Орон даяар 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж байна. Дотоодын цэрэг нэг хэсэг хугацаат цэргийн алба хаагч татаагүй. Харин өдгөө шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллах болсон билээ. Дотоодын цэргийн гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааны талаар Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул, хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндоржтой ярилцлаа.
-100-гаад жилийн түүхтэй Дотоодын цэргийн үүсэл хөгжлөөс ярилцлагаа эхэлье.
Дотоодын цэрэг нь анх Дотоодыг хамгаалах газрын албаны байр, мөн гянданг хамгаалах зорилгоор 1922 оны долдугаар сарын 16-нд Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударгаар оролцож явсан гэх 13 цэрэг, дайчдыг сонгон авч, тусгай тасаг байгуулсан. Түүхэн баримт, эрдэмтэн судлаач, түүхчдийн тэмдэглэснээс үзвэл энэ тусгай тасаг нь “Дотоодын цэрэг”-ийн үүсэл, суурь үндэс нь болсон бөгөөд Дотоодын цэрэг байгуулагдсан өдрийг 1922 оны долдугаар сарын 16 хэмээн тогтоон тодорхойлсон байдаг.
Дотоодын цэрэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн хугацаанд Дотоодыг хамгаалах газар, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн удирдах газар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяанд үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон улсын онц чухал объектуудыг хамгаалах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх үүргийг өдөр тутам бие даан гүйцэтгэж, цагдаа, онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн арвин баялаг түүхтэй төрийн цэргийн байгууллага юм. Энэ хугацаанд дотоодын цэрэг нь төр, засгийн тэргүүний байр, гяндан, онцгой ба чанга дэглэмтэй колони, дулааны станцууд, ус хангамжийн эх үүсвэр, хүн, малын гоц халдварт өвчний лабораториуд зэрэг байгууллагын харуул, хамгаалалтын үүргийг Дотоодын цэрэг хариуцаж байв.
-2014 онд Дотоодын цэргийг татан буулгаж, гүйцэтгэж байсан чиг үүрэг, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Яагаад Дотоодын цэргийг дахин байгуулах болсон юм бол?
-Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7.1-т “Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ”, 7.3-т “Тайван цагт дотоодын цэрэг нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд бүтэц, чиг үүргийг хуулиар тогтооно” гэж заасан. Үүний дагуу төр, засгаас Дотоодын цэргийг дахин байгуулах шийдвэр гаргаж, 2017 оны хоёрдугаар сард УИХ-аас Дотоодын цэргийн тухай хуулийг баталж, гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг нь хуульчилж өгсөн. Бид дээрх хуулийг 2017 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Энэ хуульд Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Улсын онц чухал объектыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх үүргийг өдөр тутам бие даан гүйцэтгэхээр, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход болон гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг чиг үүргийг Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр цагдаа, онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь дэмжлэг үзүүлж, хамтран үүрэг гүйцэтгэхээр заасан.
Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулийн долдугаар зүйлд “Дайны байдал зарламагц дотоодын цэрэг зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ”, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн долдугаар зүйлд “Зэвсэгт хүчин, бусад цэрэг” гэж зааснаар Дотоодын цэрэг нь “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага” байхаар хуульчилсан юм. Хуулийн эдгээр заалтаас үзэхэд дотоодын цэрэг нь тайван цагт зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага бөгөөд хуульд заасан үүргүүдийг хэрэгжүүлэхдээ Дотоодын цэргийн командлагч, штаб, мэргэжлийн анги, салбар гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-Дотоодын цэрэг дахин байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Аливаа зүйлийг шинээр эхлүүлэх, тэр дундаа дахин сэргээх, бүтээн байгуулах, хүний нөөцийн зөв бодлого явуулах, материаллаг бааз бий болгох гээд олон зүйл хэрэгтэй.
-Тийм ээ. Аливаа зүйлийг дахин сэргээж байгуулахад тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт зайлшгүй шаардагддаг. Дотоодын цэрэг дахин байгуулагдаад дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бидний хувьд Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргуулах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар нэлээд журам, заавар боловсруулан батлуулж, мөрдүүлэх, штаб, анги, байгууллагын ажлыг жигдрүүлэх, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, материаллаг баазаа бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулсан. Мөн Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх чиг үүргээ өнгөрсөн хугацаанд зохих түвшинд хэрэгжүүлж ирсэн.
-Дотоодын цэрэг өмнө нь хугацаат цэргийн алба хаагчтай байсан. Хугацаат цэргийн алба хаагчдыг хэзээнээс татаж алба хаалгаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэн улсын онц чухал объектуудын харуул, хамгаалалтад болзошгүй аюул учирч, нөхцөл байдал хүндэрсэн үед тухайн үүссэн нөхцөл байдлыг таслан зогсоох, объектын аюулгүй байдлыг шуурхай хангах, бэлтгэл нөөц хүчийг бүрдүүлэх, улсын онц чухал объектыг хамгаалах зорилгоор 2020 оны хоёрдугаар ээлжээр тодорхой тооны хугацаат цэргийн алба хаагч дотоодын цэрэгт татаж, цэргийн жинхэнэ албыг нь хаалгаж байна. Мөн энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хаагчдыг татаж, алба хаалгахаар төлөвлөн, бэлтгэл ажлаа хангасан.
-Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаа залуус ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байдаг. Дотоодын цэрэгт алба хаасан залуусыг цагдаагийн ажилтан болгож байсан тохиолдол өмнө нь бий шүү дээ.
-Тийм ээ. Бид Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаах иргэдийг харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаар судлуулж, цаашид цагдаа, Дотоодын цэргийн ахлагчийн ажлын байрны сул орон тоог нөхөн хангах бодлого баримталдаг. Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд ажиллахын тулд заавал хугацаат цэргийн алба хаасан байх хуулийн зохицуулалттай. Иргэд дотоодын цэрэгт хугацаат цэргийн албанд татагдан ирж алба хаах хугацаандаа цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын түүх, үйл ажиллагааны онцлог, гүйцэтгэх чиг үүргийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж, цэргийн хэргийн мэдлэг эзэмшиж, цаашид уг албандаа ажиллах хүсэл эрмэлзэлтэй болдог. Ер нь Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хааж, улмаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахлагч болон офицерын албанд дэвшин ажиллаж байгаа олон хүн бий. Тэгэхээр Дотоодын цэрэгт алба хаасан залуус цагдаа, дотоодын цэрэгт ахлагчийн орон тоонд дэвшин ажиллах боломжтой.
-Дотоодын цэрэг энэ онд онцлог ямар үйл ажиллагаа явуулав?
-Дотоодын цэргийн штабаас энэ онд “Офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга, ёс зүй, цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, бэлэн байдлыг хангах”, “Үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, аюулгүй байдал, алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах” зорилт дэвшүүлсэн. Хүний нөөц, цэргийн алба хаагчтай явуулах нэн тэргүүний ажил бол сургалт, соён гэгээрүүлэх ажил байдаг. Тиймээс энэ төрлийн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабт Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийг энэ онд шинээр байгууллаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан хадны суурьшлын бүсэд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн нүүрсний уурхайг хамгаалах тусгай салбар байгуулж, тухайн объектыг энэ оны наймдугаар сараас хамгаалалтад хүлээн авсан.
-Цаашид ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжээнд командлалуудын захиргааны удирдлагыг бие даан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ажлын туршлагад тулгуурлан Дотоодын цэргийг “Дотоодын цэргийн командлал” болгон өөрчлөн зохион байгуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын 2019 оны 444, 2020 оны 153 дугаар тогтоолоор дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад шилжүүлсэн объектуудыг хамгаалалтад авахад шаардагдах санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгуулах, мөн “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт”-д ороогүй 16 аймгийн төв болон хүн амын суурьшилт ихтэй зарим сумын ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийг үе шаттайгаар дотоодын цэргийн төсөвт болон гэрээт хамгаалалтад авах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Зэвсэг, техникээ сайжруулах ажлын хүрээнд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж, дэг журам сахиулах ажиллагаанд цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд дотоодын цэргийн алба хаагчдыг дэмжлэг үзүүлэхээр татан оролцуулах үед ашиглах зорилгоор хүний амь насанд халгүй, хөнөөх үйлчилгээгүй, хүний оюун санаа, бие эрхтний үйл ажиллагаанд түр хугацаагаар нөлөөлөх үйлчилгээтэй төрөл бүрийн зэвсэг, тусгай хэрэгслээр хангахыг зорин ажиллаж байна.