Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга, чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Мөнхбаярыг спортын салбарт танихгүй, мэдэхгүй хүн ховор. Тэрбээр өөрийн амжилтаар бус, шавь нартаа ханддаг сэтгэл, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө олонд хүрээлүүлж ирсэн. Чөлөөт бөхийн томоохон тэмцээнд тамирчид нь цахиур хагалж, шагналын тавцанд зогсож багшийгаа баярлуулсан удаа цөөнгүй. Дэлхийн цом, Азийн наадам, тивийн АШТ, Залуучуудын ДАШТ-ээс эх орондоо медальтай ирсэн олон тамирчин түүний шавь юм. Тэрбээр Улаанбаатар хот дахь Спорт хорооны дасгалжуулагчид шиг тухтай орчин, нөхцөлд ажилладаггүй. Дүүрэгт нь бэлтгэлийн танхим, олон улсын стандартад нийцсэн дэвжээ байдаггүй тул “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн жижигхэн зайд тамирчдыг бэлтгэл хийлгэдэг. Тулгарсан саад бэрхшээлийг шавь нарынхаа хамт даван туулж, амжилтад хүргэхээр зорьж яваа түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа
-Налайх дүүргийн чөлөөт бөхийн тамирчид Азийн болон ДАШТ-д хүчтэй өрсөлдөх болсон. Шавь нараа амжилтад хөтлөхөд таны үүрэг, оролцоо их. Энэ дүүргээс ажлынхаа гарааг эхэлсэн үү?
-Би 2004 онд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж, хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн. Тэр үеэс чөлөөт бөхөд сонирхолтой хүүхдүүдийг бэлтгэлд хамруулан тамирчнаар бэлтгэж өнөөг хүргэлээ. Миний удирдлагад хичээллээд амжилт гаргасан тамирчин цөөнгүй. Тухайлбал, ОУХМ Б.Батцэцэг “Сингапур 2010” Залуучуудын олимпын анхдугаар наадмын 60 кг-д зодоглон аваргаар шалгарч, дараа жил нь Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Түүнийг бөхийн хорхойтнууд “Баавгай” хо чоор нь мэддэг. Тэрбээр бэртлийн улмаас зодог тайлж, тус дүүргийн Биеийн тамир, спорт хороонд нийтийн биеийн тамирын аргазүйчээр ажиллаж байна. Мөн ОУХМ Ц.Цэнджав Дэлхийн цомын мөнгө, “Mongolia open” тэмцээний хошой хүрэл, өсвөр залуучуудын УАШТ-ий аварга, насанд хүрэгчийн УАШТ-ий гурван мөнгөн медальтай. Индонезод болсон өсвөр, залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль зүүсэн тэдний дараа Б.Дөлгөөн 2014 онд БНХАУ-ын Наньжинд Залуучуудын олимпын II наадмын 46 кг-д мөнгөн медаль хүртсэн. Энэ мэтчилэн шавь нарын амжилт мартагдахааргүй сайхан дурсамж үлдээжээ.
-Шавь нар нь амжилт ид гаргах насандаа бэртлийн улмаас зодог тайлахад сэтгэл тань эмзэглэдэг байх. Тамирчдад бэртэл өрсөлдөгчөөс нь илүү том дайсан байх юм.
-Би шавь нартаа бэртлээс хол байхыг зөвлөдөг. Тэд амжилтын төлөө хүсэл мөрөөдөл, зорилго, амьдрал, залуу нас, цаг хугацаа, хөдөлмөр гээд бүх зүйлээ зориулж байна. Хэрвээ цаашид барилдсан бол тив, дэлхийн дэвжээнээс хэчнээн медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэх байсан бол гэж боддог. Спортын ертөнц өрсөлдөөн ихтэй. Амжилт амархан ирэхгүй, үүнд хүрэхийн тулд олон саадтай тулгардаг. Тэр дундаас бэртэх л тамирчин хүнд хамгийн хэцүү. Зөвхөн минийх бус, олон дасгалжуулагчийн шавь нар амжилт үзүүлэх насандаа бэртэж дэвжээнээс холддог. Тамирчны карьераа өндөрлүүлсэн ч спортын салбарт хувь нэмрээ харамгүй оруулж яваа шавь нараараа бахархдаг.
-Тамирчдын эрүүл мэнд, бэлтгэл, нэр хүндийг хариуцаж ажиллах амаргүй. Хамтдаа хичээж зүтгэсний хүчинд амжилтын хаалгаас татдаг. Олон жил ажилласан болохоор ажил тань гарт хэдийн орсон биз.
-Дүүрэг, орон нутагт насанд хүрэгчдийн ангиллын тамирчдыг тууштай барих хэцүү. Залуус оюутан болж мэргэжил эзэмшинэ, ажил, амьдралд хөл тавина. Тэр хооронд бэлтгэлийг нь тасалдуулахгүй хийлгэж, амжилтад хөтлөхөд маш их хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Спортын талбар дахь амаргүй даваануудыг хамт туулж байж, шигшээ баг бараадна. Орсон ч УАШТ-д “Алдар”, “Хүч”, “Аврагч” зэрэг спорт хорооны шилдгүүдийг ялах бас л амаргүй. Түрүүлсэн тохиолдолд Азийн АШТ-д оролцуулдаг хатуу шалгууртай. Шавь ОУХМ Б.Дөлгөөн 2018 онд Хятадын Шианьд болсон Азийн АШТ-ээс хүрэл, хоёр жилийн дараа Энэтхэгт зохион байгуулахад нь мөнгө, энэ онд Казахстаны Алматыгаас алтан медальтай ирсэн. Би тамирчидтайгаа ойр, нээлттэй байх дуртай. Тэднээсээ эрч хүч авдаг. Дасгалжуулагч гэдэг хүн болгоны хүсэх ажил биш. Үүнийг үүрэг, хариуцлага дагаж явдаг. Гадаадын тэмцээнд оролцох болбол зардал олохоор байгууллагуудын хаалга татаж, удирдлагатай нь уулзана, найз нөхөдтэйгөө холбоо барина. Үүнээс гадна шавь нарын хаа үнэнч зөвлөгч, өвдөхөд нь эмч, хүний нутагт явахад нь асрагч, алдаж, оноход нь урам хайрладаг сэтгэлзүйч, өлсөж, ундаассан үед нь тогооч болно, барилдах үед нь бэртэл битгий авчихаасай гэж аав, ээжээс нь дутахгүй залбирдаг юм шүү дээ.
-Сайн тамирчид амьдралын олон шалтгаанаас үүдэж дэвжээгээ орхиж байгаа харагддаг.
-Өрсөлдөөнөөс шалгарсан нь замналаа үргэлжлүүлдэг. Амжилт гаргасан нь өсвөр, залуучуудын тив, ДАШТ-д оролцохоор явна. Дэлхийн шилдэг бөхчүүдтэй нэг барилдаад ялахгүй. Хоёр дахь тэмцээнээс эцэг, эх нь зардал олох гэж сандарч гүйхээс халширдаг. Монголын төр засаг спортын салбараа бодлогоор дэмжих хэрэгтэй. Өсвөр, залуучуудын УАШТ-д оролцдог дүүрэг, орон нутгийн тамирчдаа амжилт гаргаж байгаа үед нь анхаарал хандуулж, урамшуулдаг болоосой. Ямар ч хүн урам, дэмээр урагшилдаг. Манай хоёр шавь залуучуудын УАШТ-д дөрвөн жил дараалан түрүүлж, ДАШТ-д оролцохдоо аав, ээжийнхээ цалингаар зардал хийсэн. Нэг нь гэр бүлийнхээ амьдрах мөнгөнөөс аль болгон хугаслах вэ гээд дэвжээгээ орхилоо. Монголд ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад Засгийн Газрын мөнгөн урамшуулал олгодог. Өсвөр, залуучуудын Азийн АШТ-д ДАШТ-д оролцох хэмжээний зардал гаргасан тамирчид медальтай ирсэн ч мөнгөн урамшуулалгүй сэтгэл гонсгор хоцордог. Иймэрхүү хандлагаас олон дасгалжуулагчийн шилдэг тамирчид амьдралын хүндхэн нөхцөлөөс болж спортоос холдож байна.
-Та шавь нараа тэмцээнээс медаль зүүлгэх сэн гэж найз нөхөд, албан байгууллагуудын хаалгыг цөөнгүй татжээ.
-Би найман хороо, спорт клубүүдийн удирдлагатай хамтран ажиллаж, хэрэндээ хичээж байгаа. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, Налайх дүүргийн үе үеийн Засаг дарга нар, албан байгууллага, спортод сэтгэлтэй найз нөхөдтэйгөө уулзахад тамирчдад минь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Тэдний ачаар амжилт гаргаж байгаа. Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хороо одоогоор тамирчдыг бэлтгэл хийлгэх танхимгүй. Бөхийн спортоор хичээллэдэг хүүхдүүд “Эрдмийн оргил” цогцолбор сургуульд сургуулилалт хийдэг. Тус сургуулийн захирлууд “Чөлөөт бөхийн хүүхдүүд амжилт гаргадаг” гээд дэмжиж ирсэн. Тэд ингэж хандаагүй бол тамирчдаа хаана бэлтгэх билээ.
-Налайх дүүрэгт спорт цогцолбор баригдах сураг дуулдаад л байдаг. Бүтээн байгуулалтын ажил нь дорвитой урагшлахгүй олон жил “дуншлаа”. Хэзээ ашиглалтад орж, тамирчдыг баярлуулах юм бол?
-Спорт цогцолборын шавыг 2010 онд тавьж, барилгын ажлыг эхэлсэн. Одоогоор хараахан дуусаагүй. Энэ дүүргээс сонгогдсон, Шадар сайд С.Амарсайхан асуудлыг шийдэж, энэ жилийн төсөвт суулгавал тамирчид ирэх жилээс тухтай орчинд бэлтгэл хийх нөхцөл бүрдэх юм. Зөвхөн тамирчид гэлтгүй дүүргийн иргэд спортоор хичээллэж, хөгжих боломжтой болно. Би чөлөөтөөс гадна үндэсний бөхийн секц хичээллүүлэх бодол бий. Нуугаад яах вэ, манай шавь нар олон улсын стандартад нийцсэн дэвжээгүй. Сургуулийн жижигхэн зайд дэвжээ засаад бэлтгэл хийдэг. Ийм л нөхцөлд ажиллаж, тамирчдаа амжилтад хүргэхээр зорьж байна. Улсын төсөв, мөнгө хүрэлцэхгүйгээс болдог юм уу, жилд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсээр өдгөө баригдаж дуусах л гэж байна. Хэрвээ ашиглалтад оруулчихвал бид гадаадаас мэргэжилтнүүд урьж, дотоодын ТББ, спортын холбоодтой хамтран ажиллана. Дүүрэгтээ спортын төрлөөр УАШТ зохион байгуулах боломжтой. Налайхад олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн тартан зам тавьсны дараахан дүүргийн иргэдийн төлөөлөгч Н.Батболдын санаачилгаар оршин суугч, ажилсаг, хөдөлмөрч иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд өөрийн хүч, хөрөнгөөр хоёр сарын хугацаанд Цэнгэлдэх хүрээлэнг бүтээн байгуулсан. Өмнө нь налайхчууд сандал түрээсэлж, задгай талбайд баяр наадмаа хийдэг байлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд спорт цогцолбор баригдаж буй. Дотоод засал нь болчихсон, одоо дулаан дамжуулах шугам, хоолойг шийдэх ажил үлдсэн.
-Таныг шавь нартаа аав, ээжээс нь илүү санаа тавьж, гэртээ байлган, бэлтгэл хийлгэж тэмцээнд оролцуулдаг гэж сонссон.
-Шавь нар тэмцээнд оролцохын өмнө манайд байрлаж бэлтгэл хийдэг юм. Багшийн хувьд тэдэндээ багагүй санаа тавьсны хүчинд УАШТ-ээс медаль хүртэж байгаа. Миний эхнэрийг С.Баярмаа гэдэг, ХӨСҮТ-ийн Хүлээн авах тасагт сувилагчаар ажилладаг. Ямар ч их ажилтай байсан шавь нарт минь сайн хандаж ирсэн, гэртээ ч байлгах дуртай. Надад “Чи ажилдаа анхаарал хандуул. Би бусдыг нь болгоё” гээд дэмжинэ. Манайх гурван хүүтэй. Хоёр нь бөхийн спортоор хичээллэж байгаад сургууль, соёлын мөр хөөсөн. Ууган хүү Налайх дүүрэг дэх Монгол, Германы ашигт малтмал, технологийн их сургуульд ажилладаг. Дундах нь АНУ-д дөрвөн жил амьдарч байгаад ирсэн. Бага нь ОХУ-ын Санкт-Петербург дэх Цэргийн их сургуульд сурч байна. Би гэр бүлээсээ илүү шавь нарынхаа бэлтгэл, амжилтад анхаарал хандуулдаг. Амжилттай яваа сайн эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг үг бий. Миний хань ажлыг маань тайван хийлгэхийн тулд түшиг тулгуур болдог. Амьдралынхаа найдвартай ар тал болж бүх зүйлийг миний оролцоогүйгээр амжуулж ирсэн. Эхнэр ажил, мэргэжлээрээ ч шавь нарт минь багагүй тусалдаг. Эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тариаг нь хийнэ, эм уух бол цагт нь уулгана, хоол ундаар таслахгүй асарч халамжилна, тэмцээнд ялагдвал сэтгэлийн дэм өгч, тайвшрууна гээд өөрийн чадах зүйлээр дэмждэг юм.
Ханийн тус үүгээр зогсохгүй. Манай шавь нараас Г.Пүрэвсүрэн 44 кг-ын жинд ДАШТ-д оролцох боллоо. Японоос “Эн-Эйч-Кэй” агентлагийнхан манай клубт ирж, тамирчдын бэлтгэл хийхийг харж, орчин нөхцөлтэй нь танилцсан юм. Тэд гэр хорооллын эгэл жирийн тамирчин охины амьдрал, бэлтгэл хийж, амжилт хэрхэн гаргаж байгааг нэвтрүүлгээрээ харуулахыг зорьсон. Тус агентлагийнхан түүнийг ДАШТ-д оролцоход дэмжиж, зардлын мөнгөөр тусалж байв. Тамирчны гэр бүл, амьдрал, спортын замналыг хачир чимэггүйгээр хүргэсэн нь олонд их таалагдсан. Энэ бүхэнд ханийн минь оролцоо их бий.
-Гадаадын дасгалжуулагчидтай туршлага солилцох зорилгоор хамтарч ажилладаг уу?
-Тамирчдаа олон тэмцээнд оролцуулах явцдаа гадаадын дасгалжуулагчидтай танил болсон. Бид ярилцахгүй ч хөдөлгөөн, харцаараа ойлголцох үе бий. Тааралдахаар гар барьж, толгой дохиж мэндлээд өнгөрнө. Тэдний шавь нар манай тамирчидтай дэвжээнд таарах тохиолдол бишгүй. Өнөө үед интернэтээр сурч, судалж болж байна. Чөлөөт бөхийн хөнгөн жинд олон тамирчин өрсөлддөг. Сүүлийн үед залуу тамирчид цахиур хагалдаг боллоо. Медаль зүүсэн тамирчдын олонх нь эхний байруудад шалгардаг. Тухайлбал, энэ удаа ДАШТ-д оролцсон тамирчин ирэх жилийнхэд түрүүлэхгүй байх магадлалтай. Токиогийн олимпод Азийн орнуудаас Японы тамирчид дөрвөн хөнгөн жинд түрүүллээ. Багш, шавь хоёр ямар ч улсын бөхийг, дасгалжуулагчтай нь судлахгүйгээр дэвжээнд гарахгүй. Тэмцээний өмнө дэлхийн шилдгүүдийн бичлэгийг шавь нартайгаа үздэг. ДАШТ-д өрсөлддөг орнуудаас хамгийн хүчирхэг нь азийнхан. Миний хувьд Азийн АШТ хамгийн сонирхолтой. Япон, БНХАУ, Энэтхэгийн бөхчүүд гал гарсан барилдаан өрнүүлдэг. Би тамирчидтайгаа Хятадын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт очиж, шигшээ багийнхантай нь хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэнд тамирчид нь зургаан дэвжээнд бэлтгэл хийдэг. Сонирхуулахад, тус улсын шигшээ багийнхнаас нэг нь бэлтгэлийн үед бэртэл авахад эмчлэн илааршуулж, бэлтгэл хийсэн он жилүүдийнх нь хөдөлмөрийг үнэлж тэтгэмж өгдөг юм билээ. Тамирчдынхаа материаллаг бааз, бэлтгэлд анхаарч, хөрөнгө зарцуулдаг тэдний хэмжээнд манайхан хэзээ нэгэн цагт хүрэх байх гэж найддаг.
-Дасгалжуулагчид ухаан, ур чадвар, арга барилаараа нэгнээсээ ялгардаг. Шавь нараа хэрхэн хөглөж, хөгжүүлдэг вэ?
-Тамирчин бүр өөр зан чанартай тул тааруулан хөглөж, хөгжүүлэх арга барил бий. Нэгнийх нь хор шарыг малтана, нөгөөхөд нь зөвлөн, урам өгч урагшлуулна. Шавь нартаа бээлий өмсгөөд ажил хийлгэхдээ ажиглаж хардаг. Нэгнийх нь бээлий халтартаж цоороход нөгөөгийнх нь цэвэрхнээрээ байх тохиолдол бий. Спортоор хичээллэдэг хүн болгон тамирчин болох албагүй. Харин зөв иргэн болж төлөвших ёстой. Дасгалжуулагч байхын гол зорилго спортоор дамжуулж, эх орондоо зөв иргэн бэлдэхэд чиглэдэг. Харж байхад хатуужил, тэвчээрийг дааж сурсан хүн амьдралд алддаггүй. Хөлөө олоод амьдрах хэрсүү ухааныг спортоос сурсан байдаг юм.
-Чөлөөт бөхтэй амьдрал, хувь заяагаа хэзээнээс холбов?
-Би хүүхэд байхаасаа өнөөг хүртэл чөлөөт бөхтэй нөхөрлөж явна. Миний багш Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, улсын начин, Гавьяат дасгалжуулагч Д.Адьяатөмөр. Багшийнхаа секцэнд сурагч байхдаа хөл тавьсан. Сүрхий амжилт гаргаагүй ч ажлыг нь үргэлжлүүлсээр байна. Түүний удирдлагад хичээллэсэн тамирчдаас улсын цол хүртсэн бөх олон. Тухайлбал, Монгол Улсын гарьд П.Сүхбат, улсын начин, үндэсний бөхийн барилдааны тайлбарлагч А.Ганбаатар агсан. Мөн улсын начин П.Эрдэнэбаяр, ОУХМ Д.Энхсайхан, эрэгтэйчүүдийн шигшээ багийн Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нар бий. Багш минь Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороог нэг хэсэг удирдаж ажилласан юм. Тэр үед “Чи Биеийн тамирын дээд сургууль төгссөн. Миний ажлыг хүлээж аваад, цааш үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж санал тавьсан. Багшийн минь хэлсэн үг, бэлтгэл хийлгэдэг арга барил алхам тутамд хэрэг болдог. Сүүлийн үед найз нөхөд, танил хүмүүс хүүхэд, ач, зээ нараа “Чиний шавь болгоё” гээд хөтөлж ирдэг боллоо. Би аймгийн арслан цолтой. Налайх дүүрэгт 1990 онд болсон тойргийн барилдаанд түрүүлж, К.Канат үзүүрлэн аймгийн заан, дуучин, сийлбэрчин Г.Баттогтох IV байрт шалгарч, аймгийн начин цолны болзол хангаж байлаа. Үндэсний бөх барилддаг залуусаас тэрбээр уран гараа, дэвээтэй. Хөнгөн атлетикийн 100, 200 метрийн гүйлтийн тэмцээнд тэргүүлж, улсын дээд амжилт эвдсэн. Түүнд бурхан тал бүрийн авьяас харамгүй заяажээ гэж боддог юм.
-Ажил гэж завгүй гүйгээд гэрийнхнээсээ шүүмжлэл хааяа сонсдог уу?
-Эхнэр хааяа “Чи Японы дасгалжуулагч нар шиг яагаад хурдан хөдөлгөөнтэй байж болдоггүй юм. Тэдэн шиг шаламгай байгаач” гэж шүүмжилнэ. Энэ ташрамд, чөлөөт бөхөөр хичээллэдэг залууст “Уйгагүй бэлтгэл хий. Маш их ядарсны цаана амжилт байдаг юм” гэж хэлье. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, Удирдах зөвлөл, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хороо, мөн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон, үе үеийн шавь нартаа, тусалж дэмжиж ирсэн албан байгууллага, найз нөхөд, танил хүмүүстээ бүгдэд нь баярлалаа.