Японы Либерал ардчилсан намын даргын сонгуульд ялсан Фүмио Кишидаг өчигдөр болсон парламентын ээлжит бус чуулганаар тус улсын 100 дахь Ерөнхий сайдаар баталлаа. “Улс төрийн итгэл алдахаас зайлсхийнэ” гэсэн уриатай нэр дэвшсэн тэрбээр намын албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацааг өөрчлөхөөр амласан нь эцсийн дүндээ Ёшихидэ Сүгаг буухад хүргэж, намын даргын төлөөх ширүүн тэмцлийг эхлүүлсэн юм.
ЖИЛИЙН ӨМНӨ БОЛСОН СОНГУУЛЬД ЯЛАГДСАНЫ ДАРААХ “СЭРГЭЛТ”
Консерватив Либерал ардчилсан нам дахин сэргэж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Ф.Кишида нийгмийн өргөн дэмжлэгт тулгуурлан намынхаа үндсэн дүр төрхийг сэргээх нээлттэй хэлэлцүүлэг явуулах шаардлагатай хэмээн “Майнити шимбүн” сонинд бичжээ. Энэ нь тус намын удирдлагын хувьд шалгуур болох аж.
“Бид хийж чадахгүй бол Либерал ардчилсан намд итгэх ард түмний итгэл алдарна” хэмээн парламент дахь намын гишүүддээ хэлээд Кишида сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Даруухан, хүлээцтэй түүний энэ шийдэмгий байдал зарим гишүүний гайхлыг төрүүлсэн аж.
Кишида ингэж өөрчлөгдсөн нь өнгөрсөн жилийн намын даргын сонгуульд Ёшихидэ Сүгад ялагдаж, хүмүүс “Ингээд Кишидагийн улс төрийн карьер дууслаа” хэмээн ярьсантай холбоотой гэнэ. Түүний тууштай байдлын нотолгоо нь нэр дэвшсэнтэйгээ холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр камерын өмнө харуулсан тэмдэглэлийн дэвтэр байв. 2009 онд Либерал ардчилсан нам ялагдсанаас хойш 30 тийм дэвтэрт иргэдийн хэлсэн үгийг бичжээ. “Сонсох чадвараараа” олны анхаарлыг татсан Кишидагийн байдал коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн иргэдийнхээ итгэлийг хүлээсэн аж.
“НЕОЛИБЕРАЛ ЭДИЙН ЗАСГААС ГАРАХ” ТУХАЙ ТУНХАГЛАЛ
“Улс төрийн итгэл алдахаас зайлсхийх” нь Кишидагийн гол уриа. Намын удирдлагын тогтолцоог шүүмжлэхдээ тэрбээр таван жил гаруй Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан Никай Тошихирог онилжээ. “Бүрэн эрхийн хугацаа нэг, дээд тал нь гурван жил дараалах” гэсэн зарчмаар намын албан тушаал хаших журмыг боловсруулахаа Кишида амлав. Өдгөө намын аппаратад дөрвөн үндсэн албан тушаалыг (ерөнхий нарийн бичгийн, Улс төрийн судалгааны зөвлөлийн, Сонгуулийн стратеги хорооны, Гүйцэтгэх хорооны дарга) хашиж буй хүмүүсийн дундаж нас 72.5 бөгөөд бүгд эрэгтэй. Шинэ салхи оруулж, залуучуудад зам тавьж, зохион байгуулалтын зогсонги байдлаас сэргийлэх нь түүний зорилго. Намын ахмад зүтгэлтнүүдэд хүндээр тусах шинэчлэлийг хэрэгжүүлэх нь мэдээж түүнд амаргүй.
Кишидагийн эдийн засгийн бодлого нь зүүн төвийн тод тусгал байдаг. Тэрбээр Жүн-Ичиро Коизүми тэргүүтэй Засгийн газрын танхимаас хойш хэрэгжүүлсэн неолиберал эдийн засгийн чиглэлээс татгалзаж, дунд давхаргынхныг өөд татах бодлого хэрэгжүүлэх замаар коронавирусийн цар тахлын үед улам бүр газар авч буй тэгш бус байдлыг арилгах санал дэвшүүлжээ.
Санхүүгийн болон төсвийн шинэчлэл, эдийн засгийн өсөлтийн стратеги гэсэн гурван тулгуурт түшиглэсэн Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн танхимыг дэмжигчийн хувьд Кишида мөнгөний бодлогыг хөнгөвчлөх арга хэмжээний үр дүн хэдийн гарч байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүний сацуу өсөлтийн стратегидаа тэрбээр аялал жуулчлалаас тоон технологийн салбарт анхаарлаа хандуулахыг санал болгосон аж.
Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын хувьд Кишида бол практик хандлагыг дэмжигч. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл хүйтэн дайны дараах АНУ тэргүүтэй либерал олон улсын дэг журам нь Хятад улс ноёрхож, Орос улс сэргэж байгаатай холбоотойгоор тогтворгүй болж буй тул тэрбээр дипломат бодит арга замыг эрэлхийлэх гэнэ.
Кишида Гадаад хэргийн сайдаар дөрвөн жил долоон сар ажиллахдаа Окинава мужийн Сенкаку арлуудын улмаас Хятад улстай хөрсөн харилцааны “цас хайлахад” хүргэсэн. Тэрбээр дайнаас хойших түүхэнд уг албан тушаалыг хамгийн удаан хашсан хоёр дахь хүн болжээ. Мөн Өмнөд Солонгос “тайтгаруулагч эмэгтэйчүүд” гэж нэрлэгддэг асуудлыг шийдсэн талаар харилцан зөвшилцөлд хүрч, баталгаажуулсан байна. Японоос Хятад, Өмнөд Солонгостой хийх харилцаа дахин сөргөлдөөний шатандаа орчихсон байгаа тул Кишида асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийн чухлыг онцолжээ.
Эдийн засгаа өсгөхөд чиглэсэн гадаад бодлого хэрэгжүүлэх улс төрийн байр суурьтай байгаа нь Кишида тэргүүтэй улс төрийн “Котикай” нэгдлийн уламжлалын шууд тусгал аж. Дэлхийн II дайны дараа Японы тусгаар тогтнолыг сэргээсэн Ерөнхий сайд асан Шигерү Ёшидагийн тогтоосон уламжлалын дагуу 1957 онд тухайн үеийн Сангийн сайд Хаято Икэдагийн үүсгэн байгуулсан Либерал ардчилсан намын хамгийн эртний фракц юм. Кичи Миязавагийн үеэс хойших 30 жилд анх удаа “Котикай”-гаас Ерөнхий сайд төрж байна. Кишидагийн дэвшүүлсэн, “Орлогоо нэмэгдүүлэх нь Рэйва эриний хувилбар” нэртэй бодлого нь Ерөнхий сайд асан Хаято Икэдагийн орлого өсгөх төлөвлөгөөнөөс үүдэлтэй бөгөөд “тоон хот-цэцэрлэг” үзэл баримтлал нь “Котикай тюко”-г үүсгэн байгуулагч Ерөнхий сайд асан Масайоши Охирагийн дэвшүүлсэн хот цэцэрлэг байгуулах санаанаас үүдэлтэй гэнэ.
ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХУРААХ БОДЛОГО
Үүний сацуу Кишида “энхийн тагтаа” хэлбэрээс гарахыг оролдох бололтой. Тухайлбал, Хятадын асуудлын хувьд тэрбээр нэг талаас, хууль дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсийн дипломат ёсыг бүрэн хэрэгжүүлж, үүнтэй зэрэгцүүлэн Эргийн хамгаалалтын газрын бүрэн эрхийг өргөжүүлэх зэргээр “хүчээр эсэргүүцэх” эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоо илэрхийлэх аж. Афганистанаас иргэдээ нүүлгэн шилжүүлэхэд учирч буй хүндрэлээс үзвэл Өөрийгөө хамгаалах хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэднийг шаардлагатай үед нэн даруй илгээх боломжийг хэлэлцэхэд тэрбээр түлхэц өгнө. Одоогийн хуулийг Кичи Миязавагийн танхим санаачилжээ. “Котикай” бүлэгт болсон мэтгэлцээний үеэр Кишида “Өөрийгөө хамгаалах хүчнийг дайн руу бус, иргэдээ аврахаар илгээнэ” гэдгээ юуны түрүүнд хэлсэн. Гэхдээ тэрбээр бүлгээ үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаарх хэлэлцүүлгийг тэргүүлэгчээр харуулах эрмэлзлэлийн үүднээс эл мэдэгдлийг хийжээ.
Цөмийн зэвсэг хураах зэрэг түүний хувьд амин чухал салбарт Кишида өөрийгөө илүү хурцаар харуулж магадгүй. Гадаад хэргийн сайд байхдаа түүний гүйцэтгэсэн ажлын нэгэн гайхалтай үр дүн нь 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Хирошима хотод хийсэн айлчлал юм. АНУ, ОХУ-ын хооронд өрсөлдөөн эрчимжсэн, түүгээр зогсохгүй Хятадын оролцоотой байгаа нөхцөлд цөмийн зэвсэгтэй болон зэвсэггүй орнуудын хооронд “холбоос” болохоор дэвшүүлсэн санаагаа Кишида хэрхэн хэрэгжүүлэх бол? АНУ болон бусад талтай харилцах чиг үүргийг Цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд оролцогч улсуудын бага хурлын бүрэлдэхүүнд ажиглагчийн статустай нэгдэх замаар хэрэгжүүлэх боломжтой аж.
“ЗӨВШИЛЦИЙН БОДЛОГО”: ХҮЧ ЧАДЛЫН СОРИЛТ
Фүмио Кишида 1957 онд Хирошимагийн улстөрчдийн гэр бүлд мэндэлжээ. Түүний өвөө Масаки парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, аав Фүмитакэ Худалдаа, аж үйлдвэрийн яамны түшмэлээр ажиллаж байгаад Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан агентлагт алба хааж байсан аж. Ерөнхий сайд асан Миязава ч Кишидагийн хамаатан. Аавынхаа ажлыг дагаж АНУ-ын Нью-Йоркт очин, бага ангийн сурагч байхаас ялгаварлан гадуурхах үзлийг эдлэх болжээ. Хувийн нэр хүндтэй “Кайсей” бүрэн дунд сургуульд үргэлжлүүлэн сурахдаа бейсболоор идэвхтэй хичээллэдэг байв. Токиогийн их сургуульд элсэх шалгалтад гурван удаа бүдэрсэн Кишида Васэдагийн их сургуульд оржээ. Оюутан ахуйдаа танилцсан, Батлан хамгаалахын сайд асан Такэши Ивай түүний дотнын анд. Японы урт хугацааны зээлийн банканд ажиллаж байсан 1993 онд Кишида анх удаа Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон байна.
Анх 2007 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд Окинава, Хойд газар нутгийн хэрэг эрхэлсэн сайдаар ажиллав. Дараа нь Хэрэглэгчдийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байхдаа Хэрэглэгчдийн хэрэг эрхэлсэн газар байгуулахад оролцжээ. Нам нь сөрөг хүчин байхад Парламентын бодлогын хорооны даргаар ажиллахдаа сөрөг хүчний намуудын төлөөлөгчидтэй хувийн харилцаагаа өргөжүүлж, 2012 оны арванхоёрдугаар сараас Гадаад хэргийн сайдын албан тушаалтай хавсран богино хугацаатай ч Батлан хамгаалахын сайдаар ажиллав. 2017 оны наймдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэл намынхаа Улс төрийн судалгааны зөвлөлийг удирдахдаа коронавирусийн эсрэг авах арга хэмжээг боловсруулахад оролцжээ. Уг албан тушаалыг тэрбээр хамгийн удаан хугацаагаар хашсан байна.
“Зөрчилдөөнөөс зөвшилцөлд хүрэх” гэсэн Кишидагийн улс төрийн итгэл үнэмшил нь харийн нутагт өөрийн биеэр амссан ялгаварлан гадуурхах үзэл мэтийн нийгмийн зөрчилдөөнийг даван туулах хүслийг агуулдаг. 2000 онд залуу улс төрч Кишида ерөнхий нарийн бичгийн дарга асан Койчи Като, Улс төрийн судалгааны зөвлөлийн дарга асан Таку Ямасаки нартай хамтран зохион байгуулах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний дараа ертөнцийг үзэх үзэл нь улам хүчтэй болсон юм. Тэр үед Ёширо Моригийн удирдлаган дор Засгийн газрын танхимд итгэл үзүүлэхгүй байх тухай санал хураалт явуулахыг оролдсон юм. Кишида зочид буудлын бааранд Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд асан Такүми Темото, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Нобүтерү Ишихара болон бусад улстөрчтэй хэд хэдэн удаа уулзаж, гэрээ, хэлэлцээр хийсэн гэдэг. Катогийн удирдлага дор “Котикай” бүлэг хагарлыг даван туулж, төв хүчээ алдсан ч тэр үед үүссэн нөхөрлөл өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Кишида энэ удаа ялсан нь хувийн харилцаа холбоогоо ашиглан аж үйлдвэрийн болон бусад холбооны итгэлийг олсны зэрэгцээ намын фракцуудын өргөн хүрээллийн дэмжлэгийг авсны үр дүн юм. Үүний сацуу Хосода болон Асо фракц, бусад нөлөө бүхий намын бүлгийн дэмжлэгтэйгээр Кишида сонгогдсон тул Сайд нарын танхимаа бүрдүүлэх, боловсон хүчний шийдвэр гаргахад хэр чөлөөтэй ажиллах нь олны анхаарлыг татаж байна.
Захиргааны шинэчлэлийн сайд Таро Коно, түүнийг дэмжигчдийн бүлэгт хүйтэн хөндий хандах нь олон нийтийн эсэргүүцлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн дараа Кишида сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөж чадах, эсэхийг хэлэхэд хэцүү ч “Эхлээд эрх баригч намууд” гэсэн хандлагыг хэт баримтлах нь зөрчилдөөнийг улам гүнзгийрүүлэхэд хүргэж мэдэх юм.
Бэлтгэсэн З.Гал