УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган эхлээд удаагүй байна. Энэ удаагийн чуулганаар зайлшгүй батлах ёстой ямар хуулиуд байна вэ?
-2021 намрын чуулганаар нийт 73 хууль батална. Тухайлбал, байнгын хорооныхоо эрхлэх асуудлын үүднээс тодруулаад хэлэхэд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх, Нийтийн мэдээллийн, Цахим гарын үсгийн, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай гээд олон хуулийн төсөл байна.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ анх удаа нээлттэйгээр хэлэлцэн томилох юм. Шүүхийн шинэтгэлийн зарчмын өөрчлөлтүүдийн нэг болох Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэснийг та мэдэж байгаа. Ингэснээр шүүхийн шинэтгэлд үүссэн гацаа арилсан. Бид Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулж, эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадах хүнийг олж, сонгох хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ намрын чуулган бол шударга шүүхтэй байх, шүүгчид хараат бусаар ажиллах бүх нөхцөлийг эрх зүйн хувьд бүрэн бүрдүүлэх чухал цаг үе болно гэж харж байна.
-Шүүхийн багц хуулийг мөрдөөд хэдэн сар өнгөрлөө. Шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломж бүрдсэн үү?
-Аль ч нийгэмд иргэдийнх нь хамгийн сүүлд итгэл тээн очдог газар нь шүүх. Шүүгч “хонгил” үүсгээд, эрх мэдэл, албан тушаалтанд үйлчлээд байна гэдэг нь хоосон яриа биш байсан. Энэ ч үүднээс Шүүхийн багц хуулийг шинэчлэн баталж, шүүгчийн эдийн засаг, улс төр, нийгмийн баталгааг нь хангасан. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнууд болон улс төрд нөлөө бүхий хүмүүс шүүгчтэй албан ажлаар уулзсан бол заавал тэмдэглэл хөтлөн баталгаажуулж, байгууллагын нууцын ажилтанд өгөх ёстой. Мөн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан.
-УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сард багтаан явуулахаар төлөвлөж буй юм билээ. Үүгээр парламентын засаглалаа бэхжүүлж, хариуцлага, ёс зүйн тогтолцоо төгөлдөржиж, шударга ёсыг тогтоох томоохон алхам хийнэ гэж хүлээх хүмүүс цөөнгүй. Гэвч УИХ-ыг Хянан шалгах хороо болчих вий гэх болгоомжлол бас байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-УИХ хууль баталдаг. Энэ чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа. Харин баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тавих хяналт маш сул байгаа гэхэд болно. Засгийн газар парламентын өмнө хууль хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ хэр зэрэг биелүүлж байна вэ гэдгийг нь төдийлөн дүгнэж чадахгүй өдий хүрсэн. Баталсан хууль нь мянга сайн байгаад хэрэгжилт нь муу бол тэр хууль цаасан дээрээ амь нь тасарч байна гэсэн үг. Үүнээс үүдээд УИХ, цаашлаад төрийн нэр хүнд, чадамж унаж байна. Үүнийг засаж, сайжруулахын тулд УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг санаачилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 02 дугаар тогтоолд заасан үзэл баримтлалын хүрээнд тус хуулийг боловсруулах шаардлага үүссэн.
Тухайлбал, албан тушаалтнаас асуулгын хариуг 30, асуултын хариуг 14 хоногт багтаан ирүүлэх үүрэгтэй. Гэвч ирүүлж байгаа хариу нь шаардлага хангахгүй, нүд хуурсан, эсвэл хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй байх зөрчил байнга гардаг. Мөн хууль, тогтоомжийг сурталчлахтай холбоотой Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг УИХ-д танилцуулдаггүй. Цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилт болон улсын төсөв, мөнгөний бодлогын биелэлтийн тайланг ирүүлэхдээ хангалтгүй ажилладаг. Хэрэгжүүлэхээр заасан зорилт, арга хэмжээг дутуу тайлагнах, төөрөгдүүлсэн мэдээлэл ирүүлэх, төлөвлөсөн зорилтуудын биелэлт хангалтгүй байгаагийн шалтгаан, нөхцөл тодорхойгүй байх зэрэг ээдрээтэй асуудал их л дээ. Энэ бүхэн Монголын төрийн дархлаатай холбоотой асуудал мөн биз.
-Тэгэхээр УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалт нь юу байх юм бэ?
-УИХ-ын хяналт, шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон асуулт, асуулга тавих, хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх, төсвийг хянах, сонсгол хийх, Хянан шалгах (мөрдөн шалгах) түр хороо байгуулах зэрэг долоон төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилна. Хяналт шалгалтын үр дүнд хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, биелэлтийг нь хангуулах, эрчимжүүлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэлээ гэж олон жил ярилаа. Энэ зудтай тэмцэх аргаа олохгүй бол ард түмэн зутарсаар л байх болно шүү дээ.
-Засгийн газар, түүний байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн үү, эрх мэдлээ урвуулан ашигласан уу гэдгийг хянан шалгах түр хороо байгуулах талаар тодруулахгүй юу?
-Парламентын зүгээс гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих олон хэлбэр байдгаас хамгийн хүчтэй, үр нөлөөтэй нь мөрдөн шалгах чиг үүрэгтэй хянан шалгах хороо юм. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлсний зэрэгцээ түүнд тавих хяналтыг сайжруулах зорилготой. Эдгээрийн нэг нь Үндсэн хуулийн 28.2-т “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна…” гэж заасан явдал. УИХ-ын 19-өөс доошгүй гишүүн санаачилбал хянан шалгах түр хороо заавал байгуулж, цөөнхийн бодит оролцоог хангах, нийтийн сонсгол, тайлагналаар үнэн, бодит мэдээллийг ил тод хэлэлцэх замаар гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, түүний харьяа байгууллагуудад тавих парламентын хяналтыг илүү үр нөлөөтэй болгох юм.
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлээд удаагүй байна. Гэтэл одоо уг хуульд дахин гар хүрэх гэж байгаа юм билээ. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Юуны өмнө 2020 онд шинэчлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газарт тодорхой, өндөр шаардлага тавьсан. Мөн УИХ, Засгийн газар, яамд, Засаг дарга нар дор бүрнээ бодлогын гэх баримт бичиг батлан, 2017 оны байдлаар тоо нь 774-т хүрээд байсан. Би Үндэсний аудитын газрын 2017 оны тайлан дахь тооноос эш татан ярьж байна шүү. Энэ байдлыг цэгцэлж, улсын хэмжээнд таван төрлийн баримт бичиг байхаар хуульчилсан. Үүнээс “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг сонгуулийн циклтэй нийцээгүй гэсэн шүүмжийг Засгийн газрын зүгээс гаргаж байсан л даа. Гэтэл энэ нь төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, тасралтгүй хэрэгждэг байх ул суурийг бүрдүүлэхийн тулд бодлогоор хийсэн зохицуулалт байх жишээтэй. Улс төрийн сонгуулийн дараа, төрийн бодлогын үр дүн гарч амжаагүй байхад хэрэгжилтийг нь таслан зогсоож, өмнө нь өөр хүн, өөр намынхан л хийж байсан бол буруу гэх гажуудлыг халахын тулд таван жилийн үндсэн чиглэл болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж сонгуулийн мөрөө хөтөлбөрөө боловсруул гэх нэг л гарааг улс төрийн намуудад олгох гэсэн зохицуулалт юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан “хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зарчим, хөгжлийн бодлогыг хоосон тунхаг байлгахгүйн тулд өнгөрсөн оны тавдугаар сард Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч бодлогыг бүрэн хэрэгжүүлэхгүй, хуулиа нэг мөр ойлгохгүй алдаа, хийдэл гарч байгаа учраас дагаж мөрдөх арга зүй, дааж хариуцах эзэн, нэгтгэн зангидах удирдлагын бүтцийг тодорхой болгохоор хуулийн төсөл өргөн барьсан юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хоёр, уг хуулийг шинэчлэн баталснаас хойш нэг жилийн нүүр үзэж байгаа ч салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөлт нэгдсэн арга зүйгээр хангагдаж чадахгүй, холбогдох байгууллагууд нь хуулиа нэг мөр ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй л байна. Цаашлаад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь техник, тоног төхөөрөмж, ур чадвартай хүний нөөц, тооцоо, судалгааны баазын хувьд дутагдалтай хэвээр байгаа нь энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчлах шаардлагыг бий болгосон гэж хэлж болно. Хууль нь тодорхой байж гэмээнэ хөгжлийн бодлого чөдөргүй болно.
-Зөрчлийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах юм бэ?
-Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Өршөөлийн тухай хуулийг баталсан. Тодорхой зөрчил гаргаж, торгох шийтгэл хүлээсэн ч түүнийгээ хараахан төлж барагдуулаагүй байсан иргэдийн торгуулийн тал хувийг энэ хуулиар чөлөөлсөн шүү дээ. Нийт 74 орчим тэрбум төгрөгийн торгууль хуримтлагдаад байсан юм. Гэхдээ энэ хуулийг шүүмжлэл тойроогүй. Уг нь зөрчил гаргаагүй, холбогдох хууль, дүрэм зөрчөөгүй бол хэн ч торгуулахгүй. Нөгөө талаас торгуулиа хугацаанд нь төлсөн нь хохирч үлдээд, төлөөгүй нь хожиж байгаа юм шиг ялгавартай шийдвэр гаргалаа гэж шүүмжлэх нь ч байсан. Үүнийг буруутгах аргагүй л дээ. Эндээс цаашдаа яах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа биз.
Ер нь төр иргэдээ зөрчил гаргахыг хүлээгээд, отоод, бараг гаргаасай гэж далим хайх байдлаар ажиллах юм бол бүх зүйл утгаа алдана. Тиймээс аль аль талдаа зөрчил гаргахаас сэргийлдэг байх ёстой. Хамгийн чухал нь зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг шууд торгож, дарамталж, хааж, боох биш, зөрчил гаргахгүй байх талаас нь урьдчилан хэлж, сануулдаг, мэдээллээр хангадаг, зөвлөн тусалдаг байх нь ухаалаг төрийн хандлага. Ингэж хэлж, сануулсаар байтал зөрчлөө давтаад, хууль, дүрмийн дээгүүр дэвсэлж гүйгээд байвал хэнбугайг ч торгодог, шийтгэдэг, хариуцлагыг нь үүрүүлдэг байх зохицуулалтыг энэ хуульд суулгана. Өөрөөр хэлбэл, шууд торгож шийтгэхээ урьтал болгодог хуучинсаг арга барилыг халахад өөрчлөлтийн гол агуулга чиглэж байгаа. Зөрчлийн тухай хуулийг би Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа санаачлан батлуулсан. Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Ерөөсөө Зөрчлийн тухай хуулиас болоод л торгууль, шийтгэл нэмэгдсэн юм шиг ярьдаг, ойлгодог. Энэ бол бүх зөрчил, түүнд тооцох хариуцлагыг эрх зүйн нэг дээвэр дор багтааж, тодорхой, ойлгомжтой болгон зааж өгсөн хууль. Зарчим, үзэл баримтлалыг нь огт өөрчлөхгүй. Амьдрал баян учраас цаг үеийн шаардлагаар хийдэлтэй, дутуу зохицуулалттай зүйл байвал түүнийг нь засаж, сайжруулаад явах нь хууль тогтоох байгууллагын үүрэг.
-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хүмүүс эчнээ мэдэх байх. Энэ төслийн хүрээнд архийг шилээр нь зарахгүй гэж тусгасныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шүүмжлэхдээ хуралдааны танхимд шанага авчирсан нь олны анхаарлыг татсан л даа.
-Нийгмийн стресс, бухимдал их байгаагийн нэг илрэл нь архидалт. Иргэдээ эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөл, боломжоор төр хангаж, бүрдүүлэх хэрэгтэй. Мэдээж дан ганц хуулиар архидалтыг таслан зогсоож болдог байсан бол түүн шиг амархан зүйл байхгүй. Харамсалтай нь, тийм боломж хомс. Гэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зарчмын, томоохон өөрчлөлт оруулна. Архитай биш, архидалтын шалтгаан, түүнээс гарч байгаа үр дүнтэй тэмцэх чиглэлд бодлогын өөрчлөлт хийх юм.