Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин М.Мөнхбаатарыг нийслэлд Ялалтын талбайд үзэсгэлэн худалдаанд оролцож байхад нь ярилцлаа. Тэднийх нутагтаа хүнсний ногоо, төмс тариад 20 орчим жил болж буй. Амьсгалын замын өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ч тэрбээр завгүй хөдөлмөрлөн, амьдралаа авч яваа, хоёр охинтой өрхийн тэргүүн юм.
-Төмс, хүнсний ногоо тариад хэдэн жил болж байна вэ. Ногоо тарихаас өмнө ямар ажил эрхэлж байв?
-Би Сэлэнгийн Зүүнхараад төрж, өссөн. Ойжуулагч мэргэжилтэй. Зүүнхараагийн ойн ангид цөөн жил ажиллаад, 1990-ээд оноос тус ангийн үйл ажиллагааг зогсооход хувиараа бизнес эрхэлсэн. Арьс, шир, нэхий худалдан авч, борлуулдаг байлаа. 2000 оноос хашаандаа төмс, ганц, хоёр төрлийн хүнсний ногоо тарьж эхэлсэн. Мандал сум бол үржил шимт хөрстэй олон айл, аж ахуйн нэгж төмс, хүнсний болон нарийн ногоо тарьдаг нутаг.
-Арьс, шир, нэхий худалдан авч, зарах ажлыг хэдэн жил хийв. Ашиг орлого хэр байсан бэ?
-Зүүнхараагаас арьс, нэхий авч “Эмээлт” захын ченжүүдэд авчирч өгдөг байлаа. Ихэвчлэн хятадууд түүхий эд авдаг байсан цаг. Эл ажлыг 4-5 жил хийсэн. Ашиг орлого яах вэ, хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэгчээр болж л байж. Гэхдээ нааш, цааш их хэмжээний бэлэн мөнгөтэй явдаг, эрсдэл ихтэй ажил. Тогтсон ажил эрхэлж, урт хугацаанд орлого олохоор зорьж ногоо тарьж эхэлсэн. Эхнэр маань хүнсний ногооны технологич мэргэжилтэй нь давуу тал болсон.
-Одоо хэр хэмжээний талбайд, хэдэн төрлийн ногоо тарьж байгаа вэ?
-Өөрийн болон түрээсийн нийт хоёр га гаруй талбайд 20 орчим төрлийн бүтээгдэхүүн тарьдаг. Даршилсан ногоо 7-8 төрлийнхийг бэлтгэн борлуулдаг.
-Зөвхөн ногоо тарьж орлого олох боломж хэр байдаг вэ. 20-иод жилийн хугацаанд ногоочдын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн гэж та бодож байна?
-Орлого боломжийн. Эхнэртэйгээ л хоёул ажлаа нугалдаг. Манайх эхлээд жижиг талбайгаас ургац авч, өөрсдийн хэрэглээнээс илүү гарсныг нь борлуулж байсан бол 2005 оноос талбайгаа томсгон, ногоог их хэмжээгээр тарьж эхэлсэн. Ногоочид ажил ихтэй байлгүй яах вэ, ид ажлын үеэр өдөрт 20 цаг ажиллах нь энүүхэнд. Хоёрдугаар сараас л үрсэлгээ, үрсэлгээний бэлтгэл ажлаа эхлүүлдэг. 2-6 дугаар сард ногоогоо тариад, эрт болцтойг нь зургадугаар сараас хураана. Зуны турш талбайгаа арчилж тордож явсаар наймдугаар сараас ургац хураах ажил бүрэн эхэлнэ. Есдүгээр сар гараад бид Улаанбаатарт ирж үзэсгэлэн худалдаанд оролцоод хоёр, эсвэл бүр гурван сар энд байдаг. 11-2 дугаар сард ажил арай багасан, амардаг ч зооринд ногоо нөөцөлсөн, борлуулах бүтээгдэхүүн ихтэй бол ажиллаад л байна даа. Хөдөлмөрлөж чадвал хэн ч хаана ч сайхан амьдрах боломж бий. Ногоочид дунд хөрөнгө мөнгө ихтэй, олон хүн цалинжуулж ажиллуулдаг гавшгай улс олон. Сүүлийн 10-аад жил манай улсад тарьж буй хүнсний ногооны төрөл зүйл олширч, төмс, луувангаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг болсон нь ногоочдын ач гавьяа гэж боддог.
-Энэ намрын борлуулалт хэр байна. Иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа бол?
-Энэ жилийн хувьд лууванг кг-ыг нь 2000, төмсийг 600-700 төгрөгөөр зарж буй нь боломжийн ашиг олох үнэ. Хүмүүс “Лууван, саримс, сонгино яагаад ийм өндөр үнэтэй байна вэ” гэх юм. Өнгөрсөн зун газар тариалангийн бүс нутгаар бороо их орж, үер болсноос цөөнгүй аж ахуйн нэгж, иргэний талбай усанд автан, ургацын хэмжээ багассан. Ирэх хавар төмс, хүнсний ногоо өнгөрсөн хаврынхаас илүү үнэ хүрэх магадлалтай. 2005 онд манайх чиргүүлтэй, “Зил-130” автомашинд ачсан ногоотой ирээд гуравхан хоногийн дотор зарж байсан. Харин өдгөө үзэсгэлэнд оролцох ногоочин олон болжээ. Гэхдээ борлуулалт их биш ч тасалдахгүй үргэлжилж, иргэдийн худалдан авах чадвар ч төдийлөн муу биш байна.
-Бараг бүх ногоог даршилж хадгалж болдог юм аа даа. Жижиг цех ажиллуулдаг уу, гэртээ даршилдаг уу?
-Төмснөөс бусад бүх ногоог дарж нөөшилж болдог. Халиар гарах үед түүгээд нөөшилж зараад ч удлаа. Би чинь шил саваа угааж, цэвэрлэхээс эхлүүлэн бүсгүй хүн шиг л ажилладаг. Цех, тоног төхөөрөмжтэй бол их хэмжээгээр дарж болох байх. Одоогоор гэртээ, бага багаар гараар даршилдаг. Импортын даршилсан ногоог дотоодын үйлдвэр, өрхийн аж ахуйтнуудынхаар орлуулах боломжтой.-Ногоо тарьса
н эл хугацаандаа үер ус, ган гачгийн улмаас ургац авч чадахгүй, “шатсан” удаа бий юү?
-Үгүй ээ. Ядаж л идэх ногоогоо олоод, бага хэмжээнийхийг ч атугай зараад орлого олж байлаа. Газрын өгөөж их шүү дээ. Ногооныхоо буянаар л манайх хоёр охиноо дээд сургууль төгсгөж, гэрлүүлсэн.
-Өвлийн хүлэмжид нарийн ногоогоо тарьдаг уу. Ер нь аль ногоог тарихад хамгийн их арчилгаа тордлогоо шаарддаг вэ?
-Хамгийн их арчилгаа шаарддаг ногоо гэж байхгүй. Бүх ногоог л бид хүүхэд шиг “энхрийлж, аргадаж”, тордож ургуулдаг. Саримс тарьж сурч байж ногоочин болно гэдэг үг бий. Саримс л хөрс, арчилгаа голж, сонгинотой ойр тарихаар ургахгүй байх талтай.
Манайх зуны хүлэмжтэй. Тэндээсээ жилд хоёр удаа ургац авч байна. Хавар эрт байцай тарьдаг юм. Зургадугаар сар гаргахад байцайгаа хураагаад өргөст хэмх, улаан лоолио тарина. Монголчууд улаан буудай, төмс, луувангаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буй. Үүний адилаар нарийн ногоогоор хангаж болох байх. Гол нь өвлийн хүлэмж барих, ашиглах зардал өндөр учраас хувь хүмүүс, айл өрхүүд хүлэмжийн аж ахуй эрхэлж чаддаггүй. Түүнчлэн хэт хүйтэрдэг нь нарийн ногоо тарих боломжийг бууруулдаг. Мөн нарийн ногоог хадгалах зориулалтын агуулах зоорь хэрэгтэй болдог. Эл асуудлыг шийдвэрлэн, төрөөс урт хугацаатай, их хэмжээний зээл олговол нарийн ногооны үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломжтой.
-Жилд дунджаар хэдэн тонн ургац хураадаг вэ?
-Зүүнхараагийнхан ихэвчлэн байцай тарьдаг. Манайх гэхэд энэ жил 50 000 ширхгийг тарьсан гэвэл 100 орчим тонныг хураасан гэсэн үг. Бусад ногоог талбайн багтаамж, борлуулах боломжоо тооцон тарьдаг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөснөөс бага ургац авах нь бий.
-Та бүхнийг төрөөс хэр дэмждэг бол?
-Ганц, хоёр удаа үнэгүй, хөнгөлөлттэй үнээр үр авч байсан. Төрийн дэмжлэг өөр ямар хэлбэрээр байхыг сайн мэдэхгүй. Бид чинь өөрсдийн сайн дураар ногоо тарьж, орлого олж, амьдарч байгаа улс хэнээс юу хүлээж суух вэ. Ялалтын талбайд дөрөв дэх жилдээ үзэсгэлэнд оролцож байна. Энэ сарын эхээр биднээс өдрийн 60 000 төгрөгийн хураамж авна гэсэн ч учир зүйгээ ололцоод үнэ төлбөргүй болсон.
-Ногоочид талбайдаа химийн гаралтай бордоо ашигладгаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн борлуулах нь олширсон гэж ярих боллоо. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бордоог Монголд үйлдвэрлэдэггүй, үнэтэй ч бүтээгдэхүүн. Тиймээс өрхийн тариаланчид худалдан авч чадахгүй гэсэн үг. Манайх малын бууц, шувууны сангасаар л газраа борддог. Малчдаас жилийн жилд бууц татаж, шигшиж бэлтгэдэг. Хортон шавж үүссэн ч өөрсдийн арга барилаар тэмцдэг. Талбайдаа хомоол уугиулаад байхад зарим шавж устаж, дайжиж алга болдог юм.
-Үзэсгэлэн худалдаанд оролцох үедээ асраа манаж хонодог юм байна. Өдөр ч, шөнө ч ажиллахад хүнд байна уу?
-Тийм ээ, манаж хонохгүй бол хамаг юмаа хулгайд алдана. Шөнө янз бүрийн хүмүүс ирээд асар онгойлгохыг оролддог. Гэхдээ асар бүрт нэг хүн байдаг учраас ханиндаа болоод л байна. Хурдан, түргэн алхаж, хөдөлж чаддаггүй, эмчийн хяналтад байдаг ч суугаад, аажуухан ажиллахад төдийлөн хүндрэлтэй биш.
-Охид нь тусдаа гарсан гэсэн. Цаашид танай өрхийн аж ахуйг үргэлжлүүлэн эрхлэх хүн байна уу. Газар тариалангийн салбарт ажиллах хүнгүй болсон талаар их ярих боллоо.
-Охид эдийн засагч, эмч мэргэжил эзэмшээд хот сууринд амьдардаг. Ногооны талбайд ажиллан, өрхийн аж ахуйгаа эрхлэхгүй болсон. Эхнэр бид хоёр 50 нас гарсан ч идэвхтэй ажиллах 15-20 жилийн хугацаа байгаа болов уу. Чадахаасаа чадахгүй хүртлээ ажиллана даа. Мэдээж хүн хөлсөлж туслуулна, бүр болохгүй бол газраа түрээслүүлнэ. Газар тариалангийн салбарт ажиллах хүч ховордсон нь үнэн. Манайх хоёр, гурван жилийн өмнө өдрийн 20 000-30 000 төгрөгөөр хүн хөлсөлж ажиллуулдаг байсан бол өдгөө 50 000-ыг төлөөд ч ажиллах хүн олдохгүй янзтай. Ялангуяа залуус бол ер хөдлөхгүй. 50-иас дээш насныхан, тэтгэврийнхэн л талбайд зүтгэх болж. Ногоочин айлд өсөж, хүмүүжсэн манай хүүхдүүд ч ажиллахгүй болохоор хүний хүүхдүүдийг ажил хийсэнгүй гэж би яаж хэлж болох билээ.