Франц, Испани, Чех, Румын, Грек гэсэн Европын Холбооны таван улс тус бүс нутагт хийн үнэ огцом өссөний шалтгааныг шалгахыг уриалжээ.
Дээрх улсуудын Эдийн засаг, санхүүгийн сайд нарын хамтарсан мэдэгдлийг Францын Эдийн засгийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна.
"Одоогийн хийн гэрээ яагаад хангалтгүй байсныг ойлгохын тулд Европын хийн зах зээлийн үйл ажиллагааг шалгах шаардлагатай байгааг" тус мэдэгдэлд дурджээ.
Үүнээс гадна үнийн өсөлтийг бууруулахын тулд хийн нөөцийн эзлэхүүний нийтлэг дүрмийг бий болгох, мөн худалдан авах ажиллагааны уялдаа холбоог сайжруулахыг уриалжээ.
Сайд нарын үзэж буйгаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг ба хэрэглэгчдэд хүрэх эцсийн үнэ хоорондын хамаарлыг сайжруулахын тулд Европын цахилгаан эрчим хүчний зах зээлийг шинэчлэх шаардлагатай байна.
Түүнчлэн цахилгаан эрчим хүчний тарифыг орон нутагт хэрэгжиж буй хорт утааны арилжааны системтэй холбох шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Энэ нь нүүрсний өртгийг нэмэгдүүлэх тул цахилгаан эрчим хүчний ногоон эх үүсвэрт шилжих ажлыг хурдасгана гэж үзсэн байна.
Он гарснаас хойш Европт хийн үнэ тогтвортой өсөж байгаа бөгөөд фьючерс хэлцлийнх нь үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өсжээ. Наймдугаар сарын эхээр Нидерландын TTF биржийн индексээр ойрын саруудад нийлүүлэх хэлцлийн үнэ 1000 шоо метр нь 515 орчим ам.доллар байсан бол есдүгээр сарын эцэс гэхэд хоёр гаруй дахин нэмэгдсэн байна. 10 дугаар сарын 5-ны мягмар гарагт фьючерс хэлцлийн үнэ 1450 ам.доллароос давж, дээд үзүүлэлтэд хүрчээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Европын хий хадгалах байгууламжийн нөөц багассан, гол ханган нийлүүлэгчдээс нийлүүлэлт хязгаарлагдмал болон Азид байгалийн шингэрүүлсэн хийн эрэлт өндөр байгаатай холбоотой юм.