Олон улсын валютын сан дэлхийн ДНБ-ий энэ онд зургаан хувиар тэлнэ хэмээн өнгөрсөн долдугаар сард таамаглаж байсан ч өр, инфляц, эдийн засгийн ялгаатай байдлын улмаас уг үзүүлэлт үл ялиг буурах төлөвтэйг тус сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдээлэв.
Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа ч олон орон “Ковид-19”-ийн вакцин хангалттай хэмжээгээр татан авч чадаагүйгээс цар тахлын үр дагавар үргэлжлэх төлөвтэй байгаа нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болжээ. “Ирэх долоо хоногт танилцуулах Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн шинэчилсэн тайланд хөгжингүй орнуудын эдийн засаг 2022 онд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн орно гэж таамаглаж байна. Харин хөгжиж буй дийлэнх орны хувьд сэргэхэд илүү олон жилийн хугацаа шаардагдах нь” гэж К.Георгиева Италийн “Bocconi” их сургуульд цахимаар үг хэлэх үеэрээ тэмдэглэсэн байна. Түүний хэлснээс үзвэл АНУ болон БНХАУ нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байгаагийн сацуу Итали, Европын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч буй ч дэлхийн бусад хэсэгт нөхцөл байдал хүнд байна.