Харийн нутагт сэтгэл зүрхэндээ Монголоо тээн ажиллаж, амьдардаг монголчуудын нэг, дуурийн дуучин Ж.Болормаатай ярилцсан юм. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ын Арлингтон хотод амьдардаг. СУИС-ийг Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор О.Ичинхорлоо багшийн удирдлагад төгссөн тэрбээр Вашингтон хотын Р.Вагнерын нэрэмжит академид гоцлол дуучнаар нэлээд хэдэн жил ажилласан юм билээ. Одоо бол зочин уран бүтээлч. Дуулаачийн хувьд өөрийгөө сорьж, мэргэжлийн уралдаанд хэд хэдэн удаа амжилттай оролцож, шагнуулж явсан түүхтэй. Аялан тоглолтоор олонтоо явж, Мексикт ч ая дуугаа өргөж байжээ. Бие даасан тоглолт yдаа дараа хийсэн бөгөөд алдарт “Кенеди центр”-т ч дуулж үзсэн. Монгол үндэснийхээ “Учиртай гурван толгой” дуурийг Америкт байдаг мэргэжлийн урлагийнхантайгаа хамтарч тавин, америкчуудад болон монгол залуустаа үзүүлсэн. Дуурийг өөрөө найруулж, бас дуулсан нь эргэн дурсах бүрт сайхан санагддаг аж. Эдүгээ мэргэжлээ залуу дуучдад өвлүүлэхээр дуулах ур зүйн хичээл цагаар заадаг. Олон шавьтай түүний ярианаас хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл мэдрэгдсээр байсан юм.
-Таны гадаад хүүхдүүдэд монгол дуу зааж, найрлаар дуулуулсан бичлэгийг үзсэн юм. Сурагчид үг, хэллэгийг зөв, тод хэлж байна билээ. Хаанахын хүүхдүүд юм бэ, яаж сургав?
-Би Арлингтон хотынхоо ерөнхий боловсролын нэгэн сургуулийн дуу хөгжим, найрал дууны багшаар ажилладаг юм. Азийн шинэ жилийн баяраар сурагчдадаа монгол дуу, бүжгээ зааж эх орноо таниулан сурталчилдаг. Монгол үг, хэллэгийн дуудлага амаргүй. Гийгүүлэгч, эгшиг авиануудыг зөв дуудуулж сургахаас авхуулаад хүндрэл их. Олон цагийн давтлагын үр дүнд зүг чигтэй болгодог. Сурагчдадаа багаас нь хэд хэдэн монгол дуу зааж зүгшрүүлсэн юм. Хөгжмийн зохиолч С.Батболдын хөгжим, С.Бодоошийн үг “Бага ангийн багшдаа баярлалаа” дууг найрал дууны хичээлээр зааж, хаврын төгсөлтийн баяраар дуулуулсан бичлэгийг Youtube-д тавьсныг олон хүн үзсэн байна лээ. Намайг урмын сайхан үгсээр мялаасанд их баярласан. Энэ дууг ээждээ зориулж хөтөлбөртөө оруулсан юм. Миний ээж 40 гаруй жил монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан, боловсролын тэргүүний ажилтан цолтой. Надад багшлах ур ухаанаа өвлүүлсэн, үргэлж хажууд минь байдаг үнэнч зөвлөгч. Бас сэтгэлээ уудлах итгэлтэй найз, хорвоод хосгүй, ховорхон сайхан багш. Ийм сайхан ээжийн охин болж төрсөн би их азтай.
-Дуурийн дуучид дунд сургуульд багшилдаг байх нь ээ?
-Теxас муж улсын Хьюстон хотын Дуурийн театр болон Балтимор хотын театрт дуулах эрх аваад хөл газар хүрэхгүй шахам баярлаж, өөрөөрөө бахархаж байлаа. Гэвч гэр бүлийнхнээ дагуулаад ирсэн надад мэргэжлийн дуурийн дуучнаар ажиллаж, улирал тутам хотоос хот дамжин нүүж амьдрах хэцүү санагдсан. Хамгийн түрүүнд хүүхдүүдээ зөв, боловсон өсгөж, хүмүүжүүлж чадах уу гэдэг асуулт тулгарсан. Америкт манай Монгол Улсынх шиг дуурийн театрын үндсэн дуучны ажил гэж байдаггүй. Сонгон шалгаруулалтаар, улирлаар ажиллаж, сонгогдсон дуурийн гол дүрд дуулдаг онцлогтой. Нэг дуурийг нэг л улирал тоглодог. Дөрвөн сарын хугацаа гүйцээгээд дахиад л шалгалт өгөх болно. Тэнцвэл хаана дуулах ёстой, тийш нүүх хэрэгтэй болно. Тиймээс хүүхдүүдээ бодоод суурин амьдралыг сонгосон юм. Тэгснээрээ алдаагүй гэж боддог. Америкт ямар ч шатны сургуульд багшлах лиценз авах маш хэцүү. Олон шалгуур давж эрх авдаг. Би дунд сургуульд ажиллахаар шийдээд, зориглоод, зүтгэж байхдаа “Хамгийн хэцүү юм чинь багшлах эрхийн лиценз авах юм байна” гэж бодож байлаа.
-Тухайн үед шийдэмгий алхам хийснээр одоо тогтмол ажилтай, нэг сумаар олон туулай буудах мэт сэтгэл хангалуун амьдардаг санагдаж байна.
-Тийм ээ, та онож хэллээ.
-Дуу хөгжмийн багшаар Монголд ажиллахаас хэр ялгаатай бол?
-Өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг цаг ямагт дээшлүүлж, ихийг сурахын төлөө хичээж явдаг. Дуу хөгжмийн хичээлийг ухаалаг самбар ашиглан зааж болох бүхий л аргыг эрж хайн, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хөдөлгөөнтэйгөөр, сурагчдынхаа нас биед тохируулан тэднийхээ оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготойгоор боловсруулдаг. “Smart notebook”, “Google slides”, “Google class”, “Canvas”, “Seesaw”, “Nearpod” зэрэг талбарыг ашигладаг. Ажлаа ингэж зохион байгуулж, өөрөөр хэлбэл хичээлийн хөтөлбөрийг ухаалгаар боловсруулж болдог талаар олон арван семинар зохион байгуулан илтгэл тавьж, сургалт явуулснаар одоо манай хотын ихэнх сургуулийн багш нар эдгээр платформ дээр хичээлийнхээ хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан заадаг болсонд баяртай байдаг.
-XXI зууны багш гэж энэ байх нь. Бүр үлгэр жишээ болдог юм байна шүү дээ.
-Баярлалаа. Хичээлээ сонирхолтой, өгөөжтэй зааж, сайтар ойлгуулах гэж тэмүүлсээр энэ л дээ.
-Та СУИС төгссөний дараа хаана суралцсан билээ?
-Би СУИС-д таван жил суралцаж, төгссөн сопрано хоолойтон. Сургуулийнхаа анхны магистр зэрэгтэй дуучин болж, дуулах ур зүйн багшаар ажиллаж байгаад Лондоны “Моунтвью” (Mountview academy of theatre arts) театр урлагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн юм. Дараа нь Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн “Пийбоди” хөгжмийн институт (Peabody institute of the Johns Hopkins university)-д анхны монгол оюутан болж элссэн. Сургуулиа 2005 онд магистр зэрэгтэй төгссөн.
-Энэ урлагт хэзээ, хэрхэн хөл тавьсан бэ?
-Миний ээж 15 настай байхад минь авьяастай гэж мэдэрсэн гэсэн. Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид шалгуулж, тус сургуульд суралцах боломж олгосон гярхай багш хүн дээ. Тэнд сурч байхдаа олон сайхан багшаар хичээл заалгасан. Эстрадын алдарт дуучин Х.Галхүү багшаар хөгжмийн онол, сонордуулга, заах арга зүйн хичээлүүдийг заалгаж байсан бол нэрт урлаг судлаач Д.Батсүрэнгээр дэлхийн урлагийн түүх, хөгжим судлаач С.От гонбаатараар олон хоолойн ухаан, урлаг судлалын ухааны доктор Бүдхүү багшаар удирдаач, заах арга зүйн хичээл заалгасан. Манай Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид Монголын сор болсон олон хөгжмийн зохиолч суралцаж төгссөн. “Алтан босго”-той сургууль гэж би боддог. Жишээлбэл, Ч.Сангидорж, Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Галхүү, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Бямбабаяр, Б.Магсаржав, Т.Сэр-Од гэх мэт олон арван алдартныг төрүүлсэн эрдмийн өргөө. Энэ сургуулиа төгссөний дараа нэг жил багшлаад, СУИС-д шалгалт өгсөн 100 гаруй хүүхдээс 15 оюутны нэг нь болж элссэн. Дуулаачдын уралдаануудад оролцож тэргүүнээс авхуулаад бүхий л байрын шагнал авч байлаа. Сайхан мэргэжил эзэмшсэнийх дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялж, олон сайхан хүнтэй уулзаж, дуулж явлаа. Дуртай ажлаа хийгээд урамтай амьдрах боломжийг гэр бүлийнхэн минь олгосон. Шантарч туйлдах үе байсан л даа. Гэсэн ч хүний газарт мөрөөдөлдөө хүрэх гэж тэмцсэн. Хичээнэ гэдэг бас л их тэвчээр юм билээ. Тэвчээрийг гэр бүлийн хүмүүжлээс олж авсан гэж боддог. Хэрвээ ээж, аав, гэр бүлийнхэн минь намайг хурцлаагүй бол би өдий зэрэгтэй яваа ч уу, үгүй ч үү.
-Хаа сайгүй цар тахалтай амаргүй байна. Гэсэн ч та О.Ичинхорлоо багшийнхаа нэрэмжит дуурийн залуу дуулаачдын уралдаанаа үргэлжлүүлэн явуулна гэсэн бодолтой байгаа болов уу. Уралдааны ач холбогдлыг та юу гэж үздэг вэ?
-Ихо багшийнхаа нэрэмжит уралдааныг үе үеийн шавь нар нь тал талаас оролцож, дэм дэмэндээ зохион байгуулдаг. Хөрөнгө мөнгө их хэрэг болдог. Тэр бүхнийг хамтран босгож ирсэн. Мэргэжлийн дуулаачдын уралдаан зохион байгуулах нь амаргүй ч ийм арга хэмжээ заавал байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл залуу дуучид эх орондоо болдог сайн чанарын уралдаануудад оролцсоноор дараа дараагийн олон улсын нэр хүндтэй уралдаануудад оролцох туршлага хуримтлуулдаг. Өөрсдийгөө бэлдэж, сурч, боловсордог. Нөгөө талаар шижигнэсэн олон дуучныг бие биеэсээ суралцах боломжоор хангадаг, ямар түвшинд яваагаа мэдэх, өөрийгөө таних шалгуур болгодог ч гэж үзэж болно. Багшийнхаа нэрэмжит уралдааныг булган сүүлтэй арга хэмжээ гэж боддог. Анхны болоод дараа дараагийн олон уралдаанаас нь тэргүүн болон дэд байрт шалгарч байсан авьяаслаг дуучид олон улсын нэр хүндтэй уралдаануудын гран при болон тэргүүлэх байруудыг эзэлж ирсэн түүхтэй. Жишээлбэл, манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, багшийн минь шавь “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, өдгөө дэлхийн дуучин Г.Ариунбаатар, алдарт дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин гээд нэрлэж болно.
-Монголоо хэр санадаг вэ?
-Би монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Яагаад гэвэл бидний цусанд нүүдэлчин монголын тэсвэр тэвчээр, аливаад бууж өгдөггүй шаргуу, дайчин, эрэмгий зан төлөв оршдог гэж боддог. Тиймээс эх сайхан орноо санахын дээдээр санадаг. Ээж минь тэнд байна, хайртай дотны бүхий л хүмүүс минь байгаа учраас ч тэр байх, үнэхээр их санаж, үгүйлдэг.
-Гадаадад, тэр дундаа Америкт амьдрахын өмнөх болон одоогийн Болормаагийн хооронд ямар ялгаа байдаг бол. Санаа сэтгэл, үзэл бодолд тань өөрчлөлт гарсан болов уу?
-Амьдрал минь яалт ч үгүй АНУ-тай салшгүй холбоотой. Монголдоо байхдаа аав, ээжийнхээ алган дээр бөмбөрч, онц сурч байлаа. СУИС-ийг хоёрхон оюутан улаан дипломтой төгссөний нэг нь болж гэр бүлийнхнээ баярлуулж байв. Энд оюутан болж ирээд эх орныхоо нэрийг сэвтээхгүй гэсэн чин сэтгэл, эцэг, эхийнхээ итгэл найдварыг алдахгүй гэсэн зүтгэлтэйгээр уйгагүй хөдөлмөрлөсөн. Сурахын зэрэгцээ ажил хийж, мөнгө олохын жаргал, зовлонг амссан. Эцэст нь аливаад тэвчээртэй байхыг ойлгосон нэлээд хэрсүү Болормаа болсон доо (инээв). Олон жил энэ улсад амьдрахдаа хүний газар байх амаргүй ч нийгэмд бие хүн ямар байх, өөрийгөө яаж зөв, боловсон авч явах ёстойг улам сайн мэдэрсэн. Сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, өрөөл бусдад түгээхийг хичээсээр ирлээ. Цаашид ч хичээсээр байх болно. АНУ бол ард түмэн нь хуулиа дээдэлдэг гайхамшигтай тогтолцоотой улс. Хуулиас гадуур хэн ч байх ёсгүй. Эцэг, эх байх үүрэг, хариуцлагыг ямар өндөр түвшинд хуульчилсныг бие, сэтгэлээрээ мэдэрч, нүдээрээ харж явна. Монголынхоо залуучуудад хандаж эцэг, эх болоход маш амархан, харин эцэг, эх байна гэдэг асар их үүрэг, хариуцлага гэдгийг хатуу санаж яваарай гэж хэлье. Сайн бодож, төлөвлөсний эцэст эцэг, эх болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тиймээс Монголын ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөрт гэр бүл болон бэлгийн харилцааны талаарх сайн хөтөлбөртэй хичээлийг даруй оруулах хэрэгтэй байна. Монголчууд бид цөөхүүл учраас зөв хүмүүсийг өсгөж, бэлдэх нь юу юунаас илүү чухал байна. Олон хүүхэд төрүүлэх гэхээс илүүтэй хүүхдээ зөв хүмүүжүүлж, боловсролтой иргэн болгож чадах, эсэх нь чухал. Боловсорсон, шинэ зууны шинэ иргэдийг төлөвшүүлэн бэлдэж гаргах нь эцэг, эх бүрийн үүрэг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн сургалтын агуулгыг даруй боловсронгуй болгож, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх шаардлага тулгарч байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд таны хүүхдийн хүмүүжил таны гэр бүлийн харилцаанаас шууд шалтгаална. Багш танай хүүхдэд хичээл заах үүрэгтэй болохоос хүмүүжүүлэх үүрэг хүлээдэггүй гэдгийг хатуу ойлгоосой. Зөв хүмүүжилтэй хүүхдүүд зөв төлөвшлийг сургуулиасаа өөрөө олоод авчихдаг. Таны буруу эрхлүүлж, буруу хүмүүжүүлсэн хүүхдэд багш яаж ч хэлээд, хүмүүжүүлэх гэхэд засардаггүй.
-Дууны урлагаас өөр, ямар нэг чиглэлд, тухайлбал хүмүүнлэгийн ч юм уу үйл ажиллагаа явуулдаг уу?
-Одоогоор дуулах, багшлахаас өөр ажил хийдэггүй. Зав гардаггүй. Арлингтон хотын сургуульд сурдаг монгол сурагчдын эцэг, эхчүүдэд зориулж олон арван лекц, семинар зохион байгуулдаг байлаа. 2000-аад оны үед ирсэн монгол эцэг, эхчүүдэд англи хэлний бэрхшээл тохиолддог байсны улмаас АНУ-ын сургалтын систем, тогтолцоог ойлгодоггүй, хүүхдүүдээ эмнэлэг, эрүүл мэндийн үзлэгт хамруулж чаддаггүй байсан юм. Тиймээс нэлээд олон хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмнэлгийн хяналтад оруулж, шаардлагатай тохиолдолд мэс заслын хагалгаанд оруулахад нь тусалж, хэлмэрчилдэг байлаа. Энэ бүхнийг ажлынхаа хажуугаар сайн дураар хийдэг байсан. Зарим үед хичээлээ таслаад ирэхгүй байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй шөнийн 12 цагт гэрт нь уулздаг ч байв. Тэр үед ирсэн аав, ээжүүд хүний газрын хатуу амьдралын замыг ёстой л бор зүрхээрээ туучиж, дэн барьж, дээс эрчилж явсан хүмүүс. Тэр үеийг бодоход одоогийн залуу ээж, аавууд англи хэлтэй. Таньдаг, мэддэг хүмүүс, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд нь тусалдаг тул хүндрэлтэй асуудал тэр бүр тулгардаггүй.
-Гэр бүлийнхнээ танилцуулж болох уу?
-Бололгүй яaх вэ. Миний ханийг Г.Энхтүвшин гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Уйгагүй хөдөлмөрч, дайчин хүн. Том охиныг маань Янжинсүрэн гэдэг. Охин минь Нью-Йорк хотын “Wall street”-ийн “JP Morgan”-д менежерээр ажилладаг. Охин Есөн-Эрдэнэ Вашингтон хотын “Жорж таун” хувийн сургуульд багшилдаг. Хүү Tэмүүлэн Арлингтон хотын ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөх ангид сурч байна.
-“Ковид-19” арилахад та хамгийн түрүүнд юу хийх вэ, яагаад?
-Ээжийгээ баярлуулна. Насных нь ойг тэмдэглэмээр байна. Хол, ойр байгаа ах, дүү нараа цуглуулж нэг сайхан магнайг нь тэнийтэл уулзуулаад цээж дүүрэн амьсгалуулмаар байна.