Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, “Арвис” клубийн ахлагч, дасгалжуулагч А.Алтантуяа хүүхэд байхаасаа хөлбөмбөгт дурлаж, амжилтын гараагаа эхэлсэн тоглогчдын нэг. Түүний ахалсан тус клубийнхэн талбайн УАШТ, Эмэгтэйчүүдийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, аваргаар нэг бус удаа шалгарсан. Тэрбээр тэмцээний үед багийнхаа тамирчдыг зөв удирдан, чухал дамжуулалтуудыг өгч, дайчин, шаргуу, шийдэмгий тоглолтоороо хожлыг өөрийн талд эргүүлдэг. Монголын хөлбөмбөгийн холбооноос шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” наадамд тэрбээр 2016 онд “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор шалгарсан. Мөн 2018 онд дахин нэр дэвшиж, хоёр дахь удаагаа “Алтан бөмбөг” гардсан юм. Өдгөө тоглохын зэрэгцээ дасгалжуулагчаар ажиллаж, өсвөрийн тамирчдад чаддаг, мэддэг бүхнээ зааж явна.
-Узбекистаны Ташкент хотод Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн цомын тэмцээний урьдчилсан шатны E хэсгийн хоёр дахь тоглолт боллоо. Манай тамирчид БНСУ, дараа нь тус улсын багтай тоглосон. Тэнд очиход төрсөн сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье?
-Миний хилийн дээс алхаж, оролцсон гурав дахь тэмцээн Ташкентэд боллоо. Тэндхийн цаг агаар Монголынхтой төстэй. Манайхан тамирчидтай нь 30 градусын халуунд тоглосон. Өвөл болдоггүй тул бүх талбай нь амьд зүлэгтэй. Өмнө нь өөр улсад хиймэл зүлэгтэй талбайд тоглоход хөл дороос халаад амаргүй санагддаг байв. “Бунёдкор” клубийн цэнгэлдэх хүрээлэнд хэд хоног бэлтгэл хийхэд орчин, нөхцөл нь сайхан санагдсан.
-БНСУ-ын шигшээ багийнхны тоглох арга барил, тактик хэр сонирхолтой санагдав?
-Тус улсын багийнхантай анх удаа учраа таарсан. Тамирчид нь хөлбөмбөгийн нэртэй клубт тоглодог юм билээ. Шигшээ баг нь чансаагаараа дээгүүр бичигддэг. Техник, ур чадвар, хурд гээд бүх зүйлээр биднээс давуу байсан. Энэ удаагийн тэмцээн манайханд олон зүйлийг ойлгуулж, дараагийн тоглолтод амжилттай оролцохын тулд бэлтгэл шаргуу хийх ёстойг мэдрүүллээ.
-Тамирчин хүн өрсөлдөгчийнхөө ур чадварыг өөрийнхтэйгөө харьцуулахаас гадна дасгалжуулагчийнх нь туршлагыг ч бас давхар судалдаг. Харсан, мэдсэн зүйлээсээ сонирхуулж яриач?
-Тэд өрсөлдөгчдөө тал бүрээс нь маш сайн судалж, ямар улсын багтай таарахаас шалтгаалж, тактик, төлөвлөгөөгөө өөрчилдөг нь анзаарагдсан юм. Тиймээс бэлтгэл хийхээс гадна тамирчдынхаа сэтгэл зүйтэй илүү ойр ажиллах ёстой санагдсан.
-Тэмцээний сүүлчийн өдөр Узбекистаны багийнхантай тоглож, хожигдсон. Тамирчид амжилт гаргахын тулд алдаа, оноотой урагшилдаг. Өөрийн тань дүгнэснээр бол тэдний хэмжээнд хүрэхийн тулд юуг хамгийн түрүүнд хөгжүүлмээр байна вэ?
-Монголчууд хамгийн түрүүнд жилийн дөрвөн улиралд хөлбөмбөгийн бэлтгэл хийх цэнгэлдэх хүрээлэнтэй болох хэрэгтэй байна. Эх орондоо гадаадын багуудтай нөхөрсөг тоглолт хийх тусам Ази тивдээ амжилт үзүүлдэг болно гэж боддог.
-Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан ойрын хугацаанд хаана болох тэмцээнд оролцохоор төлөвлөв?
-Бид энэ жил албан ёсны дөрвөн тоглолт хийсэн байх ёстой. Сая хоёр дахь тоглолтоо хийлээ, одоо нөхөрсөг тоглолтод оролцоно. Гэхдээ хугацаа нь тодорхой бус. Шигшээ багийн тэмцээнээс болоод лигийн тоглолтууд бараг сар гаруй хойшиллоо. Лигийн тоглолтууд үргэлжилж байгаа болохоор шигшээ багийнхны бэлтгэл нэг хэсэгтээ л завсарлах байх.
-Хөлбөмбөгт татагдсан дурсамжаар тань аялмаар санагдлаа. Охиноо бөмбөг өшиглөөд гүйхэд аав, ээж нь хэр дуртай хэр хүлээж авсан бол?
-Ахынхаа хөлбөмбөг тоглохыг их хардаг байлаа. Нэг өдөр хамтдаа тоглоё гэж гуйгаад тоглосон юм. Түүнээс хойш энэ спортод өөрийн эрхгүй дурласан. Би багадаа хөлбөмбөг тоглох дуртай байсан ч сургуульд орсныхоо дараа энэ спорт миний амьдралын салшгүй хэсэг гэдгийг ойлгосон юм. Сургуулийнхаа хөлбөмбөгийн багт анх удаа бэлтгэл хийж үзсэнээ гэрийнхэндээ хэлтэл дуртай хүлээж авсангүй. Сүүлдээ нууцаар бэлтгэл хийж, тоглолтод оролцдог боллоо. Тэмцээнээс анхны медалиа зүүгээд ирэхэд манайхан баярлаж, дэмждэг болсон.
-“Арвис” клубийнхэн эмэгтэйчүүдийн лигийн АШТ-д гурван удаа аваргаар шалгарсныг санаж байна. Багтаа тамирчнаар ирсэн анхны өдрөөсөө л амжилтын төлөө тэмүүлэв үү?
-Миний хувьд “Арвис” хоёр дахь гэр бүл минь. Тиймээс багийнхантайгаа баярлаж, гуниглахдаа ч хамт байдаг. Миний гаргасан ам жилтууд энэ клубтэй салшгүй холбоотой. Эмэгтэйчүүдийн багийг 2015 онд байгуулснаас хойш өнөөг хүртэл нэг зорилгын төлөө тоглож байна.
-Бразилын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Марта Виейра да Силва таны шүтээн гэсэн. Өөрийг тань түүнээс үлгэр дуурайл авч энэ спортод хөл тавьсан гэж ярих юм билээ.
-Намайг хөлбөмбөг тоглож эхлэхэд тэрбээр эмэгтэй хөлбөмбөгчдөөс хамгийн шилдэг нь байсан. Мөн “Хад” клубийн эгч нарыг хараад үл гэр дуурайл авсан. Одоо ч гэсэн шилдэг тамирчдын сонирхолтой тоглолтуудыг харж бахархдаг хэвээрээ.
-Спортын талбарт хэцүү сорилтуудыг давж тамирчин болох амаргүй. Тэр үед уйлсан, баярласан олон өдөр байсан биз?
-Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан 2018 онд Ц.Ганболд багшийн удирдлагад анх удаа олон улсын тэмцээнд тоглоод түрүүлж байв. Түүнээс хойш гурван удаа оролцохдоо чансаа өндөр багуудтай тогложээ. Ядартлаа бэлтгэл хийж, гэрээ санаж, болимоор санагддаг үе зөндөө байсан надад. Гэхдээ шантраагүй ээ, зорилгынхоо төлөө хэцүү санагдсан бүхнийг даван туулаад ард нь гарч чадсандаа баярладаг.
-Танай клубийнхэн дасгалжуулагч Л.Банзрагч, С.Жаргалсайхан багш нарын удирдлагад олон тэмцээнд оролцсон. Багш нартайгаа одоо холбоотой байдаг уу?
-Намайг тамирчин болоход нөлөөлсөн олон хүн бий. Багш нар яг аав шиг минь ханддаг байлаа. Бидэнтэй хамт байх хугацаандаа олон зүйлийг зааж, чиглүүлж өгсөн. Туршлагатай багш нарынхаа ачаар бид үзэгчдэд чамлахааргүй амжилтуудыг харуулсан.
-“Арвис” клубийнхэн шинэ дасгалжуулагчтай болсон дуулдах юм. Бэлтгэл хийлгэх арга барилд нь хэр дасан зохицож байна вэ. Багтаа шинэ тоглогч авч хүч сэлбэв үү?
-Одоогоор шинэ хүн аваагүй, хуучин бүрэлдэхүүнээрээ лигийн тэмцээнд оролцож байгаа. Ш.Баянжаргал багш 2018 онд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт хаалгачийн дасгалжуулагчаар ажилладаг байсан юм. Өмнө нь бэлтгэл хийлгэдэг байсан болохоор ойлголцоход амар байдаг.
-Ямар тэмцээнд амжилт гаргаж, шигшээ багт тоглох санал хүлээж авав?
-Хөлбөмбөг тоглодог охидын хүсэж мөрөөддөг зүйл бол шигшээ багт тоглох. Дасгалжуулагч Л.Банзрагч багш нэг өдөр “Чиний мөрөөдөл биелэх нь дээ, шигшээ баг байгуулна гэж байна” гэж хэлэхэд нь их баярласан. Дараахан нь өөрийгөө шигшээ багт дуудагдсанаа мэдээд бүр ч их баярлаж билээ.
-Монголд 2018 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг анх удаа зохион байгуулсан. Тэмцээний өмнөх өдөр багийнхантайгаа ярилцаж, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?
-Тоглолтын өмнөх өдөр юу ч бодохгүй тайван байж, эрт амрахыг хичээсэн. Бидний хувьд анхны олон улсын тэмцээн байсан болохоор айж, сандрах зүйл бишгүй байлаа. Арын албаны хүмүүсээс гадна шигшээ багийнхан нэгэндээ урмын үг хэлж, зоригжуулаад талбайд гарсан.
-Умард Марианы багийг талбайд буулган авч, анхны тэмцээнээ хожлоор эхлүүлсэн бахдам түүх та нарт бий л дээ.
-Тэдэнтэй тоглож, хожих маш хэцүү байв. Эхний үед 2:0-ээр хожигдож тэмцээнийг завсарлуулсан. Завсарлагаанаар дасгалжуулагч багш нарынхаа заавар, зөвлөгөөг сайн сонсож, бүгдээрээ “Чадна аа, чадна аа” гэж хэлээд тоглохоор гарсан. Тэмцээний үндсэн цаг дуусахад 3:2-оор хожив. Бид тэр тоглолтод бүх хүчээ дайчлан, шавхаж гаргасан. Хэцүү хэрнээ хэзээ ч мартахгүй тийм л сонирхолтой тоглолт болсон нь одоо ч нүдэнд харагддаг юм.
-Манайхан өрсөлдөгчийнхөө тоглолтын арга барилыг мэдэхгүй сандралдахад дасгалжуулагч багш нарын тань зөвлөгөө хожил руу хөтлөхөд нөлөөлсөн байх?
-Тэгэлгүй яах вэ, талбай дээр юу болж байгаа, юу болохгүйг дасгалжуулагч нар маш сайн хардаг. Завсарлагаанаар багш нарынхаа зөвлөснөөр тоглоод л өрсөлдөгчөө II үед буулгаж авсан.
-Хожлын салхийг өөрийн талд эргүүлж, Гуамын багийг 1:0-ээр ялж, Макаогийнхтай 0:0-ээр тэнцэж, хэсгээ тэргүүлсэн. Хожихын тулд овсгоо, самбаа гаргаж, толгойгоо ажиллуулах хэрэг цөөнгүй байсан биз?
-Бидэнтэй тоглосон гурван багаас хамгийн хүчтэй нь Гуам улсынх байсан. Тэдний тоглолтын бичлэгийг үзэж, хэн нь ямар тактиктайг тал бүрээс нь судалсан. Судалгаа хийсэн минь хожиход их нөлөөлсөн, бас нэгнээ мэдэрч, ойлголцож чадсан нь ч амжилтад хөтөлсөн. Тэднийг ялахын тулд манайхан тун сонирхолтой тоглолт өрнүүлэн, өрсөлдөгчийнхөө хаалганд нэмэлт цагт гоол оруулж ялсан. Хэрвээ тэнцсэн бол дараагийн тоглолт маш хүнд болох байлаа. Олон онооны зөрүүтэй хожиж байж л цааш шалгарах боломжтой шүү дээ. Тэр жилийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан түрүүлж, аваргаар шалгарахад хөгжөөн дэмжигчид догдолж их баярласан. Хоёр багийн тоглолтыг үзсэн хүмүүс алтан цом өргөсөн тэр баярт мөчийг ярих дуртай байдаг.
-Тоглолтод төвийн хамгаалагчаас шалгаалах чухал зүйл олон байдаг уу?
-Тийм ээ. Тоглолтыг хойноос нь харж байгаа болохоор чанга дуугарч байх хэрэгтэй. Хамгаалагч нар буруу шийдвэр гаргавал хаалга руу аюултай довтолгоо ирэх тул алдаа гаргаж хэрхэвч болохгүй.
-Багийнхныгаа хэрхэн зоригжуулж, анхаарлыг нь тоглолт руу хандуулдаг вэ?
-Аль болох сандрахгүй, тайван байхыг хамгийн түрүүнд зөвлөнө. Дараа нь чадна гэсэн итгэл төрүүлэхийг маш их хичээдэг.
-2016 онд “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор шалгарч, “Алтан бөмбөг” гардахад фэнүүд тань их баярласан. Нэр хүндтэй энэ шагналыг дараалж гардсан эмэгтэй тоглогч одоогоор танаас өөр алга.
-Би тэр өдөр өмнөхөөсөө ч илүү догдолсон. Багштайгаа тайзан дээр хамт зогсоод “Алтан бөмбөг” гардахдаа үгээр хэлэхийн аргагүй сэтгэл хөдөлсөн. Манай багийнхан ч их баярласан. Миний хувьд “Оны шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналд хоёр хүчтэй тамирчинтай өрсөлдсөн. Жилийн туршид багаа чамлахааргүй удирдаж, амжилт гаргасан болохоор “Шилдэг тамирчин”-д нэр дэвших байх гэж бодож байснаас биш цомын эзэн болно хэмээн огт төсөөлөөгүй. Тэр шагнал зөвхөн минийх бус, намайг дэмжсэн багийнхан, дасгалжуулагч багш нарын минь хамтын хүч, хөдөлмөр байсан.
-“Алтан бөмбөг” шагналыг 2018 онд дахин гардахдаа МУБИС-ийн багш дасгалжуулагчийн ангид сурч байсан. Тэр үед хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд олон ажлыг зэрэг амжуулдаг байжээ.
-Оюутан байсан он жилүүдэд цаг хугацаа нүд ирмэхийн зуурт өнгөрсөн. Бэлтгэл, тэмцээнтэй үед хичээлдээ сууж чадахгүй. Яг хичээлийн үеэр тоглолтууд болж таарна. Сургуулийнхаа багш нараас байсхийгээд л чөлөө авдаг сан. Тэр үед ангийнхан минь тусалж, тухайн өдөр орсон хичээлийн зургийг дараад явуулна. Багш нараас бие даалтаа авч, ямар ч завгүй байсан амжуулж хийгээд явуулдаг байлаа.
-Одоо ямар багийг дасгалжуулж байна вэ?
-“Арвис” клубийн өсвөрийн багт дасгалжуулагчаар ажилладаг. Цар тахал улмаас клубийнхээ хүүхдүүдтэйгээ ойр байж амжсангүй. Тэднээс гадна нэгдүгээр лигийн “Хантерс” клубт туслах дасгалжуулагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна.
Миний хувьд хэцүү дээ гэж боддог бүхнээ даваад л гарсан, чадахгүй дээ гэж бодсоноо бас чадсан байдаг юм.