжүүлж, дэлхийн аваргад өрсөлдөх эрх авахын тулд сорилго тэмцээнд амжилттай оролцоно. Цаашлаад “Парис 2024” олимпын наадамд оролцох зорилго тавьсан.
-Хүү тань бэлтгэлийн өрөөнд бээлий өмсөөд гүйх юм. Түүнд мишок нүдэх таалагддаг бололтой.
-Хүү минь биднийг дагаж ирээд бэлтгэл хийхийг харах дуртай. Бээлий өмсөөд мишок нүдээд энд тэндгүй гүйдэг юм. Хүсэл, тэмүүлэлдээ хөтлөгдөж боксоор хичээллэвэл дэмжилгүй яах вэ. Гэхдээ спортын ертөнц хатуу шүү дээ. Бодож байснаас ч хэцүү зам туулдаг. Хэн тууштай байж, тэссэн нь үлддэг тул хүндхэн сорилттой байнга тулгарна. Бид хүүгээ заавал тамирчин болгох гэж зүтгэхгүй. Сонирхсоныг нь дэмжинэ.
-Бэлтгэл хамт хийдэг охид өөрөөс тань дүү харагдана. Тэднээс эрч хүч, хурдыг өдөр бүр мэдэрдэг байх.
-Бэлтгэл хийдэг охид 18-27 насныхан. Би тэднээсээ эгчмэд нь. Манайхан цоглог. Бид найзууд шиг байж, нэгнийхээ зовлон, жаргалыг хуваалцдаг. Миний хувьд дүү нартайгаа ана мана өрсөлддөг. Охид “Таныг харахаар өөрийн эрхгүй бэлтгэл хийх сонирхол төрөх юм. Өнөөдөр сэтгэл тиймхэн ирсэн ч таныг хараад сэргэлээ. Энэ их эрч хүч хаанаас тань ундардаг юм бэ” гэдэг. Охид минь түрүүчээсээ амжилт гаргаж эхэлсэн. Тэдний дунд өсвөр, залуучуудын ДАШТ, УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин бий.
-Бэлтгэл хийхгүй хэд хоновол бээлийгээ өмсөөд зааланд очмоор санагддаг биз?
-Би хөдөлгөөнтэй, хурдан, шаламгай амьдрах дуртай. Бэлтгэл хийхгүй хэд хоног өнжвөл өөрийн эрхгүй үгүйлдэг. Надад ширээний ард тухалдаг ажил тохирохгүй. Хөгширсөн ч гүйж л явах болов уу.
-Боксын тэмцээн шүүж байхыг тань хэдэн удаа харсан. Зодог тайлбал шүүгчээр ажиллах уу?
-Би нэг одтой шүүгч. Эх орондоо зохион байгуулсан тэмцээнийг шүүн явуулах эрхтэй. Шүүгчийн сургалтад сууж, шалгалт өгч тэнцсэн юм. Дотоодод болсон тэмцээнийг нэг бус удаа шүүсэн. Орхон аймагт болсон тэмцээнийг шүүж, шилдэг шүүгчээр шалгарч байлаа. Хойшдоо хоёр, гурван одтой шүүгчийн сургалтад суух зорилготой. Дэлхийн боксын холбооноос улс бүрт эмэгтэй дасгалжуулагчтай байх шаардлага тавьдаг болсон. Хэтдээ эмэгтэй тамирчдын дасгалжуулагч, олон улсын шүүгчээр ажиллах сонирхолтой. Токиогийн олимпын наадмын боксын тэмцээнийг дэнсэлсэн шүүгч Т.Цогтгэрэл эгчийг харж, үлгэр дуурайл авдаг. Түүний гадаад хэлний мэдлэг, харилцааны соёл, биеэ авч яваа байдал нь бахархал төрүүлдэг юм. Тэрбээр бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал хэлж зөвлөдөг. Шүүгч тэмцээнийг шүүх явцдаа тамирчдын алдаа, оноотой зүйлийг олж хардаг. Тухайн тамирчны нэр хүнд, карьер, хувь заяа, медаль хүртэх, эсэх нь шүүгчээс шалтгаалдаг болохоор тэмцээнийг шударга, алдаагүй шүүх ёстой. Шүүгчээр ажиллах давуу талтай ч олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг.
Энэ ташрамд боксоор хичээллэх сонирхолтой залууст “Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг бий. Хүнийг хөдөлмөрч зан амжилт руу хөтөлдөг. Залхуурахгүй хичээсэн зүтгэл тань нэг л өдөр бэлэг болж ирнэ. Аливаа зүйлийг эхэлсэн бол үр дүнг нь заавал хар.Хэцүү санагдсан бүхэнд хэзээ ч битгий бууж өг. Туулаад гарсны дараа амархан байсныг ойлгодог. Шийдэмгий зан, тууштай байдал тамирчин хүнийг урагшлуулдаг юм шүү” гэж хэлье.